| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатар Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 181/2022/01483/И |
| Дугаар | 210/МА2025/02189 |
| Огноо | 2025-12-17 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 12 сарын 17 өдөр
Дугаар 210/МА2025/02189
*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Д.Золзаяа, Ч.Мөнхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 191/ШШ2025/09060 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: “*******” ХХК-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Ажлаас үндэслэлгүй халсан, ажлаас чөлөөлөх тухай тушаал хууль зөрчсөн болохыг тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Мөнхцэцэг илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга:
1.1. Миний бие 2017 оны 01 дүгээр сард “*******” ХХК-д ажилд орсон бөгөөд тус банкны Төслийн санхүүжилт, зээлийн газрын санхүүжилт болон Зээлийн тайлагналын хэлтсийн захирал, Эрсдэлийн удирдлагын газрын Эрсдэлийн бодлогын хэлтсийн захирлаар тус тус ажиллаж байсан.
1.2. “*******” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн Б-38 дугаар *******ыг ажлаас чөлөөлөх тухай тушаалаар ажил олгогчийн санаачилгаар ажлаас чөлөөлөгдсөн.
1.3. Намайг ажлаас чөлөөлсөн дээрх тушаал нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд Хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн. Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасныг баримтлан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгохдоо шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гараагүй, гэм буруутай нь тогтоогдоогүй байхад Авлигатай тэмцэх газрын 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 06/2503 тоот албан бичгийг үндэслэл болгосон.
Мөн уг тушаал гарах үед хөдөлмөрийн гэрээний 6.3.9-д заасан “ажилтан нь гэмт хэрэг үйлдэж, гэм буруутай болох нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон” гэх, хөдөлмөрийн дотоод журмын 11.2-т заасан “ажилтан нь журамд заасан ноцтой зөрчил гаргасан тохиолдолд хөдөлмөрийн гэрээг шууд цуцална” гэх нөхцөлүүд бүрдээгүй байсан.
Түүнчлэн Захирлуудын зөвлөлийн 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн шийдвэр гэж гараагүй, уг шийдвэрийг надад танилцуулаагүй, шийдвэр гаргах ажиллагаанд оролцуулаагүй. Хэрэв надад холбогдуулан эрүүгийн журмаар шийдвэрлүүлэх шаардлагатай нөхцөл байдал үүссэн бол Захирлуудын зөвлөл миний тайлбарыг авах, цаашлаад ажил үүргийн холбоотой гэж үзвэл ажлын байрнаас түр чөлөөлөх буюу түдгэлзүүлэх, тухайн шалгагдаж буй гэх эрүүгийн хэрэгт гэм буруутай нь шүүхээр шийдвэрлэгдэж дууссан нөхцөлд ажлаас чөлөөлөх ёстой байсан.
1.4. Анх ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 2023/ШЦТ/704 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 2024/ДШМ/362 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн танхимын 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 2024/ХШТ/138 дугаар тогтоол тус тус гарч хуулийн хүчин төгөлдөр болсон учир маргаан бүхий ажлын байранд эгүүлэн тогтоолгох боломжгүй болсон тул уг нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байгаа бөгөөд харин хууль бус тушаалаар ажлаас чөлөөлсөн нөхцөл байдлыг тогтоолгох, үр дагаврыг иргэний журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна.
1.5. Иймд “*******” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн Б-38 дугаар тушаал хууль зөрчсөн, ажлаас үндэслэлгүй халсан болохыг тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1. ******* нь “*******” ХХК-д ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан хэрэгт холбогдож, Авлигатай тэмцэх газраас эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татаж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа болно. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасныг баримтлан “*******” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн Б-38 дугаар тушаал хууль зөрчсөн, ажлаас үндэслэлгүй халсан болохыг тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1. Нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн Б-38 дугаар тушаал нь шийдвэр гаргах ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн. Тодруулбал, хөдөлмөрийн дотоод журмын 10.1, 10.7, 10.8-д тус тус зааснаар Захирлуудын зөвлөл ажилтанд сахилгын шийтгэл ногдуулахдаа буюу хөдөлмөрийн гэрээ болон дотоод журамд заасан ноцтой зөрчил гаргасан эсэхийг тогтоохдоо холбогдох ажилтанд заавал урьдчилан мэдэгдэж, түүний тайлбарыг авч, бүхий л нөхцөл байдлыг шалган тогтоосны үндсэн дээр шийтгэл ногдуулна.
Гэтэл 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн “*******” ХХК-ийн Захирлуудын зөвлөлийн ээлжит хуралдаанд нэхэмжлэгчийг оролцуулаагүй ба сахилгын шийтгэл ногдуулах тухай огт мэдэгдээгүй, түүнээс тайлбар аваагүй шийдвэр гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-т заасныг, мөн хөдөлмөрийн дотоод журамд заасан шийдвэр гаргах журмыг ноцтой зөрчсөн.
Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2-т “...Хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болон хөдөлмөрийн сахилгын зөрчлийг хөдөлмөрийн дотоод журамд тусгайлан заана” гэж заасан ба “*******” ХХК-ийн 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн А-21 дугаар тушаалаар баталсан хөдөлмөрийн дотоод журмын 10.13.6-д ёс зүйн хэм хэмжээг ноцтой зөрчсөнийг Захирлуудын зөвлөл тогтоосон тохиолдолд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгохоор заасан боловч ямар алдааг ёс зүйн зөрчил гэж үзэх талаар нарийвчилж зохицуулаагүй.
4.2. Авлигатай тэмцэх газрын 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 06/2503 тоот албан бичиг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг тогтоомогц мөрдөгч зохих хуулийн этгээдэд тэрхүү шалтгаан, нөхцөлийг арилгах арга хэмжээ авхуулах зорилготой мэдэгдэл байх бөгөөд тус албан бичиг нь нэхэмжлэгчийн гэм буруутай эсэхийг тогтоосон шийдвэр биш юм.
Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 14 дэх хэсэгт “Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно” гэж заасан бөгөөд уг хэм хэмжээнд нийцүүлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.6-д ажилтан гэмт хэрэг үйлдсэний улмаас уг ажил үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэх боломжгүй, ял оногдуулсан шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон тохиолдолд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгохоор хуульчилсан.
Гэвч нэхэмжлэгчийн гэм буруутай нь шүүхээр тогтоогдоогүй, мөн хөдөлмөрийн дотоод журмын 11.2-т заасан “Ажилтан нь журамд заасан ноцтой зөрчил гаргасан тохиолдолд хөдөлмөрийн гэрээг шууд цуцална” гэх нөхцөл үүсээгүй, бүрэн тогтоогдоогүй байхад хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Тодруулбал, нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх үед түүнийг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болоогүй байсан бөгөөд нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх хууль болон хөдөлмөрийн дотоод журамд заасан нөхцөл бүрдээгүй байхад түүнийг хууль бусаар ажлаас чөлөөлсөн.
Иймд нэхэмжлэгч нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А192 дугаар тушаалын хавсралт дундаж цалин хөлс тооцох журмыг үндэслэн Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн танхимын 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 2024/ХШТ/138 дугаар тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдөр хүртэлх ажилгүй байсан хугацаа буюу нийт ажлын 728 өдрийн цалин хөлс 152,009,091 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай шаардлага гаргасан болно.
4.3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 18-д “Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан нь ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэлх хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгохоор зохицуулсан” гэж, мөн 19-д “Нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн шийдвэр хууль зөрчсөн үндэслэлээр ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч энэхүү нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тул авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч ажилтанд нөхөн олгох хууль зүйн үр дагавар үүсэхгүй юм” гэж тус тус дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлд заасан зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглээгүй, улмаар нэхэмжлэлийн хоорондын хамаарлын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй. Тодруулбал, нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдөр шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсонтой холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагаасаа татгалзсан.
Хэдийгээр ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор олгох үндэслэл нь ажилтныг ажлын байранд эгүүлэн тогтоосон эрх бүхий байгууллагын шийдвэр гарсан байхыг шаардах боловч энэ нь ажилтныг ажлын байранд эгүүлэн тогтоогоогүй бол олговор олгохгүй гэсэн ойлголт биш бөгөөд ажил олгогч ажилтны хөдөлмөр эрхлэлтийг хууль бусаар цуцалсан эсэхтэй шалтгаант холбоотой юм.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга:
5.1. Нэхэмжлэгч талын гаргасан гомдлыг эс зөвшөөрч байна. Нэхэмжлэгч талаас нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх хугацаанд нь түүнийг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болоогүй байсан гэж тайлбарлаж байгаа хэдий ч ажилтан Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.7-д заасан хөдөлмөрийн харилцаанд баримтлах шударга бус үйлдлийг хориглох суурь зарчим, 42 дугаар зүйлийн 42.2.1-д заасан ажил үүргээ өөрийн ур чадвар, боломжоо дайчлан зохих ёсоор, үнэнчээр гүйцэтгэх үндсэн үүргээ биелүүлээгүй. ******* нь ажил үүргээ гүйцэтгэхдээ эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан гэх үндэслэлээр 2022 онд Авлигатай тэмцэх газраас мэдэгдэл ирсэн бөгөөд уг мэдэгдлийг үндэслэсэн.
5.2. Гомдолд процессын алдаа гаргасан гэж дурдсан. Бид процессын алдаа гаргаагүй. Авлигатай тэмцэх газраас ирсэн мэдэгдлийг үндэслэн Захирлуудын зөвлөлийн хурлаар хэлэлцэж, шинжилгээ судалгаа хийж, комисс гаргаж ажлаас халах тушаал гаргасан гэв.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
2. Нэхэмжлэгч ******* нь анх хариуцагч “*******” ХХК-д холбогдуулан Эрсдэлийн удирдлагын газрын Эрсдэлийн бодлогын хэлтсийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасан.
2.1. Нэхэмжлэгч 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр ажилгүй байсан хугацааны цалин гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа “*******” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн Б-38 дугаар тушаал хууль зөрчсөн, ажлаас үндэслэлгүй халсан болохыг тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай болгон өөрчилснийг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.
3. “*******” ХХК нь *******тай 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж, тус гэрээгээр ******* нь Эрсдэлийн удирдлагын газрын Эрсдэлийн бодлогын хэлтсийн захирлаар ажиллах, “*******” ХХК нь хөдөлмөрийн хэвийн нөхцөлөөр хангаж, 4,600,000 төгрөгөөр цалинжуулахаар тохиролцжээ. /хх-ийн 20-22-р тал/
4. Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 06/2503 тоот албан бичгээр тус хэлтсийн мөрдөгчийн 21 дугаар “Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулах тухай” мэдэгдлийг “*******” ХХК-д хүргүүлсэн байна. /хх-ийн 32-33-р тал/
Уг мэдэгдэлд “... Эрүүгийн ******* дугаар хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад ******* нь ******* банкны Санхүүжилт болон зээлийн тайлагналын асуудал эрхэлсэн хэлтсийн захирлаар ажиллаж байхдаа тус банкны тэргүүн дэд захирал *******ыг .... гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж, хамжигчаар хамтран оролцож, ******* банканд 21,965,560.64 иений буюу 490,929,609.80 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсон тул Нийслэлийн прокурорын газрын прокурорын 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн тогтоолоор *******т холбогдуулан Монгол Улсын Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. ... Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг арилгах, дахин энэ төрлийн гэмт хэргийг үйлдүүлэхгүй байх, албан тушаалтнуудын хариуцлага, сахилга, ёс зүйг дээшлүүлэх, *******анд учирсан их хэмжээний хохирлыг яаралтай барагдуулах чиглэлээр удирдлага зохион байгуулалтын арга хэмжээ авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хугацаанд хариу ирүүлнэ үү...” гэжээ.
5. “*******” ХХК-ийн Захирлуудын зөвлөлийн ээлжит хурлын 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 2022/№02 дугаар тэмдэглэлээр Эрсдэлийн удирдлагын газрын Эрсдэлийн бодлогын хэлтсийн захирал *******тай холбоотой асуудлыг хэлэлцэн, мөрдөгчийн 21 дугаар мэдэгдэлд дурдсан үндэслэлийг харгалзан түүнийг ажил, албан тушаалаас чөлөөлөхөөр шийдвэрлэсэн байна. /хх-ийн 34-35-р тал/
6. Дээрх шийдвэрийг үндэслэн “*******” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн Б-38 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1, 78 дугаар зүйлийн 78.1.9, 80 дугаар зүйлийн 80.1.4, 83 дугаар зүйлийн 83.1, 83.3, Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.5.6, Монгол Улсын Хөгжлийн банкны дүрмийн 9.2, Хөдөлмөрийн дотоод журмын 10.13.6, 11.2, Авлигатай тэмцэх газрын 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 06/2503 тоот албан бичиг, Захирлуудын зөвлөлийн 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн шийдвэрийг тус тус үндэслэж, Эрсдэлийн удирдлагын газрын Эрсдэлийн бодлогын хэлтсийн захирал *******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөр тасалбар болгон цуцалж, ажлаас чөлөөлжээ.
7. Ажилтан ******* нь уг тушаалыг эс зөвшөөрч шүүхэд 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-д заасан хугацааны дотор анх гомдол гаргасан байна.
8. Ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан ажил олгогчийн шийдвэрийн үндэслэл нь бодит үнэнд нийцсэн, нотлогдсон байх, мөн уг шийдвэр нь хууль зүйн үндэслэлтэй байх учиртай.
9. Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг зөв тогтоож, хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан журмаар үнэлээд нэхэмжлэгчийг хөдөлмөрийн дотоод журамд заасан ноцтой зөрчил гаргасан буюу ёс зүйн хэм хэмжээг ноцтой зөрчсөн үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасныг баримтлан ажилтантай байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсныг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.
9.1. Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2-т “...Хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болон хөдөлмөрийн сахилгын зөрчлийг хөдөлмөрийн дотоод журамд тусгайлан заана.” гэж, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 4.2.1-д “Гүйцэтгэх ажил, үүрэгтэй холбоотой хууль тогтоомж, дүрэм журам, ******* банкны Хөдөлмөрийн дотоод журам, нууцын баталгааг мөрдөж, Ажил олгогчоос хариуцуулсан ажил, албан тушаалын үүрэгт ажлыг үнэнч, шударга, цаг хугацаанд нь хариуцлагатай гүйцэтгэж, эрхэлсэн ажилдаа үр дүнтэй, идэвх санаачилгатай ажиллаж, байгууллагын эд хөрөнгийг зохистой, хэмнэлттэй зарцуулан Гэрээгээр хүлээсэн үүргээ чанд биелүүлж ажиллах;” гэж, 4.2.5-д “Ямар ч тохиолдолд шууд болон шууд бус замаар аливаа иргэн, хуулийн этгээдтэй ******* банкны үйл ажиллагаа, бизнесийн эрх ашгийн эсрэг харилцаа холбоо тогтоохгүй байх, хувийн сонирхолдоо хөтлөгдөн ажиллахгүй байх;” гэж, 4.2.9-д “Харилцааны өндөр соёл, ёс зүйн хэм хэмжээг байнга сахиж ажиллах...” гэж, 4.2.13-т “Өөрт олгогдсон эрх мэдлээ хэтрүүлэх буюу урвуулан ашиглахгүй байх...” гэж, 6.3.4-т “Ажилтан ёс зүйн хэм хэмжээг ноцтой зөрчсөн нь шалгалтаар тогтоогдсон;” гэж, хөдөлмөрийн дотоод журмын 10.13.2-т “өөрт олгогдсон эрх мэдлээ хэтрүүлсэн буюу урвуулан ашигласан...” гэж, 10.13.6-т “ёс зүйн хэм хэмжээг ноцтой зөрчсөнийг Захирлуудын зөвлөл тогтоосон;” гэж тус тус заасан байна.
Нэхэмжлэгч ******* нь Эрсдэлийн удирдлагын газрын Эрсдэлийн бодлогын хэлтсийн захирлаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан гэмт хэрэгт холбогдож, хожим шүүхийн шийдвэрээр гэм буруутай болох нь тогтоогдож, эрүүгийн хариуцлага хүлээсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байх тул түүнийг дээр дурдсан хууль болон журамд заасан үүргээ зөрчсөн үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан нь үндэслэлтэй байна.
10. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “хариуцагч нь сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдээгүй, тайлбар аваагүй” гэх агуулгаар давж заалдах гомдол гаргасан.
“*******” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн Б-38 дугаар тушаалд дурдагдсан Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн албан бичгийн хавсралтаар хүргүүлсэн тус хэлтсийн мөрдөгчийн мөн өдрийн 21 дугаар мэдэгдэлд *******т холбогдуулан 2020 оноос эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа талаар дурдсан байх тул нэхэмжлэгчийг ямар үндэслэлээр ажлаас чөлөөлж байгааг мэдээгүй гэж үзэх боломжгүй.
Түүнчлэн ажил олгогч нь сахилгын шийтгэл ногдуулахдаа ажилтнаас тайлбар аваагүй нөхцөл байдал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасан ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн тушаалыг хууль бус гэж үзэх шууд үндэслэл болохгүй.
Өөрөөр хэлбэл, энэ нь зөрчлийн шинж чанарт нөлөөлөхгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн дээрх агуулгаар гаргасан гомдлыг хүлээн авахгүй.
11. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “нэхэмжлэгчийн гэм буруу нь шүүхийн шийдвэрээр тогтоогдоогүй байхад ажлаас чөлөөлсөн нь Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасныг зөрчсөн” гэх агуулгаар гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.
Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасан үндэслэлээр тушаал гаргахад гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг шүүхийн шийдвэрээр тогтоосон байхыг заавал шаардахгүй.
Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгахгүй. Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нь “*******” ХХК-д зээл олгоход нөлөөлсөн, ёс зүйн зөрчил гаргасан нөхцөл байдал тогтоогдсон.
12. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийг буруу тайлбарласан гэдэг давж заалдах гомдол үндэслэлтэй байх боловч энэ нь хэргийн шийдэлд нөлөөлөхгүй.
13. Иймд *******ыг ажлаас чөлөөлсөн “*******” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн Б-38 дугаар тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т нийцсэн байх тул нэхэмжлэгчийн гаргасан ажлаас үндэслэлгүй халсан, ажлаас чөлөөлөх тухай тушаал хууль зөрчсөн болохыг тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдэл зөв болжээ.
14. Мөн анхан шатны шүүхийн шийдвэрийн удиртгал хэсэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын овгийн эхний үсгийг буруу бичсэн техникийн шинжтэй алдаа гаргасан байгааг дурдах нь зүйтэй.
15. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 191/ШШ2025/09060 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР
ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА
Ч.МӨНХЦЭЦЭГ