Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 0250

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж

 

Улсын яллагч Л.О

Шүүгдэгч Б.А

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Т

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар

 

Орхон аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.А-д холбогдох эрүүгийн 1925003240255 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Б.А

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч Б.А нь 2019 оны 05 сарын 05-наас 06-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сум Яргуйт багийн Хөтөлийн 11-08 тоотод унтаж байхдаа 2019 оны 03 сарын 10-ны өдөр төрсөн охин Э.А-г хөхөөрөө дарж амьсгал бүтэлтэнд оруулж амь насыг нь болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэгт холбогджээ.  

 

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

-Шүүгдэгч Б.А-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2019 оны 05 сарын 06-нд охиноо өвөртлөөд унтсан. Шөнө 02 цаг өнгөрч байхад хүүхдээ хөхүүлсэн. Хэвтүүлж хөхүүлж байхдаа унтсан байсан. Өглөө 06 цаг өнгөрч байхад сэрсэн. Тэгээд хүүхэд сонин болсон байхаар нь эмнэлэг дуудсан. Тэр шөнө өөрийн эрхгүй нойр хүрсэн. Ер нь бол би их ядралттай байсан. Би 3 настай хүү, 56 хоногтой охиныхоо хамт орон дээр унтсан. Нөхөр газар унтсан. Талийгаач охин маань уушгиндаа хатгалгаатай гээд эмнэлэгт хэвтээд гарч ирсэн байсан. Би буруу зүйл хийсэн. Сэтгэлээс хэзээ ч гарахгүй гэсэн мэдүүлэг,

 

-Хохирогч Д.Б- н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: 2019 оны 05 сарын эхээр манай бага хүү Энхболд над руу залгаад манай бага охин Анар-Эрдэнэ өглөө нас барчихлаа гэж хэлж байсан. Тухайн үед би Улаанбаатар хотод байсан юм. Талийгаач Анар-Эрдэнэ нь анх төрөхдөө хатгаатай байна гээд эмнэлэгт 4-5 хоног хэвтээд эмнэлгээс гарч байсан юм. Тэгээд би Энхболд, Азжаргал нарыг хүүхдийнхээ хатгааг хүндүүрүүлээд ийм асуудалд хүргэсэн гэж бодож байсан юм. Харин 2019 оны 05 сарын 20-ны өдөр манай бэр Азжаргал нойрондоо хүүхдээ хөхөөрөө дарчихсан юм гэж хэлсэн. Тэгээд л би Азжаргалыг талийгаачийг орой хөхүүлчихээд унтахдаа хөхөөрөө дарчихсан юм байна гэж мэдсэн гэсэн мэдүүлэг /хх 8 ху/,

 

-Гэрч Б.Э-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...манай эхнэр 2 хүүхэдтэйгээ хамт орон дээр унтсан бөгөөд би газар ганцаараа унтсан юм. Манай эхнэр орон дээрээ унтахдаа том хүүгээ урдуураа, бага охиноо голдоо өөрөө захдаа унтсан байсан. Тэгээд үүрээр 06 цаг болж байхад эхнэр гэнэт орилоод охины царай хөхөрчихсөн байна ш дээ ...би дараад унтчихсан байна. Чи босоод ир гэхээр нь босоод очиход охины царай болон уруул хөхөрчихсөн байхаар нь би очоод охиныхоо цээжин дээр дарж хиймэл амьсгаа хийгээд амьсгалахгүй байхаар нь түргэнд дуудлага өгсөн бөгөөд түргэн тусламж 5 орчим минутын дараа ирээд охиныг үзээд нас барчихсан байна гэж хэлсэн гэсэн мэдүүлэг /хх 11 ху/

 

-Шинжээч Ж.Г-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Хүүхдийг хөхөөр дарах тохиолдолд ам, хамар дарагдах, цээж, хэвлий дарагдах зэргийн улмаас амьсгал бүтэлт үүсдэг гэсэн мэдүүлэг /хх 24-25 ху/

 

-Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 43 дугаартай дүгнэлтэнд:

1. 2. 3. талийгаачийн цогцсонд хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр гэмтэл тогтоогдсонгүй.

4. Архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

5. Талийгаач нь B /III/ бүлгийн цустай болно.

6. Талийгаачийн үхлийн шалтгаан нь ам хамар дарагдсанаас үүссэн механик амьсгал бүтэлт болно гэсэн дүгнэлт /хх 16-19 ху/,

 

            -Гэрэл зургийн үзүүлэлт /хх 5-6, 20-21 ху/

            -Б.А-ыг яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 27-29 ху/

            -Эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 33 ху/ зэрэг болно.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

            Шүүгдэгч Б.А нь 2019 оны 05 сарын 05-наас 06-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сум Яргуйт багийн Хөтөлийн 11-08 тоотод унтаж байхдаа 2019 оны 03 дугаар сарын 10-ны өдөр төрсөн охин Э.Анар-Эрдэнийг хөхөөрөө дарж амьсгал бүтэлтэнд оруулж амь насыг нь болгоомжгүйгээр хохироосон гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч Б.Аын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...Шөнө 02 цаг өнгөрч байхад хүүхдээ хөхүүлсэн. Хэвтүүлж хөхүүлж байхдаа унтсан байсан. Өглөө 06 цаг өнгөрч байхад сэрсэн. Тэгээд хүүхэд сонин болсон байхаар нь эмнэлэг дуудсан” гэсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Д.Бурмаажавын “...Талийгаач Анар-Эрдэнэ нь анх төрөхдөө хатгаатай байна гээд эмнэлэгт 4-5 хоног хэвтээд эмнэлгээс гарч байсан юм. Тэгээд би Энхболд, Азжаргал нарыг хүүхдийнхээ хатгааг хүндүүрүүлээд ийм асуудалд хүргэсэн гэж бодож байсан юм. Харин 2019 оны 05 сарын 20-ны өдөр манай бэр Азжаргал нойрондоо хүүхдээ хөхөөрөө дарчихсан юм гэж хэлсэн. Тэгээд л би Азжаргалыг талийгаачийг орой хөхүүлчихээд унтахдаа хөхөөрөө дарчихсан юм байна гэж мэдсэн” гэсэн мэдүүлэг /хх 8 ху/, гэрч Б.Энхболд /хх 11 ху/, шинжээч эмч Ж.Гэрэлмаа /хх 24-25 ху/ нарын мэдүүлгүүд, Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 43 дугаартай шинжээчийн дүгнэлт, эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас болон хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

            Өөрөөр хэлбэл шүүгдэгчийн хүүхдээ хөхүүлэх явцдаа унтаж, хөхөөрөө амыг нь дарснаар хүүхэд амьсгалах боломжгүй болж, амьсгал бүтэлтэд орж болзошгүй байх үр дагаварыг урьдчилан мэдэх боломжтой байсан боловч ухамсарлан ойлгоогүй, мэдэлгүй үйлдсэн үйлдэл нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр хүний амь нас хохироох гэмт хэргийн шинжийг агуулж байна гэж дүгнэлээ.

 

            Орхон аймгийн прокуророос шүүгдэгч Б.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

            Шүүгдэгч Б.А нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.

 

            Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд

хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсаны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.

 

            Тухайн гэмт хэргийн улмаас 1 сар 26 хоногтой охин Э.Анар-Эрдэнийн амь хохирсон үр дагавар нь уг гэмт хэргийн хохиролд тооцогдох ба гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт хохирогч Д.Б-с гомдол, нэхэмжлэл гаргаагүй тул шүүгдэгчийн хувьд төлөх төлбөргүй гэж үзнэ.

 

            Энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-ыг хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-д оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авч, тэнсэнгийн хугацаанд хяналт тавихыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээрр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.

 

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Ж.БАЙГАЛМАА