Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 039

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн даргалж, шүүгч Б.Цолмонбаатар, Т.Батсүх нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, “******* *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн тоотод оршин суух ******* овогт *******ийн ******* /РД:*******/-д холбогдох

Байгууллагад учруулсан хохирол 1,043,427.7 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.*******, З.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.*******, гэрч Д., Ж., Э.,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Даваахүү нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “******* *******” ХХК нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ “Б.*******г 2015 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр угсрагчийн ажилд авсан. Б.******* нь манай компанид ийнхүү угсрагч-жолоочоор ажиллаж байх хугацаандаа агуулахад байсан чулуун ширээний тавцанг зайчилж зөөж байгаад ажлын хариуцлага алдан хагалж, борлуулах боломжгүй болгон компанид 860,860 төгрөгийн хохирол, өөрт нь хариуцуулан өгсөн 74-15 улсын дугаартай ачааны автомашины борооны хаалтыг хагалан ашиглах боломжгүй болгож компанид 25,000 төгрөгийн хохирол учруулсан. ******* нь чулуун ширээний тавцанг 2015 оны 10 дугаар сард хагалсан ба түүнийг ажлаас халах болсон тул 2016 оны 02 дугаар сард акт тогтоосон. Мөн хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй угсрагч нартай үгсэн хуйвалдан 2016 оны 02-р сарын 8, 12, 13-ны өдрүүдэд ажилдаа ирээгүйн улмаас хүргэлт угсралтын ажилд байгууллагын өөр хүмүүсийг ажиллуулсан. Үүний улмаас компанид эрсдэл учирч, ажил олгогчийн бизнесийн хэвийн үйл ажиллагааг санаатайгаар зогсоон, тасалдуулсан компаниас тухайн хүмүүсийг ажиллуулахад 514,674 төгрөгийн цалин олгосон. Энэ хохирлыг тухайн үед ажилдаа ирээгүй 4 ажилтанд адил хариуцуулсан ба *******д 128,669 төгрөгийн хохирол хариуцуулсан. Иймд Б.*******гаас компанид учруулсан хохирол болох 1,014,529 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 28,898 төгрөг, нийт 1,043,427 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. ******* нь агуулахад байсан чулуун тавцанг хагалаагүй, машины борооны хаалтыг хагалж эвдэлсэн зүйл байхгүй. 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдөр ажилдаа ирээгүй шалтгаан нь захирал нь амаар ажлаас халчихсан байсан учраас ажилдаа ирээгүй. Иймд компанид хохирол учруулсан гэдэг нь үндэслэлгүй.” гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                     

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “******* *******” ХХК нь хариуцагч Б.*******д холбогдуулж байгууллагад учруулсан хохирол буюу чулуун ширээний тавцангийн үнэ 860,860 төгрөг, автомашины борооны хаалтны үнэ 25,000 төгрөг, ажилдаа ирээгүйн улмаас өөр хүмүүс авч ажиллуулж тэдэнд олгосон цалин, хөлс 128,669 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж нийт 1,043,427.7 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч Б.******* нь “******* *******” ХХК-ийн захирлын 2015 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн тушаалаар тус компанид угсрагчийн ажилд орсон ба 2016 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн тушаалаар ажлаас халагдсан болох нь хэрэгт авагдсан ажил олгогчийн ажилд авах, ажлаас халах тухай тушаал, хөдөлмөрийн гэрээ зэрэг бичгийн баримтууд болон зохигчдын тайлбараар нотлогдож байна.

 

Нэхэмжлэгч “******* *******” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Б.*******тай байгуулсан Хөдөлмөрийн гэрээ болон Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээтэй холбон тайлбарлаж чулуун ширээний тавцангийн үнэ 860,860 төгрөг, автомашины борооны хаалтны үнэ 25,000 төгрөгийг эд хөрөнгө хариуцах гэрээний дагуу, цалингийн зөрүү 128,669 төгрөгийг ажил тасалсантай холбон тайлбарлажээ.

 

Хариуцагч болон түүний төлөөлөгч нь нэхэмжлэгч талын шүүхэд гаргасан нэхэмжлэлийг татгалзаж буй үндэслэлээ “... чулуун тавцанг хагалаагүй, агуулахад бараа материал хариуцах үүрэггүй, машины борооны хаалтыг хагалж эвдэлсэн зүйл байхгүй, амаар ажлаас халсан тул ажил таслаагүй ...” гэж тус тус тайлбарлажээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1-д “Хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа өөрийн буруугаас байгууллагад эд хөрөнгийн хохирол учруулсан ажилтанд сахилгын, захиргааны, эрүүгийн хариуцлага оногдуулсан эсэхийг харгалзахгүйгээр эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасны дагуу ажил олгогч нь байгууллагад учруулсэн эд хөрөнгийн хохиролыг буруутай этгээдээс шаардах эрхтэй байна.

 

Хуулийн дээрх зохицуулалтаар эд хөрөнгийн хохирол тухайн ажилтны буруугаас учирсан эсэх нь баримтаар нотлогдож, тогтоогдсон байх ёстой ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх нь хэргийн оролцогчийн үүрэг, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй байхаар тус тус заасан.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, хариуцагчийн буруутай үйлдлийн улмаас хохирол учруулсан үйл баримт хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй гэж үзэж дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Б.*******г агуулахад хадгалагдаж байсан чулуун ширээний тавцанг хагалж, 860,860 төгрөгийн хохирол учруулсан, хариуцсан автомашины борооны хаалтыг хагалж, ашиглах боломжгүй болгож 25,000 төгрөгийн хохирол учруулсан гэж үзэж нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа боловч уг шаардлагууд нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна. 

 

Хөдөлмөрийн тухай хуулийн /хуулийн/ 135 дугаар зүйлийн 135.3-д “Ажил олгогч нь эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэж болох ажил албан тушаалын жагсаалтын дагуу ажилтантай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын тухай гэрээ байгуулна.”, хуулийн 135.4-д “Ажилтантай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын тухай гэрээ байгуулаагүй болон ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд тусгаагүй бол түүнд эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэж болохгүй.” гэж заасан.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Б.*******г ажилд ороход нь хэдэн төгрөгийн, ямар бараа материал хүлээлгэн өгсөн эсэх талаар баримтгүйн дээр чулуун тавцан ширээ, Бонго-3 маркийн 7415УНБ улсын дугаартай ачааны автомашины бүрэн бүтэн байдлыг хариуцах үүргийг Б.*******д хүлээлгэсэн эсэх нь тодорхойгүй, тухайн эд хөрөнгүүд хэзээ, ямар байдлаар эвдэрч, гэмтсэн нь тогтоогдоогүй байна.

 

Хөдөлмөрийн гэрээ болон ажилд авах тухай тушаал зэргээр хариуцагч нь тус компанид угсрагч-жолоочоор ажиллаж байсан ба ажилтан хариуцсан ажил үүргээ гүйцэтгэж байх явцдаа өөрийн буруугаас  эд хөрөнгийн хохирол учруулсныг нотолсон баримт, эрх бүхий байгууллагын акт, тэмдэглэл хэрэгт байхгүй байхаас гадна гэрч Ж.гийн “ ... ******* агуулахын барааг зайчилж зөөж байгаад чулуун тавцанг хагалсан ... “, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн “ ... чулуун тавцанг 2015 оны 10 дугаар сард хагалсан, актыг түүнийг ажлаас халахын өмнө буюу 2016 оны 02 дугаар сард гаргасан ... “ гэх тайлбар, мэдүүлгээр чулуун ширээн тавцан нь угсрах, тээвэрлэх явцад бус агуулахад хадгалагдаж байх үед хагарч, гэмтсэн гэх нөхцөл байдал тогтоогдож байна.

 

Хуулийн 132 дугаар зүйлийн 132.2-т “Хохиролын хэмжээг учирсан шууд хохирлоор тодорхойлох бөгөөд олох байсан орлогыг түүнд оруулан тооцохгүй.” гэж заасан. Хариуцагч Б.*******г 2016 оны 02 дугаар сарын 08, 12, 13-ны өдрүүдэд ажил тасалж, ажлын байраа орхиж явсаны улмаас хохирол учирсан гэх боловч дээрх хугацаанд байгууллагад бодитойгоор ямар хохирол учирсан нь тогтоогдохгүй, тухайн үед ажилласан хүмүүст олгосон цалин, хөлс 514,674 төгрөгийг ажилдаа ирээгүй 4 ажилтанд хувааж, Б.*******д 128,669 төгрөгийг хариуцуулсныг байгууллагад учирсан шууд хохирол гэж үзэх боломжгүй юм.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнтэй холбогдуулж нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 28,898 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээв.

 

Томилогдсон иргэдийн төлөөлөгчид хуульд заасан журмын дагуу шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй ба нэхэмжлэгч, хариуцагч талаас түүнийг эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д зааснаар иргэдийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118, 119, 120 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.3, 132 дугаар зүйлийн 132.1, 135 дугаар зүйлийн 135.1, 135.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* овогт *******ийн *******д холбогдох, нэхэмжлэгч “******* *******” ХХК-ийн байгууллагад учруулсан хохирол нийт 1,043,427.7 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.  
  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 28,898 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
  3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
  4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4. дэх хэсэгт зааснаар талууд шийдвэр хүчинтэй болж 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ж.ЛХАГВАСҮРЭН

                                        

  ШҮҮГЧИД                                              Б.ЦОЛМОНБААТАР

                                                                       

                                                                   Т.БАТСҮХ