Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 0249

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж

 

Улсын яллагч Н.Д

Шүүгдэгч С.Ц

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.О

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.М нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Ц-д холбогдох эрүүгийн 1725000790228 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, С.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч С.Ц нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт 2017 оны 07 сарын 27-ны өдөр иргэн У.Ц-д шаргал өнгийн металл гинжийг алтан гинж хэмээн итгүүлэн хуурч 200.000 төгрөгөөр худалдан борлуулж залилсан гэмт хэрэгт холбогджээ.  

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

-Шүүгдэгч С.Ц-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2017 оны 07 сарын 27-ны өдөр Хаан банкны хажуугийн сагсны талбай дээр сагс тоглож байгаад халаасандаа байсан түрийвчээ гээсэн. Тэгээд хот явах мөнгөгүй болоод цүнхэнд байсан гинжийг гудманд явж байсан эгчид алтан гинж гэж зарсан. Тэр гинжийг би зах дээрээс 20.000 төгрөгөөр авсан. Би тэр эгчид гинж авах уу гэхэд тэр эгч үзэж хараад хүүхдээ дуудаад үзэж байгаад авсан. Би өөрөө ч алт, мөн бишийг нь мэдээгүй. Би үнэ яриагүй. Тэр эгч өөрөө 200.000 төгрөг гэж хэлсэн. Тэгээд үзэж харж байгаад худалдаж авсан. Тухайн үед тэр эгч алт мөнгөний дархан ломбардны талаар ярьсан. Тэгэхээр нь би бичиг баримтгүй явж байгаа гэдгээ хэлсэн. Охин нь тэр үед “хэрэггүй” гэж хэлээгүй, ээждээ өөрөө мэд гэж хэлж байсан. Гэхдээ 20.000 төгрөгөөр авсан гинжээ 200.000 төгрөгөөр зарсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Хохирлыг төлсөн. Дахин ийм алдааг давтахгүй гэсэн мэдүүлэг,

 

-Хохирогч У.Ц-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...тэр залуу ирээд эгчээ та алтан гинж авах уу гэхээр нь би үгүй, үгүй гэж хэлсэн. Тэгтэл тэр залуу та үзэх үү, би танд үзүүлье, сорьц сайтай шүү дээ. Би таныг орц руу дагуулж ороод үзүүлье гээд надаас салахгүй байсан. Би үгүй, үгүй гээд цааш явсан чинь нөгөө залуу алтан гинж авчих гээд надаас салахгүй байсан. Тэгээд нөгөө залуу чинь намайг шалсаар байгаад 3-16 дугаар байрны эхний орц руу дагуулж орсон. Тэгээд надад шар өнгийн гинж гаргаж үзүүлсэн. Би хүүхэддээ хувцас авч өгөх гэж байсан болохоор гинж авахгүй гэж хэлээд эргээд орцноос гарсан. Нөгөө залуу сая гаран төгрөгийн үнэтэй алтан гинж шүү дээ гээд байхаар нь би тэр залууд би хүүхдээ дуудаж үзүүлье гээд охин Ганцацралыг дуудаж үзүүлсэн. Охин ирээд бид хоёр нөгөө залуугийн зарна гээд байсан гинжийг үзүүлсэн чинь миний охин та өөрөө л мэд гэсэн. Тэгэхээр нь би авахгүй гэж хэлээд явах гэсэн чинь та өөрөө үнээ хэлээд аваач гээд гуйгаад явуулахгүй байхаар нь 200.000 төгрөгөөр өгөх юм уу гэсэн чинь тэг тэг гээд надад гинжээ өгсөн. Би бэлэн мөнгөний машинаас мөнгө авч өгнө гээд нөгөө залууг дагуулаад урт цагаанд байдаг бэлэн мөнгөний машин дээр очиж 200.000 төгрөгөө авч өгсөн. Тэгээд 3-р миркийн 22 дугаар байрны хойд талд байдаг алт мөнгөний дарханы газарт очоод гинжээ үзүүлсэн чинь алт биш гэж хэлсэн гэсэн мэдүүлэг /хх 23-24 ху/,

 

-Гэрч Л.Г-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Уурхайчин баг 3-16-р байрны урд талын саравчинд очиход манай ээж хар өнгийн юүдэнтэй цамц, хар хөх өнгийн жинсэн өмдтэй саравчтай цагаандуу өнгийн малгай өмссөн, өндөр нь 162 орчим см өндөртэй 20 гаран насны гэмээр шар царайтай, том давхраагүй нүдтэй өтгөн хөмсөгтэй, хэлээ хазаж ярьдаг залуутай зогсож байсан. Тэгээд ээж надад алтан гинж зарна гэж байна гээд надад үзүүлсэн. Тэр үед би хэрэггүй гэж хэлэхэд ээж авахаар шийдсэн. Тэгээд 3-16-р байрны өмнөөс хөдлөөд 3-17, 3-16-р байр дундаас такси барин холбооны АТМ дээр очиж 200.000 төгрөг авч өгсөн гэсэн мэдүүлэг /хх 25 ху/

 

-Гэрч Э.Б-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Улаанбаатар хотод явж байгаад Сэлэнгээгийн Цэнд-Аюуш хэмээх дүүтэйгээ тааралдсан бөгөөд Цэнд-Аюуш би Эрдэнэтэд очиж гоё наймаа хийж болох газар байна би зах дээрээс авсан шармал гинжээ 200 мянган төгрөгөөр зарсан, тэгээд чам руу залгасан талаар ярисан. Миний гинжийг авсан хүн эмэгтэй настай хүн байсан гэж ярьж байсан гэсэн мэдүүлэг /хх 33-34 ху/

 

-Яллагдагч С.Ц-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Тухайн гинжийг би Улаанбаатар хот Нарантуул захын гоёл чимэглэлийн зүүлт зардаг лангуун дээрээс 20.000 төгрөгөөр худалдаж аваад өөрийнхөө үүрч явсан цүнхэндээ хийцэн явсан юм. Тэгээд мөнгөний хэрэг гараад тухайн эгчид 200.000 төгрөгөөр зарсан юм гэсэн мэдүүлэг /хх 55-56, 66-67 ху/,

 

-Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн № 8770 дугаартай дүгнэлтэнд:

1. Шинжилгээнд ирүүлсэн шаргал өнгийн металл гинж нь зэсийн металлаар хийгдсэн гинж байна.

2. Шинжилгээнд ирүүлсэн шаргал өнгийн металл гинж нь 7,8 гр жинтэй байна.

3. Шинжилгээнд ирүүлсэн шаргал өнгийн металл гинжинд монет болон алтны хольц илрээгүй болно.

4. Шинжилгээнд ирүүлсэн шаргал өнгийн гинжийг өөр төрлийн металлаар бүрээгүй зэсийн металлаар хийсэн байна гэсэн дүгнэлт /хх 60 ху/

 

-Гэрэл зургийн үзүүлэлт /хх 61 ху/

-С.Ц-ийг яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 65-67 ху/

              -Эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 76 ху/

              -Хохирлын мөнгө хүлээн авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх 77 ху/

              -Эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл /хх 80 ху/

              -Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 81 ху/ зэрэг болно.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

 

            Шүүгдэгч С.Ц нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт 2017 оны 07 сарын 27-ны өдөр У.Цэцэгмаад шаргал өнгийн металл гинжийг алтан гинж хэмээн итгүүлэн хуурч 200.000 төгрөгөөр худалдан борлуулж залилсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...Тэр гинжийг би зах дээрээс 20.000 төгрөгөөр авсан. Би тэр эгчид гинж авах уу гэхэд тэр эгч үзэж хараад хүүхдээ дуудаад үзэж байгаад авсан. Би өөрөө ч алт, мөн бишийг нь мэдээгүй. Би үнэ яриагүй. Тэр эгч өөрөө 200.000 төгрөг гэж хэлсэн. Тэгээд үзэж харж байгаад худалдаж авсан“ гэсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч У.Ц-н “Тэгэхээр нь би авахгүй гэж хэлээд явах гэсэн чинь та өөрөө үнээ хэлээд аваач гээд гуйгаад явуулахгүй байхаар нь 200.000 төгрөгөөр өгөх юм уу гэсэн чинь тэг тэг гээд надад гинжээ өгсөн. Би бэлэн мөнгөний машинаас мөнгө авч өгнө гээд нөгөө залууг дагуулаад урт цагаанд байдаг бэлэн мөнгөний машин дээр очиж 200.000 төгрөгөө авч өгсөн” гэсэн мэдүүлэг /хх 23-24 ху/, гэрч Л.Ганцацрал /хх 25 ху/, гэрч Э.Баяржаргал /хх 33-34 ху/ нарын өгсөн мэдүүлгүүд, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №8770 дугаартай дүгнэлт, эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

            Дээрхи үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байна гэж дүгнэлээ.

 

            Орхон аймгийн прокуророос шүүгдэгч С.Цид Эрүүгийн хуулийн тусгай 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байх тул түүнийг залилах гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

            Шүүгдэгч С.Ц нь анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон, хохирлоо төлж барагдуулсан зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

            Энэ хэргийн улмаас хохирогчид 200.000 төгрөгний хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирлыг бүрэн төлж барагдуулсан байх тул энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх хохирол төлбөргүй байна гэж үзэв.

 

            Шүүгдэгч нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөн хохирлоо нөхөн төлсөн байх тул түүний хувийн байдлыг харгалзан түүнд торгох ялыг сонгон хэрэглэхээр шийдвэрлэв.

 

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шаргал өнгийн металл гинжийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                                                                  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч С.Ц Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ц-ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч С.Ц нь торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд сард 150.000 төгрөгөөр тооцож хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ц нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Ц-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шаргал өнгийн металл гинжийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

7. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Ж.БАЙГАЛМАА