| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдорж Золзаяа |
| Хэргийн индекс | 192/2025/02636/И |
| Дугаар | 210/МА2025/01622 |
| Огноо | 2025-09-24 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 09 сарын 24 өдөр
Дугаар 210/МА2025/01622
*******, *******нарын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн даргалж, шүүгч О.Одгэрэл, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 192/ШШ2025/05349 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч *******, *******нарын нэхэмжлэлтэй
Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох
Эд хөрөнгө битүүмжлэх, хураан авах тухай тогтоолыг хүчингүй болгуулах, битүүмжлэх эд хөрөнгийн жагсаалтаас хасуулж, чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч нарын нэхэмжлэл, тайлбарын агуулга:
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч *******нь 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр гэрт ирж, миний болон бусдын өмчлөлийн эд хөрөнгийг битүүмжлэн хураан авч, миний өмчлөх эрхийг зөрчиж байгаад гомдолтой байна. Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, ******* дүгээр байр, ******* тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгө нь *******болон миний өмчлөлийн эд хөрөнгө юм. *******аас төлбөр гаргуулах шийдвэрийг биелүүлж байгаа гэх боловч *******нэр нь л гэрчилгээнд байдаг болохоос түүний өмч биш. Иймд уг эд хөрөнгийг битүүмжлэх эд хөрөнгийн жагсаалтаас хасаж өгнө үү гэжээ.
2.Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 102/ШШ2024/00469 дугаар захирамжаар *******нараас 264,405,514 төгрөг гаргуулж, *******ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Уг захирамжийг албадан гүйцэтгүүлэх захирамж, гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан. 5 иргэний өмчлөлийн орон сууцыг 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 24250312/06 дугаар тогтоолоор битүүмжилж, 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 24250312/13 дугаар тогтоолоор хурааж, *******аас үнийн санал авахад үнэлгээ тогтоолгох хүсэлт гаргасан бөгөөд өмчлөгч *******, *******нар үнийн санал ирүүлээгүйгээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасан хугацаа дууссан тул ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 4/99 дүгээр тогтоолоор хураах тогтоолыг хүчингүй болгосон. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт заасны дагуу явагдсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох эд хөрөнгө битүүмжлэх, хураан авах тухай тогтоолыг хүчингүй болгуулах, битүүмжлэх эд хөрөнгийн жагсаалтаас хасуулж, чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч *******, *******нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгч *******, *******нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн.
4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
4.1.Шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлага хангаагүй.
Шийдвэрээр нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийг шүүх хуралдаанд биечлэн оролцуулаагүй, мэтгэлцэх зарчмыг хангаагүй хэргийг хянан шийдвэрлэсэн, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн. Анхан шатны шүүх хуралдааны товыг 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдөр утсаар мэдэгдсэн бөгөөд миний бие Налайх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд шүүх хуралдаантайгаа хэлсэн. Ингээд 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 10 цагт Налайх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд шүүх хуралдаантай байгаа тул тус шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг шүүхийн албан ёсны мэйл хаягаар явуулсан боловч шүүхээс уг хүсэлтийг хангахгүй орхиж шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн нь үндэслэлгүй, нэхэмжлэгч талын шүүх хуралдаанд биечлэн оролцож, мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлээгүй гэж үзэж байна.
4.2.Мөн тус шүүх хуралдаанд хариуцагчаас нотлох баримтууд өгсөн байгаа бөгөөд тухайн баримтуудтай нэхэмжлэгч тал танилцаагүй, баримттай холбоотой тайлбар хүсэлт гаргах боломжийг шүүхээс хангаагүй нь хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна.
Иймд анхан шатны тойргийн шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугааp зүйлийн 168.1.2, 168.1.3-т заасныг тус тус үндэслэн мөн хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д зааснаар хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.
5.Давж заалдах гомдолд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч удаа дараа шүүх хуралдааныг хойшлуулж байсан. Давж заалдах шатны шүүхээс шүүх хуралдааны товыг мэдэгдсэн, тов мэдэгдсэн баримтад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь гарын үсгээ зурж баталгаажуулсан. Гомдолдоо хариуцагч талаас ирүүлсэн нотлох баримттай нэхэмжлэгч тал танилцаагүй, баримттай холбогдуулан тайлбар, хүсэлт гаргах боломжоор хангаагүй, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг шүүх зөрчсөн гэж дурдсан байсан. Энэ нь нэхэмжлэгч талын хувийн зохион байгуулалтаас хамаарна.
Иймд гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хянан үзээд, гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаав.
2.Нэхэмжлэгч *******, *******нар нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан эд хөрөнгө битүүмжлэх, хураан авах тухай тогтоолыг хүчингүй болгуулах, битүүмжлэх эд хөрөнгийн жагсаалтаас хасуулж, чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3.2025 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 15 цаг 30 минутад шүүх хуралдаан товлогдсон байх ба нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******аас Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд мөн өдрийн 10 цагт шүүх хуралдаан товлогдсон гэсэн үндэслэлээр уг шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт гаргажээ.
Тус хүсэлт, түүнд хавсаргасан шүүхийн мэдэгдэх хуудсаас үзэхэд, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй гэх үндэслэлгүй байх ба тойргийн шүүхүүдийн шүүх хуралдаан эхлэх цагийг харьцуулах байдлаар шүүх хуралдаан давхцаагүй гэж шүүх дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2 дахь хэсэгт заасанд нийцээгүй байна.
Зохигч, төлөөлөгч буюу өмгөөлөгчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн нь анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.2-т заасан тул нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын энэ хэсгийг хангах үндэслэлтэй.
4.Харин хариуцагч талын нотлох баримтуудыг шүүх 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, улмаар хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдөр шийдвэрлэж, энэ талаар зохигч талуудад мэдэгдсэн байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т зааснаар хэргийн оролцогч нь хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж гарсны дараа хэргийн материалтай танилцах эрхтэй тул шүүх хуралдаанд хариуцагчаас нотлох баримтууд өгсөн, тухайн баримтуудтай нэхэмжлэгч тал танилцаагүй, баримттай холбоотой тайлбар хүсэлт гаргах боломжийг шүүхээс хангаагүй гэх гомдол үндэслэлгүй.
5.Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.2, 167 дугаар зүйлийн 167.1.5-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баянгол, Хан-Уул, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 192/ШШ2025/05349 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийн дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 08 дугаар сарын 26-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧИД О.ОДГЭРЭЛ
Д.ЗОЛЗАЯА