Улсын дээд шүүхийн Тогтоол

2024 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 2024/ХШТ/27

 

   2024        03          06                                       2024/ХШТ/27

 

 

П.О-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, Б.Батцэрэн, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, шүүгдэгч П.О, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 234 дүгээр шийтгэх тогтоол, Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 05 дугаар магадлалтай, П.О-т холбогдох 2326002110227 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн гаргасан гомдол болон прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1972 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн, эмэгтэй, 2023 оны 04 дүгээр сарын 06-нд Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлсэн, ... овогт ...-н О нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх прокуророос П.О-т Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг өөрчилж, шүүгдэгч П.О-ийг гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшил, өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.О-ийг 02 сар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, тухайн хугацаанд ... аймгийн ... сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглож, хохирогч Д.Г-гийн 2,300,000 төгрөгийн хохирол нөхөн төлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

Өвөрхангай аймгийн эрүү, иргэний давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн гомдол болон прокурорын эсэргүүцлийг тус тус хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

Шүүгдэгч П.О хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо “... Би 2023 оны 06 дугаар сард ... аймгийн ... худалдааны төвөөс Хаан банкны виза карт олоод ... төвийн АТМ машинд 4 тэг /0000/ хийтэл карт нь уншигдаад 2,300,000 төгрөг байхаар нь өөрийн данс руугаа шилжүүлээд авч хэрэглэсэн нь миний буруу болж, шүүх рүү шилжсэн юм. Би шүүх хурлаас өмнө хохирогч ... гэдэг хүнд 2,300,000 төгрөг, картын 10,000 төгрөгүүдийг шилжүүлж хохиролгүй болгосон. Тэгтэл шүүхээс надад 2 сар зорчих эрхийг хязгаарлах ял өгөхөөр нь би давж заалдах шатны шүүхэд өргөдөл гаргаж, торгох ял болгож өгөөч гээд санал гаргатал 2 сарын зорчих эрхийг хязгаарлах ялыг минь хэвээр үлдээчихлээ. Тиймээс би өрх толгойлсон, даралт ихтэй, байнга толгой өвддөг, эмчилгээнд аймаг, хот явах шаардлагатай болдог. Мөн өндөр настан 89 настай аавтайгаа амьдардаг. Аавыгаа эмчлүүлэх гээд аймаг, хот явах шаардлагатай байдаг тул 2 сарын зорчих эрхийг хязгаарлах ялыг торгох ялаар сольж өгөхийг хүсье. Би алдаагаа ухаарч ахиж хэзээ ч ийм хэрэг хийхгүй гэдгээ амлаж байна. Би торгох ялыг хугацаанд нь төлж барагдуулж чадна” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд Өвөрхангай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Нэргүй бичсэн эсэргүүцэлдээ “... Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хэргийг хянан хэлэлцээд 234 дугаартай шийтгэх тогтоолоор “... 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдөр ... аймгийн ... сумын ... дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...” худалдааны төвийн лангуун дээр байсан гээгдэл эд зүйл болох Д.Г-гийн эзэмшлийн картыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж авч, тус сумын ... дугаар багт “...” худалдааны төвд байрлах Хаан банкны бэлэн мөнгөний машинд уг картыг уншуулж, 2,300,000 төгрөгийг өөрийн Хаан банкны харилцах 5547078627 тоот дугаарын дансанд шилжүүлэн авсан болох нь тогтоогдож байна” гэж дүгнэн, шүүгдэгч П.О-ийг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, улсын яллагч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай дүгнэлтүүд үндэслэлгүй гэж үзэж зүйлчлэлийг өөрчлөн хөнгөрүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэлт хийж шийдвэрлэсэн.

Мөн Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх нь прокурорын эсэргүүцлээр хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцээд 05 дугаартай магадлалаар 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 17 цаг 10 минутаас 17 цаг 14 минутын хооронд ... аймгийн ... сумын ... дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...” худалдааны төвийн хүнсний дэлгүүрт ордог хаалганы дэргэдэх гоо сайхны барааны ногоон өнгийн лангуун дээр байсан гээгдэл эд зүйл болох Д.Г-гийн эзэмшлийн Хаан банкны картыг бусдын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж авч, 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 17 цаг 23 минутад ... аймгийн ... сумын ... багийн Төв барааны захад үйл ажиллагаа явуулдаг “...” худалдааны төвд байрлах Хаан банкны бэлэн мөнгөний машинд тус картыг уншуулан 2,300,000 төгрөгийг өөрийн Хаан банканд эзэмшдэг 5547078627 тоог дансанд шилжүүлэн авсан үйл баримт тогтоогдож байна, бусдын эд хөрөнгө хулгайлах, гээгдэл эд хөрөнгө завших зүйл ангиуд нь бусдын эд хөрөнгийг өөртөө бүрмөсөн, үнэ төлбөргүй авч, өөрийн өмчийн адил захиран зарцуулсан шууд санаатай үйлдэл байдгаараа ижил төстэй боловч, бусдын эд хөрөнгийг олж авч байгаа хэлбэр, шунахай сэдэлт, санаа зорилго, хэзээ үүсэж байгаа цаг хугацаагаараа ялгаатай гэж үзэж иргэн Д.Г-гийн Хаан банкны картыг олж авахын тулд идэвхтэй үйлдэл хийгээгүй, ... Хаан банкны картыг олж авсны дараа эд хөрөнгийг өмчлөгч эзэмшигч нь хэн болох нь мэдэгдэхгүй байгааг нь далимдуулан бусдын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж тухайн эд хөрөнгийг завших гэсэн шунахай сэдэлт төрж, өөртөө бүрмөсөн, үнэ төлбөргүй авч өөрийн өмчийн адил нууц үгийг ашиглан Хаан банкны картад байсан 2,300,000 төгрөгийг хувийн хэрэгцээндээ захиран зарцуулж шамшигдуулсан шууд санаатай үйлдэл нь гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэргийн шинжийг бүрдүүлж байна гэж дүгнэж, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 234 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 05 дугаартай магадлалыг хүлээн авч танилцаад анхан болон давж заалдах шатны шүүх нь Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, мөн Эрүүгийн хуулийг өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч байна. Учир нь шүүгдэгч П.О нь 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдөр ... аймгийн ... сумын ... дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...” худалдааны төвийн орчмоос хохирогч Д.Г-гийн эзэмшлийн Хаан банкны картыг олж авч, улмаар түүний 5555114141 тоот дугаарын данснаас өөрийн 5547078627 тоот дугаарын данс руу 2,300,000 /хоёр сая гурван зуун мянга/-н төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь хэрэгт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсоныг шүүгдэгч, түүний өмгөөлөгч хүлээн зөвшөөрсөн бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолд дээрх үйл баримтыг үгүйсгэсэн талаар дүгнэлт хийгээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасныг зөрчсөн гэж үзэхээр байна.

 Бусдын эд хөрөнгө гэж гэмт этгээд эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхгүй, бусад эзэмшил ашиглалтад байгаа эд хөрөнгө хамаарахаар, Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг гэж бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар, шунахай зорилгоор, нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бус аргаар, үнэ төлбөргүйгээр эзэмшилдээ авч, өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломж бүрдүүлснийг ойлгохоор хуульчилсан. Түүнчлэн “Хулгайн гүйлгээ” гэж бусдын дансанд байгаа мөнгөн хөрөнгийг эзэмших, захиран зарцуулах эрхгүй этгээд санаатайгаар, нууцаар өөрийн эзэмшилд оруулах үйлдлийг хэлдэг.

Шүүгдэгч П.О нь шунахайн сэдлээр Д.Г-гийн Хаан банкны харилцах 5555114141 тоот дугаарын данстай виза картыг ашиглан цахим тооцооллын суурь боломжид тулгуурлан боловсруулсан автомат системд идэвхтэй үйлдлээр хандалт хийж улмаар өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр Д.Г-гийн эзэмшлийн картад байх 2,300,000 төгрөг болох мөнгөн хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар өөрийн Хаан банкин дахь харилцах 5547078627 тоот дансанд шилжүүлэн авч өөртөө захиран зарцуулах боломж бүрдүүлсэн үйл баримт тогтоогдсон.

Гээгдэл эд хөрөнгө гэж аливаа этгээдийн санамсар болгоомжгүй үйлдлийн улмаас мартаж орхисон, хаягдаж, гээгдсэн эд зүйлийг хэлэх ба түүнийг олсон этгээд энэ тухайгаа зохих байгууллагад нь мэдэгдэх үүргийг хуулиар хүлээлгэсэн байхад шүүгдэгч П.О нь энэ үүргээ биелүүлэхгүйгээр өөрийн олсон картаас дур мэдэж, захиран зарцуулсан, ашигласан үйлдэл нь бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн шинжийг агуулж байна. Гээгдсэн эд зүйлийг олж авсан хүнд тухайн эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бий болдог бөгөөд “эд хөрөнгөө гээнэ” гэдэг нь тухайн эд хөрөнгийн эзэн өөрөө захиран зарцуулах боломжгүй болдог.

Энэ хэргийн тухайд хохирогч Д.Г Хаан банкны картаа хаяж гээснээс бус өөрийн эзэмшилд байсан мөнгийг гээсэн үйлдэл биш юм. Шүүгдэгч П.О хохирогч Д.Г-гийн гээсэн эд зүйл болох Хаан банкны картыг олж авч, уг картыг ашиглан хохирогчийн дансанд буюу өмчлөлд нь байсан мөнгөнөөс 2,300,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан болох нь хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн бичгийн нотлох баримтаар хөдөлбөргүй тогтоогддог. Шүүх дээрх гэмт хэрэг үйлдэгдсэн талаар дүгнэлт хийсэн боловч яагаад гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэрэг болох талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх” шаардлагыг хангаагүй гэж үзэхээр байна.

Иймд Өвөрхангай аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 234 дугаартай шийтгэх тогтоол, Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 05 дугаартай магадлалыг тус тус хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор О.Сарангэрэл хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна. Шүүгдэгч П.О нь ... худалдааны төвийн орчмоос хохирогч Д.Г-гийн эзэмшлийн Хаан банкны картыг олж авч, улмаар түүний данснаас өөрийн данс руу 2,300,000 төгрөгийг нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогджээ. Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг гэж бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар, шунахай зорилгоор, нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бус аргаар, үнэ төлбөргүйгээр эзэмшилдээ авч, өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломж бүрдүүлснийг ойлгохоор хуульчилсан. Шүүгдэгч П.О нь шунахайн сэдлээр хохирогч Д.Г-гийн Хаан банкны виза картыг АТМ-д хийж, өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр түүний картад байсан 2,300,000 төгрөгийг өөрийн дансанд шилжүүлэн авсан үйл баримт тогтоогдсон. Гээгдэл эд хөрөнгө гэж аливаа этгээдийн санамсар болгоомжгүй үйлдлийн улмаас мартаж орхисон, хаягдаж, гээгдсэн эд зүйлийг хэлэх ба түүнийг олсон этгээд энэ тухайгаа зохих байгууллагад нь мэдэгдэх үүргийг хуулиар хүлээлгэсэн байхад шүүгдэгч П.О нь энэ үүргээ биелүүлэхгүйгээр өөрийн олсон картаас дур мэдэж захиран зарцуулсан, ашигласан үйлдэл нь бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн шинжийг агуулсан байна. Өөрөөр хэлбэл, уг картыг ашиглан хохирогчийн дансанд байсан мөнгийг өөрийн дансанд шилжүүлэн авсан нь хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ. Иймд анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй” гэв.

                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

1.Шүүгдэгчийн гаргасан гомдол болон прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн П.О-т холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч П.О нь 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдөр ... аймгийн ... сумын ... дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...” худалдааны төв дотроос хохирогч Д.Г-гийн гээгдүүлсэн Хаан банкны цахим картыг олж, улмаар уг картыг АТМ-д уншуулан түүний 5555114114 тоот дугаарын данснаас өөрийн 5547078627 тоот дугаарын данс руу 2,300,000 төгрөгийг шилжүүлэн авсан болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

2.Харин шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хууль зүйн дүгнэлт хийхдээ П.О-ийг гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшил, өмчлөлд байгааг мэдсээр байж завших гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэн, хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж шийдвэрлэсэн нь хэргийн жинхэнэ байдалд нийцээгүй, энэ талаар прокурорын бичсэн эсэргүүцлийг бүхэлд нь хангах үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг тус тус хүчингүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

3.Шүүх хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг сэргээн тогтоохдоо хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянасны үндсэн дээр гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэрэг гарсан байдал, хэргийн зүйлчлэл, учирсан хохирлын хэмжээ, шинж чанарын талаар үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийх үүрэгтэй.

Эрүүгийн хуулийн 17 дугаар бүлэгт заасан өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргүүд нь бусдын эд хөрөнгийг шунахай сэдэлтээр, шууд санаатайгаар, хууль ёсны эзэмшигчид нь буцааж өгөхгүйгээр бүрмөсөн өөрийн, эсхүл хамаарал бүхий бусад этгээдийн эзэмшилд хууль бусаар шилжүүлэн авах гэсэн санаа зорилгоор үйлдэгдэхээс гадна тухайн эд хөрөнгөнөөс өөртөө, эсхүл өөрийн хамаарал бүхий этгээдэд эдийн ашигтай байдлыг бий болгож, хууль ёсны өмчлөгчид хохирол учруулсан байдаг онцлогтой.

Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлд заасан гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэргийн хувьд гэмт этгээд бусдын өмчийг өөрт олж авахын тулд урьдаас идэвхтэй үйлдэл хийгээгүй буюу хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдийн эзэмшилд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас шилжсэний дараа уг эд хөрөнгийг завших сэдэл төрж, хууль бусаар захиран зарцуулсан байдаг бол мөн хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан хулгайлах гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах байдлаар илэрнэ.

Тиймээс энэ төрлийн гэмт хэргийг “Бусдын эд хөрөнгийг хулгайлах” гэмт хэргийн шинжийг агуулсан гэж дүгнэн, Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн аль тохирох хэсгээр зүйлчлэн шийдвэрлэх нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд урьд нь нэгэнт тогтоосон хууль хэрэглээний жишиг ойлголт болно.

Учир нь хэргийн нөхцөл байдлаас үзэхэд шүүгдэгч П.О нь бусдын гээгдүүлсэн банкны цахим картыг олж авч, хууль ёсны эзэмшигчид нь буцааж өгөхгүйгээр өөртөө үлдээсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлд заасан бусдын гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тэрээр уг картыг АТМ машинд уншуулж, түлхүүр кодыг тайлан банкны харилцан дансанд хууль бусаар нэвтэрч, улмаар мөнгөн хөрөнгийг өөрийн үзэмжээр захиран зарцуулснаар тухайн үйлдэл нь бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн бүх шинжийг агуулсан буюу илүү хүнд гэмт хэрэг рүү шилжсэн гэж үзнэ.

4.Шүүх Эрүүгийн хэргийг буруу зүйлчилж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлд зааснаар Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн алдаанд хамаарах бөгөөд мөн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болно.

Иймд шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож, П.О-т холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

5.Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч П.О-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

Хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэнтэй холбогдуулан шүүгдэгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 234 дүгээр шийтгэх тогтоол, Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 05 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгосугай.

2.Хэргийг анхан шатны шүүхэд очтол П.О-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

               ДАРГАЛАГЧ                                    Б.ЦОГТ

                                     ШҮҮГЧИД                                        Б.АМАРБАЯСГАЛАН

                  С.БАТДЭЛГЭР

                   Б.БАТЦЭРЭН

                                                                                               С.СОЁМБО-ЭРДЭНЭ