Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 183/ШШ2016/00437

 

 

 

 

 

 

 

 

     2016 оны 08 сарын 08 өдөр

         Дугаар 183/ШШ2016/00437

                       Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 3 дугаар хороолол, 42 дугаар байрны 25 тоотод оршин суух, 1985 онд төрсөн, 31 настай, эмэгтэй, Х овогт Б-ы Э /РД:ЕС/-ийн нэхэмжлэлтэй,

           Хариуцагч: Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, ажилчны гудамжны 50 айл  байрны 8 тоотод оршин суух, 1984 онд төрсөн, 32 настай, эрэгтэй,  Б овогт Ж-ын Ү /РД: ТГ/-д холбогдох

          Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Э, хариуцагч Ж.Ү, шүүх хуралдааны нарийн бичгийн даргад З.Э нар оролцов.

                                                                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2010 онд Ж.Ү-тай танилцаж, улмаар 2011 оны 03 дугаар сарын 30-нд гэрлэлтийн №0120757 тоот баталгаагаар бүртгүүлсэн. Бидний хамтран амьдрах хугацаанд 2013 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр охин Ү.Н, 2013 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн хүү Ү.Э нар төрсөн. Бид зан харилцааны таарамжгүй байдал, гэр бүлийн гадуурх харилцааны улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. 2 хүүхдээ би өөрийн асрамжинд авна, хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй, бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.

 

Хариуцагч Ж.Ү шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Б.Э-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Хоёр хүүхдээ эхийнх нь асрамжид үлдээж, харилцан тохиролцсоны үндсэн дээр хүүхдийн тэтгэлэг төлөхгүй байхаар тохиролцсон. Эд хөрөнгийн хувьд маргаан байхгүй. Иймд бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Б.Э нь хариуцагч Ж.Ү-д холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

            Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд Ж.Ү, Б.Энар 2010 оны 02 дугаар сарын 20-ны өдөр гэр бүл болж, гэрлэлтээ 2011 оны 03 дугаар сарын 30-ны өдөр эрх бүхий байгууллагад албан ёсоор бүртгүүлэн, хамт амьдрах хугацаанд тэдний дундаас 2011 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр охин Ү.Н, 2013 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр хүү Ү.Эрхэмбилэг нар төрсөн болох нь зохигчдын тайлбар, гэрлэлтийн 0120757 тоот гэрчилгээ болон хүүхдийн төрсний Г-223, Г-454 тоот гэрчилгээ зэргээр нотлогдож байна.

 

Гэрлэгчид зан харьцааны таарамжгүй байдлаас шалтгаалан тусдаа амьдарч байгаа бөгөөд цаашид хамтран амьдрах боломжгүй хэмээн зохигчид тайлбарлаж байгаа, хариуцагчийн зүгээс гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрсөн, мөн гэрлэгчдийг эвлэрүүлэх бүх талын арга хэмжээ авсан боловч цаашид хамтран амьдрах боломжгүй болсон нь шүүхийн эвлэрүүлэн зуучлагчийн 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 42 дугаар “Эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгох тухай” шийдвэр зэргээр тогтоогдож байх тул шүүх гэрлэгчдэд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т заасан эвлэрүүлэх арга хэмжээ авалгүйгээр гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

 

Охин Ү.Н одоо 5 настай, хүү Ү.Э 3 настай эхийн асрамжинд амьдарч байх бөгөөд гэрлэгчид хүүхдийн асрамжийн талаар харилцан тохиролцсон байдлыг харгалзан Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар хүүхдийг эхийн асрамжид үлдээхээр шийдвэрлэв.

 

Зохигчид гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болно.

 

Нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэсэн боловч хүүхдийн тэтгэлэгийн талаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргахад энэхүү шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй байна.   

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ховогт Б-ы Э, хариуцагч Б овогт Ж-ын Ү нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасны дагуу 2011 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр охин Ү.Н, 2013 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр хүү Ү.Э нарыг эх Б.Э-ийн асрамжид үлдээсүгэй.

 

3. Гэрлэгчид гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурдсугай.

 

4. Нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэсэн бөгөөд хүүхдийн тэтгэлэгийн талаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргахад энэхүү шийдвэр саад болохгүйг дурдсугай.   

 

5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Ү-аас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Э-т олгосугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Д.МӨНГӨНТУУЛ