| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдорж Золзаяа |
| Хэргийн индекс | 192/2025/01543/И |
| Дугаар | 210/МА2025/01491 |
| Огноо | 2025-09-03 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 09 сарын 03 өдөр
Дугаар 210/МА2025/01491
2025 09 03 210/МА2025/01491
******* ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч М.Баясгалан, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 192/ШШ2025/05071 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч БНХАУ-ын иргэн *******-д холбогдох
960,690,400 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
******* ХХК нь *******ХХК-тай байгуулсан 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 02/2025 тоот шаардах эрх шилжүүлэх тухай гэрээг үндэслэн нэхэмжлэлийг гаргасан.
*******ХХК нь 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 22/05 тоот нүүрс тээвэрлэлтийн гэрээгээр захиалагч *******ХХК-ийн нүүрсийг *******ХХК-ийн уурхайн амнаас Говьсүмбэр аймгийн Чойр өртөө, Төв аймгийн Мааньт өртөөнд тээвэрлэхээр тохиролцож, *******ХХК-аас 3,241,041,250 төгрөгийг өөрийн дансанд хүлээн авсан. *******ХХК нь дээрх нүүрс тээвэрлэлтийн ажлыг зохион байгуулж тээвэрлэлтийн ажлыг хийж гүйцэтгүүлэхээр 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 960,690,400 төгрөгийг БНХАУ-ын иргэн *******гийн Худалдаа хөгжлийн банк дахь 471008860 тоот дансанд шилжүүлсэн. Гэтэл *******ХХК-аас *******ХХК-д холбогдуулан дээрх 3,241,041,250 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 05568 дугаар шийдвэрээр *******ХХК-аас 3,241,041,250 төгрөгийг гаргуулж *******ХХК-д олгохоор шийдвэрлэсэн, шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон.
Өөрөөр хэлбэл *******ХХК-ийн шилжүүлсэн 3,241,041,250 төгрөгийн тээвэрлэлтийн ажлын хөлсөөс *******ХХК нь 960,690,400 төгрөгийг *******д шилжүүлсэн боловч нүүрс тээвэрлэлт хийгдээгүй, ******* нь дээрх мөнгөн хөрөнгийг *******ХХК-д буцаан төлөөгүй байдаг.
Иймд хариуцагчаас 960,690,400 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
БНХАУ-ын иргэн ******* нь *******ХХК-ийн захирал *******тэй харилцан тохиролцож, бусдаас нүүрс худалдан авч БНХАУ руу нийлүүлэх, тээвэрлэлтийн ажил гүйцэтгүүлэхээр хамтран ажиллаж, ашиг орлогоо хувааж авахаар болсон.
*******ХХК нь 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 960,690,400 төгрөгийг хариуцагчийн дансанд шилжүүлсэн. Дээрх мөнгийг 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 50,000,000 төгрөгийг ******* ХХК-ийн данс руу, 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 375,000,000 төгрөгийг *******ХХК-ийн 5134137368 тоот данс руу, 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдөр 9,000,000 төгрөгийг иргэн *******гийн 5429931663 тоот данс руу, 200,000,000 төгрөгийг иргэн *******ын ******* тоот данс руу тус тус шилжүүлснийг *******ХХК-ийн захирал ******* мэдсээр байж нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй байна.
Иймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч БНХАУ-ын иргэн *******-гаас 960,690,400 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,961,405 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 4,961,405 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн.
4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол, тайлбарын агуулга:
4.1.Шүүхийн шийдвэрийг 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдөр шуудан хүргэгчээс хуульч *******хүлээн авсан. Нэхэмжлэлийг хуульч *******хүлээн авч, тайлбар өгөхөөр *******гаас итгэмжлэл авчээ. ******* нь БНХАУ-ын иргэн гэдгийг нэхэмжлэгч *******ХХК-ийн захирал *******, шаардах эрхийг шилжүүлэн авсан *******ийн нөхөр 3.*******нар мэдэж байгаа. *******нь *******ХХК, *******ХХК-ийн байгуулсан 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн нүүрс тээвэрлэлтийн гэрээ, түүнтэй холбоотой бусад баримтын талаар мэдэхгүй тул нотлох баримт гаргаж өгөх талаар шүүхэд тайлбар өгсөн гэж хэлж байсан. ******* нь тэр тайлбарыг бүрэн ойлгохгүй тул уншаагүй, дэлгэрэнгүй ойлгуулаагүй учраас *******д олгосон итгэмжлэлээсээ татгалзсан байдаг.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-т "Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч этгээд монгол хэл мэдэхгүй этгээдээс гаргасан тайлбар, мэдүүлэг, нотлох баримт, хэлсэн үгийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдод, түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухай ийм этгээдэд орчуулагч, хэлмэрчээр дамжуулан танилцуулах үүрэгтэй" гэж заасан байхад шүүх хятад хэл дээр нэхэмжлэлийг хөрвүүлэн танилцуулаагүй, гардуулаагүй. Мөн хуулийн 7.2-т Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч этгээд монгол хэл мэдэхгүй бол өөрийн эх хэл буюу мэддэг хэл, бичгээр шүүхэд тайлбар, мэдүүлэг өгөх, үг хэлэх, нотлох баримт гаргаж өгөх эрхтэй гэж, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д Монгол Улсад хүн бүр үндэс, угсаa, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсрол болон бусад байдал, түүнчлэн хуулийн этгээдийн өмчийн хэлбэр, төрлөөс үл хамаарч хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна гэж, мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т Монгол хэл мэдэхгүйн улмаас өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо илэрхийлэх чадвар хязгаарлагдмал хүн өөрийн эх хэл, эсхүл сайн мэдэх хэл, бичиг ашиглан орчуулагч, хэлмэрчийн тусламж авах эрхээр хангагдана гэж тус тус заажээ. Шүүхийн зүгээс нэхэмжлэгчийн монгол хэл дээр бичсэн нэхэмжлэлийг хариуцагчийн эх хэл болох хятад хэл дээр орчуулуулах эсвэл нэхэмжлэлийг анх хүлээн авахдаа хятад хэл дээр хөрвүүлэн өгөхийг шаардах нь хуульд нийцнэ гэж үзэж байна. Хэдийгээр БНХАУ-ын иргэн ******* нь монголоор ярьдаг боловч эх хэл буюу хятад хэлээрээ илүү сайн ярьж, сайн ойлгодог. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.10-т Шүүхээс нотлох баримтыг бүрдүүлэх явцад гарсан зардлыг шүүхийн зардалд тооцно гэж, 53 дугаар зүйлийн 53.1.1-т шинжээч, орчуулагч, хэлмэрчийн тээвэр, байр, хоолны зардал, шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжаар гүйцэтгэсэн ажил үүрэгт ажилд нь хамаарахгүй бол ажлын хөлс зэргийг шүүхийн зардалд тооцно гэж тус тус заасан байх тул шүүхийн зүгээс орчуулга хийхэд анхаарах боломж байсан. Иймээс хариуцагч ******* нь нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгч *******гийн гаргасан тайлбарыг бүрэн ойлгоогүй, мэдээгүй шүүхийн өмнө эдлэх эрхээ эдлээгүй байна.
4.2.Шүүхийн шийдвэрт ямар шалтгааны улмаас яагаад хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн тухай дурдаагүй байна. Анхан шатны шүүх нь 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлд зааснаар хариуцагч *******д хүргээгүй мэдэгдээгүй гэж үзэж байна. Зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх, зохигч шүүх хуралдаанд биеэр оролцож үг хэлэх, бичгээр тайлбар өгөх, нотлох баримт гаргах, түүнийг шинжлэн судлахад тэгш эрхтэй оролцох, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт гаргах үүрэгтэй гэж хуульчилсан байхад шүүх илтэд нэг талд үйлчилж ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлэхдээ хариуцагчид мэдэгдээгүй зөвхөн нэхэмжлэгчид үйлчилсэн гэж үзэхээр байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
5.Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:
5.1.Хэргийн 1 дэх талд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл байгаа бөгөөд тус нэхэмжлэлийн шаардлагын дээд хэсэгт Жич: БНХАУ-ын иргэн ******* нь монгол хэл мэддэг, чөлөөтэй ярьж чаддаг, хөрөнгө оруулагчийн визтэй байнга оршин суудаг этгээд болно гэж тодорхойлон бичсэн. Хариуцагч нь монгол хэлээр чөлөөтэй ярьж чаддаг тул *******ХХК-ийн гүйцэтгэх захирал ******* нь нүүрс тээвэрлэлтийн харилцааг эхлүүлсэн бөгөөд хятад хэл мэдэхгүй.
2025 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хариуцагч ******* нь *******д итгэмжлэл олгож гарын үсэг зурсан баримт хэрэгт авагдсан. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийг хүлээн авч, шүүхэд хариу тайлбар гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс татгалзаж байгаа хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн бөгөөд хүсэлт нь монгол хэл дээр бичигдсэн байсан. ******* нь монгол хэл мэддэг болох нь өөрийнх нь гаргасан хүсэлтээр нотлогдсон гэж үзэж байна. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь *******г монгол хэл мэдэхгүй гэх агуулгатай зүйл хэлж байгаагүй.
Төлөөллөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох нь шүүх болон нэхэмжлэгч талд хамаагүй. Хариуцагчийн хүсэл зоригийг төлөөлөгч нь илэрхийлээгүйн улмаас үүссэн хохирлыг ******* нь уг маргаанаас тусдаа шийдвэрлүүлэх ёстой гэж үзэж байна. Нэхэмжлэлийг хятад хэл дээр хөрвүүлэх болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үүссэн хятад хэлтэй холбоотой асуудлыг шийдвэрлэх үүргийг шүүх хуулиар хүлээгээгүй.
5.2.*******д олгосон итгэмжлэлээсээ татгалзаж байгаа тул шүүх хуралдааныг хойшлуулах, хариуцагч ******* өөрөө шүүх хуралдаанд оролцох агуулга бүхий хүсэлтийг шүүх хүлээн авч, шүүх хуралдааныг хойшлуулж шийдвэрлэсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа тухай мэдэж байсан. Шүүх хуралдааны товыг лавлаж асуух нь хэргийн оролцогчийн үүрэг мөн. Гэтэл хариуцагч нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй. Мөн хариуцагч нь 03 дугаар сард *******д итгэмжлэл олгосон, 04 дүгээр сард өмгөөлөгч авах хүсэлт гаргасны дагуу шүүх хуралдаан хойшлогдож байсан. Өмгөөлөгч нь нэг удаа шүүх хуралдаанд оролцсон.
Хариуцагч талын гаргасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гомдол үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хянан үзээд, гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж шийдвэрлэв.
2.Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч БНХАУ-ын иргэн *******-д холбогдуулан 960,690,400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3.Анхан шатны шүүх хариуцагч БНХАУ-ын иргэн *******-ын олгосон итгэмжлэлийг үндэслэн түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч *******д 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдөр эрх, үүрэг тайлбарлаж, нэхэмжлэлийн хувийг гардуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан байна.
Итгэмжлэлээр төлөөлүүлэгч БНХАУ-ын иргэн ******* нь ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй *******-д холбогдох 960,690,400 төгрөг гаргуулах иргэний хэрэгт хариуцагч талыг төлөөлөн шүүхээс нэхэмжлэл гардан авах, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, нэхэмжлэлээс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх, хэргийн материалтай танилцах, хүсэлт, тайлбар, гомдол гаргах, шүүх хуралдаанд оролцох, шүүхийн шийдвэрийг гардаж авах, давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх эдэлж, үүрэг хүлээх зэрэг бүрэн эрхийг төлөөлөгч *******д олгожээ.
Нийслэлийн тойргийн нотариатч *******уг итгэмжлэлийг гэрчилсэн байх ба үйлчлүүлэгч монгол хэл мэдэхгүй үндэслэлээр Нотариатын тухай хуулийн 32, 33, 34 дүгээр зүйлүүдийг баримтлан орчуулагч БНХАУ-ын иргэн Dagula-г оролцуулж, энэ талаар тэмдэглэл үйлджээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт Иргэн өөрийн биеэр буюу төлөөлөгчөөрөө дамжуулан хэрэг хянан шийдвэрлэхэд оролцоно гэж зааснб дагуу хариуцагч БНХАУ-ын иргэн *******-ыг төлөөлөн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******оролцсон, *******нь Монгол Улсын иргэн бөгөөд монгол хэл мэдэхгүй гэх байдал тогтоогдоогүй тул нэхэмжлэлийг хятад хэлээр орчуулж хариуцагчид танилцуулаагүй, гардуулаагүй гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.
4.Харин хариуцагч нь 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдөр итгэмжлэгдсэн төлөөлөгч *******д олгосон итгэмжлэлээс татгалзах, мөн БНХАУ-д сургалт, уулзалтад оролцох үндэслэлээр товлогдсон шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт ирүүлснийг шүүгчийн 2023 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 192/ШШ2025/24278 дугаар захирамжаар хангаж, шүүх хуралдааныг 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл хугацаагаар хойшлуулжээ.
Шүүхээс хариуцагчид Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Хүүшийн ам Jade villa хотхон ******* тоот хаягаар мэдэгдэх хуудсыг шуудангаар хүргүүлсэн боловч хариуцагч уг хаягт оршин суудаггүй үндэслэлээр буцаагдсан. Хэрэгт авагдсан итгэмжлэлд хариуцагчийн хаягийг Баянзүрх дүүрэг, ******* дугаар хороо, 12 дугаар хороолол Токио гудамж *******тоот гэж тусгасан байх боловч шүүх уг хаягаар ажиллагаа хийгээгүй байна. Өөрөөр хэлбэл хариуцагчид шүүх хуралдааны тов хүргэгдээгүй ба анхан шатны шүүх хуралдаанд хариуцагч оролцоогүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт зааснаар зохигч шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах, мөн хуулийн 77 дугаар зүйлийн 77.8 дахь хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа үед хэргийн оролцогч хаягаа өөрчилбөл энэ тухай шүүхэд мэдэгдэх үүрэгтэй боловч шүүхээс хариуцагчид өөрт нь эрх, үүргийг тайлбарлаж өгөөгүй учир хариуцагчийг дээрх үүргүүдийг биелүүлээгүй гэж дүгнэх боломжгүй.
Иймээс шүүх хуралдааны товыг хуульд заасан журмаар хариуцагчид мэдэгдээгүй гэх хариуцагч талын гомдол үндэслэлтэй.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.2-т зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн нь анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохоор заасан тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 192/ШШ2025/05071 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдөр төлсөн 4,961,405 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ
ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН
Д.ЗОЛЗАЯА