| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жавзмаагийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 171/2019/0249/Э |
| Дугаар | 0263 |
| Огноо | 2019-09-11 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Н.Д |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 09 сарын 11 өдөр
Дугаар 0263
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж
Улсын яллагч Н.Д
Шүүгдэгч С.Э, Р.О
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.О нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Орхон аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Э, Р.О нарт холбогдох эрүүгийн 1925000000273 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ял шийтгэлгүй, С.Э
Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Р.О
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч С.Э, Р.О нар нь бүлэглэн хардалтын улмаас 2019 оны 07 сарын 04-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Их залуу баг 28-04 тоот хашаанд иргэн Д.От-н эрх чөлөөнд халдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Шүүгдэгч С.Э-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2019 оны 07 сарын 02-ны өдөр Төгөлийн хажуугаар явж байхад манай машиныг Отгонхорол барьсан явж байсан. Манай нөхөр Отгонхорол 2 хамт явж байсан. Нэг хашааны гадаа очоод айл руу орсон. Би араас нь орж очиход гэрт хоёулахнаа байсан. Би уурлан Отгонхорлыг барьж авсан нь үнэн. Ингээд 2 хоногийн дараа би Отгонхоролтой уулзаж ярилцахаар гэр рүү нь явж байхад Отгонхорол өөдөөс ирж явсан. Хажуу талын хашаа руу оруулаад Отгонхоролын утсыг булааж аваад толгой руу нь цохисон. Мөн гар руу нь цохисон. Бид тэнд удаан ярилцсан. Энэ хүн намайг олон жил доромжилсон. Би үр хүүхдээ бодож тэвчиж байгаа. 2-3 хоногийн өмнө нүдээрээ хараад үнэхээр тэвчээгүй. Тэгээд уулзъя гэж бодсон. Би уулзаад биеэ барьж чадаагүй нь үнэн. Би үнэхээр уур хүрч байсан болохоор давсаг руу нь өшиглөсөн байж магадгүй. Гэхдээ би мэдэхгүй байна. Энэ байдлаас болж би гэр бүлээсээ салах гэж байгаа. Хохирогчид учирсан хохирлын хувьд маргахгүй. Хохирлыг нөхөр Энхсүх төлнө. Би ажилгүй тул төлөх боломжгүй. Манай машинд Отгонхоролын иргэний үнэмлэх байхаар нь уурандаа хугалсан. Одоо дахин ийм асуудалд орооцолдохгүй. Ойлгож авсан. Би 2 хүүхдээ бодоод Отгонхоролд доромжлуулан өнөөдрийг хүрсэн. Хэргийн хувьд маргахгүй. Хариуцлага хүлээлгэхэд татгалзах зүйлгүй. Энэ хоёрын харилцаанаас болж би маш их хохирч байгаа. Одоо цаашид ийм асуудал гаргахгүй гэсэн мэдүүлэг,
-Шүүгдэгч Р.О-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Манай найз Эрдэнэбилэг Отгонхоролтой уулзъя гэхээр нь хамт явсан. Би Отгонхоролыг ганц удаа цохиж авсан. Яагаад миний найзын 2 хүүхдийг боддоггүй юм бэ гэж хэлсэн. Энэ 2 ярилцсан. Отгонхорол дахиж Сүхээтэй уулзахгүй гээд байсан. Миний хувьд 1 удаа цохисон. Би давсаг руу нь өшиглөөгүй. Харин цохиж маажсан байж магадгүй. Хохирол төлөөгүй байгаа. Дахин ийм хэрэгт холбогдохгүй. Ойлгож байгаа. Хэргийн хувьд маргахгүй гэсэн мэдүүлэг,
-Хохирогч Д.О-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ... 2019 оны 07 сарын 04-ний өдөр би гэртээ ганцаараа гэрээсээ гараад гудамжиндаа явж байсан чинь өөдөөс Эрдэнэбилэг гэх хүүхэн найз Одноогийн хамт явж байгаад намайг барьж аваад хашаа руу оруулж байгаад Одноо гэх хүүхэн нь намайг шууд миний гэдэс рүү өшиглөж газар унагааж, Эрдэнэбилэг нь миний гар утсаар миний толгой руу цохисон. Намайг бараг 1 цаг орчим зодож цохисон. Тэгээд миний цүнхийг Эрдэнэбилэг авч ухаж дотроос нь миний иргэний үнэмлэх, хаан банкны виза карт хоёрыг хугалсан. Цүнхэнд байсан бүх зүйлийг гаргаж шидсэн. Нүүрний крем хагалсан, жижиг 0,8 грамтай монетон ээмэг байсан гаргаж шидсэн би хайгаад олоогүй. Манай хажуу талын ах хараад зогсож байсан. Дараа нь ахад нь утас байхгүй цагдаа дуудаж чадсангүй гэж хэлж байсан. Тэр ах боль гэж хэлж байсан. Үгэнд нь орохгүй тоохгүй байсан. Бүх бие хөндүүр, давсагаар маш их хатгуулж өвдөж байна. Үүдэн нэг шүд үйрсэн, арын нэг араа хөдөлсөн байна. Зүүн талын дал руу тэр хоёр хоёулаа өшиглөсөн хөхөрсөн байна. Нүүр маажсан, зүүн гарын булчин хөхөрсөн,баруун гуя хөхөрсөн, зүүн талын гуя хөхөрсөн байна. Би Эрдэнэбилэгийн нөхөр Энхсүхийг танидаг найзууд болоод 4 жил болж байна. Эрдэнэбилэг намайг Энхсүхтэй хардаад байдаг юм. Тэгээд өөрийнхээ найз Одноог дагуулж ирээд намайг зодсон. Одноог нь би танихгүй. Одноо нь намайг зодож байхдаа алаад жорлон луу нь хийчихье гээд байсан. 2017 онд Энхсүхтэй уулздаг байсан. Намайг Энхсүхтэй уулздаг байхад Энхсүх эхнэрээсээ салаад 2 жил гаран болсон байсан. Би ч бас нөхрөөсөө салсан байсан. Энхсүхээс болж би нөхөрөөсөө салсан. Энхсүх байнга над руу залгадаг байсан, тэрнээс болж нөхрөөсөө салсан. Би нэг хүүхэдтэй хүүхэд маань 9 настай, аав дээрээ байдаг. Энхсүхтэй байнга уулздаг байгаагүй. Энхсүх хаяа нэг над руу залгаж уулзая гээд манай гэрийн гадаа ирдэг байсан. Тэгээд бараг жил гаран уулзаагүй байж байгаад 2019 оны 06 сарын 28-ны өдөр над руу Энхсүх утасдаж уулзая гараад ир гэсэн. Тэгээд би гэрээсээ гараад машинд нь уулзаад байж байтал Энхсүх манай эгчийн түлхүүр надад байна хоёулаа ороё гээд Төгөл 3 хүнсний дэлгүүрийн хажууд эзэнгүй айлд ороод сууж байтал араас Эрдэнэбилэг ороод ирсэн. Эрдэнэбилэг гартаа хүрз барьсан орж ирээд намайг цохих гэтэл Энхсүх хүрзийг нь булааж авсан. Гэтэл Эрдэнэбилэг намайг үсдэж гараараа хэдэн удаа цохисон. Тэгээд Энхсүх салгаж эхнэрээ барьж байгаад намайг яв гэхээр нь би гараад явсан. Тэгээд 2019 оны 07 сарын 04-ний өдөр Одноо гэх найзтайгаа ирж намайг дахин зодсон гэсэн мэдүүлэг /хх 8-9, 10-11 ху/,
-Гэрч Д.Эн-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Отгонхоролтой танилцаад 5 жил болж байна. Танилцсанаасаа хойш эхнэрээсээ нууцаар уулздаг байсан. 2017 онд Отгонхоролтой 14 хоног хамт амьдарсан. ...Отгонхорол надтай утсаар яриад явж байснаа энд Билгээ явж байна гэж хэлээд тасалсан. Удалгүй Эрдэнэбилэг миний гар утас руу залгаад Отгонхоролыг чинь зодчихлоо шүү энийгээ ирж аваарай гэж хэлсэн гэсэн мэдүүлэг /хх 17 ху/,
-Гэрч Б.М-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ... надруу утасдаж би гэрийн гадаа байна, чамайг хүлээж байна гэж залгаж байсан. Би ажлаасаа буугаад эргээд залгасан чинь утсыг нь Эрдэнэбилэг аваад намайг чи Сүхээг дагуулаад хүрээд ир би танай гэрийн гадаа байна. Отгонхоролыг зодчихлоо гэж хэлсэн гэсэн мэдүүлэг /хх 18-19 ху/,
-Гэрч П.Б-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...2019 оны 07 сарын 04-ний өдөр 17 цагийн үед байх бие засах гээд гэрээсээ гартал манай баруун талын айлын хүүхнийг хоёр хүүхэн газар унагааж өшиглөж цохиж үсдэж байсан. Тэгээд би хөөе болиоч та нар гэж хэлсэн чинь тэр 2 хүүхэн таньд ямар хамаатай юм бэ бид нар учраа олчихъё гэж хэлсэн. Тэгээд би цагдаа дуудах гээд утасгүй байсан болохоор гарч цагдаа дууддаг юм уу гэтэл салсан байсан гэсэн мэдүүлэг /хх 20-21 ху/,
-Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 465 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:
1. Д.О-н биед нүүр, зүүн бугалга, дал, гуя, баруун гуя, 2 өвдөгт зөөлөн эдэд олон тооны цус хуралт, зүүн дээд зовхинд 1 тооны шалбархай бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Шалбархай нь үзүүр ирмэгтэй зүйлийн, бусад гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна.
4. Зөөлөн эдийн цус хуралт нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана, шалбархай нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй.
5. Гоо сайхан болон ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /хх 31-32 ху/
-С.Э-г яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 1-2, 38-39 ху/
-Р.Оийг яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 3-4, 42-43 ху/
-Эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 55, 68 ху/
-Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 77-79, 82-86 ху/
-Хохирлын баримт /хх 89-91 ху/
-0675773 дугаартай шийтгэлийн хуудсын хуулбар зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.
Шүүгдэгч С.Э, Р.О нар нь бүлэглэн хардалтын улмаас 2019 оны 07 сарын 04-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Их залуу баг 28-04 тоот хашаанд иргэн Д.Отгонхоролыг эрх чөлөөнд халдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Эийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...би Отгонхоролтой уулзаж ярилцахаар гэр рүү нь явж байхад Отгонхорол өөдөөс ирж явсан. Тэгээд хажуу талын хашаа руу оруулаад Отгонхоролын утсыг булааж аваад толгой руу нь цохисон. Мөн гар руу нь цохисон” гэсэн, шүүгдэгч Р.Оийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...Манай найз Эрдэнэбилэг Отгонхоролтой уулзъя гэхээр нь хамт явсан. Би Отгонхоролыг ганц удаа цохиж авсан” гэсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Д.Отгонхоролын “...2019 оны 07 сарын 04-ний өдөр би гэртээ ганцаараа гэрээсээ гараад гудамжиндаа явж байсан чинь өөдөөс Эрдэнэбилэг гэх хүүхэн найз Одноогийн хамт явж байгаад намайг барьж аваад буцаад хашааруу оруулаад манай гэр хашаа хоёрын дунд намайг оруулж байгаад Одноо гэх хүүхэн нь намайг шууд миний гэдэс рүү өшиглөж газар унагааж байгаад өшиглөөд Эрдэнэбилэг нь миний гар утсаар миний толгойруу цохисон. Намайг бараг 1 цаг орчим зодож цохисон. Тэгээд миний цүнхийг Эрдэнэбилэг авч ухаж дотроос нь миний иргэний үнэмлэх, хаан банкны виза карт хоёрыг хугалсан. Цүнхэнд байсан бүх зүйлийг гаргаж шидсэн” гэсэн мэдүүлгүүд /хх 8-9, 10-11 ху/, мөн гэрч Д.Э /хх 17 ху/, Б.М/хх 18-19 ху/, П.Б /хх 20-21 ху/ нарын өгсөн мэдүүлэг, хохирогчийн биед нүүр, зүүн бугалга, дал, гуя, баруун гуя, 2 өвдөгт зөөлөн эдэд олон тооны цус хуралт, зүүн дээд зовхинд 1 тооны шалбархай бүхий гэмтэл үүссэнийг тогтоосон 465 дугаартай шинжээчийн дүгнэлт, эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Дээрхи үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байна гэж дүгнэлээ.
Орхон аймгийн прокуророос шүүгдэгч С.Э, Р.О нарыг Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байх тул тэднийг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч С.Э, Р.О нар нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөргүй зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.
Энэ хэргийн улмаас хохирогчид хөнгөн гэмтэл учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад 636.000 төгрөг, хаан карт виза картны үнэ 56.600 төгрөг, нийт 692.600 төгрөгийг нэхэмжилж холбогдох баримтуудыг шүүхэд ирүүлжээ. Шүүх хэрэгт нотлох баримтуудыг шинжлэн судлахад хаан болон виза карт хугалсан асуудлыг Зөрчлийн тухай хуулиар шийдвэрлэсэн байх тул эрүүгийн хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар хохирлыг шийдвэрлэх үндэслэлгүй. 636.000 төгрөгний нэхэмжлэлийн хувьд эмчид үзүүлж ямар эм тариа хэрэглэх талаар бичсэн эмчлүүлэгчийн карт байхгүй, эмчилгээ хийсэн талаар Талын булаг эмнэлгийн сувилагч тодорхойлолт, мөн дэлгэц солих программ унших зардлын баримт зэрэг нь нотлох баримтын шаардлага хангаагүй тул нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хаан виза картны үнэ 56.600 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Хохирогч нь хохирлоо нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хугархай иргэний үнэмлэх, хаан банкны виза карт зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С.Э, Р.О нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Э, Р.О нарыг тус бүр 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч С.Э, Р.О нар нь торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд сард 75.000 төгрөгөөр тооцож хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Э, Р.О нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Э, Р.О нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Д.Отгонхоролын нэхэмжилсэн 692.600 төгрөг нэхэмжилснээс 636.000 төгрөгний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, 56.600 төгрөгний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дах хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хугархай иргэний үнэмлэх, хаан банкны виза карт зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
8. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
9. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАЙГАЛМАА