Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Оюунбатын Оюунгэрэл |
Хэргийн индекс | 128/2017/0585/З |
Дугаар | 426 |
Огноо | 2017-05-31 |
Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 05 сарын 31 өдөр
Дугаар 426
Нийслэл дэх захиргааны хэргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Оюунгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “4” танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Х.Б
Хариуцагч: Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар
Хариуцагч: У ТӨХК
Гуравдагч этгээд: М.С
Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас иргэн М.С-ын барилгын гадна шугамын трассыг миний зөвшөөрөлгүйгээр өмчлөлийн газрыг маань дайруулан баталсан захиргааны акт илт хууль бус болохыг тогтоолгох, М.С-д олгосон барилга угсралтын ажлыг эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг хүчингүй болгож, илт хууль бус захиргааны актын улмаас учирсан 60,000,000 /жаран сая/ төгрөгийн хохирлыг Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас гаргуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.Б, түүний өмгөөлөгч Ц.О, хариуцагч Нийслэлийн хот байгуулалт, ерөнхий төлөвлөгөөний газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагч Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.А, гуравдагч этгээдийн М.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бат-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газарт холбогдуулан “НЕТГ-аас иргэн М.*******ын барилгын гадна шугамын трассыг миний зөвшөөрөлгүйгээр өмчлөлийн газрыг маань дайруулан баталсан үйлдлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд тус шаардлагаа “НЕТГ-аас иргэн М.С-н барилгын гадна шугамын транссыг миний зөвшөөрөлгүйгээр өмчлөлийн газрыг маань дайруулан баталсан захиргааны акт илт хууль бус болохыг тогтоолгох” болгон өөрчилж байна.
Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас М.*******ын барилгын дулаан шугам сүлжээний зураг төслийг ******* дугаартай техникийн нөхцөлийг үндэслэн батлахдаа дор дурдсан хууль тогтоомжийг зөрчиж, миний газар өмчлөх эрх, хууль ёсны ашиг сонирхолд халджээ.
Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгийн “Эрх бүхий байгууллага барилгын ажлын зөвшөөрөл олгохдоо барилгын үйл ажиллагаанаас шалтгаалан үүсэх иргэн, хуулийн этгээдийн өмчлөл, эзэмшил, ашиглалтад байгаа газар, үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой эрх, ашиг сонирхолыг харгалзан үзнэ” гэх заалтыг зөрчиж, миний газар өмчлөх эрхийг ноцтой зөрчсөн,
Техникийн нөхцлийн 8.3 дахь хэсгийн “Шинээр татах гадна шугамын транссыг сонгохдоо зам, талбай, газар эзэмшигч нартай зөвшилцсөн байна” гэх заалтыг зөрчин, надаас зөвшөөрөл авалгүйгээр миний өмчлөлийн газар дээгүүр бусдын шугам сүлжээний транссыг дайруулан баталж, намайг өмчлөлийн газраа зориулалтаар нь ашиглах боломжгүй болгосон.
Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих газрын эрх олгох, барилгын эх загвар зураг батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагааны журмын 8 дугаар зүйлийн 8.1.3 дахь хэсгийн бусдын газар эзэмшихтэй холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих үйл ажиллагааг хэрэгжүүлэхийг хориглоно” гэх заалтыг зөрчин, миний газар өмчлөх эрхэд халдсан.
Дулааны эрчим хүчээр хангах, техникийн нөхцөл олгох журмын 2.5 дахь хэсгийн техникийн нөхцлийг боловсруулахдаа харьяа дулаан дамжуулах сүлжээ болон бусад иргэн, хуулийн этгээдийн өмчлөлийн шугам, тоног төхөөрөмжөөр дамжуулан объектийг холбох тохиолдол бүрт зөвшөөрөл авч, баталгаажуулсан байна” гэх заалтыг зөрчин, миний зөвшөөрөлгүйгээр өмчлөх эрхэд халдсан. Дээр дурдсанчлан миний газар өмчлөх эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хууль зүйн үндэслэл байгаагүй байхад Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар миний өмчлөлийн газрыг дайруулан иргэн М.*******ын барилгын дулааны шугам сүлжээний зургийг баталсан нь илт хууль бус болсон бөгөөд тус илт хууль бус захиргааны актын улмаас иргэн надад болон гэр бүлийн гишүүдэд маань Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хуулиар олгосон “өмчлөгчийн эрх” ноцтой зөрчигдөж байна. Иймд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь хэсэгт заасан үндэслэлээр Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас иргэн М.*******ын барилгын гадна шугамын транссыг миний зөвшөөрөлгүйгээр миний өмчлөлийн Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, *******ын ******* тоот хаягт байрлах газрыг дайруулан баталсан захиргааны акт илт хууль бус болохыг тогтоож өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэх тухайд: Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас иргэн М.*******ын барилгын гадна шугамын трассыг миний зөвшөөрөлгүйгээр өмчлөлийн газрыг маань дайруулан баталж, илт хууль бус захиргааны акт баталсаны улмаас 140,000,000 төгрөгөөр үнэлэгдэж байсан газар дээр маань барилга байгууламж барих эрх маань хязгаарлагдан тус эрхээ эдлэх боломжгүй болж, үүний улмаас өмчлөлийн газрын маань эрх зээлийн үнэ цэнэ илтэд буурч, өмчлөлийн зүйлээ зах зээлийн үнэ цэнээр худалдах боломжоо алдан зах зээлийн хэт доогуур үнээр худалдаж, санхүүгийн эрх, ашиг сонирхолд маань хохирол учирсан.
Ийнхүү өмчлөлийн газраа зах зээлийн үнэ цэнээр худалдах боломжгүй болж, өмчлөлийн зүйлээ захиран зарцуулах эрх маань зөрчигдөж буюу өмчлөлийн газраа жаран сая төгрөг алдаж худалдсанаар санхүүгийн эрхэд маань ноцтой хохирол учирсан тул Захиргааны ерөнхий хуулийн 101 дүгээр зүйлийн 101.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр миний зөрчигдсөн санхүүгийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг алдсан орлого буюу хохирол болох жаран сая төгрөгийг гаргуулан надад олгох замаар сэргээж өгнө үү. Иймд нэхэмжлэлийн өөрчилсөн болон нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авч, НЕТГ-аас иргэн М.*******ын барилгын гадна шугамын транссыг миний зөвшөөрөлгүйгээр өмчлөлийн газрыг маань дайруулан баталсан захиргааны акт илт хууль бус болохыг тогтоож, Б.*******од олгосон барилга угсралтын ажлыг эхлэх, үргэлжлэх зөвшөөрлийг хүчингүй болгож, илт хууль бус захиргааны актын улмаас учирсан жаран сая төгрөгийн хохирлыг Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас гаргуулж өгнө үү” гэв.
Хариуцагч Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Иргэн М.*******о нь холбогдох хууль, дүрэм, журмын дагуу баримт бичгийг бүрдүүлэн барилга барих хүсэлтээ нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт 2013 онд гаргасан. Барилга барих хүсэлтийг судлан Газар барилгажилтын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн дэмжигдсэн. Улмаар 2014 оны ******* дугаартай Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг олгосон.
Манай байгууллага нь “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл”-ийг Монголд улсын Засгийн газрын 2012 оны 151 дүгээр тогтоол, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 5/14 тогтоолоор батлагдсан дүрэм, журмыг баримтлан олгодог бөгөөд уг нэхэмжлэлийн шаардлагад дурьдсан иргэн М.*******ын гадна дулаан хангамжийн ажлын зургийн зөвшөөрөл олгосон үйл ажиллагаа нь холбогдох дүрэм, журмын дагуу хийгдсэн болно.
Мөн нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ захиргааны хууль бус актын улмаас 140 сая төгрөгөөр үнэлэгдэж байсан газар маань барилга барих боломжгүй болж зах зээлийн үнэлгээ буурсан бодит үнэлгээгээр зарж борлуулах эрх маань хаагдсан мэтээр дурьдсан. Нэхэмжлэгч Х.******* нь ямар нэгэн барилга барих хүсэлтээ манай байгууллагад гаргаж байгаагүй бөгөөд барилга байгууламж барих эрх нь хязгаарлагдсан мөн газрын үнэлгээ нь буурсан талаар “Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлд” заасан нотлох баримтгүй зүйл бичсэн байгаа нь өөрөө үндэслэлгүй зүйл болжээ.
Иймд дээр дурьдсан үндэслэлээр нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг үндэслэлгүй болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хамтран хариуцагч Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
Иргэн Х.******* танай шүүхэд 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлжээ. Гэтэл 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурьдсан уг газар нь иргэн Д.*******ын нэр дээр шилжиж газар өмчлөх гэрчилгээ гарсан байгаа тул энэхүү маргаад байгаа газрын хууль ёсны өмчлөгч нь иргэн Х.******* биш бөгөөд нэхэмжлэх эрхээ шилжүүлсэн нь тогтоогдож байна.
Монгол улсын “Иргэний хууль”-ийн 248 дугаар зүйлийн 248.1, 248.2-т “худалдан авагч эд хөрөнгийг хүлээн авсныг гэрчлэх тодорхой үйлдэл хийсэн бол түүнийг эд хөрөнгө хүлээн авсанд тооцно” гэжээ.
Иргэн Х.******* 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр иргэн Д.*******той “Газар худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулан 80,000,000 төгрөгөөр уг газрыг худалдсан байна. Иргэн М.*******од олгосон төвлөрсөн дулааны эрчим хүчинд холбогдох 2015 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр ******* дугаарын “Техникийн нөхцөл”-ийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас олгосон байдаг.
Иргэн М.*******ын 12 давхар мансардтай орон сууцны барилгын гадна дулааны шугам нь иргэн Х.*******ын газар дээгүүр дайран гарсан болохыг уг хэрэгт шинжээчээр томилогдон ажилласан манай инженер Т.******* дүгнэлтэнд тодорхой заасан байгаа.
Шугамын трасс хаагуур явахыг дулааны шугамын зураг хийсэн автор хариуцдаг бөгөөд Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар трассын хувьд зургийг хянаж, баталгаажуулдаг зарчимтай. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Гуравдагч этгээд М.*******о шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие М.*******о нь Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөөний хүрээнд Сүхбаатар дүүргийн 11 хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй шинэ 7 дугаар хороололд холбогдох байгууллагуудын зөвшөөрөлтэйгээр үйлчилгээ бүхий 12 давхар мансардтай нэгдсэн нэг зоорьтой, орон сууцны барилгыг барьж дуусгаад байна.
Энэ барилгын ажилтай холбогдуулан Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас 2015 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн хурлаар батлагдсан ******* дугаар бүхий техникийн нөхцөл авч нөхцөлийн дагуу зураг төслөө боловсруулан холбогдох байгууллагуудтай зөвшилцөж, гадна дулааны шугам сүлжээний ажлыг хийж гүйцэтгэсэн.
Дээрхи гадна дулааны шугам сүлжээний ажлыг хийж гүйцэтгэхдээ трассын дагуух газруудыг үндэслэн төсөл хэрэгжүүлэгч “******* ” ХХК-тай зөвшилцсөний үндсэн дээр Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх батлагдсан ерөнхий төлөвлөгөөний хүрээнд, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд уялдуулан зам болон барилга хоорондын дундах хоосон талбайг ашиглан гадна дулааны шугамын ажлыг хийж гүйцэтгэсэн.
Батлагдсан ерөнхий төлөвлөгөөнд уялдуулан гүйцэтгэсэн манай байрилгын гадна дулааны шугам нь тус хорооны *******Б тоот айлын хашааны газар доогуур трассын дагуу дамжин өнгөрөх болж тухайн айлын хашаанд амьдарч буй иргэн тай уулзахад “Би шийдэх эрх мэдэлтэй хүн байна” гэж хэлээд 2,500,000 /хоёр сая таван зуун мянган/ төгрөг авч гадна дулааны шугамын ажил явуулахыг зөвшөөрч уг ажлыг хийж гүйцэтгэсэн.
Энэ шугамын ажлыг тавьж дууссаны дараа хашааны эзэн гэх Х.******* гэдэг хүн гарч ирж та нар хашааны эздийн зөвшөөрөлгүй манай хашааны газар доогуур дулааны шугам тавьсан байна гэхэд нь мөнгө авсан гэдэг хүнтэй уулзаж болсон асуудлыг тодруулахад би хашааны эзэнд нь та нарын өгсөн 2,500,000 төгрөгийг өгсөн, наад хашааны эзэд нь өөрсдөө мэдэж байгаа гэсэн хариуг өгсөн.
Хашааны эзэдтэй манай хүмүүс уулзаж 2 өрөө 2 ширхэг байр өгөх санал тавихад нэхэмжлэгч Х.******* дээр нь бэлэн мөнгө нэмж төлөх шаардлага тавьсан. Миний хувьд энэ шаардлагыг хүлээн авахад өнөөгийн зах зээлд байхгүй үнэ гэж үзээд бэлэн мөнгө өгөх боломжгүй гэдгээ илэрхийлэхэд нэхэмжлэгч Х.******* зөвшөөрөөгүй.
Дээрхи асуудлаар хашааны эзэн Х.******* шүүхэд гомдол гаргасан ба шүүх тухайн иргэнихй гомдлыг хянаж үзээд 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдөр тухайн иргэний гомдлыг хэрэгсэхгүй болгох шүүхийн шийдвэр гарсан.
Шүүхийн шийдвэр гарсаны дараа Х.******* нөхөр 2 хүүхдийн хамт ирж надтай уулзаад 2 өрөө 2 байрыг чинь авья гэсэн санал тавьсан. Тухайн үед би миний ажил их хугацаа алдсан мөн алдагдалд орсон талаар ярилцаад 2 өрөө байр 1 ширхэгийг дээр нь 10, 000,000 /арван сая/ төгрөгийг бэлнээр өгье гэхэд мөн тохиролцоонд хүрч чадалгүй өнөөг хүрсэн.
Миний зүгээс эцэст нь дүгнэж хэлэхэд би гэр хорооллыг барилгажуулах дахин төлөвлөлтийн хүрээнд холбогдох байгууллагуудын зөвшөөрөлтэйгээр өөрийнхөө эзэмшил газар дээр гадны хөрөнгө оруулалттайгаар барилга барьж Улсдаа хувь нэмэр оруулах, Монгол Улсынхаа хэдэн хүнийг ч гэсэн шинэ тохилог орон сууцтай болгохыг зорьж яваа иргэн хүн.
Иргэн Х.*******ын хашааны газрын хувьд: Тус газар нь кадастрын тэмдэглэгээний 2-3 дугаар цэгийн уртын дагуух 12,27 өргөний дагуух 1,2 м трасс шугам ухаж 14,7 м2газар доогуур дамжин өнгөрхөөр болж энэ нь тус газрын нийт эзэмшсэн 271,0м2 газрыг 100 хувь гэж үзвэл үүний 5,4 хувьтай тэнцэх хэмжээний газар юм.
Мөн нэхэмжлэгч Х.*******ын хашааны газар нь “Гэр хорооллыг орон сууцжуулах, дахин төлөвлөлт”-ийн хүрээнд зам талбай явахаар төлөвлөлтөнд орсон газар ба хэзээ нэгэн цагт энэ айлыг нүүлгэж улс орон буюу Улаанбаатар хот маань бүтээн байгуулалтын ажил хийх тодорхой. Миний зүгээс энэ айлын газрыг ямар нэгэн байдлаар үнэгүйдүүлэх зорилго агуулаагүй.
Гэтэл намайг энэ хашааны эзэн шөнийн цагаар ирж хашааны газар доогуур шугам тавьсан гэж шүүхэд гаргасан гомдолдоо дурьдсан нь үндэслэлгүй. Дээр дурьдсан трассын шугамыг айлын хашаагаар хүнд механизм оруулаад ухахад уг хашаанд амьдарч буй иргэд иргэнхийхээ эрхийг эдлээд хууль хяналтын байгууллагад хандаагүйг шүүгч та тунгаана гэдэгт итгэж байна.
Мөн шүүхэд гомдлоо барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг хүртэл хүчингүй болгуулахыг шаардсан байна. Энэ зөвшөөрөл нь иргэн Х.*******ын газартай ямар ч хамааралгүй бөгөөд иргэн би өөрийн өмчлөх эрх бүхий газартаа хуулийн хүрээнд тус зөвшөөрлийг авсан. Ингэж намайг тус газрын эзэн гүтгээд зогсохгүй олон газраар нэр төрийг минь гутаан доромжилж, гомдол мэдүүлэн явж байгаа нь өөрсдийн эрх ашгийг хамгаалах нэрийдлээр бусдын эрх ашгийг уландаа гишгэн өөрсдийн газраар их хэмжээний ашиг олох сонирхолыг агуулж байна гэж би бодож байна. Би энэ айлаас болж барьсан барилгаа Улсын комисст хүлээлгэж өгч чадахгүй их алдагдалд ороод зогсохгүй мөн хөрөнгө оруулагчийнхаа итгэлийг алдахад хүрээд байгаа тул энэ асуудлыг хуулийн дагуу үнэн зөвөөр нь шийдэж өгөхийг та бүхнээс хүсч байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг хянаад дараахь хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгч Х.*******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгчийн гаргасан “Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас иргэн М.*******ын барилгын гадна шугамын трассыг миний зөвшөөрөлгүйгээр өмчлөлийн газрыг маань дайруулан баталсан захиргааны акт илт хууль бус болгохыг тогтоолгох, М.*******од олгосон барилга угсралтын ажлыг эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг хүчингүй болгох” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2008 оны 47 дугаар тогтоолоор Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний хүрээнд, дэд бүтцийн шугам сүлжээнд ойр байрлалтай Сүхбаатар дүүргийн 9, 10, 11, 12 дугаар хорооны нутаг дэвсгэрийн гэр хорооллыг орон сууцны 7 дугаар хороолол болгон хөгжүүлэх “Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө” батлагдсан байна.
Улмаар Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 07/29 тогтоолын 2.2 дахь хэсэгт заасны дагуу тус хорооллыг хэсэгчилсэн дэд бүтцэд холбон тухайн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний “В” хэсэгчилсэн талбайн төсөл хэрэгжүүлэгчээр “*******лэнд девелопмент” ХХК шалгарсан байна.
Энэ төлөвлөлтийн байршилд иргэн М.*******ын барилга орж төсөл хэрэгжүүлэгчтэй харилцан тохиролцож өмчлөлийн газартаа барилга барих тухай хүсэлтээ Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газарт гаргаж, улмаар уг газарт барилга барих боломжтой гэж хариуцагч байгууллага үзэн 2014 оны 08 дугаар сарын 07-ны өдөр ******* дугаар “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл”-ийг олгосон байна.
Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас дээрх зөвшөөрлийг иргэн М.*******од олгохдоо Барилгын тухай хуулийн 28 дугаар зүйл, Засгийн газрын 2012 оны 151 дүгээр тогтоолын 4 дүгээр хавсралтын “А” хэсэгт, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2014 оны 5/14 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих газрын эрх олгох, барилгын эх засвар зураг батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтанд оруулах үйл ажиллагааны журам”-ын 6.3, 6.4 дэх хэсэг, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд захирагчийн ажлын албаны 2015 оны ******* дугаартай техникийн нөхцлийг үндэслэн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний хүрээнд авто замын улаан шугамын зурваст багтаан холбогдох тогтоол, журмын дагуу олгосон нь хуульд нийцсэн байна.
Өөрөөр хэлбэл гуравдагч этгээд М.*******о нь өөрийн өмчлөлийн газар дээр барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авахдаа хөрш зэргэлдээ газрын өмчлөгчөөс зөвшөөрөл авах талаар Барилгын тухай хуулийн 28 дугаар зүйлд заагаагүй тул хариуцагчаас дээрх зөвшөөрлийг олгосон нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй тул хүчингүй болгох үндэслэлгүй байна.
Иргэн М.*******о нь газрын өмчлөгч Х.*******аас зөвшөөрөл авалгүйгээр барилгын гадна шугамын трассыг татсан гэж нэхэмжлэгч маргадаг боловч бодит байдал дээр М.*******о нь Х.*******ын хашаанд сууж байсан Ц.тай харилцан тохиролцож зөвшөөрөл авсан байх бөгөөд 2.500.000 /хоёр сая таван зуун мянган төгрөг/-ийг бэлнээр өгсөн, уг мөнгийг Х.******* авсан болох нь нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн тайлбар, банкны орлогын мэдүүлэг, Ц.ы “....дансны дугаарыг нь удаа дараа нэхсэн боловч бидэнд өгөөгүй тул Х.*******д 2.500.000 мянган төгрөгийг бэлнээр өгсөн” гэх тодорхойлолт зэргээр тогтоогдож байх тул иргэн М.*******о болон хариуцагчийг нэхэмжлэгчээс зөвшөөрөл авалгүйгээр барилгын гадна шугамын трассыг татсан гэдэг нь дээрх баримтаар үгүйсгэгдэж байна.
Мөн Х.******* нь Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.3 “өмчийнхөө газрыг зохих журмын дагуу иргэнд худалдах...” гэж заасан эрхийнхээ хүрээнд маргаж буй өөрийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Рашаан 19 дүгээр гудамжны тоот хаягтай газраа Д.*******ын өмчлөлд 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн “Газар худалдах, худалдан авах гэрээ”-ээр шилжүүлсэн байх тул Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.1 “өмчийн газраа бусад иргэний өмчлөлд шилжүүлснээр”-д зааснаар Х.*******ын газар өмчлөх эрх дуусгавар болсон байна.
Иймд нэхэмжлэгчийн эрх ашиг хөндөгдөөгүй байх тул нэхэмжлэлийн энэхүү шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
“Илт хууль бус захиргааны актын улмаас учирсан 60,000,000 /жаран сая/ төгрөгийн хохирлыг Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас гаргуулах” шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч нь М.*******ын барилгын гадна шугамын трассыг миний зөвшөөрөлгүйгээр өмчлөлийн газрыг маань дайруулан баталж, илт хууль бус захиргааны акт гаргасны улмаас 140.000.000 сая төгрөгөөр үнэлэгдэж байсан газар дээр маань барилга байгууламж барих эрх маань хязгаарлагдан тус эрхээ эдлэх боломжгүй болж, үүний улмаас өмчлөлийн газрын маань зах зээлийн үнэ цэнэ илтэд буурч, өмчлөлийн зүйлээ зах зээлийн үнэ цэнээр худалдах боломжоо алдан зах зээлийн үнээс хэт доогуур үнээр худалдаж, санхүүгийн эрх, ашиг сонирхолд маань хохирол учирсан” гэж маргажээ.
Нэхэмжлэгч газраа 140 сая төгрөгөөр үнэлэгдэж байсан гэх боловч үнэлгээг албан ёсоор тогтоосон шийдвэр байхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрийн хүсэл зоригийн дагуу газраа Д.*******од 80 сая төгрөгөөр худалдсан байдаг тул газрын зах зээлийн үнэ илтэд буурсан, нэхэмжлэгчид хохирол учирсан гэж үзэх боломжгүй юм.
Мөн энэхүү нэхэмжлэлийн шаардлага нь захиргааны шүүхийн харьяаллын бус маргаан байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухайн хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д зааснаар хүлээн авахаас татгалзах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ 457.950 төгрөг илүү төлсөн байх тул нэхэмжлэгчид буцаан олгох нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.2, 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.3, 31 дүгээр зүйлийн 31.1.1, Барилгын тухай хуулийн 28 дугаар зүйлд заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Х.Б-ын “Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас иргэн М.С-н барилгын гадна шугамын трассыг миний зөвшөөрөлгүйгээр өмчлөлийн газрыг маань дайруулан баталсан захиргааны акт илт хууль бус болохыг тогтоолгох, М.С-д олгосон барилга угсралтын ажлыг эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг хүчингүй болгох” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг баримтлан Х.Б-ын “илт хууль бус захиргааны актын улмаас учирсан 60,000,000 /жаран сая/ төгрөгийн хохирлыг Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 457.950 төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсээс гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ