| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жавзмаагийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 171/2019/0259/Э |
| Дугаар | 0262 |
| Огноо | 2019-09-11 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Т |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 09 сарын 11 өдөр
Дугаар 0262
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж
Улсын яллагч Г.Т
Шүүгдэгч Х.П, С.Г
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Билэгсайхан нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Орхон аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.П, С.Г нарт холбогдох эрүүгийн 1925005270324 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Х.П
Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, С.Г
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч Х.П нь 2019 оны 07 дугаар сарын 27-оос 28-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт С.Гтэй маргалдаж нүүрэн тус газар нь гараараа 2 удаа цохиж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, С.Г нь 2019 оны 07 дугаар сарын 27-оос 28-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт Х.Птай маргалдаж нүүрэн тус газар нь гараараа 2-3 удаа цохиж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Шүүгдэгч Х.Пийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Ганжигүүрийн биед учирсан гэмтлийг хүлээн зөвшөөрч байна. Энэ хэргийн хувьд маргахгүй. Тухайн үед согтуу байсан. Болсон асуудлыг мэдэж байсан. Ойлгож гэмшиж байгаа. Дахиж ийм үйлдэл гаргахгүй гэсэн мэдүүлэг,
-Шүүгдэгч С.Гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Пэрэнлэйнацагийн биед учирсан гэмтлийг хүлээн зөвшөөрнө. Хэргийн хувьд маргахгүй. Би согтуу байснаас ийм асуудал болсон. Гэмшиж байна. Дахиж архи уухгүй гэсэн мэдүүлэг,
-Хохирогч Х.П-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Тухайн үед хацар хавдсан. Чихний хажууд шалбарсан. Одоо бие зүгээр болсон. Нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн мэдүүлэг,
-Хохирогч С.Г-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Миний уруул сэтэрсэн. 4 оёдол тавиулсан. Нэхэмжлэх зүйлгүй. Гомдолгүй гэсэн мэдүүлэг,
-Гэрч С.Н-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Ганжигүүрийн уруул нь сэтэрсэн, нүүр нь цус болсон байсан. Тэгээд би тэр хоёрыг машиндаа суулгаад БОЭТ-ын яаралтай тусламжийн төв дээр авчирсан. Ганжигүүрийн сэтэрсэн уруул хэсэгт 4 оёдол хийлгэсэн. Ганжигүүр тэр хүнийг зөрүүлээд 1 удаа цохисон” гэсэн мэдүүлэг /хх 16-17 ху/,
-Гэрч Н.О-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...2019 оны 07 сарын 27-оос 28-нд шилжих шөнө Пирамид үйлчилгээний төвийн гадаа машинаас буухад манай нөхөр Пэрэнлэйнацаг ганцаараа зогсож байсан. Тэгээд гадаа харанхуй байсан болохоор би анзаараагүй, гэр рүүгээ хамт явсан. Гэртээ очоод унтаад өглөө сэрсэн чинь манай нөхрийн хацар нь хавдсан, чихний хажууд нь цус гоожсон бололтой цус нь хатсан байсан. Би нөхрөөсөө юу болсон талаар талаар асуухад “би өчигдөр чамайг тосох гээд хүлээж байхдаа нэг согтуу хүнтэй маргалдаад бие биенийгээ хэд цохисон юм, нээх сүртэй зүйл болоогүй ээ” гээд өнгөрсөн гэсэн мэдүүлэг /хх 18-19 ху/,
-Гэрч С.Н-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Пирамид үйлчилгээний төвийн гадаа иртэл манай нөхөр Ганжигүүр зогсож байсан. Уруул нь сэтэрсэн, уруулаас гарсан цус нь хацар дээр нь наалдсан, хүзүү нь улаан болсон байдалтай байсан гэсэн мэдүүлэг /хх 20-21 ху/
-Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 504 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:
1. С.Г-ийн биед уруулд шарх, хүзүүнд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой гэсэн дүгнэлт /хх 23-24 ху/,
-Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 505 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:
1. Х.П-ийн биед чихэнд шарх, зөөлөн эдэд няцрал, шанаа, хацрын зөөлөн эдийн няцрал, жавьжинд язралт, хүзүүнд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой гэсэн дүгнэлт /хх 28-29 ху/,
-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх 4 ху/,
-Гэрэл зургийн үзүүлэлт /хх 5 ху/
-Эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 42, 43ху/
-Х.П-ийг яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 64,67-68 ху/
-С.Г-ийг яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 69, 72-73 ху/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.
Шүүгдэгч Х.П, С.Г нар нь дэвсгэрт 2019 оны 07 дугаар сарын 27-оос 28-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн маргалдаж харилцан зодолдож эрүүл мэнддээ хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Пийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Ганжигүүрийн биед учирсан гэмтлийг хүлээн зөвшөөрч байна. Энэ хэргийн хувьд маргахгүй” гэсэн, шүүгдэгч С.Гын “Пэрэнлэйнацагийн биед учирсан гэмтлийг хүлээн зөвшөөрнө. Хэргийн хувьд маргахгүй” гэсэн мэдүүлгүүд, шүүгдэгч нарын хохирогчоор өгсөн “...гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн мэдүүлгүүд, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн гэрч С.Нандин-Эрдэнэ /хх 16-17 ху/, гэрч Н.Отгонбаяр /хх 18-19 ху/, гэрч С.Нарантуяаг /хх 20-21 ху/ нарын мэдүүлгүүд, хохирогчийн С.Гийн биед уруулд шарх, хүзүүнд зулгаралт бүхий гэмтэл үүссэнийг тогтоосон 504 дугаартай шинжээчийн дүгнэлт, Х.Пийн биед чихэнд шарх, зөөлөн эдэд няцрал, шанаа, хацрын зөөлөн эдийн няцрал, жавьжинд язралт, хүзүүнд зулгаралт бүхий гэмтэл үүссэнийг тогтоосон 505 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Дээрхи үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогч нарт учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байна гэж дүгнэлээ.
Орхон аймгийн прокуророос шүүгдэгч Х.П, С.Г нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байх тул тэднийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Х.П, С.Г нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч тогтоол гарган, яллах дүгнэлт үйлдэж, ялын санал гарган шүүхэд ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Хохирогч Х.П, С.Г нар нь шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх хохирол төлбөргүй байна гэж үзэв.
Шүүгдэгч нар нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохиролоо нөхөн төлсөн зэрэг байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Иймд дээрх нөхцөл байдал болон тэдний хувийн байдал, улсын яллагчийн ялын санал зэргийг харгалзан шүүгдэгч нарт торгох ялыг оногдуулахаар шийдвэрлэв.
Энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х.П, С.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.П, С.Г нарыг тус бүрийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Х.П, С.Г нар нь торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд сард 125.000 /нэг зуун хорин таван мянга/ төгрөгөөр тооцож хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.П, С.Г нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.П, С.Г нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАЙГАЛМАА