Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2025/01620

 

  

 

  2025   09   24   210/МА2025/01620

  

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч Ж.Лхагвасүрэн, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 193/ШШ2025/00486 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч *******д холбогдох

Түрээсийн гэрээний үүрэгт болон хохиролд 8,505,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд, гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт болон хохиролд 8,505,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 3.Талуудын хооронд 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр түрээсийн гэрээ бичгээр байгуулагдаж, түрээслүүлэгч ******* нь өөрийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаартай, Налайх дүүрэг, 3 дугаар хороо, Дэнжийн ******* гудамж, ******* тоот хаягт байрлах, 120 м.кв талбайтай, үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэх, түрээслэгч ******* нь сарын түрээс 1,200,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцжээ.

Анхан шатны шүүх талуудын хооронд түрээсийн гэрээ байгуулагдсан боловч үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлээгүй үндэслэлээр гэрээг хүчин төгөлдөр бус гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 318.3, 318.4 дэх хэсэгт заасанд нийцжээ.

4.Нэхэмжлэгч нь хариуцагчаас 6 сарын түрээсийн төлбөрөөс барьцааг хасаж 6,000,000 төгрөг, ашиглах боломжгүй болгосон эд хөрөнгийн хохирол 2,505,000 төгрөг тус тус гаргуулахаар шаардсан.

Хариуцагч нь 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр паарны холболт задарсан, энэ талаар нэхэмжлэгчид мэдэгдэж, удаа дараа засвар хийсэн боловч нэхэмжлэгч хүлээж аваагүй, түрээсийн зүйлийг ашиглаагүй гэж маргасан.

Гэрээ хүчин төгөлдөр бус байх нөхцөлд хөрөнгө шилжүүлсэн этгээд нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хөрөнгө олж авсан этгээдээс хөрөнгөө буцаан шаардах эрхтэй ба үүнээс гадна уг хөрөнгөөс олсон орлого, үр шим, мөн хөрөнгийг эвдсэн, устгасан, гэмтээсэн бол нөхөн төлбөрт авах бүх зүйл буцаан шаардах шаардлагад хамаарахаар тус хуулийн 493 дугаар зүйлийн 493.1 дэх хэсэгт заасан.

4.1.Хариуцагч нь үл хөдлөх эд хөрөнгийг тодорхой хугацаанд эзэмшиж, ашигласан болох нь талуудын тайлбараар тогтоогдсон ба эзэмшил буцаагдах боломжгүй тул нэхэмжлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг эзэмшиж, ашигласны төлбөрийг талуудын тохиролцсон сарын 1,200,000 төгрөгөөр тооцон хариуцагчаас шаардах эрхтэй.

4.2.Хариуцагч нь 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр паарны холболт задарсны улмаас үл хөдлөх эд хөрөнгийг ашиглаж чадаагүй гэж татгалзаж байх боловч уг татгалзлаа баримтаар нотлоогүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд хариуцагч тайлбараа нотлоогүй тул нэхэмжлэгчийн 2025 оны 03 дугаар сарын сүүлээр хариуцагчтай уулзахад паарыг гэмтээсэн, зассаны дараа хүлээлгэж өгнө гэж хэлсэн гэх тайлбарыг үндэслэлтэй гэж дүгнэнэ.

4.3.Иймээс хариуцагчийг 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд үл хөдлөх эд хөрөнгийг эзэмшиж, ашигласан гэж үзэх ба уг хугацаанд 3,600,000 төгрөг (1,200,000*3) тооцогдохоос барьцаанд төлсөн 1,200,000 төгрөгийг хасаж, 2,400,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

 

5.Түүнчлэн хөрөнгийг эвдсэн, гэмтээсэн бол нөхөн төлбөрийг хариуцагч төлөх үүрэгтэй боловч нэхэмжлэгч нь паар 1,140,000 төгрөг, дунд өрөөний модон хуулга 180,000 төгрөг, лангууны шилэн нүүр 120,000 төгрөг, хөшиг 360,000 төгрөг, залгуур (розетка) 225,000 төгрөг, ханын цаас (обой) 480,000 төгрөг гэх нэхэмжлэлийн шаардлагаа мөн баримтаар нотлоогүй. Нэхэмжлэлд фото зургууд хавсаргасан байх боловч уг зургуудаар эд хөрөнгөд ямар хэмжээний хохирол учирсныг тодорхойлох боломжгүй.

 

6.Дээрх үндэслэлээр Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 2,400,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосон өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Анхан шатны шүүх бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан буюу эзэмшсэнээс үүсэх үүргийг зөв тогтоож чадаагүйг давж заалдах шатны шүүхээс залруулж, нэхэмжлэгч талын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах үндэслэлтэй.

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасантай холбоотойгоор улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтад өөрчлөлт оруулах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 193/ШШ2025/00486 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 

1 дэх заалтыг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******гаас 2,400,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 6,105,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

2 дахь заалтын үлдээсүгэй гэснийг үлдээж, хариуцагч *******гаас 53,350 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******д олгосугай гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдөр төлсөн 152,430 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөнөөс бусад тохиолдолд давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэхийг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ   Ц.АЛТАНЦЭЦЭГ

ШҮҮГЧИД  Ж.ЛХАГВАСҮРЭН

Д.ЗОЛЗАЯА