Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 461

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Оюунгэрэл даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Орхонтамир, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, Д.Б-т нарыг оролцуулан М төвийн нэхэмжлэлтэй, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Сангийн яаманд тус тус холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: “...Хэрэг хянан шийдвэрлэх явцын дунд Засгийн газрын 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн “Төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагыг өөрчлөн байгуулан тухай” 131 дүгээр тогтоол гарчээ. Засгийн газрын 2010 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 15 дугаар тогтоолын 1 дүгээр зүйлийн а заалтаар Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийг МУИС-д нэгтгэсэн байсан ба 131 дүгээр тогтоолоор энэхүү заалт хүчингүй болсон байна. Иймээс Монгол Улсын Их Сургууль Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийн бүрэлдэхүүнд ирсэн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийг төлөөлөх эрхгүй болсон. Тогтоол гарсантай холбогдуулан МУИС нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон Сангийн яаманд холбогдуулан гаргасан нэхэмжлэлээ итгэмжлэлд заагдсан эрхийн хүрээнд шүүхэд гаргасан нэхэмжлэлээс татгалзаж байна” гэжээ.                                                           

ҮНДЭСЛЭХ нь:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.2-д “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзах..”, “Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх ...” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлт шүүхэд бичгээр гаргасан, итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт олгосон итгэмжлэлд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-т заасан төлөөлөгчийн бүхий л эрх үүргийг хэрэгжүүлнэ гэж заасан байх бөгөөд уг хэргийн улмаас хариуцагч, гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй гэж үзэж нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 109 дүгээр зүйлийн 109.1, 111.1, 111.2-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т заасныг баримтлан М төвийн нэхэмжлэлтэй, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Сангийн яаманд холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   О.ОЮУНГЭРЭЛ