Улсын дээд шүүхийн Тогтоол

2026 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 001/ХТ2026/0077

 

“Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Сангийн сайд, Санхүүгийн зохицуулах хороонд

тус тус холбогдох захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн захиргааны хэргийг давж заалдах журмаар хянан хэлэлцэх шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, шүүгч:          М.Батсуурь

Танхимын тэргүүн:      Д.Мөнхтуяа

Шүүгчид:                            Г.Банзрагч

                                               П.Соёл-Эрдэнэ

Илтгэгч шүүгч:              Д.Батбаатар

Нарийн бичгийн дарга: У.Оюунзаяа

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 221/ШШ2026/0013 дугаар шийдвэртэй хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлоор, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М-, Б.Д-, хариуцагч Сангийн сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г-, Ш.Х-, хариуцагч Санхүүгийн зохицуулах хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н-, Э.С- нарыг оролцуулан хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэлийн шаардлага: “Сангийн сайд, Санхүүгийн зохицуулах хорооны даргын хамтарсан 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 5/11 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан “Малын индексжүүлсэн даатгалын хамтын эрсдэлийн сангийн хөрөнгө, түүнийг санхүүжүүлэх, зарцуулах журам”-ын 6.3, 6.4 дэх хэсгийг хүчингүй болгуулах”.

2.Хэргийн нөхцөл байдал: Малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т олгосон эрх хэмжээний хүрээнд Сангийн сайд, Санхүүгийн зохицуулах хорооны даргын хамтарсан 2015 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 91/110 дугаар тушаалаар “Малын индексжүүлсэн даатгалын хамтын эрсдэлийн сангийн хөрөнгө, түүнийг санхүүжүүлэх, зарцуулах журам”-ыг анх баталж, 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 5/11 дүгээр тушаалаар шинэчлэн баталсан бөгөөд уг журам Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 4673 дугаарт бүртгэгдэж, хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. Нэхэмжлэгч журмын 6.3, 6.4 дэх хэсэгт заасан хамтын эрсдэлийн сангийн хуримтлал үүсгэх зохицуулалттай маргажээ.

3.Нэхэмжлэгчээс “... журмын 2.1 болон 6.3 дугаар зүйл өөр хоорондоо зөрчилдсөн нь Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.4-т заасныг зөрчсөн. Мөн журмын 6.3, 6.4 дүгээр зүйл нь Өрсөлдөөний тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.7-д заасныг зөрчиж, их орлоготой даатгалын компанид ашигтай, бага орлоготойг нь зах зээлээс шахан гаргахад чиглэсэн. Аливаа сан нь тухайн этгээдийн ашиг, орлоготой уялдаатай, орлогоос тооцсон хувиар эрх тэгш байдлаар төвлөрөх ёстой. Бид 2024 онд 120,939,198 төгрөгийн ажил хийж, үйлчилгээ үзүүлсэн боловч 96,751,358 (80%) төгрөгийг буцаан олгогдохгүй нөхцөлтэй санд үлдээсэн, харин бусад даатгалын компаниуд 1,676,300,935 төгрөгөөс 677,259,512 (дунджаар 40%) төгрөгийг санд хуримтлуулсан ...” гэж,

хариуцагч Сангийн сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас “... Журмын 2.1 дэх хэсэг нь хөрөнгийг санд хэрхэн бүрдүүлэхийг, 6.3 дахь хэсэг нь нөхөн төлбөр олгосны дараах үлдэгдэл хөрөнгийг хэрхэн хуваарилахыг зохицуулсан. Журмын 6.3 дахь заалтад заасны дагуу 80 хувьтай тэнцүү хэмжээний хөрөнгийг даатгагч тус бүр хуримтлалын дансанд үлдээдэг. Үлдээхдээ учирч болзошгүй хохирлын нөөц санд бүртгэгддэг. Даатгалын компанитай жил бүр алдагдал зогсоох давхар даатгалын гэрээ байгуулдаг. Анх санг бүрдүүлэх хөрөнгийн хэмжээг хүлээн зөвшөөрөөд гэрээгээ байгуулсан. Журмын 6.3-т заасан хөрөнгө нь даатгалын компанийн хөрөнгө хэвээр үлдэх бөгөөд энэ нь журмын 6.4, 6.5-д зохицуулагдсан, ердийн даатгалын нөөц сангийн хөрөнгийг Санхүүгийн зохицуулах хорооноос баталсан даатгалын багц дүрмийн дагуу хөрөнгийг зарцуулна. Хэрэв даатгалын компани тухайн борлуулалт хийхгүй тохиолдолд тухайн хөрөнгө нь даатгалын компанийн хөрөнгө болж компанидаа буцаж очих зохицуулалттай ...” гэж,

хариуцагч Санхүүгийн зохицуулах хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас “... Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд эрсдэлийг бага, дунд, дээд түвшинд ангилж, дунд түвшний эрсдэлийг даатгагч нар хамтын эрсдэлийн санд оруулсан хөрөнгөөр хариуцахаар заасан. Журамд тусгагдсан гол зохицуулалт нь нөөц сан байгуулах буюу 6.3 дахь хэсэг бөгөөд оролцогч даатгагчид бүгд ижил дүнгээр санд хуримтлал үүсгэдэг, журмын 4.2-т зааснаар шинээр нэгдэн орох даатгагч өмнөх тайлант жилийн эцэст даатгагч бүрийн хуримтлалд үлдээсэн хөрөнгөтэй тэнцүү хэмжээний хөрөнгийг санд төвлөрүүлдэг. Уг зохицуулалт хэрэгжиж эхэлснээс хойш 11 жилийн хугацаанд гомдол, маргаан гараагүй, Монополын эсрэг газар нэхэмжлэгчийн гомдлыг хянан үзэж, журам хууль тогтоомж зөрчөөгүй гэж дүгнэсэн ...” гэж тус тус маргажээ.

4.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх журмыг батлахдаа нөлөөллийн шинжилгээ хийж, холбогдох байгууллага, оролцогчдоос санал авсан, Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д заасан хэм хэмжээний актад тавигдах шаардлагыг хангасан, нэхэмжлэгч 2015 онд батлагдсан журмын уг заалттай маргаж байгаагүй, малын индексжүүлсэн даатгалын үйл ажиллагаагаар бодитой орлого олж байгаа, хамтын эрсдэлийн сангийн хуримтлалд үлдээж буй хөрөнгө бүх даатгагчдад адил хуваарилагдсан гэх үндэслэлээр Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, Малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 26 дугаар зүйлийн 26.2-т заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.

5.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М- давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:

5.1.Журмын 6.3-т заасан шалгуур нь хамгийн бага хөрөнгө хуваарилагдсан даатгагчийн үзүүлэлтэд тулгуурласан тул мөнгөн дүн ижил боловч даатгагч бүрт харилцан адилгүй эдийн засгийн ачаалал үүсгэдэг. Шинэ даатгагч зах зээлд орохын тулд энэ хэмжээний хөрөнгийг буцаан олгогдохгүй нөхцөлтэйгээр урьдчилан төвлөрүүлэх шаардлагатай болж байгаа нь Өрсөлдөөний тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3-т заасан зах зээлд өрсөлдөгч шинээр нэвтрэхийг хязгаарласан шинжтэй.

5.2.Журам батлагдсан 2020 онд малын индексжүүлсэн даатгалын зах зээлд 10 даатгагч оролцож байснаас 2023 он гэхэд Н, М, Т даатгал гарсан, тэдгээр нь гарахынхаа өмнөх жилд хамгийн бага хөрөнгө хуваарилагдсан даатгагч байсан бөгөөд шинээр нэг ч даатгагч нэвтрээгүй. Эдгээр компанийг зөвхөн журмын улмаас зах зээлээс гарсан гэж үзэхгүй ч энэ нь зохицуулалт бага ашигтай даатгагчдыг зах зээлээс шахан гаргах, их ашигтай даатгагчдад давуу байдал олгох буюу Өрсөлдөөний тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3, 13.2.7-д харшлах үр дагавартайг харуулж байна.

5.3.Шүүх нэхэмжлэлийн агуулгыг буруу ойлгосон. Нэхэмжлэгч бүх даатгагч ижил дүн үлдээж байгаатай бус, уг дүн даатгагчийн ашиг, чадавхтай уялдаагүйгээс харилцан адилгүй дарамт үүсгэж байгаатай маргасан байхад шүүх тооцоо, нотлох баримтад үнэлэлт өгөлгүй, “бүх даатгагч адил хэмжээний хөрөнгө үлдээдэг” гэсэн хэлбэрийн үндэслэлээр дүгнэсэн.

5.4.Шүүх Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1-ийг буруу хэрэглэсэн, эрх зүйн байдлыг тухайн этгээд ашигтайгаар бус, бусад оролцогчтой харьцуулахад үүсэх ачааллаар үнэлэх ёстой. Түүнчлэн Өрсөлдөөний тухай хуулийн үндэслэлийг огт хэлэлцээгүй, журмын 2.1, 6.3 дахь хэсгийн зөрчилд дүгнэлт өгөөгүй, журмыг батлах ажиллагааг нэхэмжлэлийн үндэслэлтэй хольж дүгнэсэн.

5.5.Хамаарал бүхий, эсхүл тохиролцсон даатгагчдын нэг нь зориудаар бага ашигтай ажиллаж, бүх даатгагчийн хуримтлалын хэмжээг бууруулах боломжтой, үүнээс сэргийлэх зохицуулалт журамд байхгүй нь хамтын эрсдэлийн сангийн тогтвортой байдалд эрсдэл учруулж болзошгүй.

5.6.Иймд давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

6.Хариуцагч нараас нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд холбогдуулан бичгээр тайлбар гаргасан болно.

ХЯНАВАЛ:

7.Дараах үндэслэлээр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, маргаан бүхий журмын 6.3, 6.4 дэх хэсгийг хариуцагч нараас дахин шинэ акт гаргах хүртэл зургаан сарын хугацаагаар түдгэлзүүлж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.

8.Нэхэмжлэгчээс 2024 онд хуваарилагдсан 120,939,198 төгрөгийн 80 хувь болох 96,751,358 төгрөгийг хуримтлалд үлдээсэн, энэ дүн нь их хэмжээний хөрөнгө хуваарилагдсан даатгагчийн хувьд түүний хөрөнгийн 10 гаран хувьтай тэнцдэг, бол бусад даатгалын компаниуд 1,676,300,395 төгрөгийн олсон ашгаасаа 677,259,512 буюу дунджаар 40 хувьтай тэнцэх төгрөгийг санд хуримтлуулж байгаа нь аливаа татвар, хураамж, шимтгэл, сан нь тухайн этгээдийн ашиг орлоготой уялдаатай, орлогоосоо тооцсон хувиар бүгд тэгш байдлаар санг төвлөрүүлэхгүй өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж маргажээ.

9.Хариуцагчаас үл зөвшөөрч “хамтын эрсдэлийн санд төвлөрүүлэх хөрөнгийн хэмжээг Малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т заасны дагуу “... жил бүр” тогтоохын оронд журмаар зохицуулдаг, учирч болзошгүй хохирлын нөөц санд бүртгэсэн хөрөнгө нь даатгагчийн балансад бүртгэгдэж, “Үндэсний давхар даатгал” ХК-ийн дэргэдэх тусдаа дансанд байршдаг, дахин хуваарилагддаггүй, нөхөн төлбөрийг даатгагч бүрийн санд оруулсан хөрөнгийн хувиар хуваарилдаг” гэж тайлбарласан.

10.Малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “Малын индексжүүлсэн даатгалын сан дараах хоёр төрөлтэй байна” гээд 25.1.1-д “даатгагчдын Хамтын эрсдэлийн сан”, 26 дугаар зүйлийн 26.1-д “Хамтын эрсдэлийн сан нь давхар даатгалын компанийн дэргэд тусдаа бүртгэлтэй, бие даасан данстай байна”, 26.2.”Хамтын эрсдэлийн сангийн хөрөнгө, түүнийг санхүүжүүлэх, зарцуулах журмыг төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага болон Санхүүгийн зохицуулах хороо хамтран батална” гэж тус тус заасан.

11.Сангийн сайд, Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 5/11 дүгээр хамтарсан тушаалаар баталсан “Малын индексжүүлсэн даатгалын хамтын эрсдэлийн сангийн хөрөнгө, түүнийг санхүүжүүлэх, зарцуулах журам”-ын 6.3-т “Тайлант жилийн эцэст хамтын эрсдэлийн сангаас хамгийн бага хөрөнгийн үлдэгдэл хуваарилагдсан даатгагчид ногдох хөрөнгийн 80 (наян) хувьтай тэнцүү хэмжээний хөрөнгийг даатгагч бүр хамтын эрсдэлийн сангийн хуримтлалд үлдээх ба энэхүү хөрөнгийг даатгагчийн учирч болзошгүй хохирлын нөөц санд бүртгэнэ”, 6.4-т “Даатгагчдад хуваарилагдсан хөрөнгийн учирч болзошгүй хохирлын нөөц санд бүртгэгдсэн хөрөнгөөс бусад хэсэг нь даатгагчийн ашиг байна” гэж журамлажээ.

12.Даатгагчид ногдох хөрөнгийн 80 хувьтай тэнцүү хэмжээний хөрөнгийг хамтын эрсдлийн сангийн хуримтлалд үлдээж, даатгагчийн учирч болзошгүй хохирлын нөөц санд бүртгэх болсон үндэслэл буюу актуар тооцоололтой холбогдох тооцоо, судалгаа, холбогдох баримтуудыг хариуцагчаас хэрэгт гаргаж өгөөгүй бөгөөд журмын дээрх заалтууд хууль болоод журмынхаа бусад заалтуудтай хэрхэн уялдаж, нийцэж байгааг тодорхойлох боломжгүй байна.

13.Тухайлбал, даатгагчаас хамтын эрсдлийн санд үлдээх хуримтлалын хэмжээг даатгагчид ногдох хөрөнгөтэй уялдуулж тогтоосон нь жил бүр хамтын эрсдлийн санд төвлөрүүлэх хөрөнгийн хэмжээг тогтоож байх тухай Малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсгийн заалттай хэрхэн нийцэж байгаа, тийнхүү хэмжээг тогтоосон үндэслэл тодорхойгүй.

14.Үүнээс гадна тухайн журмаар малын индексжүүлсэн даатгалын гэрээний дагуу даатгуулагчаас төвлөрүүлсэн хураамжийн хэмжээнээс үл хамаарсан байдлаар буюу даатгагч бүрийн санд үлдээх хуримтлалын хэмжээг адил байхаар зохицуулсныг Малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн  11.1.2 дахь хэсгийн “... эрсдэлийг даатгагч хамтын эрсдэлийн санд оруулсан хөрөнгөөр хариуцах” тухай заалт болон уг Малын индексжүүлсэн даатгалын хамтын эрсдэлийн сангийн хөрөнгө, түүнийг санхүүжүүлэх, зарцуулах журмын 2.1 дэх хэсгийн “Хамтын эрсдэлийн санд оролцогч даатгагчдын хамтын эрсдэлийн санд төвлөрүүлэх хөрөнгийн хэмжээг даатгалын эрсдэлийн хураамжаас актуар тооцооллоор тооцож, жил бүр төвлөрүүлнэ” 2.2.4 дэх заалтын “хамтын эрсдэлийн санд төвлөрүүлсэн хөрөнгөд хувь тэнцүүлэн өгөөж хүртэх” гэсэн зарчимтай хэрхэн уялдуулж хэрэглэх нь ойлгомжгүй байна.

15.Даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирлыг нөхөн төлөх үүргийг хамтран хариуцах зорилгоор бүрдүүлдэг хамтын эрсдэлийн санд эрсдэлийн хураамжаас тооцож төвлөрүүлэх байдлаар оролцдог даатгагч түүнтэйгээ хувь тэнцүүлэн өгөөж хүртэж, ашиг нь хуваарилагддаг атлаа тухайн санд оруулсан хөрөнгө, хүлээж буй эрсдэлээс үл хамааран бусад даатгагч нартай адил дүнгээр хөрөнгө үлдээж, өөрөөр хэлбэл 2024 онд хамтын эрсдэлийн сангаас хуваарилагдсан хөрөнгийнхөө 80 буюу бусад адил төрлийн үйл ажиллагаа явуулдаг компаниудынхаас өндөр хувиар үлдээж байгаа тохиолдолд уг компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй гэж дүгнэх боломжгүй.

16.Мөн, урд 2015 онд батлагдсан журамд ижил агуулга бүхий зохицуулалт тусгагдаж удаан хугацаанд мөрдөгдсөн, нэхэмжлэгчээс түүнтэй маргаж байгаагүй нь шууд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болохгүй.

17.Давж заалдах шатны шүүхээс дээрх нөхцөл байдлыг дүгнэлгүйгээр “журмыг батлахдаа санал авах, нөлөөллийн шинжилгээ хийх ажиллагааг хийсэн, маргаан бүхий зохицуулалт 2015 оноос хойш мөрдөгдөж, нэхэмжлэгч маргаагүй, нэхэмжлэгч бодитой орлого олж байгаа, хуримтлалд үлдээх хөрөнгө бүх даатгагчид адил гэх үндэслэлээр журмыг Захиргааны ерөнхий хуульд заасан шаардлагыг хангасан” гэж дүгнэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь учир дутагдалтай болжээ.

18.Хамтын эрсдэлийн сангийн хуримтлалд үлдээж, учирч болзошгүй хохирлын нөөц санд бүртгэх хөрөнгийн хэмжээг тооцоолох, даатгагчдад хуваарилах асуудлыг тодорхойлох нь актуар болон бусад тооцоо, судалгаа, тайлан зэрэг баримтуудад үндэслэх бөгөөд шүүх үүнийг нөхөн гүйцэтгэх боломжгүй, хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай, энэ нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрчээ.

19.Нөгөө талаас журмын маргаан бүхий хэсгийг шууд хүчингүй болгосноор хамтын эрсдэлийн санд нөөц хуримтлуулах зохицуулалтгүй болж, гамшгийн үед даатгуулагч малчдад нөхөн төлбөр олгох чадамж буурах эрсдэлтэй.        

20.Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасны дагуу хариуцагч нараас дахин шинэ акт гаргах хүртэл маргаан бүхий журмын холбогдох хэсгийг зургаан сарын хугацаагаар түдгэлзүүлэх нь зүйтэй гэж үзэв.

21.Хариуцагч нар тухайн хэм хэмжээний актын холбогдох заалтыг дахин батлахдаа захиргааны хэм хэмжээний акттай холбоотой Захиргааны ерөнхий хуулийн заалтууд ялангуяа 69 дүгээр зүйлийн дагуу хийгдсэн хяналт-шинжилгээ, үнэлгээ, хэрэгжилтийн явц, үр дүнгийн тайлан зэргийг харгалзан мөн хуулийн 60, 61, 62 дугаар зүйлд заасан ажиллагааг бүрэн хэрэгжүүлж, өмнө дурдсан Малын индексжүүлсэн даатгалын тухай хууль болон “Малын индексжүүлсэн даатгалын хамтын эрсдэлийн сангийн хөрөнгө, түүнийг санхүүжүүлэх, зарцуулах журам”-ын бусад заалт, зарчимтай уялдуулах замаар дахин шинэ хэм хэмжээний акт гаргах шаардлагатайг анхааруулах нь зүйтэй.

22.Шүүхээс тогтоосон хугацаанд дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасны дагуу журмын маргаан бүхий 6.3, 6.4 дэх заалт хүчингүй болохыг дурдах нь зүйтэй.

23.Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 221/ШШ2026/0013 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “1.Малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 26 дугаар  зүйлийн 26.1, 26.3,  Захиргааны  ерөнхий  хуулийн 60  дугаар зүйлийн 60.1.1,

60.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасныг тус тус баримтлан Сангийн сайд, Санхүүгийн зохицуулах хорооны даргын хамтарсан 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 5/11 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан “Малын индексжүүлсэн даатгалын хамтын эрсдэлийн сангийн хөрөнгө, түүнийг санхүүжүүлэх, зарцуулах журам”-ын 6.3, 6.4 дэх хэсгийг хариуцагч нараас дахин шинэ акт гаргах хүртэл зургаан сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй. 2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасны дагуу шүүхээс тогтоосон зургаан сарын хугацаанд хариуцагч нар дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд “Малын индексжүүлсэн даатгалын хамтын эрсдэлийн сангийн хөрөнгө, түүнийг санхүүжүүлэх, зарцуулах журам”-ын 6.3, 6.4 дэх хэсэг хүчингүй болохыг дурдсугай.” гэж, 2 дахь заалтын дугаарыг “3” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангасугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         М.БАТСУУРЬ

                       ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                     Д.МӨНХТУЯА

                        ШҮҮГЧИД                                                            Г.БАНЗРАГЧ

                                                                                                         П.СОЁЛ-ЭРДЭНЭ

                                                                                                         Д.БАТБААТАР