| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдорж Золзаяа |
| Хэргийн индекс | 192/2025/03428/И |
| Дугаар | 210/МА2025/01492 |
| Огноо | 2025-09-03 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 09 сарын 03 өдөр
Дугаар 210/МА2025/01492
2025 09 03 210/МА2025/01492
******* ХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч М.Баясгалан, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 192/ШШ2025/04618 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч ******* ХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч *******т холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 19,315,054.81 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1.******* нь Хэрэглээний зээлийн эрхийн гэрээг ******* ХК-тай байгуулсан бөгөөд 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдөр цахим гэрээ байгуулж, 27,940,000 төгрөгийг сарын 1.6 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлсэн.
Зээлдэгч нь зээл эргэн төлөлтийн графикаа зөрчиж, 80 хоног хугацаа хэтрүүлсэн. Банкны зүгээс хангалттай хэмжээний утсаар ярьсан тэмдэглэл бүртгэлд байгаа. Мөн гар утсаараа аппликэйшнд нэвтрэхэд зээлийн хугацааны сануулга гарч ирдгийг хариуцагч маш сайн мэдэж байгаа.
1.2.Банкны зүгээс 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдөр цахим гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 24,330,018.42 төгрөгийг зээлдэгч *******ээс нэхэмжилж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.2, 226 дугаар зүйлийн 226.1 дэх заалт болон Хэрэглээний зээлийн эрхийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсэгт заасан зээлдэгч үүргээ удаа дараа зөрчсөн гэх үндэслэлээр гэрээг цуцлуулах агуулгаар нэхэмжлэл гаргасан.
Хариуцагч нь 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 4,991,959.19 төгрөгийг төлж, өнөөдрийн байдлаар 19,315,054.81 төгрөгийн үлдэгдэлтэй болсон байна.
Иймд зээлийн гэрээний үүрэгт 19,315,054.81 төгрөгийг хариуцагч *******ээс гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
2.1.Би *******наас 27,940,000 төгрөгийн зээл авсан нь үнэн бөгөөд өнөөдрийн байдлаар миний зээлийн үлдэгдэл 19,315,054.81 төгрөг байгаатай маргахгүй боловч 19,315,054.81 төгрөгийг шууд надаас нэхэмжилж байгаатай санал нийлэхгүй байна. Учир нь өнөөдрийг хүртэл бидний байгуулсан зээлийн гэрээ хүчин төгөлдөр байгаа ба зээлийн дансны хуулга, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээлийн дансны үлдэгдэл гэх мэт хэрэгт гаргаж өгсөн баримтуудаараа нотолсон. Банкны зүгээс 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдөр зээлийн цуцалж, шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэтэл түүнээс хойш зээлийн хүү зогсох ёстой байсан боловч 05 дугаар сарын 08-ны өдрийг хүртэлх хугацаанд хүүг үргэлжлүүлэн тооцож, тухайн өдрийн байдлаар нь би хүү, алданги гээд 5 сая орчим төгрөгийг бүгдийг төлсөн. Үүнээс хойш миний зээл төлөлтийн дараагийн хуваарь 05 сарын 30-ны өдөр буюу өнөөдрийн байдлаар 1 мөнгөний үлдэгдэлтэй гэж харагдаж байгаа учраас би зээлийн гэрээг дуусгавар болсон гэж үзэхгүй байна.
2.2.Хэрвээ зээлийн гэрээ дуусгавар болсон бол тухайн дуусгавар болгосон өдрөө ******* ХК-аас надад мэдэгдэх үүрэгтэй байсан. Гэвч нэхэмжлэгч тэр үүргээ биелүүлээгүй. Иймээс дээрх шалтгаанууд болон зээлийн гэрээ дуусгавар болоогүй байхад 19,315,054.81 төгрөгийг өнөөдөр надаас нэхэмжилсэнд санал нийлэхгүй байна. Би өөрийгөө ялимгүй зөрчил гаргасан гэж үзэж байна. Одоо зөрчлөө арилгасан тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би цааш хуваарийнхаа дагуу зээлээ төлөх хүсэлтэй байна гэжээ.
3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******ээс зээлийн гэрээний үүрэгт 18,480,018.42 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 835,036.39 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 279,600.09 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******ээс улсын тэмдэгтийн хураамжид 250,350 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХК-д олгож шийдвэрлэсэн.
4.Хариуцагчийн давж заалдах гомдол, тайлбарын агуулга:
4.1.Банк нь Хэрэглээний зээлийн эрхийн гэрээ (цаашид ХЗЭГ гэх)-ний 8.4. Энэхүү Гэрээний 8.3-т заасан үндэслэл бүрдсэн тохиолдолд Банк нь гэрээг цуцалж, Гэрээний үүргийн биелэлтийг албадан хангуулахаар шүүхийн байгууллагад хандах тухай мэдэгдлийг 9.5-д заасан хэлбэрээр хүргүүлэх бөгөөд Зээлдэгч мэдэгдэлд заасан хугацаанд зээлийн төлбөрийг бүрэн төлж барагдуулах үүрэгтэй ба эс бөгөөс Банк нь шүүхэд хандаж шийдвэрлүүлэх ажиллагааг эхлүүлнэ", Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-д заасан мэдэгдлийг тус тус мэдэгдэх үүргийг хэрэгжүүлээгүй нь нэг талаас ХЗЭГ-ний 8.3-т заасан үндэслэл бүрдээгүйг харуулж байна, нөгөө талаас гэрээ цуцлах процесс алгасаад шууд шүүхэд нэхэмжлэл гаргасан нь ХЗЭГ-ний 3.3.5, 4.1.5, 8.4, 9.10, Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-д заасантай нийцээгүй тул гэрээ цуцалсан гэж үзэхгүй байх үндэслэлтэй, ЦЗГ-г хүчин төгөлдөр хэвээр үргэлжлүүлнэ гэж маргасан. Эс бөгөөс ХЗЭГ-ний "4.1.5 Гэрээгээр хүлээсэн бусад үүргээ биелүүлэхийг банкнаас шаардах" эрхийг хангаж 8.4-т зааснаар үндэслэлтэйгээр, гэрээ цуцлах процессыг дарааллын дагуу зөв хэрэгжүүлэхийг шаардаж байгаа юм.
Гэтэл ЦЗГ цуцлах процесс бүрэн дуусаагүй байхад нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэж шийдвэрлэхдээ тогтмол үүргээ зөрчин төлөлт хийж байсан нь ялимгүй зөрчил гэж үзэхгүй, зээлийн хугацаа хэтрүүлсэн байх тул гэрээ цуцлах үндэслэл мөн гэх агуулгаар үндэслэн, хэт нэг талын эрх ашгийг илүүд үзэж, нэхэмжлэлийн шаардлагыг хангасан шийдвэрийг гаргасан байгаа нь ХЗЭГ-ний 3.3.5, 4.1.5. 8.4, 9.10, Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-д заасантай нийцээгүй шийдвэрлэсэн байх тул шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүйгээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэн гомдол гаргаж байна.
4.2.ХЗЭГ-ний "3.3.5 Зээлдэгч цахим зээлийн гэрээнд заасан зээл эргэн төлөх хуваарьт хугацаанд зээлийн төлбөрийг төлж барагдуулаагүй бол зээл төлөгдөх хуваарьт өдрийн дараах өдрөөс эхлэн Цахим зээлийн гэрээнд заасан үндсэн хүүг үргэлжлүүлэн тооцохоос гадна хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэлд тус үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг зээлийн эргэн төлөлтийг хуваарьт хугацаанд нийцүүлэх хүртэл хугацаанд тооцож авна." заалтаар зээлийн эргэн төлөлтийг хуваарьт хугацаанд нийцүүлэх хүртэл хугацаанд хуваарьт хугацааг хэтрүүлэхийг зөвшөөрсөн ба энэ тохиолдолд нэмэгдүүлсэн хүү тооцох зохицуулалттай. Гэтэл ХЗЭГ-ний "8.3.1 Зээлдэгч авч ашигласан зээлийг эргэн төлөх нөхцөлийн дагуу хугацаанд нь эргэн төлөөгүй" гэх заалт нь зээлийн хуваарьт эргэн төлөлтийг ямар хугацаанд хэтрүүлэхэд гэрээ цуцлахыг тодорхой тусгаагүй, гэрээний бусад заалтад ч гэрээ цуцлах үндэслэл болох хэтрүүлсэн хоногийн тоог тодорхойлсон заалт байхгүй байна. Гэтэл банк 80 хоног хугацаа хэтрүүлбэл, эсвэл тодорхой хоногийн хугацаа хэтрэхэд гэрээ цуцалдаг болохыг зохицуулсан нотлох баримт бичиг танилцуулаагүй, энэ тухай хэргийн материалд хавсаргаагүй байна. Тиймээс банк 80 хоног хэтрүүлсэн тул гэж ЦЗГ цуцлах нь үндэслэлгүй, мөн хуваарьт төлбөрийн хугацаа хэтрүүлэх нь Иргэний хуулийн "225.4.1. Үүргийн ялимгүй зөрчил" гэж үзэх үндэслэлтэй юм.
4.3.Нэхэмжлэгч анх гаргасан нэхэмжлэлдээ зээлдэгч 80 хоног хугацаа хэтрүүлсэн тул цахим зээлийн гэрээг цуцалж, 27,940,000 төгрөг зээлдүүлснээс үндсэн зээлийн төлбөрт 23,193,218 төгрөг, үндсэн хүү 1,087,832.75 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 25,967.65 төгрөг, нотариатын төлбөр 23,000 төгрөг, нийт 24,330,018.42 төгрөг нэхэмжилсэн. Гэтэл нэхэмжлэгчийн "Зээл, зээлийн хүүгийн тооцоолол"-д нэмэгдүүлсэн хүү 25,967.65 төгрөгийг 2 хоногийнх болохыг тооцоолж харуулсан. Энэ нь 80 хоног хугацаа хэтрүүлсэн гэдэгтэй зөрчилдөж байна. Мөн зээлийн дансны хуулга дээр хуваарьт хугацаа хэтрүүлсэнтэй холбоотой нэмэгдүүлсэн хүү баганад аливаа төлбөрийн мэдээлэл байхгүй байгаа нь хугацаа хэтрүүлээгүй гэж үзэх баримт мөн ба дээрх баримтууд нь хоорондоо зөрчилдөж байна.
Мөн шийдвэрийн үндэслэл хэсэгтээ "Мөн нэхэмжлэгч зээлийн үүргийг шаардаагүй, гэрээг цуцлах талаар мэдэгдээгүй гэж хариуцагч маргадаг боловч түүний гар утасны аппликэйшнийг нээх бүрд зээлийн төлбөрийн зөрчилтэй талаар сануулга ирж байсан талаар талууд тайлбарладаг болохыг дурдах нь зүйтэй" гэжээ. Гэтэл ХЗЭГ-ний 8.4-т заасан мэдэгдэл, Иргэний хуулийн 204.1-д заасан мэдэгдэл нь "зээлийн зөрчилтэй талаарх сануулга"-аас ялгаатай ойлголт болохыг анхаарах нь зүйтэй.
Зээлдэгч миний хувьд зээлийн эргэн төлөлтийн хуваарьт хугацаа хэтрүүлсэн тохиолдолд зээлийн гэрээний дагуу нэмэгдүүлсэн хүү төлөх, зээлийн мэдээллийн санд хэтрүүлсэн хоногоос хамааран ангилал өөрчлөгдөнө гэж мэдэж байсан ба гэрээ цуцлахтай холбоотой эрсдэл үүссэн тохиолдолд ямартай ч банкнаас надад мэдэгдэнэ гэж бат итгэлтэй байсан тул нэмэлт орлогыг хүлээн, удахгүй орж ирэх тэр үед зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгээ төлөөд хуваарьт хугацаанд нь нийцүүлнэ гэсэн төлөвлөгөөтэй байсан юм.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчид гэрээ цуцлах процесын зөв дараалын дагуу үндэслэлтэйгээр ЦЗГ-г цуцалсны дараа шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхийг хэвээр үлдээн шийдвэрлэж өгнө үү гэжээ.
5.Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:
5.1.Зээлийн гэрээг дуусгавар болгож, шүүхэд хандсан тухай мэдэгдээгүй гэж хариуцагч давж заалдах гомдолдоо дурдсан. Хэрэглээний зээлийн эрхийн гэрээний 9.5-д зээлийн гэрээтэй холбоотой аливаа мэдэгдэл, албан бичгийг банкны аппликэйшн болон банкинд бүртгэлтэй утасны дугаараар мэдэгдэнэ гэж заасан. 2024 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэлх хугацаанд хариуцагчийн бүртгэлтэй утасны дугаарт зээлийн хугацаа хэтрэлттэй холбоотой асуудлаас эхлэн тухай бүр мэдэгдэж байсан. Утсаар ярьсан тэмдэглэл нь манай банкинд бүртгэгдсэн. Үүнийг нотлох баримтыг хэрэгт гаргаж өгөөгүй.
5.2.Бид зээлийн хүүг 2025 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөр тасалбар болгон шүүхэд нэхэмжлэл гаргасан ба үүнээс хойш 6 сарын хугацаа өнгөрсөн байна. Тус 6 сарын хугацаанд зээлийн хүү нэмэгдэж бодогдоогүй. Өнөөдрийг хүртэл зээлийн хүү нэмэгдэж бодогдож байна гэж хариуцагч давж заалдах гомдолдоо дурдсан. Хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр гарснаар тухайн зээлдэгчийн зээлийн хүүг зогсоох бүртгэлийг санхүү бүртгэлийн хэлтсээр хийлгэдэг. Өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр гараагүй байгаа тул зээлийн хүүг зогсоосон бүртгэлийг хийх боломжгүй нөхцөл байдал үүссэн. Хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр гарсны дараа бид 18,000,000 төгрөгөөр тохируулга хийж зээлийн хүүг зогсооно. Шүүхийн шийдвэрээс давсан үнийн дүнгээр тохируулга хийх боломжгүй гэжээ.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2.Нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч *******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 24,330,018.42 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл анх гаргасан боловч анхан шатны шүүх хуралдаанд 19,315,054.81 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3.******* ХК болон ******* нарын хооронд 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Хэрэглээний зээлийн эрхийн гэрээ, Цахим зээлийн гэрээ тус тус байгуулагдаж, зээлдүүлэгч ******* ХК нь 27,940,000 төгрөгийг жилийн 19.2 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлдүүлэх, зээлдэгч ******* нь хуваарийн дагуу зээл, хүүг төлөхөөр харилцан тохиролцжээ.
Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдсан талаар зөв дүгнэсэн.
Мөн зээлийн хүүний талаарх талуудын тохиролцоо нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсэгт нийцжээ.
4.Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний дагуу 27,940,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлж үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн байна.
Зээл, зээл хүүний тооцоолол баримтад зээлдэгчээс зээлд 4,746,782 төгрөг, хүүнд 2,641,890 төгрөг, нийт 7,388,672 төгрөг төлсөн талаарх тооцоолол хийгджээ.
Дээрх үйл баримтын талаар зохигч маргаагүй.
5.Нэхэмжлэгч нь зээлийн гэрээг цуцлаж, 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдрөөр тооцон зээлийн үлдэгдэл 23,193,218 төгрөг, хүү 1,087,833 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 25,968 төгрөг, нийт 24,307,018 төгрөгийг хариуцагчаас гаргуулах тухай нэхэмжлэлийг анх гаргасан.
Хариуцагч нь зээлийн гэрээг цуцлах талаар түүнд урьдчилан мэдэгдээгүй учир гэрээ хүчин төгөлдөр хэвээр үргэлжлэх үндэслэлтэй, мөн үүргийн ялимгүй зөрчил гаргасан гэж маргасан.
5.1.Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсэгт Аль нэг тал нь гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэнэ, 221 дүгээр зүйлийн 221.3 дахь хэсэгт Гэрээний үүргийг зөрчсөн нь түүнийг цуцлах үндэслэл болж байвал зөвхөн энэ хуулийн 219.3, 225.2-т заасан зөрчлийг арилгах буюу урьдчилан сануулах хугацаанд гэрээг цуцалж болно гэж тус тус заасан.
Талуудын байгуулсан Хэрэглээний зээлийн эрхийн гэрээний 8.4-т Гэрээний 8.3-т заасан үндэслэл бүрдсэн тохиолдолд Банк нь гэрээг цуцалж, гэрээний үүргийн биелэлтийг албадан хангуулахаар шүүхийн байгууллагад хандах тухай мэдэгдлийг 9.5-д заасан хэлбэрээр хүргүүлэх бөгөөд Зээлдэгч мэдэгдэлд заасан хугацаанд зээлийн төлбөрийг бүрэн төлж барагдуулах үүрэгтэй ба эс бөгөөс Банк нь шүүхэд хандаж шийдвэрлүүлэх ажиллагааг эхлүүлнэ" гэж, 9.5-д Энэхүү гэрээтэй холбоотой аливаа мэдэгдэл, албан бичгийг банкны хувьд ******* аппликэйшн болон бүртгэлтэй утасны дугаар, цахим хаяг эсвэл баталгаат шуудангаар хүргүүлснээр, ... нөгөө тал хүлээн авсан буюу танилцсан гэж үзнэ гэж харилцан тохиролцсон байна.
Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, нэхэмжлэгч нь хууль болон гэрээнд зааснаар зээлийн гэрээг цуцлах, мөн зээлийн гэрээний зөрчлийг арилгах хугацаа тогтоосон мэдэгдлийг хариуцагчид хүргүүлсэн болохоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй байна.
Хариуцагчийн бүртгэлтэй утасны дугаарт зээлийн хугацаа хэтрэлтийн талаар тухай бүр мэдэгдэж байсан, мөн гар утсаараа аппликэйшнд нэвтрэхэд зээлийн хугацааны сануулга гарч ирдэг гэж нэхэмжлэгч тайлбарлаж байх боловч уг тайлбар нь баримтаар тогтоогдоогүйгээс гадна дээрх журамд нийцэхгүй. Анхан шатны шүүх энэ талаар буруу дүгнэснийг залруулах нь зүйтэй.
5.2.Түүнчлэн нэхэмжлэгч нэхэмжлэл гаргасны дараа хариуцагч нь 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүүнд 50,000 төгрөг, 04 дүгээр сарын 10-ны өдөр зээлд 12,447.56 төгрөг, хүүнд 87,552.44 төгрөг, 05 дугаар сарын 08-ны өдөр зээлд 4,176,710.49 төгрөг, хүүнд 1,502,242.38 төгрөг тус тус төлж, зээлийн үлдэгдэл 19,004,059.97 төгрөг болсон байх ба энэ талаарх зээлийн дансны хуулга, хариуцагчийн 8000039647 тоот харилцах дансны хуулгыг зээлийн гэрээний хавсралт болох эргэн төлөлтийн хуваарьтай харьцуулж үзвэл, хуваарьт төлбөр бүрэн төлөгдөж зөрчил арилсан байна.
5.3.Гэхдээ хариуцагч нь тус зөрчлийг ялимгүй зөрчил гэж үзэж, Иргэний 225 дугаар зүйлийн 225.4.1-д зааснаар талууд гэрээнээс татгалзаж болохгүй гэж маргасныг анхан шатны шүүх дүгнээгүй тул нэмж дүгнэх шаардлагатай.
Талууд гэрээний 8.3.1-д зааснаар зээлдэгч авч ашигласан зээлийг эргэн төлөх нөхцөлийн дагуу хугацаанд нь эргэн төлөөгүй нөхцөлийг зээлийн гэрээ цуцлах үндэслэлд хамааруулсан, мөн эргэн төлөлтийн хуваарийн дагуу хариуцагч нь сар бүр 1,179,957.66 төгрөг төлөх үүрэг хүлээсэн боловч 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс хойш нэхэмжлэл гаргах үеийн байдлаар 3 удаагийн хуваарьт төлбөрийг зохих ёсоор төлөөгүй буюу зээл 2,479,971 төгрөг, хүү 1,087,833 төгрөг, нийт 3,567,804 төгрөг хуримтлагдсан тул ялимгүй зөрчилд тооцогдохгүй.
6.Дээр дурдсаныг нэгтгэн дүгнэвэл, хариуцагч зээлийн гэрээний үүргийг хугацаанд нь биелүүлээгүй нь тогтоогдсон, зээлийн гэрээг цуцлах урьдчилсан нөхцөл хангагдсан байх боловч нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1, 221 дүгээр зүйлийн 221.3 дахь хэсэг, мөн зээлийн гэрээний 8.4-т зааснаар гэрээ цуцлах талаар хариуцагчид мэдэгдээгүй, гэрээний зөрчлийг арилгах хугацаа тогтоогоогүй, урьдчилан сануулаагүй байх тул зээлийн гэрээг цуцалж, 19,315,054.81 төгрөг гаргуулахаар хариуцагчаас шаардсан нь үндэслэлгүй байна.
Иймд хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагчид холбогдуулан гаргасан 19,315,054.81 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 192/ШШ2025/04618 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 221 дүгээр зүйлийн 221.3 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч *******т холбогдуулан гаргасан 19,315,054.81 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ******* ХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч *******ээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 07 дугаар сарын 23-ны өдөр төлсөн 250,350 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ
ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН
Д.ЗОЛЗАЯА