Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 065

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Х       

Улсын яллагч Л.О

Хохирогч Н.Ү

Хохирогчийн өмгөөлөгч М.М

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.С   

Шүүгдэгч Н.Т нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Т холбогдох эрүүгийн 1925001350130 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

1.Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

Жигэртэй овогт Н.Т

 

2. Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч Н.Т нь 2019 оны 02 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж багийн СӨХ-ийн 3-20 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай Н.Ү-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Н.Т-ийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай Н.Ү-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Т мэдүүлэхдээ “.........” гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогч Н.Үүрийнтуяа мэдүүлэхдээ “.............” гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1. Хохирогч Н.Ү-ийн ...“Т шөнө 01 цагийн үед гэртээ ирэхээр нь утсыг нь шалгаж үзтэл 23 цагийн үед М гэх эмэгтэйрүү залгасан байхаар нь би хүүхдээ унтуулчихаад эргэж очоод утсыг нь аваад үзэхэд тухайн дугаарыг устгачихсан байсан. Тэгэхээр нь би М гэх эмэгтэй рүү залгаад утсаар хэрэлдсэн чинь Төрмөнх нөгөө эмэгтэйг өмөөрч намайг хоолой боож арагш дагзаар шалан дээр унасан. Намайг газар унасан байхад дээрээс толгойруу цохьсон, босоод ирэхэд хөл рүү өшиглөөд байсан. Би Т-тэй гэр бүл болоод арваад жил болж байна. 2013 оноос хойш Төрмөнх бид хоёр хоорондоо маргаантай болсон, их бага хэмжээгээр агсам согтуу тавьж зодож цохьдог болсон. 2018 онд зөндөө олон удаа зодож цохиж намайг дарамталсан ба 2 удаа цагдаа дуудсан. Т-ийг ирээд цагдаа аваад явах үед дүү нь болох Т надаас гуйж байгаад Т-ийг эрүүлжүүлэхэд хийлгүй гаргаж байсан. Би Т-ийг гэрт ирж агсам согтуу тавьж дарамталж байхад нь цагдаад өгөлгүй олон удаа уучилж байсан. Сүүлдээ гар хүрч зоддог болсон тул цагдаад хандаж байна. 2018 онд гэхэд л Т намайг 10-20 удаа зодож байсан тэрний 4-5 удаад нь намайг хөх няц болтол зодож байсан. 2014 оны 04 сарын 21 өдөр намайг зодож танхайрсан. 2017 оны 09 сарын 22-ны өдөр согтуу орж ирж намайг зодсон. 2018 оны 10 сарын 02-ны өдөр толгой руу гараараа цохиж танхайрсан. 2019 оны 01 сарын 16-ны өдөр Т гадуур архи ууж орж ирээд надтай маргалдаж намайг зодсон. Тухайн үед миний  шанаа руу гараараа цохих хөхрүүлсэн байсан. Мөн 2019 оны 02 сарын 15-ны өдөр зодсон зургийг нь хэрэг хавсаргуулахаар өгсөн. Т намайг зөвхөн зодох биш янз бүрээр харааж доромжилдог. Энэ байдалд манай хүүхэд хүртэл хүчирхийлэлд өртөж байна. Намайг ажил дээр байхад ч хүртэл утсаар залгаж мөн мессэж бичиж хардаж элдвээр харааж зүхдэг”... гэсэн мэдүүлэг. /хх-ийн 7-9-р хуудас/

 

2. Орхон аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын сарын 22-ны өдрийн 167 дугаартай ...“Н.Ү-гийн биед зүүн гуяа, зүүн шилбэнд зөөлөн эдэд 2 тооны цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Гоо сайхан болон хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт. /хх-ийн 19-р хуудас/

 

3. Гэрч Ц.Цэцэгмаагийн ...“Өмнө 2013 онд Ү-г боож унагаж зодсон байсан. Тухайн үед цагдаад мэдэгдэж Т арга хэмжээ авсан гэсэн. Тэрнээс хойш Т, Ү-г ганц нэг цохиж авлаа гэж надад хэлж байсан. 2018 оны 10 сарын 11-ний өдөр Т-ийг зодлоо гэж Ү над руу утсаар ярьсан. Маргааш нь очоод харахад толгой нь хавдаж овойсон байсан. Мөн 2018 оны 12 дугаар сард Төрмөнх Үүрийнтуяаг зодох үед Т-ийн дүү Т ахдаа хэлье дахиж таныг зодож цохихгүй гэж амлалт өгч байгаад цагдаа руу залгаж дуудлагаа буцааж байсан гэсэн. 2019 оны 01 сарын 16-ны өдөр Т, Ү-ийн толгой руу цохиж авсан байсан. 2019 оны 02 сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө боож унагаж байгаад зодож хөл шагай гуя хэсгийг нь хөхрүүлсэн байсан” ... гэсэн мэдүүлэг. /хх-ийг 12-р хуудас/

 

4. Гэрч Ч.Ц-гийн ...“2018 оны 12 сард Ү намайг хүрээд ирээч гэхээр нь очтол Тсогтуу байсан ба хоорондоо маргалдаж хэрэлдэж байсан. Т маргалдаж байгаад Ү-г 3-4 удаа цохиод авахаар нь би боль гэтэл Т гараад явсан”... гэсэн мэдүүлэг. /хх-ийн 13-р хуудас/

 

5. Гэрч Г.С-ын ...“Ү 2017 оны 02 сарын 17-ны өдөр манайд ирээд нөхөр Т зодсон гэж ярьсан. Мөн биеэ надад харуулсан. Ү-гийн зүүн талын хөл нэлэнхүйдээ хөхөрсөн, зүүн талын шанаа нь хөхөрсөн байсан. Т, Ү-г хардаж маргалддаг, Т даруухан юм шиг харагддаг мөртлөө эхнэртээ харгис хэрцгий харьцдаг юм шиг байна лээ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-р хуудас/ болон ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 34-р хуудас/ зэргийг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үзэв.

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Л.О дүгнэлтдээ “............” гэв.

 

Хохирогчийн өмгөөлөгч М.М дүгнэлтдээ “.........” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.С дүгнэлтдээ “.......” гэв.  

 

            Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч Н.Ү-ийн мэдүүлэг, шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлт, гэрч Ц.Ц, Ч.Ц, Г.С нарын мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүгдэгч Н.Т нь 2019 оны 02 дугаар сарын 14-15-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж багийн 3-20 тоотод эхнэр Н.Ү-г зодож биед нь зүүн гуяа, зүүн шилбэнд зөөлөн эдэд 2 тооны цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан, 2018 оны 10 сарын 11-ний өдөр, 2018 оны 12 дугаар сард, 2019 оны 01 сарын 16-ны өдрүүдэд зодсон үйл баримт тогтоогдож байна.

 

            Нотлох баримтаар тогтоогдсон үйл баримтаас үзэхэд Н.Т нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Н.Ү-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, урьд нь удаа дараа хардаж, маргалдсны улмаас зодсон болох нь тогтоогдсон бөгөөд түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэг, 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэстэй байна.

 

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар, шүүгдэгчийн үйлдэл гэр бүлийн хүчирхийлэлийн шинжтэй эсэх, хуулийн зүйлчлэлийн талаар шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нар улсын яллагчаас зөрүүтэй санал дүгнэлт гаргасан бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтууд, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг зэргээс үзэхэд хохирогч, шүүгдэгч нарын маргалдах, хэрэлдэх шалтгаан нь аль аль нь бие биенээ хардах асуудлаас үүдэлтэй боловч уг маргааныг байнга хүч хэрэглэх байдлаар шийдвэрлэж байгаа нь гэр бүлийн хүчирхийлэлийн шинжийг агуулсан байна гэж үзлээ.

 

            Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад хуульд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан ял шийтгэл оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

            Хохирогч Н.Ү-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд гэм хорын хохирол нэхэмжлэл гаргаагүй байх тул нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй.

           

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                                                                    ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Жигэртэй овгийн Н Т Эрүүгийн хуулийн тусгай ангий 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч Н.Т-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангий 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450 000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хорих ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангий 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 450 000 төгрөгөөр торгох ялыг 30 хоногийн хугацаагаар тооцон нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 7 сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Т-д оногдуулсан 7 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Т-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэрийлэх арга хэмжээг өөрчлөн, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч Н.Үүрийнтуяа нь гэм хорын хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдсугай.

  7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.АЛТАНГАДАС