| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямдоржийн Адъяа |
| Хэргийн индекс | 167/2019/0101/Э |
| Дугаар | 103 |
| Огноо | 2019-05-31 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Энхням |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 31 өдөр
Дугаар 103
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Адъяа даргалж
Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа,
Улсын яллагчаар хяналтын прокурор С.Энхням,
Шүүгдэгч Ц.Ц нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Энхнямаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц овогт Цгийн Цид холбогдох эрүүгийн 1919001740101 дугаартай хэргийг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1984 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Дорноговь аймгийн .. суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ... ажилтай, ам бүл 3, ээж, дүүгийн хамт Дорноговь аймгийн .. сумын 00 гэх газар оршин суух Ц овогт Цгийн Ц /РД:00
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Ц.Ц нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 05 дугаар сарын 06-ны шөнө Дорноговь аймгийн .. сумын 00 багт байрлах Н.Оын гэрт хохирогч Б.Атай маргалдаж улмаар түүнийг хутгалсны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ц.Цид шүүхийн хэлэлцүүлэгт: “…............................…” гэв.
Хохирогч Б.Аын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Ц Оын гал тогооны өрөө рүү гүйж ороод гарч ирэхдээ заазуур бариад гарч ирсэн тэгээд над руу дайрахаар нь би барьсан заазуурыг булааж авах гээд зууралдаад ноцолдсон тэр үед ...нэг мэдэхэд миний хэвлий болон зүүн гарын шуу хэсэгт зүсэгдсэн байсан. ...нийт 13 оёдол тавигдсан ...гомдол, санал нэхэмлэх зүйлгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар хуудас/
Гэрч Н.Оын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ц босож гал тогооны өрөөнд гүйж ороод эргэж гарч ирэхдээ баруун гартаа манай мах хэрчдэг улаан иштэй заазуурыг барьж гарч ирээд Б.Аын өөдөөс дайраад нэг удаа заазуураар Аын гэдэс хэсэгт зүсэх шиг болсон ...дуудлага өгчихөөд эргээд ороход гэрийн коридор болон гал тогооны хэсэгт бөөн цус болсон А коридорт гараа угаагаад Ц гал зууханд заазуур барьчихсан зогсож байсан. Тэгээд Аын зүүн гаранд 2 удаа зүсэгдсэн, гэдэс хэсэгт нь 1 зүсэгдсэн шарх үүссэн харагдсан...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 7-8-р хуудас/
4. Гэрч Б.Дгийн: "...А гэх залуу ...зүүн гарын шууны гадна хэсэгт ...хэвлийн хэсэгтээ ...зүсэгдсэн... байсан... зүүн гарын зүсэгдсэн хоёр шарханд ...оёдол тавьсан...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 10-р хуудас/
Шүүгдэгч Ц.Цийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”...Би өөрийн хийсэн хэргийнхээ гэм бурууг ухаарч ойлгон хохирогч Б.Атай уулзаж эмчилгээний мөнгө төгрөг өгөх гэхэд надаас мөнгө төгрөг авахгүй гэсэн ...айлынхаа гал тогооны өрөөнд ороод мах хэрчдэг заазуурыг нь аваад тэгээд коридорт ороод ...би заазуураараа гар луу нь цохисон ...Аын хэвлийн хэсэгт заазуураар зүсэгдэж цус гарсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 50-51-р хуудас/
Хохирогч Б.Аын эрүүл мэндэд учирсан хохирлын талаар тогтоосон 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 02/0254 дугаартай шинжээчийн дүгнэлт, тодорхойлолт, гэрэл зургийн үзүүлэлт. /хх-ийн 16-18-р хуудас/
Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Э.Аын 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн “...Б.Аын биед зүүн бугуй, тохой, хэвлийн шарх гэмтлүүд тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь ир, үзүүртэй зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Учирсан гэмтэлүүд нь тус бүрдээ болон нийлээд Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн 02/0254 дугаартай дүгнэлт /хх-ийн 16 дугаар хуудас/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 47-р хуудас/ зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
4. Шүүгдэгч Ц.Ц нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 05 дугаар сарын 06-ны шөнө Дорноговь аймгийн .. сумын 4 дүгээр багт байрлах Н.Оын гэрт хохирогч Б.Атай маргалдаж улмаар түүний зүүн гарын бугуй, тохой, хэвлий хэсэгт заазуураар зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Б.Аын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...хүүхэд ахуй цагаа ярьж байгаад хоорондоо маргалдаад би эхлээд Цийн нүүрэн тус газар гараараа нэг удаа цохьсон юм. Тэгтэл Ц Оын гал тогооны өрөө рүү гүйж ороод гарч ирэхдээ заазуур бариад гарч ирсэн, тэгээд над руу дайрахаар нь би барьсан заазуурыг булааж авах гээд зууралдаад ноцолдсон ...нэг мэдэхэд миний хэвлий болон зүүн гарын шуу хэсэгт зүсэгдсэн байсан. ...гарын зүсэгдсэн хэсэгт нийт 13 оёдол тавиулж, харин гэдэс хэсэгт зүсэгдсэн газруудад оёдол тавиулаагүй...гомдол, санал нэхэмлэх зүйлгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-23/, гэрч Н.Оын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ц босож гал тогооны өрөөнд гүйж ороод эргэж гарч ирэхдээ баруун гартаа манай мах хэрчдэг улаан иштэй заазуурыг барьж гарч ирээд Б.Аын өөдөөс дайраад нэг удаа заазуураар Аын гэдэс хэсэгт зүсэх шиг болсон ...дуудлага өгчихөөд эргээд ороход гэрийн коридор болон гал тогооны хэсэгт бөөн цус болсон А коридорт гараа угаагаад Ц гал зууханд заазуур барьчихсан зогсож байсан... Тэгээд Аын зүүн гаранд 2 удаа зүсэгдсэн, гэдэс хэсэгт нь 1 зүсэгдсэн шарх үүссэн харагдсан...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 7-8-р хуудас/, гэрч .. сумын эрүүл мэндийн төвийн 1 дүгээр багийн эмч ажилтай Б.Дгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...А гэх залуу согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай зүүн гарын шууны гадна хэсэгт 8см урт, гүн нь 0,8мм гүнтэй нэг шарх, 3см диаметр хэмжээтэй 0,3мм гүнтэй дугуйрч зүсэгдсэн шархтай, мөн хэвлийн хэсэгтээ хүйснээс дээш хэсэгт 1см урттай,0,5 мм хэмжээний гүнтэй шарх, мөн хажуу талаар өнгөц зүсэгдсэн 3 шархтай, цус алдалт багатай, биеийн ерөнхий байдал дунд...зүүн гарын зүсэгдсэн хоёр шарханд нийт 13 оёдол тавьж, цувур боолт хийж өгсөн...харин А хэвлий хэсэгтээ оёдол тавиулахаас татгалзсан учир оёдол тавиагүй...өвчин намдаах тариа болон шингэн сэлбэж боолт хийж явуулсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10-р хуудас/, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Э.Аын 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн “...Б.Аын биед зүүн бугуй, тохой, хэвлийн шарх гэмтлүүд тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь ир, үзүүртэй зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Учирсан гэмтэлүүд нь тус бүрдээ болон нийлээд Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн 02/0254 дугаартай дүгнэлт зэрэг дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзлээ.
Шүүгдэгч Ц.Ц нь гэм буруугийн талаар маргаагүй, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудад зөрүүтэй болон эргэлзээтэй гэх нотлох баримт гараагүй тул дээрхи нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, шүүхийн шийдвэрийн үндэслэл болох ач холбогдолтой гэж дүгнэсэн болно.
Иймд шүүгдэгч Ц овогт Цгийн Цийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, түүний шүүх хуралдаанд өгсөн: “ерөнхий боловсролын сургуульд жолоочоор байнгын орон тоонд ажилладаг, сард 400 000 төгрөгийн тогтмол цалин авдаг, хадгаламжиндаа зохих хэмжээний мөнгөн хөрөнгөтэй...” гэж мэдүүлсэн тул хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ялыг сонгон оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ц нь торгуулийн ялыг таван сарын хугацаанд хэсэгчлэн төлж улсын орлогод оруулахаар тогтоох нь зүйтэй гэж үзлээ.
Хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч Ц.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Б.А хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдах нь зүйтэй.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хэргийн газрын үзлэгийг бухжүүлсэн CD 1 ширхэгийг хавтаст хэрэгт үлдээж, улаан өнгийн иштэй заазуур 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэлээ.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Цид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр хуульчилсан. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хуралдаанд прокурор, шүүгдэгч, түүний өмгөөлөгч эсхүл хууль ёсны төлөөлөгч оролцоно. Хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч оролцох хүсэлт гаргасан бол оролцуулна” гэж заасан. Хохирогч Б.А мөрдөн шалгах ажиллагаанд “...надад санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй, би шүүх хуралд оролцмооргүй байна...” гэсэн ба шүүх хуралдаанд оролцох тухай хүсэлт гаргаагүй, хуульд зааснаар 72 цагийн дотор хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр хуульчилсан тул шүүх хуралдааны товыг хохирогчид мэдэгдсэн боловч оролцохгүй гэсэн тул хохирогчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан хэлэлцсэн болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ц овогт Цгийн Цийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Цид 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ц нь торгуулийн ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлж улсын орлогод оруулсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ц нь шүүхээс тогтоосон хугацаанд торгуулийн ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч Ц.Ц нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн CD 1 ширхэгийг хавтаст хэрэгт үлдээж, улаан өнгийн бариултай заазуур 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Цид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Н.АДЪЯА