| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатар Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 181/2024/05445/И |
| Дугаар | 210/МА2026/00035 |
| Огноо | 2025-12-26 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 12 сарын 26 өдөр
Дугаар 210/МА2026/00035
“*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Т.Бадрах, Ч.Мөнхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 191/ШШ2025/09066 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: “*******” ХХК,
Хариуцагч: *******т холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Түрээсийн гэрээний үүрэгт 31,246,014.50 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Мөнхцэцэг илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч ******* /цахим/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга:
1.1. “*******” ХХК болон ******* нар 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр ЭХХГ-*0/068 дугаар Эд хөрөнгө хөлслөх гэрээ байгуулан Улаанбаатар хот, ******* дүүрэг, ******* дугаар хороо, *******, *******, ******* тоот хаягт орших “*******” худалдааны төвийн ******* дугаар давхрын ******* тоот хаягт байрлах, 68.7 м.кв талбайг НӨАТ-ыг оролцуулан 1 сарын 4,760,910 төгрөгөөр 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн *******т хөлслүүлсэн.
1.2. Гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2.3-т заасны дагуу хөлслөгч нь түрээсийн талбайг ашиглах явцад гарах дулааны зардал, цэвэр болон бохир усны зардал, хог тээврийн зардал, агааржуулалт, худалдааны төвийн нийтийн эзэмшлийн талбайн цэвэрлэгээ, ариутгал болон 24 цагийн харуул хамгаалалт, камерын хяналтын төлбөрт cap бүр нийт 250,000 төгрөгийн менежментийн төлбөр төлөх үүрэг хүлээсэн. Түүнчлэн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.3.1-д заасны дагуу хөлслөгч нь үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож 1 сарын түрээсийн болон менежментийн төлбөр болох 5,010,910 төгрөгийн барьцааг хөлслүүлэгчийн мэдэлд байршуулах үүрэг хүлээсэн боловч барьцаа огт байршуулаагүй.
1.3. Гэрээ байгуулсны дараа ковид цар тахлын улмаас хөлслүүлэгчийн зүгээс хөлслөгчид 2020 оны 11 дүгээр сараас 2021 оны 03 дугаар cap хүртэл хугацаанд хамаарах түрээсийн төлбөрийн 70 хувийн хөнгөлөлт үзүүлж нийт 9,236,677 төгрөгийн төлбөрөөс чөлөөлж үйл ажиллагааг нь дэмжсэн.
Гэтэл хөлслөгч нь 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдрийг дуустал хугацаанд хамаарах түрээсийн төлбөр болон менежментийн төлбөрийг төлөлгүй гэрээний үүргээ зөрчсөн.
1.4. Хөлслөгчид өнөөдрийг хүртэл гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэх нэмэлт хугацаа олгож, түрээсийн болон менежментийн төлбөр төлөхийг мэдэгдэж, удаа дараа шаардсан боловч үр дүнд хүрээгүй болно.
1.5. Иймд 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдрийг дуустал хугацаанд хамаарах түрээсийн төлбөрт 19,406,182 төгрөг, мөн хугацаанд хамаарах менежментийн төлбөрт 1,395,161 төгрөг, хугацаандаа төлөөгүй түрээсийн болон менежментийн төлбөрт хамаарах алдангид 10,400,671.50 төгрөг болон шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдон гарсан нотариатын зардалд 44,000 төгрөг, нийт 31,246,014.50 төгрөгийг хариуцагч *******аас гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.
2. Хариуцагчийн гаргасан тайлбар, татгалзлын агуулга:
2.1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч “*******” ХХК нь нэхэмжлэл гаргахдаа хавсаргасан 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 22/035 тоот мэдэгдэл болон өөр ямар нэгэн мэдэгдлийг *******т өгч байгаагүй.
2.2. “*******” ХХК болон ******* нарын хооронд байгуулагдсан 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн ЭХХГ-20/068 дугаар Эд хөрөнгө хөлслөх гэрээ, 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн Нэмэлт гэрээ, 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн ЭХХГ-20/151 дугаар Эд хөрөнгө хөлслөх гэрээ, 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн Нэмэлт гэрээнүүд нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т заасныг зөрчсөн тул мөн хуулийн 318 дугаар зүйлийн 318.4-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл болно.
2.3. Мөн ******* нь 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдөр түрээсийн талбайг хүлээлгэж өгсөн бөгөөд тухайн үед “*******” ХХК нь *******ын худалдан борлуулж байсан 50,000,000 төгрөгийн үнэ бүхий гутлыг акт үйлдэн хүлээн авсан. Үүнээс хойш ямар нэгэн байдлаар холбогдоогүй, мэдэгдэл өгөөгүй байж шүүхэд хандсан нь үндэслэлгүй байна.
2.4. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил” гэж заасны дагуу 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс хойш хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул мөн хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д зааснаар 31,211,014 төгрөгийг төлөхөөс татгалзаж байна.
2.5. Түүнчлэн нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд гэдэг нь тодорхойгүй байх бөгөөд “*******” ХХК-ийн өмчлөлийн барилга ба нэхэмжлэгч нь Худалдаа хөгжлийн банкны өмчлөлд байгаа гэдгийг илэрхийлж байгаа боловч Худалдаа хөгжлийн банкнаас “*******” ХХК-д шаардах эрх шилжүүлсэн баримт хэрэгт авагдаагүй учраас шаардах эрхгүй байна гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 82 дугаар зүйлийн 82.1-д тус тус зааснаар хариуцагч *******т холбогдох Эд хөрөнгө хөлслөх гэрээний үүрэгт 31,246,014.50 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч “*******” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч “*******” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 314,480 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1. Анхан шатны шүүх “гэрээний дагуу шаардлага гаргахад 3 жилийн хөөн хэлэлцэх хугацаа үйлчлэх бөгөөд гэрээний дагуу төлбөр төлөх сүүлийн хугацаа дууссанаас хойш буюу 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс хойш 3 жилийн хугацаа өнгөрсний дараа нэхэмжлэгч нь шүүхэд хандсан байх тул энэ тохиолдолд хариуцагч нь төлбөр төлөхөөс татгалзах эрхтэй” гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна.
Учир нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааны талаар зохицуулсан бол мөн зүйлийн 75.2.2-т үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг нарийвчлан зохицуулсан. Гэтэл анхан шатны шүүх зохигчдын хооронд байгуулагдсан Эд хөрөнгө хөлслөх гэрээний зүйл нь үл хөдлөх эд хөрөнгө байгааг анхаарч үзээгүй бөгөөд тус гэрээний дагуу шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг тогтоохдоо ямар үндэслэлээр Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх заалтыг хэрэглэсэн болохоо үндэслэлтэйгээр тайлбарлаагүй.
Зохигчийн хооронд байгуулагдсан Эд хөрөнгө хөлслөх гэрээний зүйл нь үл хөдлөх эд хөрөнгө байгаа тул анхан шатны шүүх тус гэрээний дагуу шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг тоолохдоо Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2 дахь заалтыг хэрэглэх ёстой байсан гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх хуулийг буруу хэрэглэсний улмаас хариуцагчаас нэхэмжлэгчид гэрээний дагуу төлбөр төлөх эцсийн хугацаа болох 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс буюу шаардах эрх үүссэнээс хойш 6 жилийн хугацаа өнгөрөөгүй байхад шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзсэн нь үндэслэлгүй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хянаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга:
5.1. Нэхэмжлэгч анх нэхэмжлэл гаргахдаа эд хөрөнгөтэй холбоотой болон эд хөрөнгийг өмчлөх, эзэмших, захиран зарцуулахтай холбоотой ямар нэгэн шаардлага гаргаагүй. Шаардах эрхээ хэрэгжүүлсэн гол үндэслэл нь түрээсийн төлбөр буюу эд хөрөнгө хөлслөх гэрээний төлбөр шаардсан.
Эд хөрөнгө хөлслөх гэрээний төлбөр шаардаж байгаа тохиолдолд хөөн хэлэлцэх хугацаа нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар 3 жил байна. Анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн. Бидний зүгээс тухайн лангуутай холбоотой маргаан байхгүй гэдгийг давж заалдах шатны шүүх анхаарч үзэн шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаав.
2. Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч *******т холбогдуулан Түрээсийн гэрээний үүрэгт 31,246,014.50 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч “түрээсийн төлбөрт 50,000,000 төгрөгийн үнэ бүхий гутлыг хураан авсан, түрээсийн гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй тул хүчин төгөлдөр бус байх хэлцэл, гэрээний үүрэг шаардах хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй” гэж бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
3.1. Талууд 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Түрээсийн гэрээ байгуулсан, уг гэрээгээр 68.7 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг сарын 4,760,910 төгрөгийн хөлстэй түрээсэлсэн боловч хариуцагч нь нэхэмжлэгчид 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн хоорондох түрээсийн төлбөр болон ашиглалтын зардал төлөөгүйгээс зохигчдын хооронд маргаан үүсжээ.
3.2. Хариуцагч нь 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдөр талбайг хүлээлгэн өгснөөс хойш шаардлага гаргаагүй хөөн хэлэлцэх хугацааг нэхэмжлэгч хэтрүүлсэн гэж татгалзлаа тайлбарласнаас үзвэл зөрчигдсөн эрхээ сэргээн тогтоолгохоор шүүхэд хандах хөөн хэлэлцэх хугацааг нэхэмжлэгч хэтрүүлсэн эсэх нь талуудын маргааны зүйл болсон байна.
3.3. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 191/ШЗ2025/17051 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч “*******” ХХК-аас түрээсийн төлбөр төлөхтэй холбоотой хэрэгт авагдсан 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 21/095 тоот “Шаардлага хүргүүлэх тухай” гэх албан бичиг, 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 22/035 тоот “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгүүдийг хариуцагч *******т хүргүүлсэн, гардуулсан талаарх нотлох баримтыг нэхэмжлэгчээс гаргуулахаар шийдвэрлэж, тус өдрийн шүүх хуралдааныг хойшлуулсан байна. /хх87-89/
Дээрх шүүгчийн захирамжийн дагуу нэхэмжлэгч “*******” ХХК-аас 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 25/01 тоот албан бичгийн хавсралтаар “Албан бичиг тараасан бүртгэл” гэх баримтыг шүүхэд ирүүлжээ. /хх91-92/
Уг баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т зааснаар нотлох баримтын шаардлага хангаагүй байх ба тус шаардлага хангаагүй баримтыг анхан шатны шүүхээс мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д заасны дагуу нотлох баримтаас хасах, эсхүл нотлох баримтын шаардлага хангуулах ажиллагааг хийгээгүй нь буруу болжээ.
Учир нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүх талуудыг мэтгэлцүүлэхэд чиглүүлэх замаар маргааны зүйлийг тодруулах, хэргийн оролцогчийн нотлох үүргээ хэрэгжүүлэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны мэтгэлцэх зарчмыг хангах үүргээ хэрэгжүүлээгүй байна.
3.4. Талууд шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацааны талаар маргаж хариуцагчийн зүгээс “50,000,000 төгрөгийн үнэ бүхий гутлыг акт үйлдэж хүлээлгэж өгсөн” гэх агуулгаар тайлбар, татгалзал гаргасан. Хариуцагч нь нэхэмжлэгчид 50,000,000 төгрөгийн үнэ бүхий гутлыг хүлээлгэж өгсөн талаарх баримт нь төлбөр тооцоо болон хөөн хэлэлцэх хугацааны талаар дүгнэлт хийхэд ач холбогдолтой нөхцөл байдлыг нотлох баримт байжээ.
Анхан шатны шүүх дээрх нөхцөл байдлыг тодруулалгүйгээр хэргийг шийдвэрлэснээр хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүй гэж үзнэ. Хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүй нөхцөлд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй юм.
3.5. Дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүхээс залруулах, нөхөн гүйцэтгэх, хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.
4. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 191/ШШ2025/09066 дугаар шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 314,005 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
ШҮҮГЧ Т.БАДРАХ
Ч.МӨНХЦЭЦЭГ