Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 33

 

           

 

 

 

 

 

 

 

С.Лувсантүвэйн, Д.Мөнгөндуулга, Б.Ганбаатар, Э.Чойжилсүрэн нарт холбогдох

       эрүүгийн хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Болормаа даргалж, шүүгч Г.Тэгшсуурь, шүүгч Т.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор                                                      Ц.Батбямба

Шүүгдэгч нарын өмгөөлөгч                       Л.Мөнхтөр

Шүүгдэгч                                                       С.Лувсантүвэйн, Д.Мөнгөндуулга,  Б.Ганбаатар, Э.Чойжилсүрэн

          Нарийн бичгийн дарга                               О.Нямдорж нарыг оролцуулан Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 136 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн улсын яллагчийн эсэргүүцлээр С.Лувсантүвэйн, Д.Мөнгөндуулга, Б.Ганбаатар, Э.Чойжилсүрэн нарт холбогдох эрүүгийн 2016 1900 0181 дугаартай хэргийг 2017 оны 05 дугаар сарын 23-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Энхмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын харъяат, 1989 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Төв аймгийн Дэлгэрхаан суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамтаар Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбит 71-15 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Түмэн овгийн Эрдэнэцогтын Чойжилсүрэн, /РД:НЛ89071477/.

Монгол Улсын харъяат, 1989 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамтаар Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын 3 дугаар багийн Даваат гэх газарт оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Маань овгийн Сэрээнэнгийн Лувсантүйвэн, /РД:ЙГ89051217/.

Монгол Улсын харъяат, 1983 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Өвөрхангай аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамтаар Төв аймгийн Дэлгэрхаан сумын Тохойтын гол гэх газарт оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Мэнд овгийн Дашдондовын Мөнгөндуулга, /РД:ЙГ83112511/

Монгол Улсын харьяат, 1989 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Төв аймгийн Дэлгэрхаан суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамтаар Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбит 37-10 тоотод оршин суух хаягтай, урьд нь 2008 оны 02 сарын 19-ний өдөр Төв аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 27 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4, 126.2.5 дахь хэсэгт зааснаар 5 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2009 оны 07 дугаар сарын 22-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулиар 3 жилийн хорих ялыг өршөөн хасч, 2 сар 1 хоногийн хорих ялыг биечлэн эдэлж 2009 оны 08 дугаар сарын 23-ны өдөр ялаа эдэлж дууссан, улсаас авсан гавъяа шагналгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овгийн

Баяраагийн Ганбаатар, /РД:ЙГ89021455/.

Шүүгдэгч С.Лувсантүйвэн, Д.Мөнгөндуулга, Б.Ганбаатар, Э.Чойжилсүрэн нар нь бүлэглэн, машин механизм буюу Э.Чойжилсүрэнгийн эзэмшлийн 35-58 УНО улсын дугаартай Тоёота Аллион маркийн, мөн Б.Гантуяагийн эзэмшлийн 64-13 ТӨВ улсын дугаартай Киа Бонго маркийн тээврийн хэрэгслийг тус тус ашиглан 2014 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Төв аймгийн Дэлгэрхаан сумын нутаг “Хайрханы өвөр” гэх газраас иргэн Г.Баатархүүгийн 25 тооны хонь, 1 тооны ямааг хулгайлж 2.810.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 26-ны 136 дугаар шийтгэх тогтоолоор: Шүүгдэгч Түмэн овгийн Эрдэнэцогтын Чойжилсүрэн, Маань овгийн Сэрээнэнгийн Лувсантүйвэн, Мэнд овгийн Дашдондовын Мөнгөндуулга, Боржигон овгийн Баяраагийн Ганбаатар нарыг бусдын эд хөрөнгийг бүлэглэн, машин механизм ашиглан хулгайлж, бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Лувсантүйвэн, Д.Мөнгөндуулга, Б.Ганбаатар, Э.Чойжилсүрэн нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

Энэ хэрэгт иргэний бичиг баримтаар болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад хохирол төлбөргүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж,

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар мөрдөн байцаагчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн Б.Гантуяагийн эзэмшлийн Бонго жи-3 маркийн 64-13 ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл, С.Лувсантүйвэний эзэмшлийн 3 тооны хонь, Э.Чойжилсүрэнгийн эзэмшлийн Хайер /haier/ маркийн телевизор, Д.Мөнгөндуулгын эзэмшлийн 4 тооны хонь, Б.Ганбаатарын эзэмшлийн Пилипс /Philips/ маркийн телевизор зэргийг битүүмжилсэн тогтоолыг тус тус хүчингүй болгож,

С.Лувсантүйвэн, Д.Мөнгөндуулга, Б.Ганбаатар, Э.Чойжилсүрэн нарт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож,

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарлаж,

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж С.Лувсантүйвэн, Д.Мөнгөндуулга, Б.Ганбаатар, Э.Чойжилсүрэн нар урд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Улсын яллагч бичсэн эсэргүүцэлдээ:”... Анхан шатны шүүх дээрх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийг буруу хэрэглэж шийдвэрлэсэн байна. Тухайлбал шүүгдэгч С.Лувсантүвэйн, Д.Мөнгөндуулга, Б.Ганбаатар, Э.Чойжилсүрэн нар шүүгдэгч Э.Чойжилсүрэнгийн эзэмшлийн 38-58 УНО улсын дугаартай Тоёота аллион маркийн тээврийн хэрэгсэл, мөн иргэний нэхэмжлэгч Б.Гантуяагийн эзэмшлийн 64-13 ТӨВ улсын дугаартай Зиа Вонго маркийн тээврийн хэрэгслүүдийг хулгайн гэмт хэрэгт үйлдэхдээ ашигласан болох нь тогтоогдсон гэж шүүх шийтгэх тогтоолдоо зөв дүгнэлт хийжээ. Гэвч дээрх тээврийн хэрэгслүүдийн үнэ болох 13 000 000 төгрөгийг шүүгдэгч нараас гаргуулж, улсын орлогод оруулах талаар шийтгэх тогтоолд заагаагүй нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дах хэсэгт гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийг эд хөрөнгө хураах ялаас гадуур заавал хураана гэсэн заалтыг зөрчсөн байна.

Иймд Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 136 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсгүүдэд зааснаар улсын яллагчийн эсэргүүцэл бичив” гэжээ.

Шүүх хуралдаанд оролцсон прокуророос: “...бичсэн эсэргүүцлийг дэмжиж оролцоно” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1-д зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлага хангасан байна.

         Шүүгдэгч С.Лувсантүйвэн, Д.Мөнгөндуулга, Б.Ганбаатар, Э.Чойжилсүрэн нар нь бүлэглэн, машин механизм буюу Э.Чойжилсүрэнгийн эзэмшлийн 35-58 УНО улсын дугаартай Тоёота Аллион маркийн тээврийн хэрэгслийг ашиглан 2014 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Төв аймгийн Дэлгэрхаан сумын нутаг “Хайрханы өвөр” гэх газраас иргэн Г.Баатархүүгийн 25 тооны хонь, 1 тооны ямааг хулгайлж 2.810.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Г.Баатархүү, /хх-26/, гэрч, шүүгдэгч С.Лувсантүйвэн, Д.Мөнгөндуулга, Б.Ганбаатар, Э.Чойжилсүрэн нарын мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд, хохирлын үнэлгээ, гэрэл зургийн үзүүлэлтүүд, зэрэг хуульд заасан журмын дагуу хавтас хэрэгт бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, хэргийн зүйлчлэл зөв, шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

Мөн шүүгдэгч нарын дээрх үйлдэл Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-дэх хэсэгт зааснаар өршөөлд хамааруулан хэргийг хэрэгсэхгүй болгосон нь зөв байна.

Улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээн авах үндэслэлгүй байна.  

1. Шүүгдэгч нарын хулгайн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх 35-58 УНО улсын дугаартай Тоёота Аллион маркийн тээврийн хэрэгслийг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 133, 134, 140, 172 дугаар зүйлийн 172.3.3, 172.3.4-д заасны дагуу тогтоол, тэмдэглэл үйлдэж эд хөрөнгө битүүмжлэх, хураан авах, саатуулах зэрэг ажиллагаа хийгээгүй, уг машин Э.Чойжилсүрэнгийн нэр дээр хууль ёсны эзэмшигчээр бүртгэгдэж байгаагүй, Э.Амгаланбаатарын нэр дээр 35-58 УНО гэх улсын дугаар авч 2017 оны 1-р сарын 09-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэхээс 2 жилийн өмнө буюу 2015 онд бусдад зарагдсан, /хх-102-103/ зэрэг байдлуудаас үзвэл шүүхээс Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2-дах хэсэгт заасныг баримтлан 35-58 УНО улсын дугаартай Тоёота Аллион маркийн тээврийн хэрэгслийг хураан авах боломжгүй нөхцөл байдал үүссэн байна.  

2. Бусдын малыг хулгайлах гэмт хэргийг үйлдэхэд Б.Гантуяагийн эзэмшлийн 64-13 ТӨВ улсын дугаартай Киа Бонго маркийн тээврийн хэрэгслийг хэрэглэсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Э.Чойжилсүрэнгийн “...Би Ганбаатар, Лувсантүвэйн хоёрыг хөдөө гэрт нь хүргэж өгөх гэж ...38-58 УНО улсын дугаартай тээврийн хэрэгслээр гараад...замд явж байхад бороо ороод...хонь гэрэлд орж ирээд бид гурав машинаа зогсоогоод тухайн хонийг авч зарахаар ярьж тохиролцоод хонийг машинтайгаа туугаад айлын гадаа эзэнгүй хашаанд хашиж Лувсантүвэйнийг харж бай гэж үлдээгээд Ганбаатар бид хоёр ачих машин олж ирье гээд Мөнгөндуулгын гэрт очоод ...Мөнгөндуулгатай хамт гарч ирээд машинаа унаад бид хоёрыг дагаад явсан” гэх /хх-44/ мэдүүлэг,

Шүүгдэгч С.Лувсантүвэйнийн “...машины гэрэлд хэсэг хонь явж байсан ингээд бид 3 энэ хонийг ачъя гэж хоорондоо ярилцаад машинаараа туугаад айлын эзэнгүй хашаанд хашсан...Би хонийг нь хашаад хараад үлдсэн. Ингээд удалгүй нөгөө хоёр Мөнгөндуулгыг машинтай нь дагуулж ирээд ...хонио машинд ачаад Улаанбаатар хотод авчирч Чойжилсүрэнгийн хашаанд буулгасан ...” /хх-46/ гэх

Шүүгдэгч Д.Мөнгөндуулгын “ ...манай гэрт 02 цагийн үед ирээд хэдэн хонь Улаанбаатар хот руу ачаад өг гэж хэлэхээр нь би хулгайн мал биш биздээ гэж хэлэхэд тийм зүйл байхгүй Лувсантүвэйн хонь байгаа юм гэж хэлсэн ...очиход тэнд 20 гаруй хонь хашчихсан хориод сууж байсан... миний машинд ачиж дуусаад шууд Улаанбаатар хот руу шөнөдөө орж ирээд Чойжилсүрэнгийн хашаанд хонийг хүргэж өгсөн” гэх /хх-48/,

Шүүгдэгч Б.Ганбаатарын “..зам дээр гэрэлд хэсэг хонь хөдөө хээр тааралдсан ингээд бид гурав хоорондоо ярилцаад тус хонийг хулгайлъя гэж тохиролцоод тус хонийг машинтай туугаад айлын эзэнгүй хороонд аваачиж хашаад Лувсантүвэйнийг харж бай гэж үлдээгээд ...манай хүргэн болох Мөнгөндуулгынд очиж унааг нь гуйхаар болоод ...Мөнгөндуулгыг сэрээгээд хэдэн хонь ачаад Улаанбаатар хот руу оруулаад өгөөч гэж гуйсан...Лувсантүвэйн дээр ирээд хонио бид дөрвүүлээ элбэж ачаад Улаанбаатар руу хөдлөөд явсан” гэх /хх-50/ мэдүүлгүүдээр шүүгдэгч нар нь бүлэглэн үгсэн тохиролцож, 25 хонийг тууж эзэнгүй айлын хашаанд хашсанаар хулгайлах гэмт хэргийн үйлдэл төгссөн байх бөгөөд үүний дараа хонийг Улаанбаатар хот руу зөөвөрлөхөд 64-13 ТӨВ улсын дугаартай Киа Бонго маркийн тээврийн хэрэгсэл ашигласныг Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-д заасан “машин механизм” хэрэглэсэн гэдэгт хамааруулж үзэхгүй, мөн гэмт хэрэг үйлдэж олж авсан малыг зөөж тээвэрлэхэд ашигласан болохыг 64-13 ТӨВ улсын дугаартай Киа Бонго маркийн тээврийн хэрэгслийг эзэмшигч Б.Гантуяа нь мэдээгүй байна.

Иймд анхан шатны шүүх Б.Гантуяагийн эзэмшлийн 64-13 ТӨВ дугаартай Киа Бонго маркийн тээврийн хэрэгслийг хураалгүйгээр битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2-д заасан заалтыг хэрэглээгүй нь буруу биш байх тул улсын яллагчийн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1, 325 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 136 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын яллагчийн бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Давж заалдах шатны шүүх ял оногдуулсан этгээдийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                       

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Г.БОЛОРМАА

                             ШҮҮГЧИД                                    Г.ТЭГШСУУРЬ

                                                                                                Т.ЭНХМАА