Улсын дээд шүүхийн Тогтоол

2026 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 001/ХТ2026/0102

 

“Э***” ХХК-ийн нэхэмжлэлтэй, 

*** аймгийн *** сумын 

Засаг даргад холбогдох захиргааны 

хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн: 

Даргалагч, шүүгч:     Д.Батбаатар    

Танхимын тэргүүн: Д.Мөнхтуяа 

Шүүгчид:                     М.Батсуурь

                                        П.Соёл-Эрдэнэ                 

Илтгэгч шүүгч:        Г.Банзрагч

Нарийн бичгийн дарга: Б.Зэнээмэдрээ

Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 113/ШШ2026/0004 дүгээр шийдвэр, 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 221/МА2026/0407 дугаар магадлалтай, 

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.С***, П.Г***, өмгөөлөгч А.Зоригтбаатар, хариуцагч Ч.С***, гуравдагч этгээд “Ц***” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А***, өмгөөлөгч Э.Ариунсайхан, гуравдагч этгээд Б.А*** нарыг оролцуулж,

Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2026 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 001/ШХТ2026/0328 дугаар хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1, 123.2.3-т заасан үндэслэл байгаа эсэхийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэлийн шаардлага:

“Э***” ХХК нь *** аймгийн *** сумын Засаг даргад холбогдуулан “*** аймгийн *** сумын Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/*** дугаар захирамжийг хүчингүй болгуулах, 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн А/*** дугаар захирамжийг хууль бус байсан болохыг тогтоолгох, 2012 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн А/*** дугаар захирамжийг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль /2002 он/-ийн 9 дүгээр зүйлийн 9.1.7 болон 9.1.9-д зааснаар илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.   

2.Хэргийн нөхцөл байдал:

2.1.*** аймгийн *** сумын Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн А/*** дугаар захирамжаар “***сумын 2-р багийн нутаг 21 дүгээр зөрлөгийн зүүн урд ачаа буулгах, тээвэрлэх “Үйлдвэрлэл”-ийн зориулалтаар 20 га газрыг “М***” ХХК-д 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн байна. 

2.2.*** сумын Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн А/***  дугаар захирамжаар “М***” ХХК-д олгосон 20 га газар эзэмших эрхийг иргэн Б.А***т шилжүүлж, 2012 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн А/*** дугаар захирамжийг хүчингүй болгосон байдаг. Үүний дараа иргэн Б.А***ын 20 га газар эзэмших эрхийг тус сумын Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/*** дугаар захирамжаар анх авсан этгээдийн үлдсэн хугацаагаар буюу 14 жилийн хугацаагаар “Ц***” ХХК-д шилжүүлэн, 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн А/*** дугаар захирамжийг хүчингүй болгосон байна.

2.3.“Ш***” ХХК нь Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газраас 2007 оны 03 дугаар сарын 09-ний өдөр *** аймгийн ***, *** аймгийн *** сумын нутагт ашигт малтмал эрж хайх 82***Х дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийг авсан ба энэхүү тусгай зөвшөөрлийн хүрээнд ажил гүйцэтгэж Уул уурхайн яамны Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн 2015 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн ХХ-08-01/*** дугаар дүгнэлт, Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын даргын 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Н/*** дүгээр тушаалаар Шивээ-1-1 нэртэй XV-013*** дугаартай талбайг ашигт малтмалын улсын нөөцөд бүртгүүлсэн байна. 

2.4.Мөн “Ш***” ХХК нь *** аймгийн ***, *** сум, *** аймгийн *** сумын нутгийг дамнан байрлах Ш***-1 нэртэй 7862.71 гектар талбай бүхий MV-020*** дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийг 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр авсан бөгөөд тус зөвшөөрлөө 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэгч “Э***” ХХК-д шилжүүлжээ.

2.5.Бодит байдалд маргаан бүхий газрыг *** аймгийн *** сумын Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/*** дугаар захирамжаар “Ц***” ХХК эзэмшиж байгаа ба тус эзэмшлийн газар нь бүхэлдээ нэхэмжлэгч “Э***” ХХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрлийн MV-020*** дугаартай талбайтай давхцаж байна.

2.6.Үүнтэй холбогдуулан нэхэмжлэгч “Э***” ХХК нь Ш*** сумын Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/*** дугаар захирамжийг эс зөвшөөрч Г*** аймгийн Засаг даргад 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдөр гомдол гаргасан, тус гомдолд аймгийн Засаг даргаас 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/*** дугаар албан бичгээр хариу өгснийг эс зөвшөөрч 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

3.Нэхэмжлэгчээс дараах үндэслэлээр маргаж байна. Үүнд:

3.1.“...“Э***” ХХК нь *** аймгийн ***, *** сумдын нутагт байрлах Х*** нэртэй МV-020***, MV-022*** болон Ш***-2 нэртэй MV-020*** дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайнуудыг 2013 оноос эзэмшиж байгаа. Манай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн талбайд “Ц***” гэх компани хууль бусаар байрлаж улмаар хашаа болон барилга байгууламж барьж, газрын хэвлийг сүйтгэж байна ... 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/*** дугаар сумын Засаг даргын захирамжаар *** сумын 2 дугаар багт 199840 м.кв талбайг 14 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэх Э-1903000*** дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ гаргасан байдаг. Энэхүү хууль бус гэрчилгээ нь манай компанийн эрхийг зөрчсөн ... Иймд *** аймгийн Ш*** сумын Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/*** дугаар захирамжийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

3.2.Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж бичгээр гаргасан нэхэмжлэлдээ: “... “М***” ХХК-д эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн газар нь Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 29.2, 29.3-т заасан зориулалт бүхий газарт хамаарахгүй байна. Өөрөөр хэлбэл Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д заасныг үндэслэн “М***” ХХК-д газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасныг зөрчсөн. *** сумын Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн А/*** дугаар захирамж нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3-т заасныг зөрчсөн бөгөөд захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байхгүй, ... *** сумын Засаг дарга газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд багтаагүй газрыг дуудлага худалдаагаар эзэмшүүлэхээр шийдвэрлэж, улмаар “М***” ХХК-д эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй ..., нөгөөтээгүүр, дуудлага худалдаагаар газар эзэмшүүлэхэд Монгол Улсын Засгийн газрын 2003 оны *** дугаар тогтоолын 3 дугаар хавсралтаар батлагдсан “Дуудлага худалдаа явуулах журам” үйлчилж байсан ба “М*** ” ХХК-д газар эзэмшүүлэхээр шийдвэрлэхдээ тус журмыг зөрчсөн ..., мөн тус хууль бус актыг үндэслэн ***  аймгийн ***  сумын Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн А/*** дугаар захирамжаар “М***” ХХК-ийн эзэмшиж буй газрыг иргэн Б.А***т шилжүүлэхээр эзэмшүүлсэн, хууль бус акт нь эрх зүйн үйлчлэлгүй тул иргэн Б.А***т газар эзэмших эрх үүсэх хууль зүйн үндэслэлгүй бөгөөд газар эзэмших эрхийг шилжүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм ...” гэсэн байна.

4.Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч:

4.1.“...“Ц***” ХХК-ийн эзэмшиж буй газар нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 04 дүгээр тогтоол болон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2012 оны *** дугаар тогтоолыг үндэслэн газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааг зарлан ялагчтай байгуулсан гэрээний дагуу сумын Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн А/*** дугаар захирамжаар “М***” ХХК-д эзэмшүүлсэн. “М***” ХХК нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-т заасны дагуу иргэн Б.А***т сумын Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн А/*** дугаар захирамжаар газар эзэмших эрхээ шилжүүлсэн. Иргэн Б.А***  нь сумын Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/***  дугаар захирамжаар өөрийн үүсгэн байгуулсан “Ц***” ХХК-ийн эзэмшилд газар эзэмших эрхийг мөн шилжүүлсэн байна. Дээрх он цагийн дарааллаас харахад тус компанийн MV-040*** дугаартай талбай нь 2012 онд ашиглалтын тусгай зөвшөөрөлгүй байсан бөгөөд Газрын тухай хууль, Ашигт малтмалын тухай хуулийн дагуу хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд газар эзэмших эрхийг хязгаарлаагүй ... Сумын Засаг даргын 2012 оны А/*** дугаар захирамжаар зохион байгуулсан газрын дуудлага худалдааг Монгол Улсын Засгийн газрын 2003 оны *** дугаар тогтоолын 6 дугаар хавсралтын дагуу тухайн шатны Засаг даргын захирамжаар томилогдсон комиссын бүрэлдэхүүн танхимаар нээлттэй ил, тод зохион байгуулсан. 

4.2.Аймгийн Засаг дарга 2012 оны А/*** дүгээр захирамжаар аймгийн хэмжээнд газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнийг баталсан байдаг. Дээрх захирамжийн дагуу дуудлага худалдааны анхны үнийг тооцон дэнчингийн үнийг төлүүлсэн. *** сумын 21 дүгээр зөрлөгийн зүүн урд талд байрлах “Үйлдвэрлэл”-ийн зориулалттай 20 га газрын дуудлага худалдаа 2012 оны 10 дугаар сарын 31-ний өдөр танхимаар зохион байгуулагдсан бөгөөд тус дуудлага худалдаанд оролцогч талууд тухайн өдөр оролцох хүсэлтээ ирүүлж, дэнчинг тушаасан болно. Монгол Улсын Засгийн газрын 2003 оны ***  дугаар тогтоолын 6 дугаар хавсралтаар батлагдсан “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам”-ын дагуу зохион байгуулсан дуудлага худалдаатай холбоотой гомдол гарч байгаагүй ба газрын дуудлага худалдаа зохион байгуулагдсан өдрөөс хойш 14 жил өнгөрч, анхны газар эзэмшигчээс 2 газар эзэмшигч дамжин эрх шилжиж хөрөнгө оруулалт хийгдэж барилга байгууламж баригдсан. Анх газар олголт журмын дагуу явагдсан ба тухайн олголт хийгдсэн газартай давхардуулан ашиглалтын тусгай зөвшөөрөл 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр олгосон явдал нь бусад хууль тогтоомжийг зөрчсөн гэж үзэж байна ...” гэсэн тайлбар өгсөн.

5.Гуравдагч этгээд “Ц***” ХХК нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч: “... Нэхэмжлэл хууль зүйн үндэслэлгүй болох нь тэдгээрийг шийдвэрлэсэн төрийн байгууллагын хариу албан бичиг, шүүхийн шийдвэрээр тогтоогддог. Манай компанид эзэмшиж буй газар эзэмших эрхийг анх 2012 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 042*** -А/*** /2012 дугаар сумын Засаг даргын захирамжаар олгосон. Харин нэхэмжлэгч нь тухайн талбайд ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг аваагүй байсан. Мөн тухайн газар эзэмших эрхийг Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4, 38 дугаар зүйлд заасны дагуу 2022 онд манай компани шилжүүлэн авсан байдаг. Энэ нь Газрын нэгдмэл сангийн удирдлагын цахим системээс авсан нэгж талбарын тодорхойлолтын нэгж талбарын түүх гэсэн хэсгээр нотлогддог. “***  аймгийн *** , ***  сумын нутагт байрлах ***  нэртэй MV-0204*** , MV-0229*** , *** -2 нэртэй MV-020*** дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбай”-нууд нь манай компанийн газар эзэмших эрхтэй талбайд хамаарахгүй ..., нэхэмжлэгч нь Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.12, 27 дугаар зүйлийн 27.1.14-т  заасан газар ашиглах эрхээ улсын бүртгэлд бүртгүүлээгүй буюу хууль тогтоомжийн дагуу газар ашиглах эрх нь хууль ёсны дагуу үүсээгүй байхад эрх ашиг нь зөрчигдсөн мэтээр нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй. Тус газрыг хууль ёсны дагуу 2021 оноос эзэмшиж эхэлсэн ..., 2023 оноос эхлэн тухайн 20 га газарт манай компани нэлээдгүй их хэмжээний бүтээн байгуулалт хийж, хууль тогтоомж, шаардлагыг хангаж бүх үйл ажиллагаагаа хууль ёсны дагуу явуулан цахилгаан холболт хийлгэж, худаг гаргаж, төмөр зам барих тусгай зөвшөөрөл авч, сум орон нутгийн иргэдийг ажлын байраар хангахын тулд ажилчдын байр, сууцыг барьсан ..., нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

6.Гуравдагч этгээд “М*** ” ХХК тайлбартаа: “...“М***” ХХК нь ачиж буулгах терминал байгуулахаар 2012 онд ***  аймгийн ***  сумын 2-р багийн нутаг, 21 дүгээр зөрлөгийн зүүн урд “Үйлдвэрлэл”-ийн зориулалтаар хууль ёсны дагуу газрын дуудлага худалдаанд оролцон 15 жилийн хугацаатай 20 га газрын газар эзэмших эрхийг авсан. Бид ачиж буулгах терминал болон терминалын салбар төмөр зам барихаар УБТЗ ХНН-ийн Тээвэр зохион байгуулалтын албанаас зохих зөвшөөрлийг авч, замын зураг төсөл гаргаж батлуулсан. Байгаль орчин, ногоон хөгжлийн яамнаас байгаль орчны нөлөөллийн үнэлгээ гаргуулж ажиллаж эхэлсэн. Гэвч Ковид-19 цар тахлын урт хугацааны хөл хорио, тээврийн хүндрэл саатал зэрэг хүчин зүйлсээс шалтгаалан бидний хөрөнгө оруулалт саатсан тул уг төслийг зогсоож иргэн Б.А***т эрхээ хуулийн дагуу шилжүүлсэн, одоо Шивээговь суманд газар эзэмших эрхгүй, бидний хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөх үндэслэл байхгүй тул гуравдагч этгээдээр оролцохоос татгалзаж байна ...” гэжээ.

7.Гуравдагч этгээд Б.А***  нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч: “... *** сумын Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн А/***  дугаар захирамжаар хуулийн дагуу эрхийг шилжүүлэн авсан бөгөөд өмнөх эзэмшигчийн журмын зөрчил нь миний эзэмшлийн эрхэд нөлөөлөхгүй болно. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү ...” гэжээ.

8.Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 113/ШШ2026/0004 дүгээр шийдвэрээр “Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль/2002 он/-ийн 9 дүгээр зүйлийн 9.1.7, 9.1.9, Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.4-т заасныг тус тус баримтлан “Э*** ” ХХК-иас ***  аймгийн ***  сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “***  аймгийн ***  сумын Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/***  дугаар захирамжийг хүчингүй болгуулах, *** сумын Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн А/***  дугаар захирамжийг хууль бус байсан болохыг тогтоолгох, ***  сумын Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн А/***  дугаар захирамжийг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль/2002 он/-ийн 9 дүгээр зүйлийн 9.1.7 болон 9.1.9-д зааснаар илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэхдээ дараах дүгнэлтийг хийсэн байна. Үүнд:

8.1.“***  сумын Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн А/***  дугаар захирамжийг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7 болон 9.1.9-д зааснаар илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

8.1.1... Маргаан бүхий актын үндэслэл хэсэгт Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д “төсөвт байгууллага болон гэр бүлийн хэрэгцээнд газар эзэмшүүлэх”-ээр тусгасан, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2012 оны ***  дугаар тогтоол нь шагналд нэр дэвшүүлэх асуудлыг шийдвэрлэсэн зэрэг алдаа байгаа бөгөөд энэ талаар хариуцагчаас “... 2012 оны *** дүгээр тогтоолоор газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулсан, уг захирамжийн үндэслэлд 28 гэж ташаа бичигдсэн байсан. Мөн тухайн газрыг дуудлага худалдаагаар Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасан журмаар эзэмшүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон. Би тухайн үед ажиллаж байгаагүй” гэж мэдүүлдэг. Энэ нөхцөл байдал хэрэгт авагдсан ***  сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2012 оны 29 дүгээр тогтоол болон дуудлага худалдаа явуулсан баримт зэргээр нотлогдсон.

8.1.2.Харин дуудлага худалдаа явуулах харилцааг зохицуулсан Монгол Улсын Засгийн газрын 2003 оны 28 дугаар тогтоолын 6 дугаар хавсралтаар батлагдсан журмыг зөрчсөн талаарх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарууд үндэслэлтэй боловч тухайн цаг үед нэхэмжлэгч компанид уг байршилд газартай холбоотой хөндөгдөж болох эрх, хууль ёсны ашиг сонирхол тогтоогдсонгүй. Захиргааны байгууллагаас акт гаргахдаа дараалсан процессын журам зөрчих, хэм хэмжээний актаар тогтоосон журмыг алдаатай хэрэгжүүлсэн зэрэг нөхцөл нь маргаан бүхий актыг илт хууль бус эсэхийг шалган үзэх шалгуур ойлголтод хамаарна.

8.1.3.Маргаж байгаа газар эзэмших эрх Газрын тухай хуульд зааснаар, нэхэмжлэгчийн ашигт малтмал хайх эрх Ашигт малтмалын тухай хуульд зааснаар үүссэн байх бөгөөд Засаг дарга энэ хуулиудыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй учир Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль/2002 он/-ийн 9 дүгээр зүйлийн 9.1.9-т заасан захиргааны акт өөр бусад байдлаар холбогдох хууль зөрчсөн гэх тохиолдол үүсээгүй байна.

8.1.4.Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.3, 24 дүгээр зүйлийн 24.1, 26 дугаар зүйлийн 26.3.2-т заасан хайгуулын тусгай зөвшөөрөлтэй этгээдийн онцгой эрх нь хайгуулын үйл ажиллагаа явуулж хөрөнгө оруулсан этгээдийн итгэлийг хамгаалж сонгон шалгаруулалтын журмаас ангид байдлаар бусад этгээдээс эн тэргүүнд ашиглалтын тусгай зөвшөөрлийг олж авах агуулгатай болохоос бус хайгуулын талбайд үүссэн газар эзэмших эрх зэрэг өөр хуулиар олгогдсон эрхээс онцгой, давуу байна гэсэн утга илэрхийлэхгүй.

8.1.5.Иймээс Засаг дарга 2012 онд гуравдагч этгээд “М***” ХХК-д газар эзэмшүүлэхдээ Газрын тухай хууль болон Ашигт малтмалын тухай хуулийг зөрчиж Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль /2002 он/-ийн 9 дүгээр зүйлийн 9.1.7 болон 9.1.9-д заасан илт хууль бус акт гаргасан гэх нөхцөл байдал нотлогдсонгүй.

8.2.*** сумын Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн А/***  дугаар захирамжийг хууль бус байсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

8.2.1...Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж нь газар эзэмших эрхийг өөр хоорондоо шилжүүлэх эрхтэй. Газар эзэмшигч энэхүү эрхээ чөлөөтэй эдлэх тул газрын хэвлий ашиглах эрх олгогдсон этгээдийн ашиг сонирхолд нийцүүлэн газрын эрх шилжүүлсэн захирамжийг хууль бус байсан гэж тогтоох үндэслэлгүй байна.

8.2.2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-т зааснаар захиргааны акт хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасны дараа тухайн актыг цуцалсан болон хүчингүй болгосон, эсхүл бусад байдлаар хэрэгжсэн бөгөөд нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа бол маргаан бүхий акт хууль бус байсан болохыг тогтоох бөгөөд талуудын тайлбар маргааны үйл баримтаас үзвэл хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хуулийн дээр дурдсан урьдчилсан нөхцөлүүд тогтоогдохгүй байна.

8.3.***  аймгийн *** сумын Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/***  дугаар захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

8.3.1... Маргаан бүхий актад Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасан сумын Засаг даргын бүрэн эрхийг тодорхойлсон заалтыг, мөн Газрын тухай хуульд заасан газар эзэмших эрх шилжүүлэх заалтуудыг баримталсныг буруутгах үндэслэлгүй. Иргэн Б.А***  эзэмшил газраа өөрийн компанийн эрхэд шилжүүлснийг хууль бус гэж буруутгах боломжгүй. Учир нь эрх зүйн хувьд иргэн, хуулийн этгээдийн үйлдэл нь хууль тогтоомжоор хориглосноос бусдыг зөвшөөрөх агуулгатай байна.

8.3.2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “... Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.5-д “тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашигт малтмалын нөөцийг бүрэн ашиглах үүрэг хүлээх бөгөөд зөвхөн ашиг олох зорилгоор түүнийг сорчлон ашиглахыг хориглоно” гэж заасан тул “Ц***” ХХК-ийн газар эзэмших эрх нь манай ашиглалтын үйл ажиллагаанд нөлөөлөхөөр байна” гэж маргаж байгааг хүлээн авах боломжгүй юм. Учир нь дээр дурдсанчлан газар эзэмших эрх нэгэнт үүсчихсэн байсан тул сүүлд үүссэн газрын хэвлийг ашиглах эрх нь өмнөх газар эзэмшигчийн эрхийг цуцлах эсхүл дуусгавар болгох зохицуулалтыг агуулахгүй ...” гэх зэргээр дүгнэжээ. 

9.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 221/МА2026/0407 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

10.Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Д***  хяналтын журмаар гаргасан гомдолдоо: 

10.1.“*** аймгийн  сумын Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн А/*** дугаар захирамжийг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль /2002 он/-ийн 9 дүгээр зүйлийн 9.1.7, 9.1.9-д зааснаар илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх шаардлага болон захирамжийн хууль зүйн үндэслэлийн тухайд:

10.1.1.***  аймгийн **** сумын Засаг даргын 2012 оны А/*** дугаар захирамжаар тус сумын 2-р багийн нутаг 21 дүгээр зөрлөгийн зүүн урд ачаа буулгах, тээвэрлэх “Үйлдвэрлэл”-ийн зориулалтаар 20 га газрыг “М***” ХХК-д эзэмшүүлэхээр шийдвэрлэхдээ Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх хэсгийг баримталсан нь хууль бус байсан. Учир нь “М***” ХХК-д эзэмшүүлсэн газар нь Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээт газарт хамаарахгүй атал Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх хэсгийг үндэслэн тус компанид газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль бус. Өөрөөр хэлбэл Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д заасан үндэслэл бүрдээгүй буюу Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д заасныг үндэслэн үйлдвэрлэлийн зориулалтаар 20 га газрыг эзэмшүүлэх эрх олгох эрх хэмжээ ***  сумын Засаг даргад байхгүй атал хуулиар олгогдсон эрх хэмжээг хэтрүүлэн маргаан бүхий 2012 оны А/***  дугаар захирамжаар “М***” ХХК-д 20 га газрыг “Үйлдвэрлэл”-ийн зориулалтаар эзэмших эрх олгож шийдвэрлэсэн нь хууль бус байна.

10.1.2.Дээрх захирамж нь хуульд үндэслээгүй буюу хууль бус захиргааны акт юм. Тухайлбал, ... Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь хэсгийг үндэслэн “М***” ХХК-д 20 га газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэх ёстой. Уг маргаан бүхий захирамжаар “М***” ХХК-д “Үйлдвэрлэл”-ийн зориулалтаар 20 га газрыг эзэмших эрх олгохдоо Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь хэсгийг үндэслэлгүйгээр, харин хамааралгүй буюу Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх хэсгийг үндэслэн газар эзэмших эрх олгохоор шийдвэрлэсэн нь хууль бус бөгөөд захиргааны акт гарах эрх зүйн үндэслэл байгаагүй.

10.1.3.***  сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2012 оны ***  дугаар тогтоолыг үндэслэн маргаан бүхий 2012 оны А/***  дугаар захирамжаар “М***” ХХК-д газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байдаг. Гэвч ***  сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2012 оны *** дугаар тогтоол нь “Төрийн дээд одон медалиар шагнуулах тухай” тогтоол бөгөөд тус тогтоолыг үндэслэн газар эзэмших эрх олгохоор шийдвэрлэсэн нь илт хууль бус юм ... Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх хариуцагчаас гаргасан "бичиглэлийн алдаа" гэх баримт, нотолгоогүй тайлбарыг хүлээн авч, ... маргаан бүхий актыг хууль ёсны акт хэмээн дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй.

10.1.4.Хариуцагчийн зүгээс маргаан бүхий акт болох 2012 оны А/*** дугаар захирамж нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 29 дүгээр  тогтоолыг үндэслэн гарсан хэмээн тайлбарладаг боловч тус тогтоолыг хүчин төгөлдөр тогтоол хэмээн дүгнэх ямар ч боломжгүй ... Өөрөөр хэлбэл сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид хуралдаагүй атал 2012 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Тэргүүлэгчид хуралдсан мэтээр 2012 оны ***  дүгээр тогтоолыг үйлдсэн нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /2006 он/-ийн 23 дугаар зүйл (Хурлын хуралдаан)-ийн 23.1, 22 дугаар зүйл (Хурлын даргын нийтлэг бүрэн эрх)-ийн 22.1.2-т ... заасантай зөрчилдөж байгаа ба хуралдаан болон тогтоол гарсан хугацаа (огноо), 2 тогтоол хоорондоо бичиглэлийн болон найруулга, хэлбэрийн хувьд илтэд зөрүүтэй байдаг. Энэ тохиолдолд 2012 оны ***  дүгээр тогтоолыг шүүх нотлох баримтаар үнэлсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т заасан “Нотлох баримтыг ..., үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэснийг зөрчсөн тул шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй.

10.1.5.Мөн маргаан бүхий актаар “М***” ХХК-д газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газарт газар эзэмших эрх олгохоор шийдвэрлэсэн нь илт хууль бус бөгөөд хуульд заасан хатуу хориглосон хэм хэмжээг хариуцагч зөрчсөн, “дуудлага худалдаа огт явуулаагүй, дуудлага худалдаа явуулах журмыг бүхэлд нь ноцтой зөрчсөн ...   

-Баримтлах ёстой хуулийн зохицуулалт (Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2)-ыг үндэслээгүй;

-Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д заасан эрх хэмжээг хэтрүүлсэн;

-“Төрийн одон медалиар шагнуулах тухай” сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолыг үндэслэн газар эзэмшүүлэх эрх олгохоор шийдвэрлэсэн;

-Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3, 33 дугаар зүйлийн 33.4 дэх хэсгийг зөрчиж газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газрыг дуудлага худалдаагаар эзэмшүүлэх шийдвэр гаргасан;

-“М***” ХХК-д 20 га газрыг эзэмшүүлэх дуудлага худалдаа бодит байдалд явагдаагүй зэрэг нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль /2002 он/-ийн 9 дүгээр зүйлийн 9.1.7, 9.1.9-д заасан илт хууль бус захиргааны актад хамаарах юм.

10.2.***  аймгийн ***  сумын Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн А/*** дугаар захирамжийг хууль бус байсан болохыг тогтоолгох шаардлагын тухайд:

10.2.1.Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн А/***  дугаар захирамж нь дээр дурдсанчлан илт хууль бус акт байх ба тус актыг үндэслэн ***  аймгийн ***  сумын Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн А/***  дугаар захирамжаар “М***” ХХК-ийн эзэмшиж буй газрыг иргэн Б.А***т шилжүүлэхээр эзэмшүүлсэн нь хууль бус юм. Өөрөөр хэлбэл илт хууль бус захирамж эрх зүйн үр дагаваргүй тул иргэн Б.А***т газар эзэмших эрх зүйн үндэслэл үүсэхгүй ...

10.3.*** сумын Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/***  дугаар захирамжийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

10.3.1.***  сумын Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/*** дугаар захирамжаар иргэн Б.А***ын газар эзэмших эрхийг “Ц***” ХХК-д шилжүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд шилжүүлж буй газрыг анх олгосон 2012 оны А/***  дугаар захирамж, 2021 оны А/***  дугаар захирамжууд нь хууль бус акт тул тус хууль бус актыг үндэслэн гарсан 2022 оны А/***  дугаар захирамж нь хууль бус тул хүчингүй болгох хууль зүйн үндэслэлтэй. 

10.3.2....*** сумын Засаг даргын 2021 оны А/*** дугаар захирамжаар Б.А***т 20 га газрыг шилжүүлэн эзэмшүүлэхдээ газрын зориулалтыг ачиж буулгах талбай буюу “Үйлдвэрлэл”-ийн зориулалтаар олгосон байдаг. Гэтэл Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/***  дугаар захирамжаар ... Б.А***ын эзэмшил газрын зориулалт “Үйлдвэрлэлийн барилга, байгууламж, бусад газар”-ын зориулалттай болж өөрчлөгдсөн байдаг ба газрын зориулалтыг өөрчлөх тухай хүсэлт, холбогдох баримт газрын хувийн хэрэгт огт байдаггүй ... 

10.3.3.“Ц***” ХХК-д 2022 оны А/*** дугаар захирамжаар газар эзэмших эрх олгохдоо “Э***” ХХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайтай бүхэлд нь давхцуулан олгосон байдаг. Үүний улмаас “Э***” ХХК өөрийн эзэмшлийн ашиглалтын 20 га талбайд ашиглалтын үйл ажиллагаа явуулах, дахин нөөц бодох, олборлолтын үйл ажиллагаа явуулах боломжгүй болж хохироод байна. Нөгөөтээгүүр, маргаан бүхий 2022 оны А/*** дугаар захирамжаар “Ц***” ХХК-д газар эзэмших эрхийг олгохдоо Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д заасны дагуy эрх нь хөндөгдөж буй манай компанид мэдэгдээгүй, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар манай компаниас шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломжийг олгоогүй, 24 дүгээр зүйлийн 24.1-д зааснаар нөхцөл байдлыг тодруулах ажиллагааг огт хийгээгүй тул тус акт нь хууль бус юм.

10.4.Зөрчигдсөн болон хөндөгдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлын тухайд:

10.4.1... хариуцагч байгууллагын зүгээс маргаан бүхий 20 га газар нь хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайтай бүхэлдээ давхцалтай болохыг мэдсэн буюу мэдэж боломжтой байсан атлаа дээрх тусгай зөвшөөрлийн талбайтай бүхэлд нь давхцуулан олгосон нь хууль бус бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна ... Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх дээрх эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн, хөндөгдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлын талаар дүгнэлт хийгээгүй, 2016 онд ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмших эрхтэй болсон тул 2012 оны хууль бус захиргааны акт нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй хэмээн дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд шүүх Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасан хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх хийгээд хайгуулын тусгай зөвшөөрөл олгогдсон цаг хугацаа, үйл баримтад дүгнэлт хийлгүй орхигдуулсан тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй.

10.4.2.Гуравдагч этгээд нарын зүгээс нэхэмжлэгчийг газар ашиглах гэрээ байгуулаагүй хэмээн буруутган тайлбарладаг хэдий ч газар ашиглах гэрээ байгуулаагүй нь хариуцагч захиргааны байгууллага бусдын эзэмшилд олгогдсон хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайтай бүхэлд нь давхцуулан хууль бусаар газар эзэмших эрх олгох үндэслэлийг бүрдүүлэхгүй ... Мөн гуравдагч этгээд нарын зүгээс хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл авсан талаараа нэхэмжлэгч “Э***” ХХК-ийг орон нутгийн захиргааны байгууллагад мэдэгдээгүй хэмээн буруутгадаг боловч ийнхүү мэдэгдэх үүрэг нь нэхэмжлэгчид бус төрийн захиргааны байгууллагын чиг үүрэг юм ... 

10.4.3.Тусгай зөвшөөрөл эзэмшигч “Ш***” ХХК нь Монгол Улсын Засгийн газар (төлөөлж Үйлдвэр худалдааны яам)-тай 2008 оны 09 дүгээр зүйлийн 03-ны өдөр “Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл шилжүүлэх гэрээ”-г байгуулсан ба “Ш***” ХХК нь гэрээнд заасан тусгай зөвшөөрлийг Монгол Улсын Засгийн газраас нэр заасан эрх бүхий этгээдэд шилжүүлэн өгөх, харин Монгол Улсын Засгийн газар “Ш***” ХХК-д олгогдох тусгай зөвшөөрлийг “нөөцөд авахгүй байх, тусгай хэрэгцээнд авахгүй байх, цуцлахгүй байх” зэргээр нэрлэн заасан тусгай зөвшөөрлийг чөлөөтэй, саадгүй ашиглуулах үүргийг хүлээсэн ... шүүх энэхүү гэрээ болон гэрээний үр дагавар, Засгийн газар болон Засаг даргын шийдвэр, бодлого, үйл ажиллагааны талаар огт дүгнэлт хийгээгүй.

10.4.4.Маргаан бүхий 2012 оны А/***  дугаар захирамжаар газар эзэмших эрхийг олгосон бөгөөд бусад маргаан бүхий акт нь эзэмших эрхийг шилжүүлсэн захиргааны акт тул 2012 оны А/*** , 2021 оны А/*** дугаар захирамж хуульд нийцсэн эсэхийг дүгнэн шийдвэрлэхээс өөр аргагүй байна.

10.5.Шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоолоос өөрөөр тайлбарлан хэрэглэсэн тухайд:

10.5.1.Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 30 дугаар тогтоолоор “... Нэхэмжлэгч захиргааны актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үр дүнд уг акт илт хууль бус болох нь тогтоогдвол шүүх уг актыг илт хууль бусд тооцон шийдвэрлэх нь “нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн”-д хамаарахгүй” хэмээн тайлбарласан байдаг. Хоёр шатны шүүх хуулийг Улсын дээд шүүхийн энэхүү тогтоолоос өөрөөр тайлбарлан хэрэглэж, илт хууль бус захиргааны актад хамаарахгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй ...

10.5.2.Нөгөөтээгүүр, нэхэмжлэгчээс 5 агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргасан боловч давж заалдах шатны шүүх эдгээр гомдлын үндэслэл бүрийг дүгнээгүй нь давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянан үзэх үүргээ биелүүлээгүй ... Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

11.Хяналтын шатны шүүх хуралдаанд хариуцагч болон гуравдагч этгээд нарын зүгээс “нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэсэн агуулгатай тайлбар өгөв.

12.Хяналтын шатны шүүх нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн” үндэслэл байгаа эсэхийг хянан хэлэлцэхээр хүлээн авсан болно.

ХЯНАВАЛ:

13.Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангах үндэслэлтэй.

14.Энэ хэргийн тухайд, хяналтын шатны шүүхээс дүгнэлт өгөх хууль зүйн асуудал нь ашигт малтмалын “хайгуулын” болон “ашиглалтын” тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрхийн ялгаа болон газар эзэмшигчийн эрхийн тухай байна.

15.Нэхэмжлэгч “Э***” ХХК-аас хариуцагч ***  аймгийн ***  сумын Засаг даргад холбогдуулан “*** аймгийн *** сумын Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/*** дугаар захирамжийг хүчингүй болгуулах, 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн А/*** дугаар захирамжийг хууль бус байсан болохыг тогтоолгох, 2012 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн А/*** дугаар захирамжийг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль /2002 он/-ийн 9 дүгээр зүйлийн 9.1.7 болон 9.1.9-д зааснаар илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх” нэхэмжлэлийн шаардлага гаргасныг анхан болон давж заалдах шатны шүүх бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн зарим шаардлагад холбогдуулан буруу дүгнэлт хийсэн байх тул өөрчлөлт оруулав.

16.Нэг. *** аймгийн *** сумын Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн А/*** дугаар захирамжийг “илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

16.1.Хариуцагч маргаан бүхий акт болох 2012 оны А/*** дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4, 27 дугаар зүйлийн 27.2, 33 дугаар зүйлийн 33.1.1, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2012 оны 28 дугаар тогтоолыг тус тус үндэслэн гуравдагч этгээд “М***” ХХК-д “2-р багийн нутаг 21 дүгээр зөрлөгийн зүүн урд” ачаа буулгах, тээвэрлэх “Үйлдвэрлэл”-ийн зориулалтаар 20 га газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэснийг “илт хууль бус” гэж үзэхгүйгээс гадна тухайн захирамжийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй, энэ талаарх шүүхүүдийн дүгнэлт зөв байна. 

16.2.Маргаан бүхий захиргааны акт 2012 онд гарах үед уг “*** сумын 2-р багийн нутаг 21 дүгээр зөрлөгийн зүүн урд 20 га” гэх байршил, хэмжээтэй газар нь “***” ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрлөөр олгогдсон 10,659 га талбайд хамаарч байсан, хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хайгуулын талбайн хилийн дотор ашигт малтмал эрэх, хайх үйл ажиллагааны явцад хайгуулын тусгай зөвшөөрлөөр олгогдсон нийт талбайн хэмжээгээр бодит эзэмшил үүссэн гэж үзэхгүй, талбайг хайгуулын тусгай зөвшөөрлөөр олгосон нь уг газарт бусад этгээдийн газар эзэмших, ашиглах эрхийг хязгаарлах шууд үндэслэл болохгүй.

16.3.Тодруулбал, Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6-д “… “ашигт малтмал хайх” гэж эрдсийн хуримтлалын байршил, тоо хэмжээг нарийвчлан тогтоох зорилгоор газрын гадаргуу, түүний хэвлийд геологи, хайгуулын судалгаа хийж, түүний нөөц, баялгийг ашиглах боломжийг судлан техник, эдийн засгийн үнэлгээ хийхийг” (ойлгохоор) заасан; уг хуулиар хайгуулын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайн хувьд сумын Засаг даргаас газар эзэмших, ашиглах эрх авах, газар ашиглах гэрээ байгуулахыг шаардаагүй, мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д зааснаар “хайгуулын талбайн хилийн дотор энэ хуулийн дагуу ашигт малтмал эрэх, хайх”, 21.1.6-д зааснаар “хайгуулын ажил явуулах зорилгоор хайгуулын талбайд нэвтрэн орох, шаардлагатай түр барилга байгууламж барих” эрхтэй байна. 

16.4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д “ … захиргааны акт /-ыг/ …  илт хууль бус болохыг тогтоолгох …  нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн”-ийг тодорхойлох, өөрөөр хэлбэл захиргааны акт илт хууль бус байх үндэслэлийг хангасан бөгөөд уг актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн нь тогтоогдсон тохиолдолд шүүх 106 дугаар зүйлийн 106.3.2-ын дагуу захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоох нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэдэг. Энэ хэргийн тухайд, хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд гуравдагч этгээдэд газар эзэмшүүлсний улмаас “хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмал эрж хайх боломжгүй болсон”-той холбоотой маргаан хэргийн оролцогч нарын хувьд байхгүй тул маргаан бүхий актаар гуравдагч этгээдэд газар эзэмших эрх олгосныг нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн гэх үндэслэлгүй, энэ талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.     

16.5.Нэхэмжлэгчээс “… гуравдагч этгээдэд газар эзэмшүүлэхдээ Газрын тухай хуулийн заалтуудыг зөрчсөн, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газрыг дуудлага худалдаагаар эзэмшүүлэх шийдвэр гаргасан, дуудлага худалдаа бодит байдалд явагдаагүй, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид хуралдалгүйгээр буюу Хурлын даргын тогтоол гарсан, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт тодотгол хийхээс өмнө “М***” ХХК-д дуудлага худалдаагаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн, дуудлага худалдаа явуулах журмыг зөрчсөн, нээлттэй ил тод байх зарчмыг хангаагүй” гэх зэрэг үндэслэлүүд дурдаж, захиргааны актыг “илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэл гаргасан, эдгээр нь  Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн /2002 оны/ 9 дүгээр зүйлийн 9.1.7.“захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй”, 9.1.9.“захиргааны акт өөр бусад байдлаар холбогдох хууль зөрчсөн” гэх агуулгад хамаарахгүй. 

16.6.Нэхэмжлэгчийн гомдолд дурдсан эдгээр хууль хэрэглээний алдаа нь тухайн актыг “хууль бус” гэж үзэх үндэслэл болохоос бус “илт хууль бус”-д тооцох үндэслэл болохгүй юм. Учир нь, “илт хууль бус” акт гэдэг нь захиргаа өөрийн эрх хэмжээг хэтрүүлж, эрх зүйн ямар ч үндэслэл заалгүйгээр, эсхүл хуулийн хориглосон заалтыг зөрчиж хүний эрх, эрх чөлөөнд сөрөг үр дагавар үүсгэсэн, энэ шинжээрээ эрх зүйт төрд огт байж боломгүй илэрхий ноцтой алдаатай шийдвэрийг ойлгодог.  

16.7.Харин захиргаа шийдвэр гаргахдаа хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, буруу зүйлчилсэн, эсхүл шийдвэр гаргах ажиллагааны журам зөрчсөн зэрэг хууль хэрэглээний алдаатай байдал нь тухайн актыг огт “эрх зүйн үндэслэлгүй”-ээр гаргасан гэх, эсхүл “өөр бусад байдлаар холбогдох хууль зөрчсөн” буюу хуулиар хориглосон заалтыг зөрчсөн “илт хууль бус” үндэслэлд хамаарахгүй юм.

16.8.Иймд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон хоёр шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй тул энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 10.1 дэх хэсэг дэх нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй.  

17.Хоёр. ***  аймгийн ***  сумын Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн А/*** дугаар захирамжийг “хууль бус байсан болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

17.1.Маргаан бүхий захирамжаар гуравдагч этгээд “М***” ХХК нь Засаг даргын 2012 оны А/***  дугаар захирамжаар эзэмшиж байсан 20 га газрын эзэмших эрхээ гуравдагч этгээд иргэн Б.А***т шилжүүлсэн байдаг. Гэвч тэрбээр 1 жил орчмын дараа мөн Засаг даргын (маргаан бүхий) 2022 оны А/***  дугаар захирамжаар гуравдагч этгээд “Ц***” ХХК-д газар эзэмших эрхээ шилжүүлснээр тухайн актын эрх зүйн үйлчлэл дуусгавар болсон байна.

17.2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-т зааснаар “захиргааны акт хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасны дараа тухайн актыг цуцалсан болон хүчингүй болгосон, эсхүл бусад байдлаар хэрэгжсэн бөгөөд нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа бол маргаан бүхий акт хууль бус байсан болохыг тогтоох” боломжтой.

17.3.Гэтэл энэ тохиолдолд нэхэмжлэгч маргаан бүхий актын эрх зүйн үйлчлэл дуусгавар болсноос хойш 5 жилийн дараа “хууль бус байсан болохыг тогтоолгох”-оор нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх хүлээн авч шийдвэрлэсэн нь буруу, давж заалдах шатны шүүх уг алдааг залруулаагүйгээс шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

17.4.Дээрх үндэслэлээр энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 10.2 дахь хэсэг дэх нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хүлээн авах боломжгүй, мөн үндэслэлээр хяналтын шатны шүүхээс холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг шүүхийн шийдвэр, магадлалд оруулах нь зүйтэй.   

18.Гурав. Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/***  дугаар захирамжийг “хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд: 

18.1.Уг захирамжаар гуравдагч этгээд Б.А***аас гуравдагч этгээд “Ц***” ХХК-д маргаан бүхий газрын эзэмших эрхийг шилжүүлсэн. Энэ цаг хугацаанд нэхэмжлэгч “Э***” ХХК нь тухайн газарт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж байжээ.

18.2.Тодруулбал, анх “Ш***” ХХК нь Ашигт малтмал, газрын тосны газрын хэрэг эрхлэх газрын даргын 2004 оны 1***  дугаар шийдвэрээр***  аймгийн ***, ***  аймгийн ***  сумын нутагт нийт 10,659 га талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл (8*** Х)авсан. Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.3-т заасан “онцгой эрх”-ийнхээ дагуу 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хайгуулын талбайн тодорхой хэсэгт MV-02***  (7862,71 га), MV-020***  дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл авсан. Эдгээр тусгай зөвшөөрлөө хуульд заасан эрхийнхээ хүрээнд 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэгч “Э***” ХХК-д шилжүүлсэн байна. 

18.3.Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д “… “ашигт малтмал ашиглах” гэж газрын гадаргуу, түүний хэвлий, хүдрийн овоолго, хаягдал, байгалийн уснаас ашигт малтмал ялган авах, олборлох, түүний ашигт агуулгыг нэмэгдүүлэх, баяжуулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах болон түүнтэй холбогдсон бусад үйл ажиллагааг” ойлгохоор, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.7-д “Төрийн захиргааны байгууллага ашиглалтын тусгай зөвшөөрөл … олгосноос хойш ажлын 7 өдөрт багтаан … тухайн тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбай байрших аймаг, сум, дүүргийн Засаг даргад энэ тухай мэдэгдэх”-ээр, 26.12-т “… ашиглалтын тусгай зөвшөөрөл авсан этгээд газар ашиглах эрхээ Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд заасны дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх”-ээр, 36 дугаар зүйлийн 36.1-д “Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь … уурхайн талбайн хилийг тогтоолгож, байнгын шав тэмдэг тавих бөгөөд уурхайн талбайн хилийн хэмжилтийг төрийн захиргааны байгууллагаас зөвшөөрөл авсан этгээдээр хийлгэж, хил тогтоосон тухай актыг тус албанд ирүүлнэ”, 36.2-т “Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уурхайн талбайн шав тэмдгийг хамгаалах бөгөөд төрийн захиргааны байгууллагын шийдвэрээр талбайн хилийг өөрчлөх тохиолдолд түүнийг шилжүүлэн байрлуулах арга хэмжээ авна” гэж тус тус зааснаас үзвэл ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайд бодит эзэмшил үүсэх бөгөөд энэ тохиолдолд сумын Засаг дарга тухайн газрыг өөр зориулалтаар өөр этгээдэд давхцуулан эзэмшүүлэх хууль зүйн үндэслэлгүй гэж үзнэ. 

18.4.Өөрөөр хэлбэл 2015 онд “Ш***” ХХК-д ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайд (2016 онд нэхэмжлэгч “Э***” ХХК-ийн нэр дээр шилжсэн) давхцуулан гуравдагч этгээдэд газар эзэмших эрхийг 2021, 2022 онд шилжүүлэн эзэмшүүлсэн нь хууль бус, үүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байна.

18.5.Ашигт малтмалын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хайгуулын болон ашиглалтын үйл ажиллагааны явцад худаг, өвөлжөө, хувийн болон нийтийн зориулалттай орон байр бусад барилга байгууламж болон түүх, соёлын дурсгалт зүйлсэд гэм хор учруулсан бол хохирлыг нь өмчлөгч, эзэмшигчид бүрэн хэмжээгээр нөхөн төлөх бөгөөд шаардлагатай тохиолдолд тэдгээрийг шилжүүлэн байрлуулахтай холбогдсон зардлыг хариуцна” гэж зааснаас үзвэл, ашиглалтын тусгай зөвшөөрөл авах үед тухайн талбай дээр нь бусад этгээдэд газар эзэмших/ашиглах эрх түрүүлж үүссэн, бодитоор эзэмшиж, ашиглаж байгаа бөгөөд тодорхой эдийн буюу мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх эрх, үр дагавар үүссэн тохиолдолд газар эзэмшигч болон тусгай зөвшөөрөл эзэмшигч нар харилцан зөвшилцөх, шаардлагатай тохиолдолд нүүлгэн шилжүүлэх, холбогдох зардлыг хариуцах зэргээр тухайн асуудлыг шийдвэрлэх боломжийг хуулиар олгосон байхад, энэ тохиолдолд 2012 онд газар эзэмших эрх үүссэн боловч бодитоор ашиглагдаагүй, хоосон байсан газрын эзэмших эрхийг нэхэмжлэгчид ашиглалтын тусгай зөвшөөрөл олгогдсоноос хойш 5 жилийн дараа маргаан бүхий актаар бусдад шилжүүлсэн, үүний улмаас ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбай дээр газар эзэмших эрхийн давхцал үүсгэж, улмаар уг газар дээр үл хөдлөх хөрөнгө бий болж маргаан үүссэнд хариуцагч буруутай.

18.6.Нөгөөтээгүүр, нэхэмжлэгч “Э***” ХХК нь ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хувьд Ашигт малтмалын тухай хуульд заасан “газар ашиглах гэрээ байгуулах”, “ашиглалтын тусгай зөвшөөрөл авсан этгээд газар ашиглах эрхээ Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд заасны дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх”, “уурхайн талбайн хилийг тогтоолгож, байнгын шав тэмдэг тавих” зэрэг үүргээ хуульд заасан хугацаанд зохих журмын дагуу хэрэгжүүлээгүй, үүний улмаас газрын давхцалын асуудлыг тухайн үед нь шийдвэрлэх, өөрөөр хэлбэл гуравдагч этгээдийн зүгээс тухайн газар дээр барилга байгууламж барих зэрэг эдийн засгийн үр дагавар үүсгэхээс өмнө газрыг чөлөөлөх боломжийг алдагдуулсанд буруутай гэж үзэхээр байна.

18.7.Энэхүү хэн алиных нь буруутай байдал, маргаан бүхий газарт гуравдагч этгээд “Ц***” ХХК тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийж, бодитоор үйл ажиллагаа явуулж байгаа нөхцөл байдлыг харгалзан үзэж, хариуцагчаас хэргийн оролцогчдыг оролцуулан бодит нөхцөл байдалд тохирсон шийдвэр гаргах шаардлагатай, тухайлбал, уурхайн барилга байгууламжууд нь маргаан бүхий газарт зайлшгүй баригдах, уг газарт олборлолт явуулах шаардлагатай эсэх, өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн хувьд тухайн газрыг тойрох байдлаар  уурхайн эдэлбэр газрыг тогтоож, үйл ажиллагаа явуулах боломжтой эсэхийг тодруулах, зайлшгүй шилжүүлэхээс өөр аргагүй тохиолдолд хариуцагч эзэмшил газрыг өөр боломжит газраар солих боломжтой эсэх, нүүлгэн шилжүүлэх зардлыг хуваарилах зэргээр хууль тогтоомжид нийцүүлэн шийдвэрлэх шаардлагатай. Энэ бүхнийг шүүхийн зүгээс шууд шийдвэрлэх боломжгүй, шинжлэн судлах боломжоос хэтэрсэн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д зааснаар маргаан бүхий Засаг даргын 2022 оны А/127 дугаар захирамжийг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэв.

18.8.Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн хамгаалагдсан эрхийг харгалзан үзэлгүйгээр “гуравдагч этгээд нарын хооронд газар эзэмших эрх Газрын тухай хуулийн дагуу шилжсэн байна” гэсэн дүгнэлтээр холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь буруу болжээ. 

19.Иймд шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын (Тодорхойлох хэсгийн 10.4-т) зарим хэсгийг хангах агуулгаар шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулахаар тогтов.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.2-т заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1.Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 113/ШШ2026/0004 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 221/МА2026/0407 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн /2002 он/ 9 дүгээр зүйлийн 9.1.7, 9.1.9 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгч “Э*** ” ХХК-аас ***  аймгийн *** сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “***  аймгийн ***  сумын Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн А/***  дугаар захирамжийг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.” гэж, 

2 дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 106 дугаар зүйлийн 106.3.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн “***  аймгийн ***  сумын Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн А/*** дугаар захирамжийг хууль бус байсан болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж, 

3 дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн “*** аймгийн ***  сумын Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/***  дугаар захирамжийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 6 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.” гэж, “2” гэснийг “4” гэж, шийдвэрийн “3” гэснийг “5” гэж тус тус өөрчилж, шийдвэр, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.



 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.БАТБААТАР 

                      ТАНХИМЫН ТЭРГҮҮН                               Д.МӨНХТУЯА  

                      ШҮҮГЧИД                                                       М.БАТСУУРЬ   

                                                                                                   П.СОЁЛ-ЭРДЭНЭ          

                                                                                                   Г.БАНЗРАГЧ