Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 221/МА2020/0324

 

“Н а” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Ц.Сайхантуяа, Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Батбилэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Н, Г.М, хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 205 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн давж заалдах гомдлоор “Н а” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга, Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд тус тус холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 205 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: “Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 24.4, 28 дугаар зүйлийн 28.2, 40 дүгээр зүйлийн 40.2.3, 40.4, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 56.3, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Н а” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн дугаар 2019/19 тоот Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай дүгнэлтийг болон Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн “Тусгай зөвшөөрөл цуцлах тухай” 433 дугаар шийдвэрийг тус тус хүчингүй болгосугай.

2 дахь заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгч “Н а” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 35.100 төгрөгийг, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс 35.100 төгрөгийг тус тус гаргуулж “Н а” ХХК-д шийдвэрлэжээ.

Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.О шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...Нэг: Шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт: “Тус хэргийн шүүх хуралдаан олон удаа хойшилсон...” гэжээ.

“Н а” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэрэг 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 8023 дугаар захирамжаар үүссэн. Уг хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нарын хүсэлтээр нотлох баримт цуглуулах, үзлэг хийлгэхээр 3 удаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр 2 удаа хойшилсон.

2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн шүүх хуралдааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нотлох баримт гаргуулах хүсэлт гаргасан боловч шүүх хэрэгсэхгүй болгосон тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д “Хэргийн оролцогч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авч болно” гэж заасныг үндэслэн өмгөөлөгч авах хүсэлт гаргасан. Шүүх уг хүсэлтийг хүлээн авсан боловч шүүгчийн захирамж хэрэгжиж дуусаагүй байхад шүүх хурлыг хийсэн нь хууль зүйн үндэслэлгүй болсон.

Хоёр: Шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт: “Шүүх хуралдааны тов мэдэгдсэн баримтад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гарын үсэг зурах үедээ Монгол Улсын Дээд шүүх дээр хуралдаантай талаар шүүхэд хэлээгүй” гэжээ.

Шүүх 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн хуралдааны явцад дараагийн шүүх хуралдааны тов гаргахаар санал авахад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 14 хоногийн хугацаагаар хойшлуулж өгөх хүсэлт гаргасан. Харин нэхэмжлэгч тал “аль болох хурдан шүүх хурлаа хийлгэмээр байна” гэсний дагуу 8 хоногийн дараа шүүх хуралдааныг товлосон. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “Н а” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн анхан шатны шүүх хурал эхлэхээс өмнө уг шүүх хурлыг хойшлуулах хүсэлтийг нотлох баримтын хамт тус шүүхэд хүргэж өгсөн.

Гурав: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хэрэгжүүлнэ”, 6.3-д “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хэргийн үйл баримт, хэргийн оролцогчийн буруутай үйл ажиллагаа, хууль зүйн үндэслэл, хууль хэрэглээний талаар нотлох болон үгүйсгэх байдлаар мэтгэлцэнэ” гэж заасан хуулийн зохицуулалтыг үл ойшоон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүх хуралдаанд биеэр оролцож үг хэлэх, тайлбар өгөх, нотлох баримт гаргах, түүнийг шинжлэн судлахад тэгш эрхтэй оролцох боломжийг хязгаарласан.

Захиргааны хэргийн анхан шатны шүүх “Н а” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн шүүх хуралдааныг явуулахдаа мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлээгүйн улмаас хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзэж байна.

Дөрөв: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ” гэж хуульчилсан. Захиргааны хэргийн анхан шатны шүүх “Н а” ХХК-ийн нэхэмжлэлтэй хэргийг бодитой, хууль зүйн үндэслэл бүхий шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримтыг бүрэн цуглуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 205 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх нотлох баримтыг бүрэн цуглуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байх тул хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч “Н а” ХХК-иас “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 433 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 2019/19 тоот “Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай” дүгнэлтийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахыг хүссэн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 433 дугаар шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 28 дугаар зүйлийн 28.1.1 дэх заалт, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 01/5820 дугаар албан бичгээр ирүүлсэн 2019/19 дүгээр дүгнэлтийг үндэслэн нэхэмжлэгч “Н а” ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын MV-000000 дүгээр тусгай зөвшөөрлийг цуцалсан байна.

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 2019/01 дүгээр дүгнэлтээр Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д заасныг үндэслэн, “Н а” ХХК-ийн эзэмшдэг МV-000000 тоот тусгай зөвшөөрөл бүхий талбайд ашиглалт хийхдээ тухайн компани байгаль орчинд хортой нөлөө учруулж болзошгүй тул ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах нь зүйтэй гэсэн дүгнэлт гаргажээ.

Уг дүгнэлтдээ Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д “тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан” гэж заасны дагуу Өмнөговь аймгийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 1-2103 дугаар албан бичиг, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 1/302 дугаар албан бичгийг байгаль орчинд хортой нөлөө учруулж болзошгүй талаарх нутгийн захиргааны байгууллагын санал гэж үзсэнээ дурджээ.

Анхан шатны шүүх энэхүү нөхцөл байдлыг тогтооход ач холбогдолтой байж болох холбогдох баримтыг өөрөө цуглуулж үнэлэх үүргээ бүрэн биелүүлжээ.

Нөгөөтэйгүүр, нэхэмжлэгч компани нь ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайд олборлолт явуулаагүй бөгөөд байгаль орчинд хортой нөлөө учруулж болзошгүй гэж үзэх тооцоо, судалгаа, шинжилгээ, нотлох баримт байхгүй талаар анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэжээ.

Эдгээрээс үзэхэд маргаан бүхий Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 433 дугаар шийдвэр, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 2019/19 тоот “Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай” дүгнэлтүүд нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д “хуульд үндэслэх”,4.2.4-д “үр нөлөөтэй байх”, 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, 4.2.6-д “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” гэж заасан зарчмуудыг баримтлаагүй нь тогтоогдож байна.

Мөн хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээс давж заалдах гомдолдоо “...Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д “Хэргийн оролцогч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авч болно” гэж заасныг үндэслэн өмгөөлөгч авах хүсэлт гаргасан. Шүүх уг хүсэлтийг хүлээн авсан боловч шүүгчийн захирамж хэрэгжиж дуусаагүй байхад шүүх хурлыг хийсэн нь хууль зүйн үндэслэлгүй болсон”, “...хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүх хуралдаанд биеэр оролцож үг хэлэх, тайлбар өгөх, нотлох баримт гаргах, түүнийг шинжлэн судлахад тэгш эрхтэй оролцох боломжийг хязгаарласан” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдааны явцад өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч шүүх хуралдааныг 7 хоногоор хойшлуулж, 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 11 цаг 00 минутад товложээ.

Шүүгчийн захирамж хэрэгжиж дуусаагүй байхад шүүх хурлыг хийсэн гэх гомдлын тухайд анхан шатны шүүхийн зүгээс өмгөөлөгч авах эрхийг хангасан байна.

Түүнчлэн тухайн шүүх хуралдаан явагдсан өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс өмгөөлөгчийн хамт оролцох хүсэлт санал гаргаагүй. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид анхан шатны шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт оролцох хүсэл зориг байсан бол шүүх хуралдаанаас өмнө өмгөөлөгч авч, хэргийн материалтай танилцуулж, хурлын товыг мэдэгдэх, өмгөөлөгч шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах боломжтой байжээ. Шүүгчийн захирамжийн биелэлтийг дараагийн шүүх хуралдаанаас өмнө хангуулах нь шүүхийн үүрэг биш юм.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжоор хангаагүй гэх гомдлын тухайд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааныг товлон зарлаж байх хугацаанд Монгол Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд шүүх хуралдаан давхцаж буй тухайгаа шүүхэд мэдэгдээгүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.4-д “Хариуцагч ... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд нэхэмжлэгч хэргийг тэдгээрийн эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргасан бол шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэж болно” гэж зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг хангалгүй шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн нь уг хуулийн заалтад нийцсэн байна.

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт заасны дагуу хэрэгт хамаарал бүхий нотлох баримтыг бүрэн цуглуулсан байх ба хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тохиолдолд хавтаст хэрэгт авагдсан тайлбар, нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэх үндэслэл болохгүй.

Анхан шатны шүүх шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн гомдлыг хангахгүй орхилоо.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон