Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 0261

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж

 

Улсын яллагч Б.Ж

Шүүгдэгч Г.Э

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.О

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Орхон аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Э-д холбогдох эрүүгийн 1925001010104 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Г.Э

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч Г.Э нь 2019 оны 02 сарын 06-ны өдөр согтуугаар 01-03 АРХ улсын дугаартай гранд марк 2 маркын автомашин жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний 3.7.а. “согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”-ыг хориглоно, 3.4.6 “хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх”, 12.4 “тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно”, 11.3 “эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэд түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчиж Орхон аймгийн Баян-Өндөр сумын Булаг, Наран багийн дунд байрлах төв авто замын гэрэлтүүлгийн шонг мөргөж, зам тээврийн осол гаргасны улмаас автомашинд зорчиж явсан Ч.Азжаргалын амь насыг хохироосон гэмт хэрэг холбогджээ.  

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

-Шүүгдэгч Г.Э-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би Өмнөговьд ажиллаж байгаад цагаан сарын өмнө ирсэн. Цагаан сараар Бугатад байдаг эгч дээрээ очоод ирээд хадмынх руугаа явж байгаад ийм осол болсон. Миний хань ослын улмаас нас барсан. Одоо би 2-13 насны хүүхэдтэйгээ үлдсэн. Осол миний буруугаас болсон. Тухайн үед согтуу явснаас болсон. Урдуур гэнэт нохой орж ирсэн. Тэгээд тормоз гишгээд цааш нь юу болсоноо санахгүй байна. Талийгаачийн тэжээгчээ алдсаны тэтгэмжийг 3 хүүхэддээ авч чадаагүй байгаа. Том тэрэгний засвар үйлчилгээ хийж хүүхдүүдээ тэжээж байгаа. Хөнгөн ял оногдуулж өгнө үү. 3 хүүхдийнхээ төлөө чадах бүхнээ хийж амьдарна гэсэн мэдүүлэг,

 

-Хохирогч Ч.Г-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Энэ хэрэгт хохирогчоор оролцож байсан дүү Ч.Эрдэнэбаатар архины эмчилгээнд яваад энэ хэрэгт хохирогчоор оролцох боломжгүй болсон тул би энэ хэрэгт хохирогчоор орж байгаа юм.  Миний талийгаач дүүгийн хүүхдүүд аав дээрээ байгаа. Энхбатын ээж нь тэднийг асарч хамгаалж байгаа. Бидний зүгээс гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн мэдүүлэг /хх 125 ху/,

 

-Гэрч Ч.Э-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Энэ хэрэг болсон өдөр талийгаач Ч.Азжаргал гэр бүлийн хамтаар Булган аймгийн Бугат сум руу явж айлд очиж золгоод орой 17 цагийн орчим гэртээ ирсэн. Гэртээ ирж хэсэг байж байгаад өөрийн төрсөн ах Ганхуягын гэрт очиж түүнийг гэртээ авч ирж цай уулгана гээд нөхрийнхөө хамт явсан, гэтэл ийм хэрэг болсон байна гэсэн мэдүүлэг /хх 29 ху/,

 

-Гэрч Ж.Б-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Хэргийн газарт очиход эмнэлэг ирсэн байсан ба осол гаргасан машины жолооч талын суудал дээр 30-40 орчим насны эрэгтэй хүн сууж байсан. Хаалга нь онгойхгүй байсан. Харин жолоочийн эсрэг талын суудал дээр мөн 30 орчим насны эмэгтэй урд хоёр суудлын завсраар толгой нь орж түрүүлгээ харсан байдалтай хэвтэж байсан. Тухайн эмэгтэй ухаангүй байсан. Эрэгтэй хүн нь ухаантай би юу хийчих вээ гээд байсан. Бид нөхцөл байдлыг үнэлээд таслагч багажаар тээврийн хэрэгслийн хаалгыг эвдэж эмэгтэйг гаргаж эмнэлэгт хүлээлгэж өгөөд, дараа нь жолоочийг нь гаргаж эмнэлэгт өгсөн гэсэн мэдүүлэг /хх 34 ху/,

 

-Орхон аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 17 дугаартай дүгнэлтэнд:

1. Талийгаачийн биед хавсарсан гэмтэл, цээж, хэвлийн битүү гэмтэл, элэгний баруун болон зүүн дэлбэнгийн язрал, баруун болон зүүн уушигны няцрал, 2 бөөрний няцрал, бөөрний өөхлөг болон хальсан доор цус хуралт, хэвлийн хөндий дэх сул цус, бүх биеийн доргилт, зүүн гарын сарвуу, зүүн ташаа, баруун өвдөгний дотор талд арьсны бүрэн бүтэн байдлын алдагдал, нүүр, зүүн гуя, цээж, зүүн суганд зөөлөн эдэд, цус хуралт, зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Эдгээр нь мохоо зүйлийн олон удаагийн цохих цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Талийгаачид үхлийн шалтгаанд нөлөөлөх архаг хууч өвчин тогтоогдоогүй болно.

4. Талийгаачийн цусанд этилийн спирт илрээгүй.

5.Талийгаач нь В /III/ бүлгийн цустай болно.

6. Талийгаачийн үхлийн шалтгаан нь хавсарсан гэмтэл, цээж, хэвлийн битүү гэмтэл, элэгний баруун болон зүүн дэлбэнгийн язрал, баруун болон зүүн уушигны няцрал, 2 бөөрний няцрал, бөөрний өөхлөг болон хальсан доор цус хуралт, хэвлийн хөндий дэх сул цус, бүх биеийн доргилт болно гэсэн дүгнэлт /хх 45-46 ху/,

 

-Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 154 дугаартай дүгнэлтэнд:

1. Г.Э-ын биед гавал тархины битүү гэмтэл, тархины эдийн няцрал, баруун чихний дэлбээнд язарсан шарх, нүүрэн, зүүн хөлийн шагайн үений хэсэгт зөөлөн эдэд цус хуралт бүхийн гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна.

4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана.

5. Гоо сайхан болон ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /хх 52 ху/,

 

-Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 61 дугаартай дүгнэлтэнд: ...Г.Эын биенээс авсан цусанд этилийн спирт 1.8 промиль процент илэрсэн болно. Энэ нь согтолтын дунд зэрэгт хамаарагдана гэсэн дүгнэлт /хх 56 ху/,

 

-Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 20 дугаартай дүгнэлтэнд:

1. Тоёота марк 2 маркын 01-03 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Г.Э нь Монгол У лсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байна.

2. Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны ахлах зэргийн шинжээч эмч Ж.Гэрэлмаагийн 2019 оны 02 сарын 19-ний өдрийн дүгнэлтээр Г.Эын биенээс авсан цусанд этилийн спирт 1.8 промиль процент илэрсэн болно. Энэ нь согтолтын дунд зэрэгт хамаарагдана.

3. Тоёота марк 2 маркын 01-03 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Г.Э нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно, 3.4.б “хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх” гэсэн заалтуудыг зөрчсөн байна.

4. Тухайн осол хэрэгт 01-03 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Г.Э нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а дахь заалтыг зөрчсөн үйлдэл нөлөөлсөн болно гэсэн дүгнэлт /хх 60 ху/,

 

-Замын цагдаагийн тасгийн шинжээчийн шинжээчийн 38 дугаартай дүгнэлтэнд:

1. Хэргийн газрын үзлэгээр фото зураг болон тэмдэглэл зэргээр тогтоогдсон тоормозны мөрөөр 01-03 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн хурдыг тодорхойлох боломжтой байна. Тухайн тээврийн хэрэгслийн тоормозны замын томъёоноос тээврийн хэрэгслийн хурдыг тодорхойлохын тулд тоормозны замын дундаж урт нь 24.45 м, зам дугуйн барьцалтын коэффициентыг 0.8, тухайн автомашины тоормозны идэвхжилийг 1.2 гэж үзэж томъёонд орлуулж хурдыг тодорхойлоход 64.3 км/цагийн хурдтай явсан байна.

2. 01-03 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Г.Э нь хурд хэтрүүлсэн үйлдэл байна. Жолооч Г.Э нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.4 “тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн байна.

3. Жолооч Г.Э нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 11.3 “эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэд түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн байна гэсэн дүгнэлт. /хх 64 ху/,/

 

-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл / хх 3-5 ху/,

-Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал /хх 6-7 ху/

-Гэрэл зургийн үзүүлэлт / хх 8-10, 13-14, 17-20, 47, 48, 98, 99 ху /,

-Цогцосны гадна биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх 11-12 ху/

-Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 15-16 ху/

-Г.Э-ыг яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл / хх 70-73 ху/

              -Эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас / хх 79 ху/

              -Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 96-97 ху/ зэрэг болно.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

 

Шүүгдэгч Г.Э нь 2019 оны 02 сарын 06-ны өдөр согтуугаар 01-03 АРХ улсын дугаартай гранд марк 2 маркын автомашин жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний 3.7.а. согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”-ыг хориглоно, 3.4.6 “хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх”, 12.4 “тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно”, 11.3 “эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэд түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчиж Орхон аймгийн Баян-Өндөр сумын Булаг, Наран багийн дунд байрлах төв авто замын гэрэлтүүлгийн шонг мөргөж, зам тээврийн осол гаргасны улмаас автомашинд зорчиж явсан Ч.Азжаргалын амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн “...Цагаан сараар Бугатад байдаг эгч дээрээ очоод ирээд хадмынх руугаа явж байгаад ийм осол болсон. Миний хань ослын улмаас нас барсан. Одоо би 2-13 насны хүүхэдтэйгээ үлдсэн. Осол миний буруугаас болсон. Тухайн үед согтуу явснаас болсон. Урдуур гэнэт нохой орж ирсэн. Тэгээд тормоз гишгээд цааш нь юу болсоноо санахгүй байна” гэсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Ч.Ганхуягийн “...Миний талийгаач дүүгийн хүүхдүүд аав дээрээ байгаа. Энхбатын ээж нь тэднийг асарч хамгаалж байгаа. Бидний зүгээс гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн  мэдүүлэг /хх 125 ху/, гэрч Ж.Балданням /хх 34 ху/, гэрч Ч.Эрдэнэбаатар /хх 29 ху/ нарын өгсөн мэдүүлгүүд, талийгаачийн биед хавсарсан гэмтэл, цээж, хэвлийн битүү гэмтэл, элэгний баруун болон зүүн дэлбэнгийн язрал, баруун болон зүүн уушигны няцрал, 2 бөөрний няцрал, бөөрний өөхлөг болон хальсан доор цус хуралт, хэвлийн хөндий дэх сул цус, бүх биеийн доргилт, зүүн гарын сарвуу, зүүн ташаа, баруун өвдөгний дотор талд арьсны бүрэн бүтэн байдлын алдагдал, нүүр, зүүн гуя, цээж, зүүн суганд зөөлөн эдэд, цус хуралт, зулгаралт бүхий гэмтэл үүсч, хавсарсан гэмтэл, цээж, хэвлийн битүү гэмтэл, элэгний баруун болон зүүн дэлбэнгийн язрал, баруун болон зүүн уушигны няцрал, 2 бөөрний няцрал, бөөрний өөхлөг болон хальсан доор цус хуралт, хэвлийн хөндий дэх сул цус, бүх биеийн доргилт нь үхлийн шалтгаан болсныг тогтоосон 17 дугаартай шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч Г.Э нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно, 3.4.б “хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх гэсэн заалтыг зөрчсөнөөр зам тээврийн осол гарсан байх үндэслэлтэй болохыг тогтоосон Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 20 дугаартай дүгнэлт, шинжээчийн 154, 61, 38 дугаартай дүгнэлтүүд, эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Дээрхи үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байна гэж дүгнэлээ.

 

            Орхон аймгийн прокуророос шүүгдэгч Г.Э-ад Эрүүгийн хуулийн тусгай 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байх тул түүнийг согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

            Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.

 

            Хохирлын хувьд хохирогч талаас мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх хохирол төлбөр байхгүй байна.

 

            Шүүгдэгч нь 44 хоног цагдан хоригдсоныг түүний эдлэх ялд оруулан тооцож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг гутлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, Г.Э-ын 01844032 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг буцаан олгож, битүүмжилсэн хөрөнгөгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                                                                  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Г.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э-ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 /зургаа/ жилээр хасч, 1 /нэг/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э-ад оногдуулсан 1 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э-ын цагдан хоригдсон 44 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

 

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Э-ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьсугай.

 

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг гутлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, Г.Эын 01844032 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг буцаан олгосугай.

 

            7. Шүүгдэгч Г.Э, амь хохирогч Ч.А нарын хүүхдүүд болох 2006 оны 02 сарын 08-нд төрсөн 13 настай А.Д, 2014 оны 11 сарын 23-нд төрсөн 4 настай А.С, 2017 оны 04 сарын 26-нд төрсөн 2 настай А.Дөлгөөн нарын асран хамгаалагчаар тэдний эмэг эх Ш.А-г тогтоосугай.

 

8. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурьдсугай.

 

            9. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Ж.БАЙГАЛМАА