Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2025/01596

 

 

  

2025 09 19 210/МА2025/01596

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн даргалж, шүүгч О.Одгэрэл, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 192/ШШ2025/04400 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй

Хариуцагч *******т холбогдох

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 300,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

******* нь *******ХХК-ийн хувьцаа эзэмшигч байсан бөгөөд 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 1201 тоот хувьцаа худалдах, худалдан авах гэрээ байгуулан *******ХХК-ийн 30 хувийн хувьцааг бусад хувьцаа эзэмшигч болох *******т 300,000,000 төгрөгөөр худалдахаар тохирсон. Уг гэрээг хуульд нийцүүлэн нотариатаар баталгаажуулж, улсын бүртгэлд бүртгүүлснээр хүчин төгөлдөр болсон. Гэвч ******* нь гэрээнд заасан 300,000,000 төгрөг төлөх үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй.

Иймд *******аас 300,000,000 төгрөг гаргуулж өгнө үү.

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХХК-аас болон алдангид 150,000,000 төгрөг гаргуулах шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.

 

2.Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

******* төлбөрийг бүрэн төлж нэхэмжлэгч өөрөө 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр баталгаа гаргаж өгсөн, баталгаанд 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хувьцаа худалдах, худалдан авах гэрээ байгуулан *******ХХК-ийн өөрийн эзэмшлийн 30 хувийг *******т 300,000,000 төгрөгөөр худалдсан, төлбөрийг бүрэн төлж барагдуулсан болохыг баталгаажуулж байна гэх агуулга бичигдсэн. Мөн гэрээний хариу төлбөрт 300,000,000 төгрөгийг бэлнээр хүлээн авсан гэсэн бэлэн мөнгөний зарлагын баримтад ******* гарын үсэг байгаа.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс 3 удаа шинжээчийн дүгнэлт гарсан. Хамгийн сүүлийн байдлаар 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 3132 дугаар дүгнэлтээр баталгааны хуудас дээрх *******ын гарын үсэг мөн байна гэж дүгнэсэн. Мөн Авлигатай тэмцэх газраас гэрчийн мэдүүлэг ирсэн. 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн *******ийн гэрчийн мэдүүлэгт *******ХХК-ийг удирдаж байсан хүмүүс *******той тохиролцож, 300,000,000 төгрөгөөр хувьцааг худалдан авч, *******т мөнгийг нь бэлнээр өгсөн гэж мэдүүлэг өгсөн.

Иймээс ******* хувьцаа худалдах, худалдан авах гэрээний төлбөрийг бүрэн хүлээн авсан гэдэг нь нотлогдож байгаа, Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.6 дахь хэсэгт заасны дагуу ******* нэхэмжлэх эрхгүй учраас нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******аас 300,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсан татгалзлыг баталж, алдангид 150,000,000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,417,950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4.Нэхэмжлэгчийн давж заалдах гомдол, тайлбарын агуулга:

4.1.Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцсон *******ын мэдүүлгийг бодитоор үнэлээгүй. Тухайлбал гэрч ******* нь шүүхэд мэдүүлэхдээ уг гэрээний холбогдолтой асуудлыг бүгдийг нь би мэднэ, учир нь би хариуцагчийн төрсөн хүү болох *******той тохиролцож "*******" ХХК-ийн хувьцааг шилжүүлсэн. ******* ч мөн уг гэрээний дагуу төлөх төлбөрөө төлөөгүй болохоо баталсан бичиг хийж өгч байсан гэх мэдүүлгийг огт үнэлээгүй, мөн нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн *******ийн хувьцааны төлбөрийг төлж барагдуулна гэх баталгааны бичгийг мөн зохих ёсоор үнэлээгүй.

4.2.Мөн түүнчлэн шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн зүгээс төлбөрийг үнэхээр төлсөн гэж үзэж байгаа бол төлбөрийг ямар эх үүсвэрээр төлж барагдуулсан тухай баримт гаргаж өгөхийг шаардсан боловч хариуцагч гаргаж өгөөгүй. Үүнээс гадна талуудын маргаж буй бэлэн мөнгөний баримт гэх хуурамч баримтыг үйлдэхдээ компанийн данснаас гаргаж өгсөн мэтээр хариуцагч тал үйлдсэн байдаг нь логикийн хувьд алдаатай болох нь илэрхий байдаг. Гэвч шүүх дээрх нөхцөл байдал, хэргийн үйл баримтыг үнэлэлгүй зөвхөн ганцхан баримтыг нотлох баримтаар үнэлэн шийдвэр гаргаж буй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ гэж заасны зөрчсөн хэмээн үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хувьцаа худалдах худалдан авах гэрээний төлбөрт 300,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5.Давж заалдах гомдолд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан тайлбарын агуулга:

5.1.Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан. Үүрэг гүйцэтгэгч нь үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн. Хэрэгт авагдсан 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн баталгааны бичгээр ******* нь хариуцагч төлбөр барагдуулсан болохыг хүлээн зөвшөөрсөн. 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 31 тоот шинжээчийн дүгнэлтээр нэхэмжлэгчийн гарын үсэг мөн болохыг тогтоосон. Шинжээчийн дүгнэлтээр гарын үсэг нь нотлогдсон байхад нэхэмжлэгч хуурамчаар үйлдсэн гэж тайлбарладаг. Хуурамчаар үйлдсэнтэй холбогдуулан прокурорын тогтоол, эрх бүхий байгууллагаар шалгуулсан зүйл байхгүй. Нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлсэн гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй.

5.2.Нэхэмжлэгч нь 3 үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан. Гэрчийн мэдүүлгийг үнэлээгүй гэж тайлбарласан. Гэрч буюу нэхэмжлэгчийн эцэг ******* нь удаа дараа зөрүүтэй мэдүүлэг өгсөн. 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн болон 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн мэдүүлгүүд зөрүүтэй, компанийг ******* үүсгэн байгуулсан гэж тайлбарладаг, гэтэл хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаанаас харахад өөрөө үүсгэн байгуулсан байдаг. Нэхэмжлэгч гэрээ байгуулах, мөнгө шилжүүлэхэд байсан эсэхийг мэдэж байгаа цорын ганц гэрч бол ******* гэж тайлбарладаг. Гэтэл худалдах, худалдан авах гэрээ байгуулах үед байгаагүй гэж маргадаг. Ямар үйл баримтыг үндэслэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцож мэдүүлэг өгч байгаа нь үндэслэлгүй. Гэрээний дагуу *******той холбоотой 1.6 тэрбум төгрөг, автомашин болон 100 сая төгрөгийг бэлнээр авсан гэж тайлбарладаг боловч шүүх хуралдааны явцад би аваагүй гэх зөрүүтэй тайлбарыг шүүхэд гаргадаг. Гэрчийн мэдүүлгийг хэрхэн үнэлэх эсэх нь шүүхийн бүрэн эрх хэмжээний асуудал учраас мэдүүлгийг үнэлэхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн.

5.3.Баталгааны бичгийн он, сараас харахад буюу нэхэмжлэгч баталгааны бичиг гаргаж өгөхөөс өмнөх он сар байсан. ******* нь 300,000,000 төгрөгийг өгөхөө илэрхийлсэн баталгааны бичгийг гаргаж өгсөн. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан баталгааны бичиг нь *******ийн гаргаж өгсөн баталгааны бичгээс өмнөх он сартай үйл баримт байсан. 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдөр зээлийн гэрээний дагуу ******* ХХК нь Монгол Улсын Хөгжлийн банкнаас 4 тэрбум төгрөгийн зээл аваад 300 сая төгрөгийг бэлнээр өгсөн гэж тайлбарладаг. Энэ талаар талууд маргаагүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 300,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3.Талуудын хооронд 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээ тус тус байгуулагдаж, худалдагч ******* нь *******ХХК-ийн 30 хувийн хувьцааг худалдан авагчид шилжүүлэх, худалдан авагч ******* нь 300,000,000 төгрөгийг худалдагчид төлөхөөр тус тус харилцан тохиролцжээ.

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, уг гэрээ хүчин төгөлдөр болохыг зөв дүгнэсэн.

 

4.Гэрээний дагуу нэхэмжлэгчээс хариуцагчид ******* ХХК-ийн 30 хувийн хувьцаа шилжиж, хуулийн этгээдийн улсын бүртгэлд 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр бүртгэгдсэн байх ба энэ талаар зохигч маргаагүй байна.

Харин гэрээгээр тохиролцсон хувьцааны үнэ төлөгдсөн эсэх нь маргааны зүйл болжээ.

 

4.1.Хэрэгт ******* ХХК-ийн 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн бэлэн мөнгөний зарлагын баримт авагдсан ба уг баримтад хувьцаа худалдах, худалдан авах гэрээний төлбөрт 300,000,000 төгрөгийг хүлээлгэн өгсөн мөнгө тушаагч *******, хүлээн авсан ******* гэж тусгагдаж, тэдгээрийн гарын үсэг зурагджээ.

Мөн 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн баталгааны бичигт ******* нь дээрх гэрээнд заасан хувьцааны үнэ 300,000,000 төгрөгийг *******аас бүрэн төлж барагдуулсан болохыг баталгаажуулсан байна.

 

4.2.Нэхэмжлэгчийн зүгээс дээрх 2 баримтад гарын үсэг зураагүй гэж маргасан байх ба Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс 3 удаа гарын үсгийн шинжилгээ хийгджээ.

Тодруулбал, 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 1184 тоот дүгнэлтэд бэлэн мөнгөний зарлагын баримт, баталгааны бичигт зурагдсан гарын үсгүүд нь шинжилгээнд харьцуулах загвараар ирүүлсэн *******ын гэх гарын үсгийн чөлөөт, харьцангуй чөлөөт, туршилтын загваруудтай тохирч байна, 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 2096 тоот дүгнэлтэд бэлэн мөнгөний зарлагын баримт, баталгааны бичигт зурагдсан гарын үсгүүд нь харьцуулах загвараар ирүүлсэн *******ын гэх гарын үсгийн загваруудтай тохирохгүй, 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 3132 тоот дүгнэлтэд шинжилгээнд харьцуулах загвараар ирүүлсэн *******ын гэх гарын үсгийн чөлөөт, харьцангуй чөлөөт, туршилтын загваруудтай баталгааны хуудаст зурагдсан гарын үсэг нь тохирч байна, харин бэлэн мөнгөний зарлагын баримтад зурагдсан гарын үсэг нь тохирохгүй гэж тус тус дүгнэжээ.

 

4.3.Шүүхэд гэрч ******* нь хариуцагчийн хүү *******той хамтран ажиллах хүрээнд маргаан бүхий хувьцаа худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, хувьцааны үнэ төлөгдөөгүй, ******* олдохгүй алга болсон талаар мэдүүлсэн, түүнчлэн ******* нь ******* ХХК-ийн 30 хувийн хувьцааг шилжүүлж авах үед гадаад улсад эмчилгээнд явсан, энэ асуудлыг *******удирдсан талаар, *******нь бэлэн мөнгөний зарлагын баримт болон баталгааны бичгийн талаар, мөн мөнгө өгснийг санахгүй байна гэсэн агуулга бүхий гэрчийн мэдүүлэг тус тус Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгчээ.

 

4.4.Хариуцагч нь Монгол Улсын Хөгжлийн банкнаас ******* ХХК-ийн авсан 4 тэрбум төгрөгийн зээлээс 300 сая төгрөгийг бэлнээр өгсөн гэж тайлбарласан ч хэрэгт энэ талаар нотлох баримт авагдаагүйн зэрэгцээ уг компанийн бэлэн мөнгөний зарлагын баримтад нэхэмжлэгч гарын үсэг зурсан гэх байдал шинжээчийн 3132 тоот дүгнэлтээр үгүйсгэгдсэн.

Мөн нэхэмжлэгчийн эцэг *******, хариуцагчийн хүү ******* нарын хамтын ажиллагааны хүрээнд маргаан бүхий хувьцаа худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан болох нь талуудын тайлбараар тогтоогдсон ба *******, *******нарын мэдүүлэгт хувьцааны үнэ хэзээ, хэрхэн төлөгдсөн талаар тусгагдаагүй байна.

 

4.5.Дээр дурдсан баримтуудыг тал бүрээс нь харьцуулан үзвэл, баталгааны бичиг дэх гарын үсэг нэхэмжлэгчийн гарын үсгийн загваруудтай тохирч байгаа талаар шинжээчийн 3132 тоот дүгнэлтэд дүгнэгдсэн хэдий ч нэг цаг хугацаанд үйлдэгдсэн бэлэн мөнгөний зарлагын баримтаас зөрүүтэй тул шинжээчийн дүгнэлтийг эргэлзээтэй гэж үзэх ба хэргийн бусад баримтаар хариуцагчаас хувьцааны үнийг нэхэмжлэгчид төлсөн болох нь нотлогдоогүй байна.

Иймээс анхан шатны шүүх 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн баталгааны бичгийг үндэслэн хариуцагчийн татгалзлыг үндэслэлтэй гэж дүгнэснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамд нийцсэн гэх боломжгүй. Нэхэмжлэгчийн гаргасан анхан шатны шүүх гэрч *******ын мэдүүлэг, бэлэн мөнгөний зарлагын баримтыг үнэлээгүй, хариуцагч ямар эх үүсвэрээр төлсөн талаар баримт гаргаагүй байхад зөвхөн нэг баримтыг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн гэх давж заалдах гомдол үндэслэлтэй. Харин гомдолд дурдагдсан *******ийн 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн баталгааны бичигт *******ХХК-ийн *******ын эзэмшлийн 30 хувийн хувьцааг зээл авсны дараа 353,186,400 төгрөгөөр худалдан авах гэрээ байгуулж шилжүүлэн авч төлбөрийг 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлөхөөр тусгасан байх ба гэрээ байгуулахаас өмнө үйлдэгдсэн уг баримтыг маргааны зүйлд хамааралтай гэж үнэлэхгүй болно.

 

5.Хариуцагч нь худалдах, худалдан авах гэрээнд заасан хувьцааны үнэ төлөх үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч нь уг үүргийн биелэлтийг шаардсан нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасанд нийцжээ.

 

6.Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хариуцагчаас 300,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосон өөрчлөлтийг оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов. Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсантай холбоотойгоор улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтыг өөрчлөх нь зүйтэй.

Мөн анхан шатны шүүх хариуцагч ******* ХХК-д холбогдох шаардлага болон хариуцагч *******т холбогдох алданги гаргуулах шаардлагаасаа нэхэмжлэгч татгалзсаныг батлахдаа баримталбал зохих хуулийг баримтлаагүй, нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн тусгаагүй алдааг залруулна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 192/ШШ2025/04400 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******аас 300,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******т олгосугай гэж,

2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч ******* ХХК-аас 450,000,000 төгрөг гаргуулах болон хариуцагч *******аас алданги 150,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч ******* татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

3 дахь заалтын үлдээсүгэй гэснийг үлдээж, хариуцагч *******аас 1,657,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******т олгосугай гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид *******аас 2025 оны 08 дугаар сарын 08-ны өдөр төлсөн 1,657,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ЛХАГВАСҮРЭН

 

ШҮҮГЧИД О.ОДГЭРЭЛ

 

Д.ЗОЛЗАЯА