Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2025/01574

 

 2025  09  17  210/МА2025/01574

  

*******ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Одгэрэл даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 192/ШШ2025/04649 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч *******ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч *******ад холбогдох

Шүүхийн шийдвэрийг хугацаанд нь биелүүлээгүйгээс учирсан хохирол 685,638,893 төгрөг, үл хөдлөх эд хөрөнгийг хууль бусаар эзэмшилдээ байлган ашигласан, түрээслэн ашиг олсны улмаас алдагдсан боломж 1,516,896,495 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1.*******ХХК нь 2014 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 133/1 тоот Гэйст хаусын захиалга, хөрөнгө оруулалтын гэрээний дагуу *******ад Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, *******хотхон, *******тоот хаягт байрлах, 789.69 м.кв талбайтай байрыг 2014 оны 05 дугаар сард хүлээлгэн өгсөн. Гэрээний төлбөр 1,700,000,000 төгрөгийг 2014 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн дотор төлж дуусгах байсан боловч бүрэн төлөөгүй.

1.2.Компани нь гэрээний төлбөр, алдангид 1,300,000,000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан ба ******* 850,000,000 төгрөгийг 2018 оны 06 дугаар сарын 07-ны дотор төлөхөөр компанитай эвлэрлийн гэрээ байгуулж, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШШ2018/00535 дугаар захирамж гарсан. 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх шүүгчийн захирамж гарч, гүйцэтгэх хуудас олгогдон, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 5 жилийн туршид явагдсан боловч ******* нэг ч төгрөг төлөөгүй. Улмаар 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдөр уг төлбөрт дүйцүүлэн арматур хүлээн авч, өмчлөх эрхийг түүнд шилжүүлсэн.

1.3.Хариуцагч ******* нь 2014 оны 05 дугаар сараас хойш гэрээний үүргээ 9 жилийн туршид биелүүлээгүй, эвлэрлийн гэрээ, шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй, 2023 оны 07 дугаар сар болтол байранд төлбөр төлөхгүйгээр амьдарч, бусдад дамжуулан түрээслэж, хууль бусаар эзэмшиж, мөн өмчлөгчийн эрхийг зөрчиж, түүний орлого олох, үр шимийг хүртэх боломжийг хааж байсан. Тиймээс мэргэжлийн байгууллагын зах зээлийн дундаж үнэлгээгээр түрээсийн цэвэр орлого буюу алдагдсан боломжтой холбоотой хохиролд 1,516,896,495 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.

1.4.Хариуцагч гэрээний үүргээ биелүүлж тохирсон хугацаанд төлсөн бол компани уг хөрөнгийг эргэлтэд оруулж, бизнесийн ашиг олох боломжтой байсан. Монголбанкаас гаргуулж авсан арилжааны банкны хадгаламжийн дундаж хүүгийн лавлагаагаар хамгийн багадаа 685,638,893 төгрөгийн орлого олох боломжтой байсныг тогтоосон.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар шүүхийн шийдвэрийг заавал биелүүлэх үүргээ хугацаанд нь биелүүлээгүйгээс хуульд заасны дагуу хохирлоо нэхэмжилсэн.

Хариуцагчаас нийт 2,202,535,388 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1.Талуудын хооронд анх 2014 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр орон сууц захиалгын гэрээ байгуулагдаж, 70 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгыг хариуцагчийн эзэмшил, ашиглалтад шилжүүлсэн.

2.2.Төлбөр төлөхгүй байх бодит нөхцөл байдлын хувьд, нэхэмжлэгч нь 2011 онд 70 хувийн гүйцэтгэлтэй гэрчилгээг нэр дээрээ гаргуулж, ******* банк ХК-д барьцаалсан байдаг. Хариуцагч өөрийн болон дүүгийнхээ нэр дээр хоёр хаус нэхэмжлэгчээс худалдаж авсан. Нэг сууцны төлбөрийг төлж, нөгөө сууцны 1,700,000,000 төгрөгөөс 1,200,000,000 төгрөг төлж, 500,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй байсан. 2018 онд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэгчийн гаргасан төлбөрийн үлдэгдэл, алдангийн нэхэмжлэлд талууд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг шилжүүлэх, 850,000,000 төгрөг өгөх байдлаар эвлэрлийн гэрээ байгуулж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн.

Үүнээс хойш хоёр хаусын гэрчилгээг шилжүүлж өгөх үүргээ биелүүлэхгүй шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа удааширсан нь нэхэмжлэгч, хариуцагчийн аль алинаас шалтгаалсан. Энэ байдлыг эцэслээд талууд үл хөдлөх хөрөнгө арилжааны гэрээг 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдөр байгуулж, хариуцагч төлөх ёстой төлбөртөө тааруулж арматур нийлүүлж, үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагчийн нэр дээр шилжүүлж өгсөн.

2.3.Талуудын хооронд орон сууц буюу сингл хаусыг захиалгаар барих эрх зүйн харилцаа үүссэн. Уг хөрөнгөтэй холбоотой маргаан үүсэхэд алдангитай холбоотой асуудал ярих болохоос биш энэ хөрөнгө манай хөрөнгө байсан гэж шаардах эрх үүсэхгүй. Талуудын хооронд байгуулсан гэрээтэй холбоотой, алдангитай холбоотой асуудлыг шүүхээс нэгэнт шийдсэн хүчин төгөлдөр шийдвэр байгаа учраас хэргийг хэрэгсэхгүй болгох бүрэн боломжтой. 2014 онд үл хөдлөх эд хөрөнгийг хүлээлгэж өгснөөс хойш хариуцагчийн эзэмшил, ашиглалтыг хүлээн зөвшөөрсөн, түүнээс хойш эзэмшил, ашиглалттай холбоотой ямар нэгэн санал болон шаардлага гаргаж байгаагүй, нэхэмжлэл гаргаж байгаагүй. Нэхэмжлэгчийн өнөөдрийг хүртэл гаргасан үйлдэл нь хариуцагчийн эзэмшил, ашиглалтад энэ үл хөдлөх хөрөнгийг шилжүүлж өгснөөрөө үүсэн бий болох зүйлийг үйлдлээрээ хүлээн зөвшөөрөөд явж байсан.

2.4.2014 оны захиалгын гэрээнд орон сууцыг бүрэн гүйцэт барьж дуусгаад хүлээлгэж өгнө гэж заасан ч 70 хувийн гүйцэтгэлтэй барилга шилжүүлж, барилгыг улсын комисст хүлээлгэж өгөх үүргээ биелүүлээгүй. Тэгэхээр нэхэмжлэгч 70 хувийн гүйцэтгэлтэй барилгыг манай талд хүлээлгэж өгсөн учраас үүнийг түрээсэлж олох ёстой байсан орлогоо алдсан гэж үзэх үндэслэл байхгүй. Тус байрыг хууль бусаар эзэмшилдээ байлган ашигласан, бусдад түрээслэн ашиг олсон хугацааны төлбөр нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Мөн бид мөнгөө ингэж хадгалуулдаг, угаасаа орлого олдог, олох ёстой байсан орлого гэх агуулгаар тайлбарлаж чадахгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******аас 657,566,563 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******ХХК-д олгож, нэхэмжлэлээс 1,544,968,825 төгрөг илүү нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 21,425,339 төгрөгөөс 17,979,556 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч *******аас 3,445,783 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******ХХК-д олгож шийдвэрлэсэн.

 

4.Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол, тайлбарын агуулга:

4.1.Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасны дагуу хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй.

Шийдвэрийн үндэслэх хэсгийн 13-д "Шалтгаант холбоо нь зөвхөн үйлдэл болон эрх зүйн үнэт зүйл эсвэл гэрээг зөрчсөн болон үүссэн хохирол хооронд байх ёстой бөгөөд хэрэгт цугларсан бичгийн болон зохигчийн тайлбараас дүгнэхэд хариуцагч 3. Мандахын шүүхийн шийдвэрийг хугацаанд нь биелүүлээгүй буруутай үйлдэл болон нэхэмжлэгч *******ХХК-д учирсан хохирол хоёрын хооронд шалтгаант холбоо байн гэж үзнэ" гэжээ. Үүнийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна.

Нэхэмжлэгч *******ХХК болон хариуцагч ******* нарын хооронд 2014 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 133/1 тоот гэрээг байгуулж, тус үл хөдлөх эд хөрөнгийг захиалгаар бариулахаар тохирсон. Гэрээний агуулга нь захиалагч ******* нь гүйцэтгэгч *******ХХК-аар Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, *******хотхон *******тоот барилгыг захиалан бариулж, түүний төлбөрийг төлөх. Гэтэл нэхэмжлэгч *******ХХК анхнаасаа захиалагч *******ын захиалсан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулан авснаар *******ын шүүхийн шийдвэрийг биелүүлэх боломжийг хязгаарласан. Энэ талаар хариуцагч шүүх хуралдаанд тайлбарласан бөгөөд хэргийн материалд тус үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ *******ХХК-ийн нэр дээр гарсан баримт авагдсан байгаад дүгнэлт хийгээгүй.

4.2.Мөн шийдвэрийн тодорхойлох хэсэгт "нэхэмжлэгч *******ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******нар шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа "үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр *******ХХК бүртгэгдсэн байдаг" гэж тусгасан. Өөрөөр хэлбэл гүйцэтгэгч нь захиалагчийн нэр дээр бүртгүүлэх үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулан авч, түүнийг ******* банкинд барьцаалан зээл авсан байдаг. Энэ талаар нэхэмжлэгч *******ХХК нь огт маргаагүй.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаас үзэхэд бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцах урьдчилсан нөхцөл нь хариуцагч этгээдийн хууль бус үйлдэл, уг үйлдлээс нэхэмжлэгчид гэм хор учирсан байх, үйлдэл, хохирол хоорондоо шалтгаант холбоотой буюу тухайн этгээдийн гэм буруутай үйлдэл тогтоогдсон тохиолдолд гэм хорыг арилгах үүрэг үүснэ. Гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөхөөр хуульчилсан. Дээрх үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг нэр дээрээ гаргуулан авч хууль ёсны өмчлөлийг өөртөө авсан *******ХХК-ийг олох байсан орлогоороо хохирсон гэж үзэх үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл *******ХХК үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулсан бөгөөд түүнийгээ *******ад шилжүүлэн өгөхгүй 5 жил хүлээлгэсний улмаас шүүхийн шийдвэр биелэгдээгүй үйл баримтыг огт дүгнээгүй. Энэ талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд тайлбарласан.

4.3.Талууд үл хөдлөх эд хөрөнгийн арилжааны гэрээ байгуулж, ******* нь 340 тн арматурыг *******ХХК-д шилжүүлж өгөх, үүний хариуд *******ХХК нь *******ын өмчлөлийн *******тоот үл хөдлөх эд хөрөнгө болон түүний төрсөн дүү *******ын 17/10 тоот зэргэлдээ үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэн өгөхөөр тохирсон. Энэхүү асуудлаар хэн аль нь маргаан үүсгэхгүй байх баталгааг бие биедээ гаргасан.

4.4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх журмыг зөрчсөн. Хэрэгт шийдвэр гүйцэтгэх ажиллагааны баримтууд болон хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж зэрэг нотлох баримт авагдаагүй байхад зөвхөн нэг талын тайлбар, баримтыг үндэслэн шийдвэр гаргасан. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5.Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

5.1.Анхан шатын шүүхээс хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гарсан гэж үзэж байна. Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг *******ХХК өөрийн нэр дээр гаргуулж, *******ын шүүхийн шийдвэр гүйцэтгэх боломжийг хязгаарласан гэж хариуцагч тал маргадаг. Шүүхээс ямар тайлбар хүсээд байгаа нь ойлгомжгүй байна. ******* 850,000,000 төгрөгийг 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн дотор *******ХХК-д төлж барагдуулахаар тохиролцсон. Гэтэл ******* нь тохиролцсон хугацааныхаа дотор төлбөрөө төлөөгүй ба ийнхүү нэг ч төгрөг төлөөгүй явсаар байтал 2023 оны 07 дугаар сар хүргэсэн. Арилжааны гэрээний асуудал яригдаж байна. Гэрээний зүйл буюу маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө нь өөр ямар нэгэн этгээдэд хамааралгүй, өөр этгээдийн барьцаанд байхгүй гэх баталгааг талууд гаргаж өгсөн болохоос биш энэ асуудлаар дахиж маргахгүй, энэ хаустай холбоотой өөр нэхэмжлэлийн шаардлага гарахгүй гэх агуулгаар баталгаа гаргаагүй. Хариуцагч тал өөрт ашигтай байдлаар тайлбарлаж байгаа нь ташаа ойлголт юм.

5.2.Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитой үнэн зөв үнэлээгүй, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны баримт болон арилжааны гэрээ зэрэг баримтуудыг хэрэгт гаргаж өгсөн гэж хариуцагч тал тайлбарласан. 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн шийдвэрээр талууд эвлэрсэн, албадан гүйцэтгэх хуудас, захирамж гарсан, хэргийг хэрэгсэхгүй болгосон захирамж гараагүй гэх агуулгаар талууд хоорондоо ярилцсан байхад шүүх нэг талын тайлбарыг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн гэж хариуцагч тал ярьсан нь буруу гэж үзэж байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд төлбөрийг төлөөгүйтэй холбоотой баримтуудыг хэрэгт гаргаж өгсөн. Үүргийн болон өмчийн хэлцэл нь тусдаа байх ёстой. Анх *******тай байгуулсан гэрээнд үнийг төлж дууссаны дараа өмчлөх эрх авна, өмчлөх эрх олгогдоогүй тохиолдолд бусдад түрээслүүлж ашиг олох боломжгүй гэх болзол бичигдсэн. Гэтэл бидний итгэлийг эвдэж, дотор нь орж суугаад удалгүй мөнгийг нь төлчихнө гэсэн боловч төлбөрөө төлөлгүй 9 жилийн хугацаа өнгөрсөн байна. Тус хугацаанд хариуцагч байшинг эрхлэн удирдаж, 20 гаруй тооны этгээдүүдэд түрээслүүлж тасралтгүй ашиг олсон. Уг үл хөдлөх эд хөрөнгөд манай байгууллага үйл ажиллагаа явуулсан бол тэрбум гаран төгрөгийн орлого олох боломжтой байсан тухай хөрөнгийн үнэлгээний байгууллага тодорхойлсон.

5.3.Хариуцагч тал арилжааны гэрээ байгуулж, төлбөрийг мөнгөн хэлбэрээр бус арматураар биелүүлсэн. Тус арматуртай холбогдуулан гуравдагч этгээд ямар нэгэн байдлаар шаардлага гаргахгүй, мөн барилгатай холбоотой гуравдагч этгээдээс шаардлага гаргахгүй гэж талууд харилцан тохиролцсоны дагуу бид өмчлөх эрхийг шилжүүлэн өгсөн. Маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх нь *******ын гэр дээр байгаа. Мөн арилжааны гэрээгээр бидний хохирол шаардах эрхийг хязгаарласан зүйл байхгүй.

5.4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд шүүхийн шийдвэр заавал биелэгдэх ёстой гэж заасан. Талуудын эвлэрлийг баталсан захирамж нь шүүхийн шийдвэрийн адил биелэгдэх ёстой ба уг үүргийг хариуцагч биелүүлээгүй тул хуульд заасан үүргийг биелүүлээгүй гэх үндэслэлээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлд заасан хохирол учирсан гэж бид маргасан. Үүнийг анхан шатны шүүх үндэслэлтэй гэж дүгнэж, Иргэний хуулийн 510 дугаар зүйлд заасны дагуу 600 сая гаруй төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.7 дахь хэсэгт Үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлснээс учирсан хохирлыг арилгуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч шаардах эрхтэй гэж заасан. Мөнгө нь эдийн засгийн эргэлтэд байх ёстой буюу хадгаламж болон бизнесийн хэлбэрээр ашиглаж болно. *******ХХК нь одоог хүртэл барилгын чиглэлээр үйл ажиллагааг явуулж байгаа бөгөөд 850,000,000 төгрөгийг 2018 онд авсан бол олон төрлийн бүтээн байгуулалт хийх боломжтой байсан. Бид хадгаламжийн үр өгөөжгүй, тэр дундаа ковидын цар тахалтай холбоотой үйл ажиллагаа зогсчихсон нөхцөлд байдлуудыг хамааруулан Монголбанкнаас авсан тодорхойлолтын дагуу хүү нэхэмжилж авсан тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. ******* банк ХК-д барьцаанд тавьсан гэх зүйлийг хариуцагч ярьдаг, үүнтэй холбоотой баримтыг хэрэгт гаргаж өгөөгүй. Анх барьцаанд тавьсан хэдий ч 2016 онд чөлөөлөгдсөн. Иймд анхан шатын шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж шийдвэрлэв.

 

2.Нэхэмжлэгч *******ХХК нь хариуцагч *******ад холбогдуулан шүүхийн шийдвэрийг хугацаанд нь биелүүлээгүйгээс учирсан хохирол 685,638,893 төгрөг, үл хөдлөх эд хөрөнгийг хууль бусаар эзэмшилдээ байлган ашигласан, түрээслэн ашиг олсны улмаас алдагдсан боломж 1,516,896,495 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШШ2018/00535 дугаар захирамжийн дагуу хариуцагч нь 850,000,000 төгрөгийг 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн дотор компанид төлөх үүргээ биелүүлээгүй, тус шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явуулсан ч 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл төлөөгүй, үл хөдлөх эд хөрөнгийн үнийг төлөлгүй 2014 оны 05 дугаар сараас хойш хууль бусаар эзэмшиж ашиглаж нэхэмжлэгчид хохирол учруулсан гэж тодорхойлсон.

Хэрэгт дээрх шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШЗ2018/07405 дугаар захирамж, 181/ГХ2018/00604 дугаар гүйцэтгэх хуудас, түүнчлэн 2020, 2021 онд үйлдэгдсэн гүйцэтгэх баримт бичиг шилжүүлэх тухай албан бичиг, төлбөр төлөгчийн хөрөнгийн мэдүүлэг, шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл зэрэг баримтууд авагдсан байх боловч нэхэмжлэлийн үндэслэл болсон Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШШ2018/00535 дугаар захирамж авагдаагүй байна.

Талуудын маргааны зүйл нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг хариуцагч биелүүлсэн эсэх асуудал байх ба энэ нөхцөлд шүүхийн шийдвэрээр хариуцагч ямар үүрэг хүлээсэн нь шүүхээс дүгнэвэл зохих үйл баримт байна. Үүнээс гадна шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт зааснаар ахлах шийдвэр гүйцэтгэгчээс иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол гаргаснаар эхлэх бөгөөд үүнтэй холбоотой баримт мөн хэрэгт авагдаагүй.

 

4.Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.1-д зааснаар зохигч, төлөөлөгч буюу өмгөөлөгчид шаардлага ба татгалзлаа үндэслэж буй нотлох баримтаа өөрөө гаргаж нотлох үүрэгтэйг танилцуулж, эдлэх эрхийг нь тайлбарлан өгөх үүрэгтэй ба тэдгээр нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх учиртай.

Дээр дурдсанаар хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийн үйл баримтад дүгнэлт өгч, хэргийг шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал тогтоогдож байх ба хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан шийдвэр гүйцэтгэх ажиллагааны баримтууд болон хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүгчийн захирамж зэрэг нотлох баримт авагдаагүй байхад хэргийг шийдвэрлэсэн гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлтэй.

 

5.Иймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д зааснаар анхан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. Хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан тул шүүхийн нотлох баримтын үнэлгээний талаар гаргасан гомдолд дүгнэлт өгөөгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 192/ШШ2025/04649 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдөр төлсөн 3,445,783 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ

ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ

Д.ЗОЛЗАЯА