Улсын дээд шүүхийн Тогтоол

2021 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 07

 

                                                                    О.Н-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч С.Батдэлгэр даргалж, шүүгч Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын цагаатгал хариуцсан хяналтын прокурор Ц.Батцэнгэл, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар аймгийн Ардын шүүн таслах газрын 1952 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 57 дугаар тогтоолтой О.Н-д холбогдох хэргийг Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Батцэнгэлийн бичсэн дүгнэлтийг үндэслэн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, Танхимын тэргүүн Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

 

Сүхбаатар аймгийн Халзан сумын 4 дүгээр багийн харьяат, 1952 оны байдлаар 72 настай байсан, эрэгтэй, О.Н нь 1950, 1951, 1952 онуудад ард Ж нарт буян ном үйлдэх, хүүхэд багачуудыг нь даах зэргээр ном гүрэм уншиж, шашны мухар сүсгээр мунхруулан 3 настай тэмээ 1, гүү 1-ийг амин хувьдаа өргөд барьц болгон авч ашигласан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар аймгийн Ардын шүүн таслах газрын 1952 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 57 дугаар тогтоолоор О.Н-ыг 1942 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 137 дугаар зүйлд зааснаар 1 жил 6 сар хорих ял шийтгэсэн байна.

 

Хяналтын шатны шүүхэд Улсын ерөнхий прокурорын газрын цагаатгал хариуцсан хяналтын прокурор Ц.Батцэнгэлийн гаргасан дүгнэлт болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа:...Сүхбаатар аймгийн Ардын шүүх таслах газрын 1952 оны 8 дугаар сарын 26-ний өдрийн таслан шийтгэсэн 57 дугаар тогтоолоор О.Н-ыг 1942 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 137 дугаар зүйлд зааснаар 1 жил 6 cap хорих ялаар хилсээр шийтгэсэн нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

1. О.Н-ын үйлдсэн гэх гэмт хэргийн санаа зорилго, ашгийг хичээж, бусдаас шахаж шаардаж өргөл барьц авсан эсэх, хэргийн улмаас тухайн үеийн нийгэм болоод иргэдэд ямар хор, хохирол учруулсан эсэхийг шалгаж, баримтаар бүрэн тогтоогоогүй, О.Н нь бусдын гуйлтаар ном уншиж, нас барагсдын хойтохыг уншиж, иргэдээс сайн дураараа барьц болгон өгсөн зүйлсийг авсныг ашгийг хичээсэн гэж үзэж, тухай үеийн төр засгаас шашны талаар баримталж байсан бодлогын золиос болгож, зориудаар улс төрийн хилс хэрэгт шийтгэсэн нь дараах баримтуудаас харагдаж байна. Үүнд:

О.Н-ын: “ ... бусдын гуйлт хүсэлтээр ном гүрэм уншиж өгсөн ...” гэх мэдүүлэг,

О.Н-тай хамт оршуулганд оролцсон гэх Чойдор мэдүүлэхдээ:"... 1951 оны хавар Д-ын эхнэрийн садан болох хөгшнийг нас барахад Н гэж хүний хамт гэрээс нь гаргаж, хөдөө булах ажилд нь оролцсон. Ингээд Д надад хүрэн зүсний үхэр 1-ийг өгсөн, намайг байхад Н-д утас, зүү өгснөөс өөр мал зэргийг барыд болгон өгсөн удаагүй ...” гэх,

Гэрч Жмэдүүлэхдээ: ’’Халзан сумын Нямаагаас 2-3 жилийн өмнө 100 төгрөг авсан юм, тэрхүү үнэнд эр тормон тэмээ 1-ийг өгөхөөр хэлэлцсэн ба мал тооллогоор Н нь миний 1 тэмээ Жигжид дээр байгаа гэсэн багийн тамгатай бичиг ирүүлсэн учир тэмээ нь Н дээр тоологдсон” гэх,

1952 оны 8 дугаар сарын 6-нд Г.С-г гэрчээр байцаахад, “... өөрийн эхнэрийг өвчтэй байхад Нямаар лүйжин тавиулан ном уншуулж, эхнэр хүний хавчаар өгч байгаагүй” гэх, Ч.Ад-г 1952 оны 8 дугаар сарын 19-нд гэрчээр байцаахад, “миний бие 4 дүгээр багийн “зоч” Н-р ном уншуулан өргөл барьц өгч байсан удаа байхгүй" гэж тус тус мэдүүлсэн баримтууд хэрэгт авагджээ.

Гэрчүүдийн мэдүүлгүүдээс дүгнэхэд, гэрч Т.Ж “1950 оны өвөл хүүхдээ өвчтэй байхад ном уншуулж барьцанд нь саарал зүсний гүү өгсөн, өөр юм өгөөгүй” гэж мэдүүлснээс бусад гэрчүүд нь О.Н-г бусдаас өргөл барьц авсныг мэдэхгүй гэж мэдүүлсэн байна.

1934 онд батлагдсан Төр шашныг тусгаарлан явуулах тухай хуулийн 20 дугаар зүйлд “Гагцхүү сайн дураар өргөн барьсныг авах явдлыг үл цаазална” гэснээс үзбэл албадан авахыг хориглосноос бус сайн дураар өгсөн өргөл барьцыг авахыг хориглоогүй байна.

О.Н нь бусдын гуйлт хүсэлтээр шашны ном уншиж, нас барагсдын хойтохыг уншиж, оршуулан өгч, түүний хариуд иргэдийн сэтгэлээсээ өргөл болгож өгсөн зүйлийг авсныг нь ашгийг хичээсэн гэж буруутгаж, улс төрийн хэрэгт зориудаар холбогдуулан хилсээр шийтгэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэг /...гэм буруугүй хүнд ял оногдуулахад хүргэсэн.../-т заасан шинээр илэрсэн нөхцөл болж байна.

Иймд Сүхбаатар аймгийн Ардын шүүх таслах газрын 1952 оны 8 дугаар сарын 26-ний өдөр таслан шийтгэсэн 57 дугаар тогтоолоор О.Н-г 1942 оны Эрүүгийн хуулийн 137 дугаар зүйлд зааснаар 1 жил 6 cap хорих ялаар шийтгэсэн тогтоолыг хүчингүй болгож, Сүхбаатар аймгийн Халзан сумын 4 дүгээр багийн харьяат, О.Н-г улс төрийн хэрэгт хилсээр хэлмэгдсэнд тооцож, цагаатгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйл, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 4 дүгээр зүйл /4.1.Энэ хууль 1922 оноос эхлэн “БНМАУ-ын шүүх, прокурор, мөрдөн байцаах, хэрэг бүртгэх байгууллагын хууль зөрчсөн үйл ажиллагааны улмаас иргэнд учирсан хохирлыг арилгах журмын тухай хууль” хүчин төгөлдөр болсон өдөр хүртэлх хугацаанд Монгол Улсын нутаг дэвсгэрт улс төрийн хэрэг хэлмэгдсэн Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүнд хамаарна/, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 болон 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсгийн заалтуудыг баримтлан бичсэн прокурорын дүгнэлтээ дэмжиж байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Батцэнгэлийн бичсэн дүгнэлтийг үндэслэн О.Н-д холбогдох эрүүгийн хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, тухайн хэргийн нотлогдсон байдал, шүүхийн шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг хянаж үзэв.

 

Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг сэргээн шалгах нь шүүхийн эцсийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан эсэхийг урьд мэдэгдээгүй байсан нөхцөл байдалд үндэслэн дахин хянаж буй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны онцгой үе шат бөгөөд шүүн таслах ажиллагаагаар шударга ёсыг цаг хугацаанаас үл хамааран хэзээд хэлбэрэлтгүй тогтоож байх чухал баталгаа болж өгдөг.

 

Энэ ажиллагааны зорилго нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлэгч болон оролцогч нарын хууль бус ажиллагаа, шүүхэд урьд мэдэгдээгүй байсан бусад нөхцөл байдлын улмаас алдаатай гарсан шүүхийн шийдвэрийг засаж залруулах байдлаар хүн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг тууштай хамгаалах явдал юм.

 

Хэргийг сэргээн шалгах үндэслэлд нэгдүгээрт шүүх хэргийг шийдвэрлэх үед бий болсон байсан боловч мэдэгдээгүй байгаад хожим илэрсэн бөгөөд шүүхийн дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлууд, хоёрдугаарт шүүх шийдвэр гарах үед бий болоогүй байгаад хожим үүссэн гэмт хэрэг, эрүүгийн хариуцлагыг үгүйсгэх хүчин чадалтай нөхцөл байдлууд бүгд хамаарна. Эдгээр нөхцөл байдлууд нь шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш тогтоогдсон байх ба шүүхийн шийдвэр үндэслэлтэй, хууль ёсны буюу шударга гарсан эсэхэд бодитой эргэлзээ төрүүлэх хэмжээнд байж хэргийг дахин шинээр хэлэлцэх үндэслэл болж чадах учиртай.

 

Шүүх хэргийг хянан хэлэлцэх, шийдвэр гарах үед бий болсон байсан шүүхэд мэдэгдээгүй нөхцөл байдлууд гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлэгч, эсхүл оролцогч нар хууль бус ажиллагаа явуулж, тухайлбал гэрч, шинжээч, орчуулагч хуурамч мэдүүлэг, дүгнэлт, орчуулга санаатай гаргах, шүүгч, прокурор, мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан нь эрх хэмжээгээ урвуулан ашиглах байдлаар хэргийн нотлох баримтыг бүрдүүлснийг хэлэх бөгөөд энэ нь хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрээр нотлогдсон байх шаардлагатай бол хожим бий болсон нөхцөл байдалд урьд гарсан шүүхийн шийдвэрээр тогтоогдсон гэмт хэрэг, эрүүгийн хариуцлагыг үгүйсгэх шүүхийн бусад тогтоол, шийдвэрээс гадна Үндсэн хуулийн цэцийн шийдвэр, олон улсын хүний эрхийн болон бусад шүүхийн шийдвэрүүд болон Монгол Улс олон улсын гэрээ, конвенцод нэгдсэн, шинэ хууль тогтоомж баталсан зэрэг нь хамаарна.

 

“Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай“ Монгол Улсын хууль 1998 онд батлагдаж уг хуулийн үйлчлэх хүрээнд хамаарах эрүүгийн хэргүүдийн хувьд шинэ нөхцөл байдлыг үүсгэсэн гэж үзэх үндэслэл нь энэ хуулиар тухайн үеийн эрүүгийн хууль тогтоомжид заасан улс төрийн буюу төрийн эсрэг гэмт хэрэг, эрүүгийн хуульд шууд заагаагүй боловч намын эсрэг гэх хэргийг гүтгэлэг, бие махбодын болон сэтгэл зүйн хүчирхийлэл, албадлага зэрэг хууль бус аргаар зохиомлоор бүрдүүлж хууль бусаар холбогдуулж шүүх тусгай, онцгой бүрэн эрхт комиссын болон нам, төрийн бусад байгууллагын шийдвэрээр баривчлан мөрдөх, эрүүгийн ял шийтгэл эдлүүлэх, шүүхээс гадуур нутаг зааж суулгах, хууль бусаар эрх, эрх чөлөөг нь хязгаарлах, хасах замаар амь нас, эрүүл мэнд, нэр төр, сэтгэл санаа, эд хөрөнгийн хохирол учруулсан үйл ажиллагааг улс төрийн хилс хэрэгт хамааруулан хуульчилсан явдал юм.

 

Монгол Улсын Их хурлаас батлан гаргасан дээрх хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дахь хэсгийн в-д шүүх, шүүхийг орлон ажилласан тусгай комисс, онцгой бүрэн эрхт комиссын шийдвэрээр 1934 оны “Шүүх цаазны бичиг”-ийн тусгай ангийн 1 дүгээр бүлгийн 42-50 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт ял шийтгүүлсэн нь хэргийг шинэ нөхцөл байдлын улмаас сэргээн хэлэлцэх үндэслэл болох талаар тодорхой заажээ.

 

“Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай” хуульд заасан уг нөхцөл байдлууд нь зөвхөн хэргийг шинээр хэлэлцэх үндэслэл болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 41.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээсний дараа явагдах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг энэ хуульд заасан ердийн журмыг баримтлан явуулж, гэмт хэрэгт холбогдсон хүн, хуулийн этгээд гэм буруутай эсэхийг шинээр хянан шийдвэрлэнэ.

 

Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон бол анхан шатны шүүх уг хэргийг дахин шийдвэрлэхдээ өмнөх шүүхийн шийдвэрийн заалтыг удирдлага болгохгүй.

 

О.Н-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн Сүхбаатар аймгийн Ардын шүүн таслах газрын 1952 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 57 дугаар тогтоол, тухайн хэрэгт цугларсан бичгийн баримтуудыг харьцуулан судалж үзэхэд тэрээр 1950, 1951, 1952 онуудад ард Ж нарт буян ном үйлдэх, хүүхэд багачуудыг нь даах зэргээр ном гүрэм уншиж, шашны мухар сүсгээр мунхруулан 3 настай тэмээ 1, гүү 1-ийг амин хувьдаа өргөл барьц болгон авч ашигласныг хөдөлбөргүй тогтоосон нотлох баримт байхгүй буюу түүний үйлдэл 1942 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 137 дугаар зүйлд заасан хэргийн шинжийг агуулаагүй тул түүнийг улс төрийн хэрэгт хилсээр ял шийтгүүлсэн гэж үзэх үндэслэлтэй хэмээн дүгнэв.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт “...Гэм буруугүй хүнд ял оногдуулахад хүргэсэн, шүүх шийдвэр гаргах үед мэдэгдээгүй байсан нөхцөл байдал илэрсэн...” гэх үндэслэлээр Сүхбаатар аймгийн Ардын шүүн таслах газрын 1952 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 57 дугаар тогтоолыг хүчингүй болгуулж, О.Н-д холбогдох 17282 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгон, түүнийг цагаатгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйл, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсгийн заалтыг баримтлан бичсэн прокурорын дүгнэлтийг хангах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Сүхбаатар аймгийн Ардын шүүн таслах газрын 1952 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 57 дугаар тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д заасан “Гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр О.Н-д холбогдох 17282 дугаартай хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.

 

 

ДАРГАЛАГЧ                                                  С.БАТДЭЛГЭР

ШҮҮГЧ                                                           Б.БАТЦЭРЭН

                                                                                  Ч.ХОСБАЯР

                                                                                  Б.ЦОГТ

                                                                                  Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН