Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 2019/ШЦТ/20

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

        Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бүжин Улсын яллагч Ц.Идэрмөнх Шүүгдэгч О.Э нарыг оролцуулан Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Э холбогдох эрүүгийн 1825000200010 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 

     Прокуророос, шүүгдэгч О.Э-г 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Бүрэнбүст багийн Их залуу хотхоны 23б-15 тоотод эхнэр Ц.Д хардсаны улмаас зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхиийн хэлэлцүүлэгт хавтаст хэргээс яллах дүгнэлтийн хавсралтад авагдсан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд: -Хохирогч Ц.Д мөрдөн байцаалтад өгсөн:...”Гэтэл Э хэсэг унтаж байгаад босч ирээд хувцасаа өмсөөд миний утас хаана байна гээд том өрөөнд орж ирээд намайг утсаараа оролдоод сууж байтал миний утсыг аваад юу хийгээд байгаа юм бэ гэж хэлсэн ба энэ үед нь миний утсанд танил Пүрэвжаваас мессеж ирсэн. Гэтэл Э энэ юун мессеж юм бэ гээд намайг Пүрэвжавтай хардаад миний толгой болон нүүр рүү 5-6 удаа цохисон. Тэгэхээр нь би гэрээсээ гараад гүйтэл Эрдэнэбаатар араас гарч ирээд намайг барьж аваад хана мөргүүлтэл миний толгой бага зэрэг зулгарсан байсан. Энэ үед манай ээж Батмэнд араас гарч ирэхээр нь Эрдэнэбаатар намайг зодоод байна та цагдаа дуудаарай гэтэл ээж манай хажуу айлын хүний утсаар цагдаа дуудсан” гэх мэдүүлэг, -Гэрч Д.Батмэндийн мөрдөн байцаалтад өгсөн: ...”Би 2 зээтэйгээ том өрөөнд байж байтал Дэлгэрмаа Эрдэнэбаатар хоёр маргалдаад байхаар нь жижиг өрөөнд ортол Дэлгэрмаа намайг Эрдэнэбаатар зодоод байна гэсэн. Энэ үед Дэлгэрмаа миний хажуу талаар гараад гүйсэн ба би араас нь гартал Дэлгэрмаа Эрдэнэбаатар намайг зодоод байна гээд уйлаад байхаар нь би цагдаа дуусан” гэх мэдүүлэг, -Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 56 дугаартай: ... Ц.Д биед нүүр нүдний алимны салстанд цус хуралт үүсчээ. Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй..” гэсэн дүгнэлт. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Э мэдүүлэхдээ: Би гэм буруугаа хүлээж байна. Яллах дүгнэлтийг зөвшөөрч байгаа. Мэдүүлэг өгөхгүй” гэжээ. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогчийн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн хууль ёсны, дээрхи үйл баримтын талаархи мэдээллийг агуулсан байх тул хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв. Хохирогч, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, хэргээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар шүүгдэгч О.Э нь 2018 оны 12 сарын 25-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Бүрэнбүст багийн Их залуу хотхоны 23б-15 тоотод эхнэр Ц.Д хардсаны улмаас зодож биед нь нүүр нүдний алимны салстанд цус хуралт бүхий хөнгөн зэргийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна. Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчийн биед хөнгөн гэмтэл учирсан шууд шалтгаант холбоотой болох нь тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугийн талаар маргаангүй байна. Улсын яллагч шүүх хуралдаанд: Шүүгдэгч хохирогчийг хардаж цохиж зодсон байдаг. Хөнгөн хохирол учруулсан. Толгой нүүр рүү нь цохисон, хана мөргүүлсэн болох нь тогтоогдсон. Хохирогч гомдолгүй, эвлэрсэн гэсэн. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай. 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, 1 сарын дотор ялыг биелүүлэх нь зүйтэй гэсэн саналтай байна гэжээ. Шүүгдэгч өөрийгөө өмгөөлж хэлэхдээ: Би гэм буруугаа хүлээж байна гэжээ. Хохирогч Ц.Д шүүх хуралдаанд оролцоогүй, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж шүүхэд мэдэгджээ. Шүүгдэгч О.Э энэ үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжтэй санаатай, нийгэмд аюултай, бусдад хохирол учруулсан үйлдэл мөн бөгөөд прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна. Иймд Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч О.Э гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судлаж, хэргийн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээсэн байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан торгох ялын доод хэмжээгээр ял оногдуулах нь түүний үйлдсэн хэргийн гэм бурууд тохирно гэж дүгнэв. О.Э нь хөдөлмөр эрхэлдэг, тогтмол орлоготой байх тул оногдуулсан ялыг хэсэгчлэх шаардлагагүй гэх улсын яллагчийн дүгнэлт үндэслэлтэй. Энэ хэрэгт эд мөрийн баримт хураагдаагүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдлаа. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

      1.Шүүгдэгч Харчуу овгийн О.Э Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

     2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Э 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянган / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

        3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар О.Эрдэнэбаатарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 сарын хугацаанд бүрэн хэмжээгээр төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

      4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Э урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

    5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдсугай.

    6.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

                                      ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ           Д.АРИУНЦЭЦЭГ