Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 096

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.О     

Улсын яллагч Л.О  

Шүүгдэгч Х.Т оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Т-д холбогдох эрүүгийн 1925003670215 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт.

 

Х.Т

 

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч Х.Т нь 2019 оны 05 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут баг “Надежда” хотхоны 1 дүгээр байрны гадаа иргэн Э.Э-ын баруун чихний дэлбээг хазаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэм хэрэгт холбогджээ.

 

                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Х.Т нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Тмэдүүлэхдээ “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.  

 

Хохирогч Э.Э “Гомдол санал байхгүй. Цаашид 2-3 сарын дараа чихний эдгэрлтээс болж нөхөн сэргээлт хийнэ гэсэн. Эмчилгээний зардлын талаар Х.Т-тэй тохиролцсон” гэсэн байна.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1. Хохирогч Э.Э-ын “...2019 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 18-19 цагийн үед ажпаа тараад н.Батжаргал гэх хамт ажилладаг ах тэтгэвэртэй гарсан гээд үйлчилгээний төвд байрлах “Сөүл” ресторанд хүлээн авалтанд оролцсон. Тэнд ажлын 8-9 хүний хамт 2 шил архи уусан. Тэгээд тэндээсээ 22 цагийн орчимд н.Л-ийн хамт гараад “Шугар” нэртэй бааранд ороод тэндээ хүн тус бүр 1 шил пиво уугаад н.Тамир, Х.Т, Б.С нартай уулзаад тэндээсээ Лофт нэртэй бааранд ороод 1 шил архи, пиво захиалаад хувааж ууцгаасан. Баар хаах болоод бид нар Б.С-ын машинд суугаад явцгаасан. Эхлээд намайг хүргэж өгөхөөр явсан гэсэн. Манай байрны гадаа ирэхэд би Х.Төрмөнхтэй маргалдаад зууралдаад байж байтал Х.Т миний баруун талын чихийг хазсан. Би тухайн үед “миний чих тасарлаа ш дээ” гэж хэлтэл чих тасарсан байсан. Тэгээд би эхнэр н.О-ийг дуудаад гадаа тасарсан чихээ хайгаад тухайн үед олоогүй. Тэгээд шууд БОЭТ-ын хүлээн авах дээр ирээд чихээ цэвэрлүүлээд боолт хийлгэсэн. Маргааш өглөө нь 7 цагийн үед босоод гадаа тасарсан чихээ хайгаад олсон. Тэгээд өдөр 14 цагийн үед н.Энхбат эмч дээр очоод тасарсан чихээ оёулсан...” гэсэн мэдүүлэг /хх-4-5-р хуудас/,

 

2. Гэрч Б.С-ын “...2019 оны 05 сарын 18-ны өдөр 23 цагийн хамт ажилладаг Э.Энад руу утсаар залгаад “хүрээд ир” гэхээр нь би гэрээсээ “Шугар” баарны гадаа очиход Э.Э, Х.Т, н.Л , н.Т нар байсан. Тэгээд бид нар “Лофт” нэртэй бааранд ороод 0.75 литрийн Чингис нэртэй архи аваад хувааж уусан, баар хаах болсон бид нар 00 цагийн үед баарнаас гараад Э.Э-ыг хүргэж өгөхөөр Э.Э-ын гэр болох Цагаанчулуут багийн 7 дугаар хороололд очих хооронд Э.Э Х.Тхоёр машин дотор байхдаа маргалдаад байсан. Машинаас бүгдээрээ буухад Э.Э-ыг би гэрт нь оруулж өгөх гээд машинаас авч бууж байтал Э.Э, Т-ийг зүүн мөр лүү нь 2 удаа өшиглөсөн, тэгээд би салгаад явж байтал Х.Т араас ирээд Э.Э-тай барьцалдаад авсан. Би тэр хоёрыг салгахын завдалгүй Т, Э-ын чихнээс хазсан. Чих нь талаараа тасарсан. Бид нар чихний тасархайг хайгаад олоогүй. Тэгээд бид нар эмнэлэг яваад Э.Э-ын чихийг боолгосон....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-23-р хуудас/

 

3. Гэрч Ш.Т-ын “... Баар хаах болоод бид нар гараад н.Л ,Э.Э хоёр нэлээн муудсан байсан болохоор энэ хоёрыг хүргэж өгье гээд Э.Э-ын гэр лүү явсан. Замдаа Э.Э нэлээн муудсан байсан болохоор хүмүүс рүү агсраад байсан. Э.Э машинд явж байхдаа Х.Т-тэй маргалдаад байсан. Бид нар Э.Э-ын гэрийн гадаа ирээд би Б.С-т хандаад Э.Э-ыг гэрт нь оруулаад өгчих гэсэн чинь Б.С, Э.Э-ыг чирээд гэр лүү нь оруулж байхад Х.Т-тэй гэнэт зууралдаад нэг мэдсэн Х.Т ,Э.Э-ын баруун талын чихийг нь тас хазсан байсан. Бид нар тасарсан чихийг нь хайгаад олоогүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-25-р хуудас/

4. Орхон аймгийн Шүүхийн Шинжилгээний албаны 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 365 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “Э.Э-ын биед чихний дэлбээнд 1 тооны хазагдсан шарх бүхий гэмтэл тогтогдлоо. Дээрх гэмтэл нь хурц үзүүр ирмэгтэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Гоо сайхан болон ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх байдлыг эдгэрэлтээс шалтгаалан тогтооно. Гэмтэл нь 2019-05-18 өдөр үүссэн байж болно гэсэн дүгнэлт /хх-ийн 7-8-р хуудас/ зэргийг шинжлэн судлав.

 

Шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үзэв.

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Л.О дүгнэлтдээ “Шүүгдэгч Х.Т-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг шүүхийн өмнө нотлох байр суурьтай оролцоно. Хавтаст хэргээс гэрч Б.С, Т нарыг мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргийг шинжлэн судалж оролцоно. Шүүгдэгч Х.Т нь Эрүүгийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг холбогдуулан дүгнэлт гаргаж байна. 2019 оны 5 хохирогч Э-ын чихний дэлбээг хазаж хөнгөн хохирол учруулсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна. иймд Шүүгдэгч Х.Т-хийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх саналтай байна. Шүүгдэгч нь хохирогчийн эмчилгээнд 4 000 000 төгрөг төлсөн. Мөн хохирогч цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй нээлттэй үлдээх саналтай байна. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй. Шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

 

            Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч Э.Э-ын мэдүүлэг, гэрч Ш.Т, Б.С нарын мэдүүлэг, шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүгдэгч Х.Т нь 2019 оны 05 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут баг “Надежда” хотхоны 1 дүгээр байрны гадаа иргэн Э.Э-ын баруун чихний дэлбээг хазаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

            Шүүгдэгч Х.Т-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Х.Т-ийг яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэстэй.

 

            Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа учруулсан хохирлоо төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгч нарын хувийн байдал гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан торгох ял шийтгэж, уг ялыг тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон   

               

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х.Т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Т-ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450 000  /дөрвөн зуун тавин мянга/  төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Т-өд оногдуулсан 450 000 төгрөгөөр торгох ялыг 5  сарын хугацаанд сар бүр 90 000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлэхгүй бол хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Т-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

  6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.АЛТАНГАДАС