| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэвээнлхазалын Алтангадас |
| Хэргийн индекс | 171/2019/0177/Э |
| Дугаар | 0179 |
| Огноо | 2019-06-10 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Л.О |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 10 өдөр
Дугаар 0179
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Е
Улсын яллагч Л.О
Шүүгдэгч Ц.О нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.О-д холбогдох эрүүгийн 1925003030200 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
1.Шүүгдэгчийн биеийн байцаалт.
Хольдог овогт Ц.О,
2. Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.
Шүүгдэгч Ц.О нь 2019 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны бэлэн мөнгөний машинаас иргэн И.У-ын өөрийн 5094305199 дугаарын дансанд орлого хийсэн мөнгө буцаагдаж гарч ирсэнийг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшиж 315 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ц.О-д гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.О мэдүүлэхдээ “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.
Хохирогч И.У нь “шүүх хуралдаанд оролцохгүй, хохирол төлсөн, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байна.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1. Хохирогч И.У-ын ...“Би 2019 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 22 цагийн үед Хүрэнбулаг багийн 4-14-р байрны зүүн талд байрлах Хаан банкны бэлэн мөнгөний машинд 315.000 төгрөг өөрийн Хаан банкны 5094305199 дугаарын дансанд орлого болгон хийсэн боловч миний дансанд орлого болж ороогүй юм. Тэгээд 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Хаан банкны лавлахаас асуухад бэлэн мөнгө ороогүй байна, таны бэлэн мөнгөний машинд гүйлгээ хийж байгаа камерын бичлэгийг үзэхэд бэлэн мөнгөний машин таныг гарч явсаны дараа мөнгөө татаагүй буцаж гарч ирээд дараагийн үйлчлүүлэгч мөнгийг авсан байна гэсэн. Ц.О гэх хүнээс бэлнээр 315.000 төгрөг авсан. Гомдол саналгүй нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн7-9-р хуудас/
2. “Хаан банк” ХХК-ийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл. / хх-н 5-р хуудас /
3. “Хаан банк” ХХК-ийн 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 386 дугаартай албан бичиг. /хх-н 34-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үзэв.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Л.О дүгнэлтдээ “Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Л.О би Прокурорын тухай хуулийн 17, 19 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7, 35.24.1-д тус тус заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдох Ц.О-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс улсын яллагчаар оролцож дүгнэлт гаргаж байна. Шүүгдэгч Ц.О нь 2019 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны бэлэн мөнгөний машинд иргэн Уянгын дансанд хийсэн 315 000 төгрөг буцаж гарч ирснийг завшсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон. Мөн шүүгдэгч Одхүү нь гэм буруугийн асуудал дээрээ маргахгүй байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулах, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Сидиг хэрэгт хавсаргах, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх саналыг гаргаж байна” гэв.
Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч И.У-ын мэдүүлэг, Хаан банкны албан бичиг болон камерийн бичлэг, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Ц.Онь 2019 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны бэлэн мөнгөний машинаас иргэн И.У-ын өөрийн 5094305199 дугаарын дансанд орлого болгон хийсэн 315 000 төгрөг буцаж гарч ирснийг авч ашигласан үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Ц.О-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учирсан хохирлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, ял шийтгэлийг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгчид торгох ял оногдуулж, уг ялыг тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Хольдог овогт Ц.Ог Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл хөрөнгийг бусдын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.О-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.О-д оногдуулсан 450 000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд сар бүр 90000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.О-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АЛТАНГАДАС