Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 0247

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж

 

Улсын яллагч Н.Д

Шүүгдэгч Д.Б

Шүүгдэгчийн өмгөөлөгч Я.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Мөнх-Од нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Б-д холбогдох эрүүгийн 1925001930211 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Д.Б

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч Д.Б нь Орхон аймаг Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт БНСУ-ын виз гаргаж өгнө гэж цахим хэрэгсэл ашиглан, хуурч иргэн Ө.Б.н 5095086185 дугаартай, иргэн Ч.О.н 5095073302 дугаартай, иргэн Д.Б.н 5095082158 дугаартай хаан банкны дансуудыг тус тус ашиглан 2019 оны 01 дүгээр сарын 14-нөөс 01 дүгээр сарын 31-ний өдрүүдэд 7 удаагийн шилжүүлгээр иргэн Ж.М-с 312.000 төгрөгийг, иргэн Б.О-с 2019 оны 01 сарын 18-ны өдрөөс 01 сарын 21-ний өдрүүдийн хооронд 3 удаагийн шилжүүлгээр 210.000 төгрөгийг мөн иргэн А.М-с 2019 оны 02 сарын 12-ны өдрөөс 02 сарын 14-ний өдрийн хооронд 3 удаагийн шилжүүлгээр 140.000 төгрөгийг буюу нийт 662.000 төгрөгийг залилан авах гэмт хэрэгт холбогджээ.  

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

-Шүүгдэгч Д.Б-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мөнхтуяагаас 312.000 төгрөг, Оюунгараваас 232.000 төгрөг, Мэндсайханаас 120.000 төгрөгийг тус тус авсан. Би Мөнхтуяатай фэйсбүүкээр танилцсан. Оюунгарав, Мэндсайхан хоёртой утсаар танилцсан. Мөнхтуяа холбож өгсөн. Би бүтэхээ байлаа, мөнгийг чинь буцааж өгнө гэж тэд нарт хэлсэн. Би Мөнхтуяатай л уулзаж байсан. Би Мөнхтуяад “дүү Солонгосын элчинд ажилладаг” гэж хэлсэн. Эдгээр хүмүүс нь надруу паспортоо явуулсныг хотод тосч авсан. Тэгээд паспортуудыг нь буцааж өгөлгүй Хөвсгөл явчихсан. Би Хөвсгөлд 7 сар амьдарсан. Тэнд байхдаа Түвшин гэдэг хүнээс мөнгө авч залилангийн хэргээр шийтгүүлсэн. Хэргийн хувьд маргахгүй. Миний буруу. Мөнгийг нь хувьдаа ашигласан. Энэ мөнгөнөөс 450.000 төгрөгөөр нь пүүз аваад, үлдсэн мөнгийг нь Дорнод явахдаа хэрэглэсэн. Хохирлоо барагдуулсан. Нэхэмжилсэн паспортны үнийг шилжүүлсэн. Баримтыг нь аваагүй. Мөнхтуяа нь хэлэхдээ паспортны үнэ, торгууль гээд нийт 150.000 төгрөг болж байгаа гэсэн. Тэгээд нэг хүний данс өгсөн. Тэр рүү нь шилжүүлсэн гэсэн мэдүүлэг,

 

-Хохирогч Ж.М-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Би фейсбүүк чатаар 2018 оны 12 сарын сүүлээр “Damdindorj Batjargal” гэсэн фейсбүүк хаягтай залуутай танилцсан. Бид хоёр чатлаж байгаад тухайн фейсбүүкний эзэн би Солонгос явах гэж байгаа гэхээр нь би бас явах гэж байгаа гэсэн чинь би материалыг чинь хөөцөлдөөд өгье, манай дүү Солонгосын элчин сайдын яаманд ажилладаг юм, ямар нэгэн асуудалгүй визийг чинь гаргаад өгнө, чи эхний ээлжний орчуулганы мөнгө 300.000 төгрөгийг өгч бай гэхээр нь би итгээд 312.000 төгрөгийг Батжаргалын өгсөн данс руу 2019 оны 01 сарын 14-ний өдөр 5.000 төгрөг, 2019 оны 01 сарын 15-ны өдөр 120.000 төгрөг, 2019 оны 01 сарын 17-ны өдөр 50.000 төгрөг, 2019 оны 01 сарын 17-ны өдөр 30.000 төгрөг, 2019 оны 01 сарын 28-ны өдөр 20.000 төгрөг, 2019 оны 01 сарын 31-ний өдөр 50.000 төгрөг, 2019 оны 01 сарын 31-ний өдөр 37.000 төгрөг нийт 312.000 төгрөгийг хувааж тэр залуугийн өгсөн “Хаан банк”-ны данс руу хийсэн. Тэгээд байж байхад Батжаргал нь цугтаа явах хүн байвал аваад явахгуй юу, материалыг бүрдүүлээд өгвөл би цаашаагаа өгөөд асуудалгүй визийг нь гаргуулаад өгнө гэхээр нь найз Оюунгаравт хэлэхэд зөвшөөрөн 180.000 төгрөгийг шилжүүлсэн байсан. Мөн хуурай дүү А.Мэндсайханд хэлэхэд зөвшөөрөөд Батжаргалын дансруу 160.000 төгрөгийг шилжүүлсэн байсан.Тэрнээс хойш Батжаргал руу залгаад юу болж байна гэхээр ерөөсөө худлаа ярьж, шалтаг хайсаар байсан гэсэн мэдүүлэг /хх 6 ху/,

 

-Хохирогч Б.О-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...2019 оны 01 сарын 18-ны өдөр найз Мөнхтуяа надруу залгаад Солонгос улс руу явах боломж байна, бичиг баримтаа хурдан бүрдүүлчих гэхээр нь би гайхаад ямар учиртай, ямар хүн гаргаж өгөх гээд байгаа юм бэ гэсэн чинь Мөнхтуяа манай найз байгаа юм, чи танихгүй, багаас ам бүлийн тодорхойлолт, иргэний үнэмлэхний хуулбар, гадаад паспорт хэрэгтэй, тэгээд 140.000 төгрөгийг данс руу нь хийгээд өнөөдөртөө багтаагаад бичиг баримтаа Улаанбаатар хот руу явуулах шаардлагатай байна гэсэн. Тэгэхээр нь би өөрийнхөө мобайл банкнаас Мөнхтуяагийн өгсөн 5095086185 дугаарын дансруу 2019 оны 01 сарын 18-ны өдөр 140.000 төгрөгийг, 2019 оны 01 сарын 20-ны өдөр 40.000 төгрөгийг, 2019 оны 01 сарын 21-ний өдөр 30.000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд барилгачдын талбай дээрээс таксинд өөрийнхөө бичиг баримтыг өгөөд 99938894 гэсэн утасны дугаарыг бичээд явуулсан. Тэрнээс хойш мөнгө шилжүүлсэн хүн рүүгээ залгаад боломжгүй бол мөнгөө буцааж авъя гэхээр нь одоо унаанд өгөөд явууллаа гээд л худлаа ярьдаг байсан гэсэн мэдүүлэг /хх 8 ху/,

 

-Хохирогч А.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Миний таньдаг эгч Мөнхтуяа 2019 оны 01 дүгээр сард надруу залгаад Солонгос улсруу гаргаж өгдөг хүн байна гэхээр нь баталгаатай юм бол би ч виз хөөцөлдөе гэсэн чинь Мөнхтуяа эгч зөвшөөрсөн. Тэгээд байж байхад 99938894 гэсэн дугаараас залгаад мөнгөө шилжүүл бичиг баримтыг чинь хөөцөлдөх гээд байна гэхээр нь 140.000 төгрөгийг шилжүүлсэн гэсэн мэдүүлэг /хх 10 ху/

 

-Гэрч Ч.О мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Манай найз Батжаргал  Хөвсгөл аймагт ажил хийж байгаад ирсэн, тэгээд наашаа ирэхдээ цалингаа дутуу аваад ирсэн юм. Одоо нөгөө хүмүүс нь үлдэгдэл мөнгөө явуулна гэнэ ээ, чи найздаа түр зуур картаа өгч байгаач, би үлдэгдэл мөнгөө авчихаад буцаагаад өгчихнө гээд байхаар нь 2-3 удаа картаа хэрэглүүлж байсан. Уг асуудлыг Батжаргал мэдэж байгаа, би Мөнхтуяа гэдэг хүнийг танихгүй гэсэн мэдүүлэг /хх 14 ху/,

 

-Гэрч Ө.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Миний хүү Отгонсүхийн найз Дамдиндорж овогтой Батжаргал миний картыг түр гуйхаар нь би яах гэж байгаа юм бэ гэсэн чинь би Хөвсгөл аймагт ажил хийж байсан юм, тухайн үед би цалингаа ерөөсөө аваагүй, надад виза карт байхгүй учраас таны дансаар мөнгө шилжүүлээд авчихъя гэхээр нь итгээд картаа өгсөн. Тэгээд Батжаргал мөнгө шилжээд ороод ирсэн, би мөнгөө авчихлаа гээд надад миний виза картыг буцааж өгч байсан. Бусдаар бол би дээрх хүмүүсээс мөнгө аваагүй, танихгүй хүмүүс байна гэсэн мэдүүлэг /хх 15 ху/,

 

-Гэрч Д.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...би уг дансыг 2019 оны 01 сараас 2019 оны 05 сар хүртэл хэрэглээгүй, яагаад гэвэл манай ах Батжаргал нь миний картыг тухайн үед хэрэглэж байсан юм. Тэгээд би өөрийнхөө картыг 2019 оны 05 сарын дундуур авсан. Батжаргал миний картыг хэрэглэж байх хугацаандаа дээрх хүмүүсээс мөнгө авсан байх, надад уг хүмүүсээс мөнгө авсан талаараа хэлээгүй гэсэн мэдүүлэг /хх 16 ху/,

 

-Яллагдагч Д.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Тухайн үед Мөнхтуяа Солонгос руу явмаар байна чамд таньдаг хүн байна уу гэхээр нь манай дүү Солонгос улсын элчинд ажилладаг юм. Би чиний асуудлыг дүүдээ хэлээд визийг чинь асуудалгүй гаргаад өгье чи эхний ээлжинд орчуулгын мөнгө 300.000 төгрөгийг өгч бай гэсэн чинь надад 2 хувааж өгсөн байх. Би Мөнхтуяад цугтаа явах хүн байвал хэлээрэй гэсэн чинь манай хоёр найз байгаа гэхээр нь би зөвшөөрөөд визийг чинь гаргаад өгнө гэсэн чинь Оюунгарав, Мэндсайхан гэдэг хүмүүсийг надтай холбож өгсөн гэсэн мэдүүлэг /хх 37-38 ху/,

 

-Д.Б-ыг яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 35-38 ху/

-Эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 42 ху/

-Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 сарын 10-ны өдрийн 147 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх 83-84 ху/ зэрэг болно.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

 

            Шүүгдэгч Д.Б нь Орхон аймаг Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт БНСУ-ын виз гаргаж өгнө гэж цахим хэрэгсэл ашиглан, хуурч иргэн Ө.Болортуяагийн 5095086185 дугаартай, иргэн Ч.Отгонсүхийн 5095073302 дугаартай, иргэн Д.Батдалайгийн 5095082158 дугаартай хаан банкны дансуудыг тус тус ашиглан 2019 оны 01 сарын 14-нөөс 01 сарын 31-ний өдрүүдэд 7 удаагийн шилжүүлгээр иргэн Ж.Мөнхтуяагаас 312.000 төгрөгийг, иргэн Б.Оюунгараваас 2019 оны 01 сарын 18-ны өдрөөс 01 сарын 21-ний өдрүүдийн хооронд 3 удаагийн шилжүүлгээр 210.000 төгрөгийг, мөн иргэн А.Мэндсайханаас 2019 оны 02 сарын 12-ны өдрөөс 02 сарын 14-ний өдрийн хооронд 3 удаагийн шилжүүлгээр 140.000 төгрөгийг, нийт 662.000 төгрөгийг залилан авах гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...Мөнхтуяагаас 312.000 төгрөг, Оюунгараваас 232.000 төгрөг, Мэндсайханаас 120.000 төгрөгийг тус тус авсан. Би Мөнхтуяатай фэйсбүүкээр танилцсан. Оюунгарав, Мэндсайхан хоёртой утсаар танилцсан. Мөнхтуяа холбож өгсөн. Би бүтэхээ байлаа, мөнгийг чинь буцааж өгнө гэж тэд нарт хэлсэн. Би Мөнхтуяад “дүү Солонгосын элчинд ажилладаг” гэж хэлсэн. Эдгээр хүмүүс нь надруу паспортоо явуулсныг хотод тосч авсан“ гэсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Ж.Мөнхтуяагийн “...Бид хоёр чатлаж байгаад тухайн фейсбүүкийн эзэн би Солонгос явах гэж байгаа гэхээр нь би бас явах гэж байгаа гэсэн чинь би материалыг чинь хөөцөлдөөд өгье, манай дүү Солонгосын элчин сайдын яаманд ажилладаг юм, ямар нэгэн асуудалгүй визийг чинь гаргаад өгнө, чи эхний ээлжний орчуулганы мөнгө 300.000 төгрөгийг өгч бай гэхээр нь би итгээд 312.000 төгрөгийг хувааж тэр залуугийн өгсөн Хаан банкны дансруу хийсэн” гэсэн /хх 6 ху/, хохирогч Б.Оюунгаравын “2019 оны 01 сарын 18-ны өдөр найз Мөнхтуяа надруу залгаад Солонгос улсруу явах боломж байна, бичиг баримтаа хурдан бүрдүүлчих гэхээр нь би гайхаад ямар учиртай, ямар хүн гаргаж өгөх гээд байгаа юм бэ гэсэн чинь Мөнхтуяа манай найз байгаа юм, чи танихгүй, багаас ам бүлийн тодорхойлолт, иргэний үнэмлэхний хуулбар, гадаад паспорт хэрэгтэй, тэгээд 140.000 төгрөгийг дансруу нь хийгээд өнөөдөртөө багтаагаад бичиг баримтаа Улаанбаатар хотруу явуулах шаардлагатай байна гэсэн. Тэгэхээр нь би өөрийнхөө мобайл банкнаас Мөнхтуяагийн өгсөн 5095086185 дугаарын дансруу 2019 оны 01 сарын 18-ны өдөр 140.000 төгрөгийг, 2019 оны 01 сарын 20-ны өдөр 40.000 төгрөгийг, 2019 оны 01 сарын 21-ний өдөр 30.000 төгрөгийг шилжүүлсэн” гэсэн /хх 8 ху/, хохирогч А.Мэндсайханы “Миний таньдаг эгч Мөнхтуяа 2019 оны 01 сард над руу залгаад Солонгос улс руу гаргаж өгдөг хүн байна гэхээр нь баталгаатай юм бол би ч виз хөөцөлдье гэсэн чинь Мөнхтуяа эгч зөвшөөрсөн. Тэгээд байж байхад 99938894 гэсэн дугаараас залгаад мөнгөө шилжүүл бичиг баримтыг чинь хөөцөлдөх гээд байна гэхээр нь 140.000 төгрөгийг шилжүүлсэн” гэсэн /хх 10 ху/ мэдүүлгүүд, мөн гэрч Ч.Отгонсүх /хх 14 ху/, гэрч Ө.Болортуяа /хх 15 ху/, Д.Батдалай /хх 16 ху/ нарын өгсөн мэдүүлгүүд, эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

            Дээрхи үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байна гэж дүгнэлээ.

 

            Орхон аймгийн прокуророос шүүгдэгч Д.Б-д Эрүүгийн хуулийн тусгай 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байх тул түүнийг залилах гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

            Шүүгдэгч Д.Б-д ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

            Шүүгдэгч Д.Б-ын 2018 оны 10 сарын 05-ны өдөр иргэн С.Түвшинг Оюу толгойд ажилд оруулж өгнө гэж хуурч мэхлэх 360.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлд нь Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2019 оны 05 сарын 10-ны өдрийн 147 дугаартай шийтгэх тогтоолоор түүнийг гэм буруутайд тооцож, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авахаар шийдвэрлэжээ.

 

            Гэвч шүүгдэгч Д.Б нь тэнсэнгийн хугацаанд дахин гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт тус тус зааснаар Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2019 оны 05 сарын 10-ны өдрийн 147 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж нэмж нэгтгэж шийдвэрлэх нь зүйтэй.

 

            Хохирлын хувьд хохирогч Ж.М- 312.000 төгрөг, Б.О- 210.000 төгрөг, А.М-140.000 төгрөгний хохирол тус тус нэхэмжилснийг шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад бүрэн төлж барагдуулсан байна. Шүүхийн шатанд хохирогч нар шинээр гадаад паспорт авах, замын зардал зэрэгт А.М- 123.500 төгрөг, хохирогч  Ж.М 125.000 төгрөгийг тус тус нэхэмжилж байх боловч энэ талаархи нотлох баримтгүй байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэхгүй орхиж иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв. 

 

            Шүүгдэгч Д.Б нь 02 хоног цагдан хоригдсоныг түүний эдлэх ялд оруулан тооцож, энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3 дугаар зүйлийн 3, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                                                                  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Д.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар залилах авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-ыг 6 /зургаа/ сарын хорих ялаар шийтгэсүгэй.

 

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 сарын 10-ны өдрийн 147 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Быг 6 /зургаа/ сарын хорих ялаар шийтгэсүгэй.

 

  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 /зургаа/ сарын хорих ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 7.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 1 /нэг/ жилийн хугацаагаар тогтоосугай.

 

  5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-ын эдлэх 1 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

  6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-ын цагдан хоригдсон 02 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

 

  7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч А.М нэхэмжилсэн 123.500 төгрөгний, хохирогч Ж.М-н нэхэмжилсэн 125.000 төгрөгний нэхэмжлэлийг тус тус хэлэлцэхгүй орхисугай.

 

  9. Энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч нар нь хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдсугай.

 

  10. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Ж.БАЙГАЛМАА