Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 32

 

                       

 

 

 

 

 

 

 

Б.Идэрсүрэн, Н.Алтансүх нарт холбогдох

        эрүүгийн хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Энхмаа даргалж, шүүгч Г.Тэгшсуурь, Ерөнхий шүүгч Г.Болормаа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор                                                      Х.Оюунцэцэг

Шүүгдэгчийн өмгөөлөгч                            Ц.Раашзэвэг

Нарийн бичгийн дарга                             О.Нямдорж нарыг оролцуулан Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 135 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгч Б.Идэрсүрэн, түүний өмгөөлөгч Ц.Раашзэвэг нарын давж заалдах гомдлоор Б.Идэрсүрэн, Н.Алтансүх нарт холбогдох эрүүгийн 2016 1900 0778 дугаартай 2 хавтас 291 хуудас хэргийг 2017 оны 05 дугаар сарын 22-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Г.Болормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.   

Монгол улсын иргэн 1989 оны 03 сарын 01-ний өдөр Төв аймгийн Алтанбулаг суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Төв аймгийн Алтанбулаг сумын 2-р баг, Аргал гэх газар оршин суух, урьд 3 удаагийн ял шийтгэлтэй, 2012 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Төв аймгийн Сум дундын 1-р шүүхийн 48 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, 2013 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Төв аймгийн Сум дундын 1-р шүүхийн 24 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан, 2013 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Төв аймгийн Сум дундын шүүхийн 74 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж, өмнөх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 5 сар 29 хоногийн хорих ялыг бүгдийг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх 2 жил 11 сар 29 хоногийн хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 11 сарын 06-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай хуулиар эдлээгүй үлдсэн 3 сар 24 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлж суллагдсан, хэрэг хариуцах чадвартай, Бугалга овогт Баянзулын Идэрсүрэн, /РД:НА89030171/

Монгол улсын иргэн 1989 оны 11 сарын 28-ны өдөр Увс аймгийн Хяргас суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, Улаанбаатар хотод засварын газарт ажилладаг, ам бүл 10, ээж 8 дүүгийн хамт Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, чингисийн өргөн чөлөө гудамж 073-25 байр 02 тоотод оршин суух амьдардаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 2006 оны 05 сарын 30-ны өдөр Хан-Уул дүүргийн шүүхийн 113 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 150 цаг албадан ажил хийлгэх ял шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, Савар овогт Наранцэцэгийн Алтансүх, /РД:ОР89112819/

Яллагдагч Б.Идэрсүрэн нь ялтай байх хугацаандаа, яллагдагч Н.Алтансүхтэй бүлэглэн Төв аймгийн Алтанбулаг сумын 2 дугаар багийн нутаг "Улаан хужирын булан" гэх газраас 2016 оны 10 дугаар сарын 07-ны шөнө 22 цагийн орчим иргэн Д.Мягмаржавын гэрийн гадна морины уян дээр байсан чойндон тамгатай, зөв талын хойд хөл нь мөчигхөн бэлэвсэн хээр зүсмийн, монхор хамартай, гурван хөл бэлэвсэн хээр зүсмийн 2 тооны морьдыг хулгайлж, мөн өдрийн 23 цагийн орчим Д.Мягмаржавын гэрээс 5-6 км зайтай нутаглаж байсан иргэн Б.Адъяасүрэнгийн гэрийн гаднаас аргамжаатай байсан ширээтэй зуузай тамгатай, зээрд зүсмийн морь, монгол эмээл зэргийг давтан удаагийн үйлдлээр хулгайлж, бусдад 3.200.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан, дээрх хулгайн гэмт хэрэгт шалгагдан Төв аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албаны харъяа Цагдан хорих байранд сэжигтнээр цагдан хоригдож байхдаа 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр мөрдөн байцаагч, цагдаагийн дэслэгч Л.Тэмжүүжинг албан үүргээ гүйцэтгэж байхад нь буюу яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тогтоол танилцуулах үед "батлан даалтанд гаргахгүй, үргэлжлүүлэн хорьлоо" гэх шалтгаанаар хүч хэрэглэж, эсэргүүцэн зодож, бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан

- Яллагдагч Н.Алтансүх нь яллагдагч Б.Идэрсүрэнтэй бүлэглэн Төв аймгийн Алтанбулаг сумын 2 дугаар багийн нутаг "Улаан хужирын булан" гэх газраас 2016 оны 10 дугаар сарын 07-ны шөнө 22 цагийн орчим иргэн Д.Мягмаржавын гэрийн гадна морины уян дээр байсан чойндон тамгатай, зөв талын хойд хөл нь мөчигхөн бэлэвсэн хээр зүсмийн, монхор хамартай, гурван хөл бэлэвсэн хээр зүсмийн 2 тооны морьдыг хулгайлж, мөн өдрийн 23 цагийн орчим Д.Мягмаржавын гэрээс 5-6 км зайтай нутаглаж байсан иргэн Б.Адъяасүрэнгийн гэрийн гаднаас аргамжаатай байсан ширэй зуузай тамгатай, зээрд зүсмийн морь, монгол эмээл зэргийг давтан удаагийн үйлдлээр хулгайлж, бусдад 3.200.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 135 дугаар шийтгэх тогтоолоор: Шүүгдэгч Бугалга овогт Баянзулын Идэрсүрэнг ялтай байхдаа, давтан үйлдлээр, бүлэглэн бусдын эд хөрөнгийг хулгайлж, бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг, төрийн албан хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж байхад нь төрийн албан хаагчийн биемахбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэргийг, Шүүгдэгч Савар овогт Наранцэцэгийн Алтансүхийг давтан үйлдлээр, бүлэглэн бусдын эд хөрөнгийг хулгайлж, бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Идэрсүрэнгийн эд хөрөнгийг хураахгүйгээр 2 /хоёр/ жил 10 /арав/ хоногийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар

зүйлийн 230.2 дахь хэсэгт зааснаар 1 /нэг/ жил, 3 /гурав/ сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Алтансүхийн эд хөрөнгийг хураахгүйгээр 2 /хоёр/ жил 10 /арав/ хоногийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар ялтан Б.Идэрсүрэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жил 10 /арав/ хоногийн хугацаагаар хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жил, 3 /гурав/ сарын хугацаагаар хорих ялыг багтааж, ялтан Б.Идэрсүрэнгийн биечлэн эдлэх ялыг 2 /хоёр/ жил 10 /арав/ хоногийн хугацаагаар тогтоож,

Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар ялтан Б.Идэрсүрэнд оногдуулсан 2 /хоёр/ жил 10 /арав/ хоногийн хугацаагаар хорих ялыг, ялтан Н.Алтансүхэд оногдуулсан 2 /хоёр/ жил 10 /арав/ хоногийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлж,

Монгол улсын Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар ялтан Н.Алтансүхэд оногдуулсан 2 /хоёр/ жил 10 /арав/ хоногийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ 3 /гурав/ сарын хугацаагаар хянан харгалзаж,

Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4 дэх хэсэгт зааснаар ялтан Н.Алтансүхэд тэнсэнгийн хугацаанд хяналт тавьж ажиллахыг Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст даалгаж,

Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.5 дахь хэсэгт зааснаар ялтан Н.Алтансүх нь тэнсэгдсэн хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх болохыг мэдэгдэж,

Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1,59.2 дахь хэсэгт зааснаар ялтан Б.Идэрсүрэнгийн цагдан хоригдсон 149 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, ял эдлэх хугацааг 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн тоолж,

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3, 88.1.7 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цагдан хорих байрны 01 тоот байцаалтын өрөөний 2016 оны 12 сарын 12-ны өдрийн бичлэг бүхий сиди 1 ширхэгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, шүүгдэгч Б.Идэрсүрэнгийн дохож явсан ногоон оломцогтой эмээл, улаан эмжээртэй 2 ширхэг тохом, 2 ширхэг хазаар, 1 ширхэг ногт зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц ялтан Б.Идэрсүрэнд буцаан олгохыг шүүгчийн туслах Г.Сугармаад даалгаж,

Ялтан Н.Алтансүх, Б.Идэрсүрэн нар нь бусдад төлөх төлбөргүй, ялтан Н.Алтансүх нь 3 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдаж,

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр эүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Мөрдөн байцаагчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн таван ханатай монгол гэр, 2017 оны 01 сарын 03-ны өдрийн Мөрдөн байцаагчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн Н.Алтансүхийн эзэмшлийн 32 инчийн самсунг маркийн телевизор, маураг маркийн хөлдөөгч, Хайер маркийн угаалгын машин зэргийн битүүмжлэлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус хүчингүй болгож,

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Идэрсүрэнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Н.Алтансүхэд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Идэрсүрэнгийн өмгөөлөгч Ц.Раашзэвэг давж заалдах гомдолдоо: Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Идэрсүрэнг ялтай байхдаа гэмт хэрэг үйлдсэн, мөрдөн байцаагчийн эрх чөлөөнд халдсан гэж хорих ял ногдуулж, биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Үүнд:

  1. Б.Идэрсүрэнгийн 2013 оны 07 дугаар сарын 31-ны өдрөөс өмнөх 2 ял нь 2015 оны Өршөөлийн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсгээр ялтай байдал нь арилжээ.
  2.  Б.Идэрсүрэн нь Мягмаржав, Адъяасүрэн нарын гурван тооны морийг хулгайлахдаа хэн алинаас нь авлагатай, тэд өр авлагаа төлдөггүй тул зориуд тэр гурван морийг эзэнд нь мэдэгдэхгүйгээр авсан гэдгээ шүүх хуралдаан дээр хангалттай мэдүүлсэн бөгөөд мөрдөн байцаагч Тэмүүжин ам хэлээр доромжилж, насаар чинь хорино гэж дайрч давшлахад нь уурлаж, түүний эрх чөлөөнд халдсанаа хүлээн мэдүүлдэг юм.
  3. Идэрсүрэн хохирогч Мягмаржав, Адъяасүрэн, иргэний нэхэмжлэгч Н.Энхбаяр,  М.Анхбаяр нарын хохирлыг сайн дураараа бүрэн арилгасан, ямар нэгэн өр төлбөр байхгүй.
  4. Идэрсүрэн нь үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, шүүх хөнгөн ял ноогдуулж өгөхийг гуйсан.
  5. Идэрсүрэнгийн шийтгэгдэж байгаа Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2, мөн хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дах хэсгүүдийн аль аль нь 3 сараас 6 сар хүртэл хугацаагаар баривчлах ялтай тул Идэрсүрэнгийн дээрх байдлуудыг харгалзан үзэж, шүүх заавал хорих ял ноогдуулахгүйгээр хорихоос өөр төрлийн тухайлбал баривчлах буюу албадан ажил хийлгэх ялаар шийтгэх боломжтой гэж үзэж байна. 

Цагдаагийн ажилтан Тэмүүжин 2016 онд хууль сахиулахын их сургуулийг төгссөн, мөрдөн байцаалтын болон ажлын туршлагагүй, сургууль дөнгөж төгсөөд шууд мөрдөн байцаагчаар томилогдсон нь ойлгомжгүй бөгөөд камерт дүрс нь гарснаас биш ямар нэг дуу авиа байхгүй, энэ хоёрын дунд чухам ямар үг яриа гарсан нь тодорхойгүй, Идэрсүрэн нь биеэ барьж чадахгүй хүчтэй уурласан зэргээс үзвэл Тэмүүжингийн үг яриа, зан төрх нөлөөлсөн байж болохоор байгаа билээ. Иймд Идэрсүрэн нь үйлдсэн хэрэгтээ гэмшиж, сайн дураараа төлж барагдуулсан ба, шүүх хурал дээр Тэмүүжингээс уучлалт хүссэн, энэ хэргүүдэд удаан хугацаагаар цагдан хоригдсон, ар гэрийн байдал хүнд, амьдралын түвшин доогуур зэрэг байдлуудыг харгалзан үзэж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт өөрчлөлт оруулж, хорихоос өөр төрлийн хөнгөн ял болох баривчлах ялаар шийтгэж өгөхийг хүсч байна” гэжээ.

Шүүх хуралдаанд оролцсон прокуророос: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан гэж үзэж байгаа тул хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Идэрсүрэнг ялтай байхдаа, давтан үйлдлээр, бүлэглэн бусдын эд хөрөнгийг хулгайлж, бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг, төрийн албан хаагчийг албан үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцэж, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг, 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт зааснаар,

Шүүгдэгч Н.Алтансүхийг давтан үйлдлээр, бүлэглэн бусдын эд хөрөнгийг хулгайлж, бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар хуульд заасан ял шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй, шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан байна.

Шүүгдэгч Б.Идэрсүрэн /ялтай байх хугацаандаа/ Н.Алтансүх нар бүлэглэн, давтан үйлдлээр

2016 оны 10 дугаар сарын 07-ны шөнө 22 цагийн орчимд Төв аймгийн Алтанбулаг сумын 2 дугаар багийн нутаг “Улаан хужирын булан” гэх газраас иргэн Д.Мягмаржавын хээр зүсмийн 2 тооны морьдыг хулгайлж, 2 000 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,

мөн өдрийн 23 цагийн орчим иргэн Б.Адъяасүрэнгийн гэрийн гаднаас зээрд зүсмийн морь, монгол эмээлийг хулгайлж, 1 200 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,

шүүгдэгч Б.Идэрсүрэн нь дээрх гэмт хэрэгт шалгагдан сэжигтнээр цагдан хоригдож байхдаа 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр мөрдөн байцаагч, цагдаагийн дэслэгч Л.Тэмүүжинг албан үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцэж, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-21-24/, эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-25-26/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-29-32/, эд хөрөнгө битүүмжилсэн, эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-35-37, 41,45-47/, эд зүйлийн үнэлгээ /хх-88, 100/, Шүүх шинжилгээний албаны №07 дугаарт шинжээчийн дүгнэлт /хх-108/, шүүгдэгч Б.Идэрсүрэн, Н.Алтансүх нарын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд, хохирогч, гэрч нарын мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байх ба дээрх нотлох баримтууд нь мөрдөн байцаалтын шатанд хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан, тухайн хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримт мөн бөгөөд анхан шатны шүүхийн хэргийн үйл баримтын талаарх хууль зүйн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн, хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс оногдуулсан ял шийтгэл нь хэргийн нөхцөл байдал, шүүгдэгч нарын гэм бурууд тохирсон байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Шүүгдэгч Б.Идэрсүрэнгийн өмгөөлөгч Ц.Раашзэвэгийн “шүүгдэгч Б.Идэрсүрэн нь хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын хохирлыг сайн дураараа бүрэн арилгасан, ямар нэгэн өр төлбөргүй, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа тул хорих ялыг баривчлах ялаар сольж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

 Учир нь: анхан шатны шүүх шүүгдэгч Б.Идэрсүрэнд ял шийтгэл оногдуулахдаа хохирлоо сайн дураараа нөхөн төлснийг ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, ялтай байхдаа, бүлэглэн, давтан үйлдлээр гэмт хэрэг үйлдснийг ял шийтгэлийг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, шүүгдэгч өмнө нь энэ төрлийн гэмт хэргийг удаа дараа үйлдэж байсан, хулгайн гэмт хэрэг үйлдэж уг гэмт хэрэгт шалгагдаж байхдаа дахин гэмт хэрэг үйлдсэн зэрэг хэрэгтний хувийн байдлыг харгалзан эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр хорих ял оногдуулан биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 54 дүгээр зүйлийн 54.2 дах хэсэгт заасан “шүүх ял оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршгийн шинж чанар, хохирлын хэр хэмжээ, хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэсэн ял оногдуулах нийтлэг зарчимд нийцсэн байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

            Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1, 325 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 135 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.
  2. Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Раашзэвэгийн “шүүгдэгч Б.Идэрсүрэнд оногдуулсан хорих ялыг баривчлах ялаар сольж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах” тухай давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
  3. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж  үзвэл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

              

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Т.ЭНХМАА

       ШҮҮГЧИД                                  Г.ТЭГШСУУРЬ

                                                                        Г.БОЛОРМАА