| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдорж Золзаяа |
| Хэргийн индекс | 181/2024/01615/И |
| Дугаар | 210/МА2025/01595 |
| Огноо | 2025-09-19 |
| Маргааны төрөл | Даатгал, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 09 сарын 19 өдөр
Дугаар 210/МА2025/01595
2025 09 19 210/МА2025/01595
*******ХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Одгэрэл даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 191/ШШ2025/05227 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч *******ХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч ******* ХХК-д холбогдох
79,905,878 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1.Даатгуулагч *******ХХК нь 2023 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод их хэмжээний аадар бороо, мөндөр орсны улмаас Сонгинохайрхан дүүрэг, *******дугаар хороо, Толгойт 18101, Хүнсчдийн гудамж ******* тоот хаягт байрлах агуулахын дээвэр, ханыг дагаж их хэмжээний ус орж, хадгалагдаж байсан эрүүл мэндийн бүтээгдэхүүнүүд норж, дахин ашиглагдах боломжгүйгээр даатгалын тохиолдол үүссэн талаар гомдол гаргасан.
*******ХК нь уг даатгалын тохиолдлыг судлан үзээд, даатгалын гэрээний 3 дугаар зүйлийн 3.1, 4 дүгээр зүйлийн 4.1.3-т зааснаар даатгуулагч *******ХХК-д нөхөн төлбөрийг олгосон.
Санхүүгийн зохицуулах хорооны тусгай зөвшөөрөлтэй хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний "*******" ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн үнэлгээний тайлангаар *******ХХК-ийн агуулахад хадгалагдаж байсан эрүүл мэндийн бүтээгдэхүүнд 67,418,069 төгрөгийн хохирол учирсан нь тогтоогдсон тул уг хохирол дээр даатгуулагчийн ажилчдын зардал 9,892,220 төгрөгийг нэмж, нөхөн төлбөрт нийт 77,310,288 төгрөгийг *******ХХК-ийн дансанд, "*******" ХХК-ийн дансанд 2,595,590 төгрөгийг тус тус шилжүүлсэн.
1.2.*******ХХК нь 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдөр ******* ХХК-тай байгуулсан Агуулах болон оффис түрээсийн гэрээний хугацаанд уг үйл явдал бий болсон. Түрээсийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.2-т Түрээслүүлэгч дараах үүрэгтэй, 5.2.2-д Ажлын байрны дээвэр хэвийн ... ажиллагааг болон түрээслэгчийн хэвийн ажиллах нөхцөлийг хангах", 5.2.8-д "Түрээслүүлэгчийн дараах буруутай үйл ажиллагаанаас шалтгаалж Түрээслэгчийн барааны хадгалах горим алдагдсан ... тухайн бараа бүтээгдэхүүнийг Түрээслэгчийн импортын гаалийн үнээр, ... үнэлж хохирлыг Түрээслүүлэгч тал барагдуулах үүрэгтэй. Үүнд: в) түрээсийн талбайн дээврээс ус алдсан ... зэргээс үүдэн бараа бүтээгдэхүүн норсон" хэмээн түрээслэгч буюу *******ХХК-ийн эрүүл мэндийн бүтээгдэхүүнд учирсан хохирлыг түрээслүүлэгч ******* ХХК барагдуулахаар тохиролцжээ.
1.3.*******ХК нь Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7 дахь хэсэг, даатгалын гэрээний 11 дүгээр зүйлийн 11.12-т заасныг үндэслэн Төлбөр нэхэмжлэх эрх шилжүүлэх гэрээг даатгуулагч "*******ХХК-тай 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр байгуулан, гэм буруутай этгээдээс өөрт учирсан хохирлоо шаардах эрхийг нь шилжүүлэн авсан болно.
Иймд "*******" ХХК-аас нийт 79,905,878 төгрөгийг гаргуулж *******ХК-д олгож өгнө үү гэжээ.
2.Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
2.1.Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Манай компаниас *******ХХК-тай байгуулсан Агуулах болон оффис түрээсийн гэрээний 5.2.8-т түрээслүүлэгчийн буруутай үйл ажиллагааны улмаас хор хохирол бий болсон тохиолдолд түрээслүүлэгч хохирлыг барагдуулах үүрэгтэй талаар зохицуулсан бөгөөд 2023 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод хүчтэй аадар бороо, мөндөр орсны улмаас манай компанийн агуулахын байранд ус нэвтэрсэн нь манай компанийн буруутай үйл ажиллагаа биш юм.
2.2.Түүнчлэн нэхэмжлэгч нь даатгуулагч "*******" ХХК-д даатгалын нөхөн төлбөр олгохдоо даатгалын гэрээний 4.1.3-т заасан байгалийн эрсдэл үүссэн үндэслэлээр нөхөн төлбөрийг олгосон, хүний хүчин зүйлээс үл хамаарсан гэж тайлбарласан боловч манай компанийн буруутай үйл ажиллагаанаас хохирол учирсан хэмээн шаардлага гаргах нь үндэслэлгүй, логик алдаатай байна.
Даатгалын гэрээний 12.1.9-т зааснаар хамаарахгүй, нөгөө талаас гэрээний 11.9-д зааснаар нотлох баримтыг гаргаж өгөх үүрэгтэй. Шинжээчийн дүгнэлтийг үндэслэлээ болгон тайлбарлаж байх боловч дээврийн бүрэн бүтэн байдал алдагдсан гэх нотлох баримтгүй байна. 2023 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хүчтэй аадар бороо орох үед агуулахын дээвэр бүрэн бүтэн байсан. Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7 дахь хэсэгт нөхөн төлөх шаардлагыг гуравдагч этгээдэд гаргаж болох тохиолдолд гэж нөхцөл заасан, гуравдагч этгээдийн буруутай үйл ажиллагаанаас хохирол учирсан гэж үзсэн бол бид тухайн үед нь маргах байсан ба бид тийм эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон. Бид ч байгалийн эрсдэл гэж үзэж байсан.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7 дахь хэсэгт тус тус заасан үндэслэлгүй тул хариуцагч ******* ХХК-аас нөхөн төлбөрт шилжүүлсэн 79,905,878 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******ХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлд тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 557,480 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн.
4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол, тайлбарын агуулга:
4.1.Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй тухайд,
Шүүхийн шийдвэрийн 3-т хэргийн оролцогчдоос шүүхэд гаргаж өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй. Тодруулбал 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн гэрч *******ий мэдүүлэг: "... агуулах дээр бороо орсны маргааш өдөр нь очиход бороо зогссон байх үед дээврээсээ ус гоожиж байсан. Ханаа дагаад урссан байсан ... завсруудаар гоожсон байсан. Гол гэрэлтүүлгээр гоожсон байсан, бороо орсны маргааш өдөр нь үзлэг хийх үедээ би өөрөө баталгаажуулж зургийг нь авсан" гэх; гэрч *******ын мэдүүлэг: "... бороо орсны дараа 2 дахь өдөр дээр нь өөрөө би очсон. Өрөөстэй байсан бараанууд, газраар байсан бараанууд нороод хайрцаг нь задарсан байсан. Баталгаажуулах зураг авсан ... ус дусаж байсан. Дээврийн хэсэг гол хэсгэрээ хуванцар материалтай байсан. Цоорсон байсан тул баталгаажуулж зураг авсан. Тэндээс бас ус дусаж байсан ... хурууны өндөгний хэмжээтэй цоорхойнууд байсан" гэх; гэрч Худалдаа, аж үйлдвэрийн танхимын эксперт *******ийн мэдүүлэг: "Дээврээс ус гоожсон ... агуулахад хэрбалайфын бараа норсон байсан. Хариуцагч талын дээврээс ус алдсан хариуцлагын алдаанаас үүссэн зөрчил гэж үзэж байна. 60 жил болсон барилга тэгэж ус алддаггүй. 2020 онд ашиглалтанд орсон агуулах учраас хариуцна гэж, 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн Худалдаа, аж үйлдвэрийн танхимын эксперт *******ийн дүгнэлт: "... Ус алдсан өдөр 2023.08.20, ... агуулахын дээвэр, хийцийн бүрэн бүтэн байдал алдагдсан, ... түрээслүүлэгч талын хариуцлагын алдаанаас тус тус үүссэн зөрчил байна" гэх; 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн гэрч ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал *******ийн мэдүүлэг: "... Дээрээсээ бараа норсон байсан" гэх, 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр *******ХК-ийн нөхөн төлбөрийн ахлах менежер *******ын гар утсанд хадгалагдаж буй 2023.08.28-ны өдрийн усанд норсон бараа бүтээгдэхүүн болон дээврийн бүрэн бүтэн бус харагдаж буй гэрэл зураг; 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр *******ХК-ийн erp.bodi-insurance.com вэб хаягт нэвтрэн, *******ХХК-ийн эрүүл мэндийн бүтээгдэхүүн усанд норсон талаарх гэрэл зураг, устгал хийж буй бичлэг зэрэгт үзлэг хийж, тэмдэглэл үйлдсэн талаарх баримтуудаар тогтоогдож байна.
4.2.Шүүхийн шийдвэрийн үндэслэх нь хэсгийн 9.4т "Хэрэгт цугларсан баримтууд, тайлбараар зохигч 2023 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод их хэмжээний аадар бороо, мөндөр орсон үйл баримтад маргаангүй, харин уг байгалийн үзэгдлийн улмаас дээвэр нэвчиж ус алдсан эсэх эсхүл агуулахын дээврийн бүрэн бүтэн байдал, хийц ашиглалтын хэвийн үйл ажиллагааг хангах боломжгүй дутагдлаас үүссэн эсэх талаарх маргаан нотлосон баримт хэрэгт байхгүй байна" гэж шүүх дүгнэсэн нь дараах үйл баримтуудаар няцаагдаж байгаа болно. Үүнд: Хариуцагчийн агуулахын дээвэр бүрэн бүтэн байгаагүй аадар бороо орсны дараа буюу маргааш нь агуулахад очиход ус дээврийн гол хэсгийн хуванцарын зааг болон жижиг нүх гарснаас мөн хана дагаж гоожиж байсан гэх гэрч нарын мэдүүлэг, шүүхээс гар утас болон вэб-д үзлэг хийсэн гэрэл зургуудаар тогтоогдож байгаа болно. Тодруулбал хариуцагчаас гаргаж өгсөн Цаг уур орчны шинжилгээний газрын тодорхойлолтод 9-10 мм голчтой мөндөр орсон гэж тусгасан бөгөөд энэхүү үйл баримт нь гэрч *******ын мэдүүлэг болон гар утсанд шүүхээс үзлэг хийсэн гэрэл зурагт харагдаж байгаа, мөн хурууны өндөгний хэмжээтэй нүх нь мөндөрийн хэмжээтэй тохирч байгаа болно. Мөн хариуцагч 2023 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн аадар бороо, мөндөрийг Худалдаа, аж үйлдвэрийн танхимаар гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйл болон хүнд нөхцөлийн гэрчилгээгээр баталгаажуулсан зүйл байхгүй болно.
Үүнээс дүгнэвэл хариуцагч ******* ХХК-ийн буруутай үйл ажиллагаа /эс үйлдэхүй/-аас агуулахад байсан биологийн бэлдмэлд хохирол учирсан болох нь хангалттай баримтаар тогтоогдож байх ба даатгуулагч *******ХХК нь 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдөр ******* ХХК-тай Агуулах болон оффис түрээсийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.2.8-д "Түрээслүүлэгчийн дараах буруутай үйл ажиллагаанаас шалтгаалж Түрээслэгчийн барааны хадгалах горим алдагдсан ... тухайн бараа бүтээгдэхүүнийг Түрээслэгчийн импортын гаалийн үнээр, ... үнэлж хохирлыг Түрээслүүлэгч тал барагдуулах үүрэгтэй. Үүнд: в) түрээсийн талбайн дээврээс ус алдсан ... зэргээс үүдэн бараа бүтээгдэхүүн норсон" гэж түрээслэгч буюу *******ХХК-ийн эрүүл мэндийн бүтээгдэхүүнд учирсан хохирлыг түрээслүүлэгч Карказ ХХК барагдуулахаар тохиролцсон болохыг дурдаж байна.
Иймд дээр дурдсанаар шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй нэг талыг барьсан шийдвэрийг илтэд гаргасан болох нь шүүхийн шийдвэрээс харагдаж байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.
5.Давж заалдах гомдолд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан тайлбарын агуулга:
5.1.Гол маргаж буй үндэслэл нь гэрчийн мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтыг хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв талаас нь үнэлээгүй. Хариуцагчийн зүгээс шүүх нотлох баримтыг эргэлзээгүй талаас нь үнэлсэн гэж үзэж байна. Дээрх нотлох баримтууд нь эргэлзээтэй гэж үзэн шүүх дүгнэлт хийсэн. Худалдаа, аж үйлдвэрийн танхимын экспертийн дүгнэлт нь нэхэмжлэгч байгууллагад зориулагдаж гарсан дүгнэлт биш, тухайн дүгнэлтийг гаргасан мэргэжилтнээс гэрчийн мэдүүлэг авахад барилгын хийцтэй холбоотой ямар ч үзлэг хийгээгүй, ус алдаж байгааг нь хараад дүгнэлт хийсэн гэж мэдүүлсэн. Эдгээрээс барилгын хийц болон хариуцагчийн буруутай үйл ажиллагааны улмаас ус алдсан гэх нөхцөл байдал хангалттай тогтоогдоогүй гэж шүүхээс дүгнэсэн нь үндэслэлтэй гэж үзэж байна. Нүх гарсан гэж нэхэмжлэгч тал ярьсан, нүх гарах ямар ч боломжгүй гэдгийг харуулах үүднээс бид үзлэг хийлгэсэн. Дээврийн поликарбонат гэх материал нь мөндрөөс болж цоорох боломжгүй материал бөгөөд зурагт харагдаж буй нүх шиг харагдаад байгаа зүйл нь дээвэр дотор хийгдсэн шилэн хаалт юм. Энэ нөхцөл байдал нь гэрэл зураг болон гэрчийн мэдүүлгээр нотлогдож байгаа гэх боловч тухайн гэрч нь дээвэр дээр гараагүй, мөн мэргэжлийн бус хүмүүс байсан. Гэрэл зураг дээр ямар байдлаар нүх шиг харагдаж байгаа гэх нөхцөл байдал нь шууд тухайн барилгын дээвэрт нүх гарсан гэх үндэслэл болохгүй гэж үзэж байна.
5.2.Даатгалын гэрээний 4.1-т заасан байгалийн эрсдэл гэх нөхцөлөөр нэхэмжлэгч байгууллага даатгалын нөхөн төлбөр олгосон. Байгалийн эрсдэл үүссэн гэдгийг нэхэмжлэгч байгууллага өөрөө баримтаар нотолсон. Хэрэв гуравдагч этгээдийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалсан бол даатгалын нөхөн төлбөр олгох нөхцөлд хамаарахгүй байсан. Тухайн даатгалын нөхцөл нь зөвхөн байгалийн эрсдэл болон бусад даатгалын эрсдэлүүдэд хамааралтай. Нэхэмжлэгч тал байгалийн эрсдэл гэж үзэж даатгалын нөхөн төлбөр олгосон тул бидний ямар нэгэн буруутай үйл ажиллагааны улмаас хамаараагүй гэдгийг даатгалын үнэлгээ хийж байх хугацаанд нотлох шаардлагагүй байсан. Иймээс нэхэмжлэгч тал бидний буруутай үйл ажиллагаанаас болсон гэж нэхэмжлэл гаргаж байгаа нь даатгалын нөхцөлтэй уялдаагүй. Энэ нөхцөл байдалд хийсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хянан үзээд, гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
2.Нэхэмжлэгч *******ХК нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан 79,905,878 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3.Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, дор дурдсан үйл баримтыг зөв тогтоосон байна. Үүнд:
3.1.*******ХК нь *******ХХК-тай байгуулсан хөрөнгийн даатгалын гэрээгээр уг компанийн 3 хэсэг хөрөнгөд гэрээнд заасан үндсэн болон нэмэлт эрсдэл үүссэн нөхцөлд нөхөн төлбөр олгохоор тохиролцжээ. Гэрээнд зааснаар Хэсэг II хөрөнгөд бараа бүтээгдэхүүн, мөн үндсэн эрсдэлд байгалийн эрсдэл хамаарч байна.
3.2."*******ХХК нь 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн агуулах болон оффис түрээсийн гэрээгээр Сонгинохайрхан дүүрэг, 18 дугаар хороо, Толгойт 18101, Хүнсчдийн гудамж 23 тоот хаягт байрлах ******* ХХК-ийн агуулахыг түрээсэлж бараа бүтээгдэхүүн хадгалдаг байна.
3.4.Үүний улмаас "*******ХХК-ийн агуулахад байсан бараа бүтээгдэхүүн норж гэмтсэн байх ба ******* ХХК-ийн үнэлгээний тайланд хохирлыг 67,418,069 төгрөг гэж тодорхойлсон байна.
3.5.*******ХК нь "*******" ХХК-д бараа бүтээгдэхүүний хохиролд 67,418,069 төгрөг, ажилчдын зардалд 9,892,220 төгрөг, нийт 77,310,288 төгрөг, "*******" ХХК-д 2,595,590 төгрөгийг тус тус шилжүүлсэн.
Мөн *******ХК болон "*******" ХХК-ийн хооронд 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр төлбөр нэхэмжлэх эрх шилжүүлэх гэрээ байгуулагджээ.
Дээрх үйл баримтын талаар зохигч талууд маргаагүй.
4.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ даатгуулагч "*******ХХК-тай байгуулсан түрээсийн гэрээнд заасны дагуу хариуцагч нь түрээсийн байрны дээврийн хэвийн ажиллагааг болон түрээслэгчийн хэвийн ажиллах нөхцөлийг хангах үүргээ биелүүлээгүй, түрээсийн талбайн дээврээс ус алдсанаас үүдэн бараа бүтээгдэхүүн норсон тохиолдолд хохирлыг барагдуулах үүрэгтэй гэж тодорхойлсон.
Хариуцагч нь хүчтэй аадар бороо, мөндөр орсны улмаас агуулахад ус нэвтэрсэн нь манай компанийн буруутай үйл ажиллагаа биш, нэхэмжлэгч нь даатгуулагчдаа байгалийн эрсдэл үүссэн үндэслэлээр нөхөн төлбөрийг олгосон атлаа манай компанийн буруутай үйл ажиллагаанаас хохирол учирсан гэж шаардлага гаргах нь үндэслэлгүй, дээврийн бүрэн бүтэн байдал алдагдсан гэх нотлох баримтгүй гэж маргасан байна.
4.1.Даатгуулагчийн түрээсэлсэн агуулахад 2023 оны 08 дугаар сарын 20-ны өдөр аадар бороо, мөндрийн улмаас ус гоожсон нөхцөл байдалд түрээслүүлэгч болох хариуцагч компани буруутай эсэхэд талууд маргасан байх ба анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд агуулахын дээврийн бүрэн бүтэн байдал, барилгын хийц, ашиглалтын хэвийн үйл ажиллагааг хангаагүйгээс шалтгаалсан нь нотлогдоогүй гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамд нийцжээ.
Тодруулбал, нэхэмжлэгч нь өөрийн ажилтан *******, *******, мөн даатгуулагч компанийн захирал ******* нараас гэрчийн мэдүүлэг авахуулсан, гэрчүүд дээврээс ус гоожсон, хана дагаад ус урссан байсан, гэрэлтүүлгээс ус гоожсон талаар мэдүүлсэн, гэрч *******ын гар утсан дахь бичлэгт шүүхийн журмаар үзлэг хийлгэсэн, түүнчлэн Худалдаа, аж үйлдвэрийн танхимын эксперт *******ээр дүгнэлт гаргуулсан байх боловч эдгээр баримтаар аадар бороо, мөндрийн улмаас агуулахад ус гоожсон нь хариуцагч компанийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалсан гэж эргэлзээгүй байдлаар дүгнэх боломжгүй. Өөрөөр хэлбэл тухайн барилга нь барилгын норм, нормативын баримт бичгийн шаардлагыг хангасан эсэх асуудлаар эрх бүхий байгууллага, албан тушаалтны дүгнэлт гараагүй байна. Худалдаа, аж үйлдвэрийн танхимын эксперт ******* нь энэ асуудлаар дүгнэлт гаргах эрх бүхий этгээдэд хамаарахгүй байх ба түүний мэдүүлгийг шүүх хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үндэслэл бүхий дүгнэсэн байна.
4.2.Нэхэмжлэгч нь уг нөхцөл байдлыг даатгалын гэрээнд заасан байгалийн эрсдэл-д хамааруулж үзсэн байх ба даатгалын гэрээнийн 8.1 дэх хэсэгт зааснаар даатгалын тохиолдол үүссэн шалтгааныг тогтооход оролцох үүргээ зохих ёсоор хэрэгжүүлсэн эсэх, мөн даатгалын тохиолдол бий болоход хүргэсэн шалтгааныг тогтоох, баримтжуулах талаар даатгуулагчид зөвлөгөө өгөх үүргээ хэрхэн хэрэгжүүлсэн нь тодорхойгүй байна.
5.Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7 дахь хэсэгт Даатгуулагч учирсан гэм хорыг нөхөн төлөх шаардлагыг гуравдагч этгээдэд гаргаж болох тохиолдолд даатгагч уг гэм хорыг даатгуулагчид нөхөн төлснөөр шаардах эрх даатгагчид шилжинэ гэж заасан боловч хэргийн баримтаар даатгуулагч *******" ХХК-ийн бараа бүтээгдэхүүн норж хохирол учирсан нь ******* ХХК-ийн буруутай үйлдэл, эс үйлдэхүйтэй холбоотой болох нь тогтоогдоогүй.
Иймээс нэхэмжлэгч *******ХК нь даатгалын нөхөн төлбөрт даатгуулагчид төлсөн 79,905,878 төгрөгийг Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7 дахь хэсэгт зааснаар хариуцагч ******* ХХК-аас шаардах эрхгүй байна.
Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 191/ШШ2025/05227 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******ХК-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 557,480 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ
ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ
Д.ЗОЛЗАЯА