| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхбатын Зоригтбаатар |
| Хэргийн индекс | 128/2019/0669/З |
| Дугаар | 221/МА2020/0309 |
| Огноо | 2020-05-06 |
| Маргааны төрөл | Төрийн алба, Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 05 сарын 06 өдөр
Дугаар 221/МА2020/0309
Г.С-ын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Ц.Цогт, Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.М, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, Т.Н нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 152 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчээс гаргасан давж заалдах гомдлоор Г.С-ын нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 152 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: “Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5, 5.84, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.3, 33 дугаар зүйлийн 33.1, 33.3, 43 дугаар зүйлийн 43.6, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.5-д заасныг тус тус баримтлан “Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн Б/155 тоот тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалинг олгуулж, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” шаардлага бүхий Г.С-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
2 дахь заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж тус тус шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч Г.С шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...Г.С миний бие Улсын бүртгэлийн ерөнхий газрын Говь-Алтай аймгийн Цээл сумын улсын бүртгэгчээр 2011 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс томилогдсон 8 дахь жилдээ ажиллаж байгаад 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн Б/155 дугаар тушаалаар гэнэт ажлаас минь үндэслэлгүй халсан. Миний бие улсад 11 жил, үүнээс энэ салбарт 8 жил ажиллахдаа ямар нэг зөрчил гаргаж байгаагүй.
Намайг ажлаас чөлөөлөх ямар нэгэн хуулийн үндэслэл байхгүй байхад ажлаас чөлөөлсөн нь төрийн албан хаагч миний хууль ёсны эрх зөрчсөн байхад шүүх хэргийн шийдвэрлэхдээ дээрх тушаал нь хуульд нийцсэн буюу Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д “Төрийн албаны нөөц бүрдүүлэх, төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулах зорилгоор төрийн албаны мэргэшлийн шалгалтыг авна”, 33.3-д “Ерөнхий шалгалтыг төрийн жинхэнэ алба хаах хүсэлтэй энэ хуулийн 22.1-д заасан шаардлагыг хангасан иргэнээс, тусгай шалгалтыг мөн хуулийн 27.1.1, 27.1.2-т заасан төрийн албан хаагчаас болон мөн хуулийн 27.1.3-т заасан нөөцөд байгаа иргэдээс тус тус авна”, 43 дугаар зүйлийн 43.6-д “Энэ хуульд заасан журмыг зөрчиж, төрийн албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэхийг хориглоно” гэсэн заалтуудаар дээрх ажлаас чөлөөлсөн тушаал нь хуульд нийцэж гарсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.
Өөрөөр хэлбэл төрийн албан хаагчийг Төрийн албаны тухай хуулийн 6 дугаар зүйл “Төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаалаас нь түр чөлөөлөх”, мөн хуулийн 47 дугаар зүйлд зааснаар “Төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаалаас нь халах” гэсэн үндэслэлээр л халах, чөлөөлөх эрхтэй байхад үндэслэлгүй буюу анх ажилд авахад сонгон шалгаруулах заалтыг баримталж байна гэж үзэж байна.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 152 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Г.С нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад холбогдуулан “Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн Б/155 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалинг олгуулж, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн Б/155 дугаар тушаалаар Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5, 8.4, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.3, 43 дугаар зүйлийн 43.6, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.5-д заасныг тус тус үндэслэн Говь-Алтай аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийн Цээл сумын улсын бүртгэгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.С-ыг ажлаас чөлөөлсөн байна.
Хавтас хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч Г.С-ыг Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2011 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 1000 дугаар тушаалаар Говь-Алтай аймгийн Цээл сумын улсын бүртгэгчээр томилж, Улсын бүртгэл, Статистикийн ерөнхий газрын даргын 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн Б/89 дүгээр тушаалаар үүрэгт ажлаас нь чөлөөлж, мөн өдрийн Б/90 дүгээр тушаалаар ажилд дахин томилж, 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Б/36 дугаар тушаалаар ажлаас нь чөлөөлж, мөн өдрийн Б/48 дугаар тушаалаар ажилд дахин томилж, мөн Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн Б/88 дугаар тушаалаар ажлаас чөлөөлж, мөн өдрийн Б/89 дүгээр дүгээр тушаалаар Говь-Алтай аймгийн Цээл сумын улсын бүртгэгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилжээ.
Төрийн албаны зөвлөлийн Говь-Алтай аймаг дахь салбар зөвлөлийн 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 73 дугаар албан бичгээр нэхэмжлэгч Г.С-ыг төрийн албаны шалгалтад тэнцээгүй бөгөөд төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөөгүй талаар Говь-Алтай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст мэдэгдсэн байна.
Уг албан бичигтэй холбоотойгоор нэхэмжлэгчээс Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Хүний нөөц, сургалтын хэлтэст ажиллаж байх хугацаанд “ажлын байр зарлагдаж байгаагүй, өөр ажлын байран дээр шалгалт өгөх гэхээр ажиллаж байгаа хүнийг шалгалтад оруулахгүй, зөвхөн өөрийн ажиллаж байгаа ажлын байран дээрээ шалгалт өгөх эрхтэй гэж Говь-Алтай аймгийн Төрийн албаны зөвлөлөөс бүртгэхээс 2-3 удаа татгалзаж байсан” талаар тайлбар гаргажээ.
Улмаар Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Тамгын газрын 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн №3 дугаар мэдэгдэх хуудсаар нэхэмжлэгч Г.С-д “төрийн албаны мэргэшлийн шалгалтыг 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн дотор өгч, тэнцсэн тухай шалгалтыг материалын тус газрын Хүний нөөц, сургалтын хэлтэст ирүүлэх, тогтоосон хугацаанд ирүүлээгүй тохиолдолд үүрэгт ажлаас бүр мөсөн чөлөөлөх” талаар мэдэгдсэн байна.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч Г.С нь дээр тогтоосон хугацаанд төрийн албаны мэргэшлийн шалгалт өгч тэнцээгүй болох нь тогтоогдож байна. Эдгээрээс үзэхэд хариуцагч нь Төрийн албаны тухай хуульд заасан төрийн албаны мэргэшлийн шалгалт өгч, төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөөгүй этгээдийг төрийн жинхэнэ албан хаагчийн албан тушаалд ажиллуулсан, улмаар төрийн албаны мэргэшлийн шалгалт өгч, үргэлжлүүлэн ажиллах боломжоор хангаж байсан байна.
Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д “Төрийн жинхэнэ албаны нөөц бүрдүүлэх, төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулах зорилгоор төрийн албаны мэргэшлийн шалгалтыг авна”, 33.3-д “Ерөнхий шалгалтыг төрийн жинхэнэ алба хаах хүсэлтэй, энэ хуулийн 22.1-д заасан шаардлагыг хангасан иргэнээс, тусгай шалгалт /тухайн албан тушаалын/-ыг мөн хуулийн 27.1.1, 27.1.2-т заасан төрийн албан хаагчаас болон мөн хуулийн 27.1.3-т заасан нөөцөд байгаа иргэдээс тус тус авна”, мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.6-д “Энэ хуульд заасан журмыг зөрчиж, төрийн албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэхийг хориглоно” гэж тус тус заасан.
Үүнээс үзэхэд нэхэмжлэгчийн давж заалдах гомдолдоо “...төрийн албан хаагчийг Төрийн албаны тухай хуулийн 6 дугаар зүйл “Төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаалаас нь түр чөлөөлөх”, мөн хуулийн 47 дугаар зүйлд зааснаар “Төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаалаас нь халах” гэсэн үндэслэлээр л халах, чөлөөлөх эрхтэй байхад үндэслэлгүй буюу анх ажилд авахад сонгон шалгаруулах заалтыг баримталж байна” гэж дурдсан нь үндэслэлгүй байна.
Өөрөөр хэлбэл, Төрийн албаны тухай хуульд заасны дагуу төрийн албаны мэргэшлийн шалгалт өгөөгүй тохиолдолд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхисон анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй болжээ.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон