| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатар Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 101/2024/10008/И |
| Дугаар | 210/МА2025/02181 |
| Огноо | 2025-12-17 |
| Маргааны төрөл | Хэлцэлийг хүчин төгөлдөр бусд тооцох, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 12 сарын 17 өдөр
Дугаар 210/МА2025/02181
*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Б.Азбаяр, Ч.Мөнхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 191/ШШ2025/09015 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******,
Хариуцагч: *******д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн, ******* дүүрэг, ******* хороо, *******, ******* байр, ******* тоот хаягт байрлах, 31 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг буцаан шилжүүлэхийг даалгах тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Мөнхцэцэг илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, *******, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга:
1.1. Миний бие ******* дүүрэг, ******* хороо, *******, ******* байр, ******* тоот хаягт байрлах, 31 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг 2013 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр иргэн *******аас худалдан авч хууль ёсны өмчлөгч болсон бөгөөд 2013 оноос хойш өнөөдрийг хүртэл бусдад түрээслүүлж байна.
1.2. Миний төрсөн эгч *******ын гуйлтаар түүний охин *******йг Канад Улсын их сургуульд суралцуулахаар боловсролын зээлийн сангийн зээлд хамрагдуулахын тулд хөрөнгийн баталгаа гаргах, орон сууцны өмчлөгчөөр *******г харагдуулах зорилгоор миний бие *******тай 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээ байгуулан өөрийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн, ******* дүүрэг, ******* хороо, *******, ******* байр, ******* тоот хаягт байрлах, 31 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг түүнд шилжүүлсэн.
Өөрөөр хэлбэл, миний бие өөрийн өмчлөлийн орон сууцны өмчлөх эрхийг *******гийн өмчлөлд бүр мөсөн үлдээх, орон сууцыг түүнд бэлэглэх ямар ч шалтгаан, хүсэл зориг байгаагүй бөгөөд уг орон сууцыг бэлэглэж буй мэтээр дүр үзүүлж уг гэрээг байгуулсан. Уг сууцны өмчлөх эрхийг 1 жилийн дотор буюу Канад Улсын виз гарсан даруй буцаан шилжүүлнэ хэмээн надад итгүүлсэн.
1.3. Улмаар ******* нь Боловсролын зээлийн сангийн хөтөлбөрт хамрагдаж Канад Улсын Торонтогийн их сургуульд суралцахаар явсан боловч ******* нь дүр үзүүлэн хийсэн бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэн авсан үл хөлдөх эд хөрөнгийг надад буцаан шилжүүлж өгөөгүй. Тодруулбал, ******* нь өөрийн дүү *******йг Боловсролын зээлийн сангийн зээлийн хөтөлбөрт хамрагдахад үл хөдлөх хөрөнгөтэй мэт дүр үзүүлж, хөрөнгийн баталгаа гаргах зорилгоор надтай бэлэглэлийн гэрээ байгуулан шилжүүлж авсан миний өмчлөлийн орон сууцны өмчлөх эрхийг буцаан шилжүүлэхээс татгалзаж, хэл амаар доромжлох болсон.
1.4. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т дүр үзүүлэн хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байхаар заасан ба бидний хооронд байгуулагдсан 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээ нь “бэлэглэж буй мэтээр” дүр үзүүлэн хийсэн хэлцэл бөгөөд тус хэлцэл нь хүчин төгөлдөр бус гэдгийг эгч *******, түүний охин *******, ******* нар нь бүгд мэдэж байсан.
1.5. Иймд 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдөр байгуулагдсан Үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн, ******* дүүрэг, ******* хороо, *******, ******* байр, ******* тоот хаягт байрлах, 31 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг надад буцаан шилжүүлэхийг хариуцагч *******д даалгаж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1. ******* нь надад холбогдуулан 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдөр адил шаардлага бүхий 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан ба тус шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 101/ШШ2024/02216 дугаар шийдвэрээр хэргийг хянан шийдвэрлэсэн.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д тухайн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа бол нэхэмжлэлийг шүүх хүлээн авахаас татгалзахаар заасан байдаг ба мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.4-т “Зохигч ба хэргийн бусад оролцогч, түүнчлэн тэдгээрийн эрх залгамжлагч шүүхээр нэгэнт хянан шийдвэрлэгдсэн маргааны талаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй” гэж заасан.
2.2. ******* нь надтай 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдөр бүртгэлийн 1247 дугаар бүхий Үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээ байгуулан эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн, ******* дүүрэг, ******* хороо, *******, ******* байр, ******* тоот хаягт байрлах, 31 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг миний өмчлөлд шилжүүлсэн ба энэхүү гэрээний зорилт, агуулгад бэлэглэж буй мэтээр дүр эсгэн гүйцэтгэсэн зүйл байхгүй.
2.3. Мөн энэхүү хэлцэл нь хүчин төгөлдөр тухайд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 101/ШШ2024/02216 дугаар шийдвэрт тусгагдсан байгаа учир хүчин төгөлдөр байгуулагдсан бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.5-д тус тус зааснаар 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн бүртгэлийн 1247 дугаар бүхий Үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн, ******* дүүрэг, ******* хороо, *******, ******* байр, ******* тоот хаягт байрлах, 31 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг нэхэмжлэгч *******ын өмчлөлд буцаан шилжүүлэхийг хариуцагч *******д даалгаж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 378,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 378,150 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн талаар:
*******, ******* нарын байгуулсан 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 1247 дугаар бүхий Үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр эсэх талаар дүгнэсэн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хариуцагч талаас нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр хэрэгт гаргаж өгсөн байхад шүүхээс уг баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар үнэлээгүй, мөн тус хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасныг хэрэгжүүлэхгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн.
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй иргэний хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгч талаас бэлэглэлийн гэрээг байгуулахдаа дүр үзүүлсэн байдлыг нотолж чадаагүй, мөн хариуцагч ******* нь бэлэглэгчийг ноцтой гомдоосон үйлдэл тогтоогдохгүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байдаг.
Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед гарсан шүүгчийн захирамжид хэргийн оролцогчийн гаргасан гомдлыг хянан хэлэлцээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлд заасан үндэслэлээр захирамжийг хүчингүй болгосон Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 191/ШТ2025/00685 дугаар тогтоолыг эцсийн шийдвэр гэж үзэх боломжгүй. Учир нь тухайн шийдвэрийг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтоосон, шийдвэрлэсэн эцсийн шийдвэр гэж үзэхгүйн зэрэгцээ, нотлох баримт үнэлэх зарчмын дагуу хөдөлбөргүй үнэн баримт гэж үзэхгүй.
Гэтэл анхан шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасан нэхэмжлэлд дурдсан үйл баримтын талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл тогтоогдсон байхад уг нөхцөлд үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй, хэрэглэх ёстой хуулийг хэрэглэхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, ******* болон ******* нарын хооронд байгуулагдсан бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр эсэх асуудлын талаар анхан шатны шүүх 2 удаа хянаж шийдвэрлэсэн байх ба энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэл болно.
4.2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн талаар:
Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 8-д “...нэхэмжлэгч нь *******гийн зээлийн гэрээний үүрэгт барьцаалуулахыг зөвшөөрч, өмчлөх эрх шилжүүлсэн гэх тайлбар тогтоогдсон. Өөрөөр хэлбэл, зээлийн гэрээний үүрэгт барьцаалуулах хүсэл зориг байсан бөгөөд харин өмчлөх эрхийг бодит байдалд шилжүүлэх хүсэл зориг байсан гэдэг нь нотлогдохгүй байна” гэж дүгнээд бэлэглэлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцсоныг үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь өмчлөлд буй эд хөрөнгөө ашиглах буюу барьцаалах эрх нь өмчлөгчийн салгаж үл болох эрх бөгөөд ******* нь өмчлөгчийн эрхээ хэрэгжүүлж дүү *******гийн зээлийн гэрээний үүрэгт барьцаалсан үйл баримтад тулгуурлан ******* нь өмчлөх эрхийг шилжүүлэх хүсэлгүй байсан гэж тайлбарласныг үндэслэн уг дүгнэлтийг хийсэн нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.
Түүнчлэн хэрэгт ач холбогдолтой нөхцөл байдлыг шүүх анхаарч үзээгүй бөгөөд үндэслэх хэсэгтээ “бусдын зээлийн гэрээний үүрэгт барьцаалуулахаар бэлэглэлийн гэрээ байгуулж байгаа тохиолдолд үүнийг нотариатчид мэдэгдэх шаардлага тавигдахгүй” гэжээ. Гэтэл Нотариатын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.1-д зааснаар үйлчлүүлэгчид эрх, үүргийг нь тайлбарлан, тухайн үйлдлийг өөрийн хүсэл зоригийн дагуу хэрэгжүүлж байгаа эсэхийг тодруулан, эрх зүйн үр дагавар, хууль зүйн ач холбогдлыг тайлбарлаж зөвлөгөө өгөх нь нотариатчийн үүрэг бөгөөд энэхүү гэрээг байгуулахад нотариатч уг үүргээ хэрэгжүүлээгүй, өмчлөх эрхээ шилжүүлж байгаа гэдгээ ойлгож ухамсарлаагүй, зөвхөн барьцаалуулах зорилготой байсан талаар ******* нэхэмжлэлдээ тайлбарлаагүй, нотариатчийг хариуцагчаар татаагүй тул түүнд холбогдох эрх, үүргийг нотариатч тайлбарлан өгсөн гэж үзэхээр байна.
******* нь өөрийн төрсөн эгчийн хүүхэд болох *******д маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэхийг хүсэж, үүнээс гарах эрх зүйн үр дагаврыг бодитойгоор ухамсарласан гэж үзэх үндэслэлтэй.
4.3. Иймд анхан шатны шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга:
5.1. Хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан гэж тайлбарласан. Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д заасны дагуу хэлцэл гэдэг нь хүсэл зоригийн илэрхийлэл бөгөөд *******гийн өмчлөлд шилжүүлж, захиран зарцуулах эрх олгох хүсэл зориг нэхэмжлэгч *******од байгаагүй. *******гийн дүүг гадагшаа суралцахаар боловсролын зээлийн сангийн зээлд хамрагдахад нь барьцаа болгох зорилгоор 1 жилийн хугацаатай түр нэр дээр нь шилжүүлэх хүсэл зориг байсан. Хариуцагчийн өмчлөлд бүрмөсөн шилжүүлэх хүсэл зориг байгаагүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон. Анхан шатны шүүх дүр үзүүлж хийсэн хэлцэл гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болсон.
5.2. *******гийн аав *******од тусалж байсан гэх зүйл яригддаг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д тус тус заасны дагуу татгалзлын үндэслэлээ баримтаар нотлоогүй. Хэзээ, хэрхэн тусалсных нь хариуд ******* өмчлөх эрхээ шилжүүлсэн эсэх нь ойлгомжгүй.
5.3. Нотариатын тухай хуульд нийцсэн гэх үндэслэлээр хэлцлийг хүчин төгөлдөрт тооцох хууль зүйн үндэслэл байхгүй. Хэлцэл хүчин төгөлдөр эсэх асуудал нь Иргэний хуулийн холбогдох зохицуулалтаар зохицуулагдана. Нотариатын тухай хуулиар тухайн гэрээг гэрчлэхтэй холбоотой процессын асуудлыг зохицуулна. Иймд нотариат дээр очиж гэрчлүүлснээр гэрээг хүчин төгөлдөрт тооцно гэж давж заалдах гомдол гаргасан нь үндэслэлгүй.
5.4. Өмнө нь шийдвэрлэсэн гэх гомдлын тухайд, хариуцагчийн татгалзлын асуудлын хүрээнд хэргийг хэрэгсэхгүй болгосон захирамжид нэхэмжлэгч тал гомдол гаргахад шүүх тухайн 2 асуудал тусдаа гэж дүгнэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 171 дүгээр зүйлийн 171.2-т заасны дагуу шийдвэрээ гаргасан. Тус шийдвэр эцсийнх учраас өмнө нь шийдвэрлэгдсэн эсэх асуудлыг дахин дүгнэх, хэлэлцэх хууль зүйн үндэслэл байхгүй. Өмнө нь шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт хэлцэл хүчин төгөлдөр эсэх асуудлаар дүгнэлт хийгээгүй байсан.
5.5. Дүүдээ барьцаа болгохоор байрыг нь гуйж түр шилжүүлж авсан атлаа одоо байрыг нь буцааж өгөхгүй, өмнө нь буруу нэхэмжлэл гаргасан учраас одоо өгөхгүй гэж маргаж байгаа нь шударга ёсны зарчимд нийцэхгүй.
5.6. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн, ******* дүүрэг, ******* хороо, *******, ******* байр, ******* тоот хаягт байрлах, 31 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг буцаан шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
2.1. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ “хариуцагч *******гийн дүү *******йг Боловсролын зээлийн сангийн зээлд хамрагдуулахын тулд хөрөнгийн баталгаа гаргах зорилгоор хариуцагчтай 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн бэлэглэлийн гэрээг байгуулж, өөрийн өмчлөлийн орон сууцыг түүний нэр дээр шилжүүлсэн, орон сууцыг хариуцагчийн өмчлөлд бүрмөсөн шилжүүлэх хүсэл зориг байгаагүй” гэх агуулгаар тодорхойлж, талуудын хооронд байгуулагдсан бэлэглэлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэлд тооцуулж, маргаан бүхий орон сууцыг буцаан шилжүүлж авахаар шаардсан.
2.2. Хариуцагч ******* нь “бэлэглэлийн гэрээ нь талуудын хүсэл зоригийн дагуу байгуулагдаж, нотариатчаар гэрчлүүлсэн тул хүчин төгөлдөр, хариуцагчийн аав нэхэмжлэгчид өмнө нь тусалж байсан учраас тус орон сууцыг бэлэглэсэн, мөн уг маргааныг өмнө нь шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа” гэх агуулгаар татгалзлын үндэслэлээ тайлбарласан.
3. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан журмаар үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоожээ. Үүнд:
3.1. ******* нь *******тай 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээ байгуулж, гэрээний дагуу ******* нь эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн, ******* дүүрэг, ******* хороо, *******, ******* байр, ******* тоот хаягт байрлах, 31 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдөр бүртгэгдсэн байна. /1хх-ийн 156, 163-165, 167-р тал/
3.2. ******* нь дээрх үл хөдлөх эд хөрөнгөө *******гийн 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 2023/43 дугаар Гадаадад суралцагчид олгох сургалтын зээл, тэтгэлгийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгон мөн өдрийн 2023/44 дугаар Гадаадад суралцагчдад сургалтын зээл, тэтгэлэг олгох гэрээний хавсралт үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээгээр барьцаалжээ. /1хх-ийн 170-179-р тал/
3.3. ******* нь *******д холбогдуулан, бэлэглэгчийг ноцтой гомдоосон гэх үндэслэлээр бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл шүүхэд гаргасан, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 101/ШШ2024/02216 дугаар шийдвэрээр “нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаар нотлоогүй, *******, ******* нарын харилцсан гэх зурваст бэлэглэгчийг ноцтой гомдоосон гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба уг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байна.
4. Анхан шатны шүүх “нэхэмжлэгч нь *******гийн зээлийн гэрээний үүрэгт барьцаалуулахыг зөвшөөрч өмчлөх эрхээ шилжүүлсэн буюу өмчлөх эрхийг бодит байдалд шилжүүлэх хүсэл зориг байсан гэдэг нь нотлогдохгүй байна. Иймд бэлэглэлийн гэрээг дүр үзүүлж, өмчлөх эрх шилжүүлэх зорилгогүйгээр байгуулсан гэж үзэх үндэслэлтэй тул уг гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцно” гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй байна.
4.1. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан үзлэгийн тэмдэглэлийг нотлох баримтаар үнэлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т нийцээгүй байна. Учир нь, хамаарал бүхий этгээдүүдийн харилцсан зурвас нь тухайн маргаанд хамааралтай, ач холбогдолтой байна.
Тухайлбал, үзлэгийн тэмдэглэлээр баталгаажуулсан зурвасанд “******* гэсэн хаягнаас ирүүлсэн “...“Та шүүхээр явсанд агаа нилээн гомдолтой байгаа... Ямар ч байсан байрыг авах зорилго байхгүй”..., “Тэр ******* дүүргийн ******* дүгээр байрны ******* тоот тухай ******* учир зүйгээ олох гээд болдоггүй. Уул нь танай ээжийн хүсэлтээр *******гийн нэр дээр шилжүүлснийг чи мэдэж байгаа тийм үү гэхэд тийм...” гэсэн хэсэг, ******* гэсэн хаягнаас “... 2.Байрыг чинь авахгүй бүү санаа зов, чамайг хэн шүүх цагдаагаар яв гэсэн юм. Дээд талын хугацаа жилийн дараа өгнө...”, “... Цаг хугацаа хэрэгтэй байгаад байна, байрыг бол авах сонирхол байхгүй...”, “... чиний байрыг хэзээ ч бид авахгүй надад итгэ за юу...” гэсэн хэсэг, ******* гэсэн хаягнаас “...Би чамайг хэлсэн хэлээгүй гарах үедээ гарчихна. Битгий санаа зов...” гэсэн хэсгээс үзвэл 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан бэлэглэлийн гэрээгээр бэлэг хүлээн авагчийн өмчлөлд хөрөнгийг бүрэн шилжүүлэн өгөх зорилгогүй байсан гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй байна. /1хх-ийн 66-70, 200-201-р тал/
Харин хариуцагч нь дээрх зурвасны талаар маргаагүй, няцаах нотлох баримт гаргаагүй байна.
4.2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл нь тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус, тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, хэлцэл хийсэн гэж харагдахаар зөвхөн гадаад илэрхийллийг бий болгохын тулд хийгддэг. Маргааны зүйл болж буй тухайн үл хөдлөх хөрөнгийг нэхэмжлэгч нь хариуцагчид гэрээний үндсэн дээр бэлэглэх хүсэл зоригийг агуулаагүй. Харин бэлэг хүлээн авагчийн санхүүгийн чадвартай холбоотой бэлэглэгчээс тухайн хөрөнгийг түүнд шилжүүлсэн гэж үзэхээр байна.
Иймд анхан шатны шүүх талуудын хооронд байгуулсан гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж дүгнэсэн нь зөв.
4.3. Ийнхүү талуудын хооронд байгуулагдсан бэлэглэлийн гэрээ нь хүчин төгөлдөр бус байх хэлцэл учраас нэхэмжлэгч ******* нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагчийн өмчлөлд байгаа орон сууцыг өөрийн өмчлөлд буцаан шилжүүлэхээр шаардах эрхтэй тул “бэлэглэлийн гэрээ нь талуудын хүсэл зоригийн дагуу байгуулагдаж, нотариатчаар гэрчлүүлсэн тул хүчин төгөлдөр” гэх хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авахгүй.
5. Хариуцагчийн өмгөөлөгчийн “тус хэргийг өмнө нь шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэртэй учраас дахин шийдвэрлэх боломжгүй” гэх агуулгаар гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.
5.1. Учир нь нэхэмжлэгч ******* Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1-д заасан бэлэг хүлээн авагч нь бэлэглэгчийг ноцтой гомдоосон үйлдэл хийсэн гэх үндэслэлээр бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 101/ШШ2024/02216 дугаар шийдвэрээр бэлэглэгчийг ноцтой гомдоосон гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа талаар дүгнэж, Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн байгаа учраас энэ хэрэгт гаргасан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлтэй хамаарахгүй буюу өмнө нь шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
5.2. Түүнчлэн, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 191/ШЗ2025/29260 дугаар захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгч талын гаргасан гомдлын дагуу хянан хэлэлцээд тус шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 191/ШТ2025/00685 дугаар тогтоолоор тус шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 171 дүгээр зүйлийн 171.2-т зааснаар эцсийн шийдвэр байна.
Иймд энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй.
6. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсгийг баримталсан нь оновчгүй болсон байх тул шаардах эрхийн зохицуулалт болох мөн хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх заалтыг баримталсан өөрчлөлт шийдвэрт оруулах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д заасантай нийцнэ.
7. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 191/ШШ2025/09015 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтын “56.5” гэснийг “492 дугаар зүйлийн 492.1.1” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 378,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД
ШҮҮГЧИД Б.АЗБАЯР
Ч.МӨНХЦЭЦЭГ