Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2025/02190

 

 

 

“*******” ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Ч.Цэнд, Ч.Мөнхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 192/ШШ2025/08098 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “*******” ХХК,

Хариуцагч: *******, ******* нарт холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 1,343,513,807 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Мөнхцэцэг илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч *******, түүний өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга:

1.1. “*******” ХХК болон ******* нарын хооронд 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдөр ЗГ/002 дугаар зээлийн гэрээ байгуулагдсан. Тус гэрээгээр 600,000,000 төгрөгийг жилийн 46.8 хувийн хүүтэйгээр 12 сарын хугацаагаар зээлсэн. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, Нийслэлийн ******* дүүргийн *******хороо, ******* гудамж, ******* байр, ******* тоот хаягт байршилтай, 95 м.кв талбайтай 4 өрөө орон сууц, зоорийн давхрын ******* тоот хаягт байршилтай, 10 м.кв талбайтай, автомашины зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, Нийслэлийн ******* дүүргийн ******* хороо, *******, ******* гудамж, ******* тоот хаягт байршилтай, 273.6 м.кв талбайтай, хувийн сууц, гараж зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг тус тус барьцаалсан.

1.2. “*******” ХХК нь *******ийн эзэмшлийн Хаан банк дахь ******* тоот дансанд 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 600,000,000 төгрөгийг шилжүүлж зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлсэн.

1.3. Хариуцагч зээлийн төлбөрийг зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх үүрэг хүлээсэн боловч зээл авснаас хойш 173,067,000 төгрөгийг төлж, үлдэгдэл төлбөрийг төлөлгүй 984 хоногоор хугацаа хэтрүүлэн гэрээний үүргээ зөрчсөн. Зээлийн гэрээний дагуу 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар үндсэн зээл 600,000,000 төгрөг, зээлийн хүү 617,853,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 125,660,807.03 төгрөг, нийт 1,343,513,807.03 төгрөгийн зээлийн өр төлбөртэй байна.

1.4. Иймд зээлийн гэрээний үүрэгт хариуцагч *******оос 1,343,513,807 төгрөгийг гаргуулж, *******, *******, ******* нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, Нийслэлийн ******* дүүргийн *******хороо, ******* гудамж, ******* байр, ******* тоот хаягт байршилтай, 95 м.кв талбайтай 4 өрөө орон сууц, зоорийн давхрын ******* тоот хаягт байршилтай, 10 м.кв талбайтай, автомашины зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, *******ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, Нийслэлийн ******* дүүргийн ******* хороо, *******, ******* гудамж, ******* тоот хаягт байршилтай, 273.6 м.кв талбайтай хувийн сууц, гараж зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдээр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* болон түүний өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Тухайн зээлийг өөрөө авч хэрэглэх зорилго байгаагүй. Би хөрөнгөө барьцаалаад төлбөрийг нь ******* төлөхөөр тохирсон. Энэ талаар ******* цагдаад мэдүүлсэн. Нэхэмжлэгч байгууллагын захирал ******* мэдэж байгаа. Байрныхаа гэрчилгээг эхнэрээсээ гуйгаад барьцаалуулаад, над руу орж ирсэн мөнгийг тэр дор нь ******* рүү шилжүүлсэн. Гэтэл гэнэт над руу н.******* гэдэг хүн залгаад “Та төлбөрөө төл” гэж хэлэхэд би ******* бүх зүйлээ над дээр үлдээчихсэн байсныг ойлгосон. Би зарим төлбөрүүдийг нь төлсөн. Тухайн үед ******* бүх үйл ажиллагаанд оролцож явж байгаад сүүлдээ зугтаасан. Улмаар би цагдаад өгсөн. Хэрэг прокурорын шатанд хянагдаж байгаа. ******* энэ асуудлыг хариуцах ёстой.

2.2. Тус гэрээнд “хэрэглээний зээл” гэж бичсэн байгаа боловч нэхэмжлэгч нь тус мөнгийг ******* хэрэглэж байсан гэдгийг тухайн цаг үед мэдэж байсан. Энэ нь хариуцагчийн тайлбараар мөн нотлогдож байна. Мөн зээл эргэн төлөгдөхгүй болсноос хойш хамтарсан уулзалтууд хийдэг байсан нь хариуцагчийн тайлбараас гадна бусад баримтаар нотлогддог. Үүнийг тодруулж байгаа шалтгаан нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.8-д зааснаар зээлийн гэрээнд заасан зориулалтаар зээлийг ашиглаж байгаа эсэхийг зээлдүүлэгч шалгаж, зээлдэгч зээлийг зориулалтын дагуу ашиглаагүй тохиолдолд зээлийн гэрээг нэг талын санаачилгаар цуцалж, олгосон зээлийг нэн даруй зээлдэгчээс төлөхийг шаардана. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч тухайн нөхцөл байдал илэрснээс хойш гэрээг цуцлаад, мөнгөө шаардах ёстой байсан. Анх 600,000,000 төгрөгийн зээл авсан байхад одоо 1,343,000,000 төгрөг шаардаж байгаа нь үндэслэлгүй.

2.3. Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд, *******д холбогдох ******* дугаар хэрэг бүртгэлтийн хэрэгт прокурорын шийдвэрээр барьцаа хөрөнгүүдийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан учраас барьцаа хөрөнгүүдийг өмчлөлд шилжүүлэх, мөн барьцааны гэрээний дагуу үүргийн гүйцэтгэлийг хангах боломжгүй нөхцөл байдал үүссэн. Тодруулбал, шүүхийн шийдвэр биелэгдэхгүй нөхцөл байдал үүснэ. Иймд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага мөн хууль зүйн үндэслэлгүй байна гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч *******оос 1,343,513,807 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “*******” ХХК-д олгож,

Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1-д тус тус зааснаар хариуцагч ******* шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд хариуцагч *******, ******* нарын өмчлөлийн барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, ******* дүүргийн ******* хороо, *******, ******* гудамж, ******* тоот хаягт байршилтай, 273.6 м.кв талбайтай, хувийн сууц, гараж зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, ******* дүүргийн *******хороо, ******* гудамж, ******* байр, ******* тоот, зоорийн давхар ******* тоот хаягт байршилтай, 95 м.кв, 10 м.кв талбайтай, 4 өрөө орон сууц, автомашины зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг тус тус худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7,103,670 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******оос улсын тэмдэгтийн хураамжид 6,875,519 төгрөг, хариуцагч *******ос улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “*******” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 4-т “Хариуцагч зээлийн гэрээний хүчин төгөлдөр байдал, зээлийн мөнгөн хөрөнгийг хүлээн авсан талаар болон зээлийн тооцооллын талаар маргаагүй, харин тухайн зээлийн мөнгөн хөрөнгийг бусдад залилуулсан талаарх гомдол мэдээллийн дагуу мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа гэх үндэслэлээр нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан” гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасныг зөрчсөн байна.

Учир нь “*******” ХХК-ийн захирал *******, ******* нь маргаан бүхий мөнгөн хөрөнгийг өөрийн “*******” ХХК-аас гаргахдаа Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлд зааснаар зохиомол байдал үүсгэж, хуурч, урьдын харилцааны явцад бий болсон *******, ******* нарын итгэлийг урвуулан ашиглаж залилах гэмт хэрэг үйлдсэн. Тухайн зээлийг би өөрөө авч хэрэглэх зорилго байгаагүй бөгөөд “*******” ХХК-ийн захирал ******* нь надад “Би туслаад өгье, зээл аваад өгөөч” гэж гуйсан ба тус зээлийг ******* төлөхөөр тохирсон тул өөрийн үл хөдлөх хөрөнгүүдийг барьцаалж зээл авч, зээлсэн мөнгийг шууд шилжүүлсэн. Тодруулбал, “*******” ХХК-ийн захирал *******, түүний хамаарал бүхий этгээдүүд болох н.*******, ******* нартай тохиролцож, би өөрийн нэр дээр зээл авч тэдэнд шилжүүлсэн боловч тус этгээдүүд зээлийг буцаан төлөөгүй, хариуцагч намайг залилсан. Миний бие зээлийн мөнгөн хөрөнгийг бусдад залилуулсан талаар гомдол мэдээлэл гаргасны дагуу мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна.

Иймд энэ үйл явдлыг салгаж шийдвэрлэх нь хариуцагчийн эрхийг ноцтойгоор зөрчих бөгөөд эрүүгийн болон иргэний журмаар шийдвэрлэж байгаа хэрэг нь “*******” ХХК-аас олгосон мөнгөн хөрөнгөтэй холбоотой нэг маргаан байх тул шүүх үүнийг анхаарахгүйгээр шийдвэрлэсэнд гомдолтой байна.

4.2. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 16-д “Хариуцагч *******ийн дээр дурдсан агуулгаар гаргасан гомдлын дагуу мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа нь нэхэмжлэгч “*******” ХХК-ийн хариуцагч *******, ******* нарт холбогдуулан гаргасан зээл, барьцааны гэрээний үүргийг шаардсан шаардлагатай холбоотой гэж үзэх үндэслэлгүй болно” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Учир нь *******д холбогдох залилах гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагаа явагдах болсон үндсэн шалтгаан нь “*******” ХХК-аас авсан зээл буюу мөнгөн хөрөнгөтэй холбоотой бөгөөд тус байгууллагаас авсан зээлийг хэн ашигласан эсэх, “*******” ХХК-ийн хувьцаа эзэмшигч, эцсийн өмчлөгч ******* уг зээлд холбоотой эсэх нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдоогүй байгаа бөгөөд тухайн асуудлыг зайлшгүй тогтоох шаардлагатай юм. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т зааснаар шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй.

Гэтэл анхан шатны шүүхээс “*******” ХХК-ийн захирал *******ыг гэм буруугүй, хамааралгүй гэж үзэж нэхэмжлэлтэй холбоотой хэрэг гэдгийг тайлбарлахдаа нэхэмжлэлийн шаардлагаар ойлгож хэргийг шийдвэрлэсэн. Зээл болон барьцааны үүргийг шаардсан нэхэмжлэл нь *******ын давуу байдал бий болгож өөрийн “*******” ХХК-аас зээл авхуулсан үйлдэлтэй шууд холбоотой бөгөөд энэ нь миний бие нэн даруй мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн үйлдлээр тогтоогдож байна. Үүнийг анхаарч, хууль зүйн дүгнэлт өгөөгүй.

4.3. Анхан шатны шүүх барьцаа хөрөнгүүдийг худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэсэн. Гэтэл *******д холбогдох ******* дугаар хэрэг бүртгэлтийн хэрэгт прокурорын шийдвэрээр тус хөрөнгүүдийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан тул хөрөнгүүдийг бусдын өмчлөлд шилжүүлэх, барьцааны дагуу үүргийн гүйцэтгэлийг хангах боломжгүй нөхцөл байдал үүссэн. Иймд нэхэмжлэлийн шаардлага хангагдах боломжгүй атал шүүх уг нөхцөл байдлыг харгалзаж үзэлгүй, хэрэгжих боломжгүй шийдвэр гаргасан.

4.4. Анхан шатны шүүх хэргийн бодит байдалд нийцсэн дүгнэлт хийгээгүй тухайд, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.8-д зааснаар зээлийг гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглах эсэхийг зээлдүүлэгч шалгах үүрэгтэй. Талуудын хооронд байгуулагдсан 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн зээлийн гэрээний 3.1-д “...зээлийг хэрэглээний зориулалтаар олгоно. Зээлийг энэ зориулалтаас өөрөөр ашиглахыг хориглоно.” гэж тусгасан. Өөрөөр хэлбэл, зээлдэгч тухайн зээлийг зөвхөн өөрийн хэрэгцээнд ашиглахаар тусгасан.

Гэтэл хууль болон гэрээнд заасны дагуу нэхэмжлэгч нь зээлийн гэрээг нэг талын санаачилгаар цуцлаагүй өдийг хүрж, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг их хэмжээгээр, үндэслэлгүйгээр тооцож шүүхэд хандсаныг шүүх харгалзаж үзээгүй.

4.5. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн өмгөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай хүсэлт гаргаж, хүсэлтдээ хариуцагч ******* нь *******д “*******” ХХК-аас 600,000,000 төгрөг авч өгч залилуулсан асуудлаар гаргасан гомдлын дагуу мөрдөн шалгах ажиллагаа хийгдэж байгаа талаарх “*******” ХХК-ийг иргэний нэхэмжлэгчээр тогтоосон прокурорын тогтоол, хэрэг бүртгэлийн хэрэг нээсэн тогтоол зэрэг баримтуудыг хавсаргасан.

Гэтэл шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 25801 дугаар захирамжаар тус мөрдөн шалгах ажиллагаа нь энэхүү иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай хамааралгүй хэмээн хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан нь хуульд нийцээгүй. Талуудын тайлбар, мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдсэн ажиллагаатай холбоотой баримтаас харахад тус хэрэг бүртгэлтийн хэрэг болон энэхүү иргэний хэрэг нь нэг утга агуулга бүхий маргаан болох нь харагддаг.

4.6. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргасан тухайд, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу шүүгчийн захирамжаар хэрэгт хамтран хариуцагчаар *******ыг татсан боловч түүнд эрх, үүрэг тайлбарлаагүй, нөлөөллийн мэдүүлэг хөтлөөгүй, хэргийн материал танилцуулаагүй буюу шүүхээс зайлшгүй хийгдэх ажиллагаанууд хийгдээгүйн улмаас бусдын шүүхийн өмнө эрх, тэгш байх, халдашгүй чөлөөтэй байх эрх зөрчигдсөн.

Мөн хэрэгт цугларсан баримтаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор барьцаалсан барьцаа хөрөнгийн хамтран өмчлөгчөөр ******* тогтоогдсон атал шүүх шийдвэртээ *******т холбогдох хэсэгт дүгнэлт хийгээгүй буюу түүний өмчлөх эрхийг хязгаарласан шийдвэр гаргасан. Өөрөөр хэлбэл, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангахад *******ийн эрх ашиг зөрчигдөхөөр байна. Хэрэгт *******т холбогдох хөрөнгийг захиран зарцуулах, түүний өмнөөс хэлцэл хийх, гэрээ байгуулах эрх олгосон гэх үйл баримт авагдаагүй буюу шүүх энэ талаар үндэслэл бүхий тайлбар хийгээгүй нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй гэж үзэж байна.

4.7. Нэхэмжлэлийн шаардлагаас харахад зээлдүүлэгч “*******” ХХК нь гэрээгээ цуцалж, зээлийн үлдэгдэл болон хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардаж байгаа бөгөөд нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2 удаа нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлдэг. Хэрэв гэрээгээ цуцалж, мөнгөө шаардаж буй тохиолдолд хүү болон нэмэгдүүлсэн хүү бодогдохгүй тул шаардлагаа нэмэгдүүлж буй нь үндэслэлгүй. Мөн шүүх нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авч, тус шаардлагатай холбоотой дүгнэлт хийхгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

4.8. Иймд анхан шатны шүүх хэргийн бодит байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримт бүрдээгүй байхад хэргийг шийдвэрлэж, талуудыг эрх тэгш мэтгэлцэх боломжоор хангаагүй, хэргийн бодит байдалд үнэн зөв дүгнэлт хийж чадаагүй, мөн хуулийг ноцтой зөрчсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны алдаа гаргасан байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга:

5.1. Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргаагүй. Хариуцагч тал “Зориулалтын дагуу ашиглаагүй байхад гэрээг тухайн үед нь цуцалж, шаардаагүй. Энэ нь хийсвэрээр хүү, алданги бодох нөхцөлийг бүрдүүлсэн. Үүнийг шүүх шалгаагүй” гэх агуулгаар гомдол гаргасан байдаг. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зориулалт гэдэг нөхцөл байхгүй. Зориулалтын дагуу ашиглаж байгаа эсэхийг шалгах үүргийг хуулиар хуульчлаагүй. Нөгөө талаар талуудын хооронд байгуулагдсан гэрээний 3.1-д хэрэглээний зориулалт гэж тэмдэглэсэн.

5.2. Эрүүгийн хэргийн материалаас хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлэг, хөрөнгө оруулалт авсан тухай болон эрүүгийн хэрэгтэй холбоотой баримтуудад ******* авсан зээлээрээ хөрөнгө оруулах зорилготой байсан гэж мэдүүлсэн байдаг. Гэтэл ******* гэх хүнд оруулсан хөрөнгө оруулалт нь амжилтгүй болсон учраас зээлээ төлөхгүй байж болохгүй.

5.3. 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн шүүгчийн захирамжаар *******ыг хариуцагчаар татсан. 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн итгэмжлэлээр *******ос *******ид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөх бүхий л эрхүүдийг олгосон. ******* өөрийгөө болон эхнэр *******ыг төлөөлөх бүрэн эрхийг эдэлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон. Энэ тухай тэмдэглэл, итгэмжлэл, хэргийн материалтай танилцсан баримтууд байгаа. Хариуцагч *******д хэргийн материал танилцуулаагүй, эрхийг нь хангаагүй гэх гомдол үндэслэлгүй.

5.4. Барьцааны зүйл болох эд хөрөнгүүд нь гурван хүний өмчлөлд байдаг гэдгийг анхнаасаа мэдэж байсан. Энэ талаар барьцааны тэмдэглэл үйлдэх мэдээлэлд тусгасан. Насанд хүрээгүй өмчлөгч буюу 12 настай хүүхдийг төлөөлж ээж ******* буюу асран хамгаалагч нь зээлийн гэрээ болон барьцааны гэрээнд гарын үсэг зурсан. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тухайн хүүхдийг ээж, аав хоёр нь хоёулаа төлөөлөн оролцож байгаа учраас асуудал байхгүй. Иймд ******* гэдэг хүний эрхийг зөрчсөн гэх гомдол үгүйсгэгдэнэ.

5.5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасан түдгэлзүүлэх үндэслэл бүрдсэн гэх агуулгаар гомдол гаргадаг. Хэрэгт авагдсан материалуудыг авч үзвэл ******* нь “*******” ХХК-аас зээлсэн мөнгөө *******д өгч залилуулсан гэх агуулгатай гомдол байдаг. ******* нь учирсан хохирлоо *******эс гаргуулах буюу *******д эрүүгийн хариуцлага ногдуулах тухай асуудал нь энэ зээлийн харилцаанаас тусдаа ойлголт. Энэ талаар шүүх зөв дүгнэсэн. Мөн *******д холбогдох эрүүгийн хэрэгт “*******” ХХК-ийг иргэний нэхэмжлэгчээр татсан зүйл байхгүй бөгөөд тухайн эрүүгийн хэрэгт нэхэмжлэгч ямар нэгэн байдлаар холбоо хамааралгүй.

5.6. Хариуцагч “нэхэмжлэгч гэрээ цуцалсан учраас гэрээг цуцалснаас хойших хугацааны хүү, алданги, нэмэгдүүлсэн хүү бодох ёсгүй” гэх агуулгаар гомдол гаргасан. Хэрэгт авагдсан баримтаар гэрээг цуцалсан буюу гэрээг цуцлахтай холбоотойгоор нэгэндээ мэдэгдэл өгсөн, авсан гэх үйл баримт байхгүй. Гэрээний үүргийг биелүүлэх өдөр гэрээний үүргээ биелүүлээгүй учраас шаардлага тавьсан бөгөөд хариуцагч талаас 04 дүгээр сарын 30-ны өдөр дуусгавар болно гэж гараар бичиж гэрээний хугацааг сунгасан. Гэрээний хугацааг сунгасан боловч зээлээ төлөөгүй учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэрээг цуцалсан, гэрээнээс татгалзсан гэх харилцаа үүсээгүй.

5.7. Иймд хариуцагч талын гаргасан гомдол хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй, бодит байдалд нийцэхгүй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар хэргийг бүхэлд нь хянаад хариуцагч талын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,343,513,807 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан журмаар үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоожээ. Үүнд:

3.1. “*******” ХХК болон ******* нарын хооронд 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр зээлдүүлэгч “*******” ХХК нь 600,000,000 төгрөгийг жилийн 46.8 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлдүүлэх, зээлдэгч ******* нь зээл, зээлийн хүүг хуваарийн дагуу төлөхөөр харилцан тохиролцсон байна. /1хх-ийн 15-16-р тал/

 

3.2. “*******” ХХК нь уг зээлийн гэрээний дагуу 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 600,000,000 төгрөгийг *******ийн эзэмшлийн Хаан банк дахь ******* тоот дансанд шилжүүлэн өгсөн. /1хх-ийн 25-р тал/

 

3.3. ******* нь зээлийн гэрээний дагуу 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 23,400,000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 23,400,000 төгрөг, 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 23,400,000 төгрөг, 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдөр 23,400,000 төгрөг, 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 79,467,000 төгрөг буюу нийт   173,067,000 төгрөгийг төлсөн байна. /1хх-ийн 34-*******-р тал/

 

3.4. Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдсан, уг гэрээ хүчин төгөлдөр талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

3.5. Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор “*******” ХХК нь *******, *******, ******* нартай 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдөр барьцааны гэрээ байгуулж, *******, *******, ******* нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, Нийслэлийн ******* дүүргийн *******хороо, ******* гудамж, ******* байр, ******* тоот хаягт байршилтай, 95 м.кв талбайтай 4 өрөө орон сууц, зоорийн давхрын ******* тоот хаягт байршилтай, 10 м.кв талбайтай, автомашины зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн *******ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, ******* дүүргийн ******* хороо, *******, ******* гудамж, ******* тоот хаягт байршилтай, 273.6 м.кв талбайтай, хувийн сууц, гараж зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг тус тус барьцаалсан байна. /1хх-ийн 17-21, 23-р тал/

 

3.6. Дээрх барьцааны гэрээг бичгээр байгуулж, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааг улсын бүртгэлд бүртгүүлсэн нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-т тус тус заасанд нийцсэн, гэрээ хүчин төгөлдөр талаарх анхан шатны шүүхийн эрх зүйн дүгнэлт зөв байна.

 

4. Анхан шатны шүүх хариуцагчаас зээлийн төлбөрийг гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх боловч зээлийн хүүний тооцооллыг буруу дүгнэсэн байгааг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой гэж үзлээ.

 

4.1. Нэхэмжлэгч “*******” ХХК нь үндсэн зээлд 600,000,000 төгрөг, зээлийн хүүнд 617,853,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 125,660,807 төгрөг, нийт 1,343,513,807 төгрөгийг шаардсан.

 

4.2. 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөж байгаа Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3-т “Зээлийн хүүгийн хэмжээг бодох, тооцох аргачлалыг Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо хамтран баталж, хэрэгжилтэд нь хяналт тавина”, Монгол банкны Ерөнхийлөгчийн 2018 оны А/203 дугаар тушаалаар баталсан “Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журам”-ын хавсралтын 2 дугаар зүйлийн 2.2-т “Хүү бодох давтамж нь хагас жилээр бол жилийн хүүг 2-т, улирлаар бол жилийн хүүг 4-т, сараар бол жилийн хүүг 12-т, өдрөөр бол жилийн хүүг 365-т хувааж хуанлийн хуваарийн дагуу ашигласан хоногоор тооцно” гэж тус тус заасан.

 

Талуудын байгуулсан 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн ЗГ/002 дугаар зээлийн гэрээний 3.1-д “...ББСБ нь Зээлдэгчид 600,000,000 төгрөгийн зээлийг жилийн 46.8 хувийн хүүтэй хэрэглээний зориулалтаар олгоно...”, 3.2-т “...Хугацааг жилийн 365 хоногоор төлөөлүүлэн тооцно...” гэж тохиролцсон байна.

 

Иймд банк бус санхүүгийн байгууллагын зээлийн хүүг 365 хоногоор тооцохоор байна.

 

4.3. Гэтэл нэхэмжлэгч нь гэрээндээ хүүг жилийн 365 хоногоор төлөөлүүлэн тооцохоор тохирсон атлаа эргэн төлөлтийн хуваарийг батлахдаа сараар хүүг тооцох, сарыг 30 хоногоор төлөөлүүлэн тооцсоноор зээлийн хүүний тооцоолол алдаатай болжээ.

 

4.4. Хариуцагч ******* нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээлээс төлөлт хийгээгүй тул 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хүртэлх буюу зээл ашигласан нийт хугацаанд тооцогдох хүүг хоногоор тооцвол 780,085,431 төгрөг төлөхөөс хүүнд төлсөн 173,067,000 төгрөгийг хасаж тооцоход зээлийн хүү нь 607,018,431 төгрөгийн үлдэгдэлтэй байна.

 

4.5. Зээлийн гэрээний 2.4-т нэмэгдүүлсэн хүү нь зээлийн хүүний 20 хувь байна гэж тохирсон байх тул нэмэгдүүлсэн хүүний хэмжээ нь зээлийн хүү 46.8 хувийн 20 хувь гэж үзэхэд жилийн 9,36 хувь байна.

 

Зээлийн эргэн төлөлтийг тэнцүү төлөлттэй буюу зээлийн хүү, үндсэн зээлийн хамт сар бүр 63,600,000 төгрөг төлөхөөр тохиролцсон боловч зээлдэгч нь үндсэн зээлээс төлөлт хийгээгүй тул эргэн төлөлтийн хуваарийн дагуу хугацаандаа төлөгдөөгүй зээлийн дүн × Зарласан хүүний хувь × Нэмэгдүүлсэн хүүний хувь × Хугацаа хэтэрсэн хоног гэсэн томьёогоор бодож, 125,660,807 төгрөг шаардсан нь дээрх хүү тооцох аргачлалд нийцжээ.

 

4.6. Иймд хариуцагч талын “зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг илүү тооцсон” гэх агуулгаар гаргасан гомдлыг хүлээн авч, хариуцагч *******оос үндсэн зээлд 600,000,000 төгрөг, зээлийн хүүнд 607,018,431 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 125,660,807 төгрөг, нийт 1,332,679,238 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “*******” ХХК-д олгосон өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулна.

 

5. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана.” гэж заасан.

 

5.1. Талуудын байгуулсан барьцааны гэрээ нь хүчин төгөлдөр хэлцэл тул тус барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүх шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

 

6. Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын бусад хэсгийг хангах үндэслэлгүй байна.

 

6.1. Хариуцагч ******* нь уг зээлийг өөртөө авч ашиглаагүй, тухайн зээл нь нэхэмжлэгч банк бус санхүүгийн байгууллагын захирал *******ын хамаарал бүхий этгээд болох *******тэй холбоотой гэх агуулгаар татгалзал, тайлбар гаргаж, хариуцагч тал нь *******ийн зүгээс *******д холбогдуулан гаргасан гомдлын дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа эрүүгийн хэргийг шийдвэрлэхээс өмнө энэ хэргийг шийдвэрлэх боломжгүй гэсэн үндэслэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх үндэслэлтэй, мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д заасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах зохицуулалтын хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжгүй байсан гэх агуулгаар гомдол гаргасан.

 

Хариуцагч *******оос гаргасан “******* нь жонш баяжуулах үйлдвэрт хамтран ажиллая хөрөнгө оруулаач гэхээр нь 2022 оны 04 дүгээр сараас 2022 оны 08 дугаар сарын хооронд нийт 1,195,000,000 төгрөг шилжүүлсэн боловч одоо болтол мөнгө өгөхгүй утсаа авахгүй алга болсон” гэх гомдлын хүрээнд хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд үүссэн зээлийн гэрээний харилцааг эрүүгийн журмаар шалгаж байгаа дээрх асуудалтай холбоотой гэж үзэх үндэслэлгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д заасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах, мөн хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тохиолдлуудад хамаарахгүй ба энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байна.

 

6.2. Мөн хариуцагч тал “барьцаа хөрөнгийн хамтран өмчлөгч *******ийн өмчлөх эрхийг хязгаарласан, хэрэгт авагдсан баримтаар *******т холбогдох хөрөнгийг захиран зарцуулах, түүний өмнөөс гэрээ байгуулах эрх олгосон гэх үйл баримт тогтоогдоогүй, энэ талаар шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй” гэх агуулгаар давж заалдах гомдол гаргасан.

 

Анхан шатны шүүх барьцаа хөрөнгөтэй холбоотой шаардлагын хүрээнд барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдал, барьцааны зүйлийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн.

 

Өөрөөр хэлбэл, барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, Нийслэлийн ******* дүүргийн *******хороо, ******* гудамж, ******* байр, ******* тоот хаягт байршилтай, 95 м.кв талбайтай 4 өрөө орон сууц, зоорийн давхрын ******* тоот хаягт байршилтай, 10 м.кв талбайтай автомашины зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд ******* бүртгэлтэй байгаа боловч ******* нь насанд хүрээгүй тул түүнийг төлөөлөн хууль ёсны төлөөлөгч нар нь 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн барьцааны гэрээг “*******” ХХК-тай байгуулсан, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөн оролцож байгаа учраас түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөхөөр шийдвэр гаргасан гэж үзэхгүй.

 

6.3. Түүнчлэн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 192/ШЗ2025/07467 дугаар шүүгчийн захирамжаар тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамтран хариуцагчаар *******ыг татан оролцуулахаар шийдвэрлэсэн байх ба хариуцагч *******ос *******ид олгосон 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн итгэмжлэлийн дагуу ******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд түүнийг төлөөлөн оролцсон байх тул анхан шатны шүүх хариуцагч *******д эрх, үүрэг тайлбарлаагүй, хэргийн материал танилцуулаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлгүй.

 

7. Анхан шатны шүүхийн нэхэмжлэлийн шаардлагаас хангаж шийдвэрлэсэн мөнгөн дүнд өөрчлөлт оруулж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтад мөн зохих өөрчлөлтийг оруулна.

 

8. Дээрх үндэслэлээр хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 192/ШШ2025/08098 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

 

1 дэх заалтын “...хариуцагч *******оос 1,343,513,807 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “*******” ХХК-д олгосугай.” гэснийг “хариуцагч *******оос 1,332,679,238 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “*******” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 10,834,569 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,

3 дахь заалтын “...6,875,519...” гэснийг “6,821,346” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 6,875,520 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Д.ЗОЛЗАЯА

 

                                                               ШҮҮГЧИД                                     Ч.ЦЭНД

 

                                               Ч.МӨНХЦЭЦЭГ