Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 2019/ШЦТ/24

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

        Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Маралмаа Улсын яллагч Т.Ганзориг Шүүгдэгч Э.П нарыг оролцуулан Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “залилах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.П холбогдох эрүүгийн 1825008530015 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

     Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1992 оны 03 сарын 05-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 26 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй,  ажилтай байсан, ам бүл 4, аав, ээж хүүхдийн хамт Баян-Өндөр сум тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, 

     Прокуророос, шүүгдэгч Э.П-г 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Тэлмэн” караокед Н.С гар утсыг хүнтэй ярьчихаад өгнө гэж хуурч бусдын эд хөрөнгийг залилсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.П мэдүүлсэн: Мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээж байна гэх мэдүүлэг болон хавтаст хэргээс яллах дүгнэлтийн хавсралтад заасан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд: -Smart сүлжээ ломбардны 2018/12/06-ны өдрийн 007427 дугаартай зээлийн гэрээ /хх-ийн 5-р хуудас/

       -Хохирогч Н.Сарнайгийн “... Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин багт байрлах “Тэлмэн” караокед байж байсан чинь үл таних эмэгтэй хүн ирээд гар утсаар чинь ярьчихаад өгнө гэж хэлэхээр нь би самсунг жи-2 маркийн гар утсаа өгсөн чинь буцааж өгөхгүй удаад байхаар нь өөрийнхөө гар утасруу залгасан чинь байхгүй болсон байсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 09-р хуудас/,

-Гэрч О.Урангоогийн мөрдөн байцаалтад өгсөн”...Би П гэх хүнтэй 2018 оны 12 сарын 06-ны өдөр танилцсан юм. Тэгээд бид 2 “Тэлмэн” гэх газарт орж хоёр хоёр пиво уусан. Тэгээд хэсэг байж байсан чинь П гэх хүүхэн алга болчихсон. Тэгээд би зөөгчөөс нь асуусан чинь миний гар утсыг сая аваад гарсан орж ирэхгүй байна гэж хэлсэн. ..." гэх мэдүүлэг /хх-ийн 13-р хуудас/,

- шүүгдэгч Э.П Эд зүйл/ самсунг жи-2 маркийн гар утас/ хураан авч ,Н.Сарнайд хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл / хх-ийн 17-18-р хуудас/,

-Бан хас ХХК-ний шинжээчийн 2018.12.11-ний өдрийн 773 дугаартай:... утасны үнэ 315.000 төгрөг... гэх дүгнэлт /хх-ийн 20-р хуудас/,

-Яллагдагч Э.П-н ... гэртээ харих гэсэн боловч таксины мөнгө байхгүй байсан учир Уртцагаанд үйл ажиллагаа явуулдаг смарт 3 ломбарданд 100.000 төгрөгийн барьцаанд тавьсан, таксинд мөнгө өгөөд үлдсэн мөнгөөр нь баар буудалд ороод дуусгасан...гэх мэдүүлэг / хх-ийн 29-30-р хуудас/. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн баримт, ломбардны 2018/12/06- ны өдрийн 007427 дугаартай зээлийн гэрээ зэрэг эдгээр нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн хууль ёсны, дээрхи үйл баримтын талаархи мэдээллийг агуулсан байх тул хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв. Эдгээр хохирогч, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, хэргээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгчийн мэдүүлэг, эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн баримт, ломбардын хуудас зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Э.П нь 2018 оны 12 сарын 06-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Тэлмэн” караокед үйлчлүүүлж байхдаа барменаар ажиллаж байсан Н.Сарнайгийн самсунг жи-2 маркийн гар утсыг “хүнтэй ярьчихаад өгье” гэж авч гараад буцааж өгөлгүй авч яваад ломбардад 100,000 төгрөгийн барьцаанд тавьж таксигаар үйлчлүүлэх, баар, буудалд орох зэргээр үрэгдүүлсэн үйл баримт тогтоогдож байна. Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчид 315,000 төгрөгийн хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугийн талаар маргаангүй байна. Улсын яллагч шүүх хуралдаанд: Шүүгдэгч 2018 оны 12 сарын 06-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Тэлмэн” караокед Н.Сарнайгийн гар утсыг хүнтэй ярьчихаад өгнө гэж хуурч эд хөрөнгийг залилсан гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн, хохирол нөхөн төлөгдсөн, гэм буруугийн талаар маргаагүй. Хохирогч гомдолгүй гэсэн тул Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэсэн саналтай байна. Шүүгдэгч ажилгүй байгаа тул торгуулийн ял оногдуулах боломжгүй гэжээ. Хохирогч Н.Сарнай шүүх хуралдаанд оролцоогүй, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж шүүхэд мэдэгджээ. Шүүгдэгч Э.П энэ үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан залилах гэмт хэргийн шинжтэй санаатай, нийгэмд аюултай, бусдад хохирол учруулсан үйлдэл мөн бөгөөд прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна. Иймд Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Э.П гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй. Шүүгдэгч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргаж ялын төрөл хэмжээний тухай улсын яллагчийн саналыг зөвшөөрч гарын үсэг зурсан байх ба шүүгдэгчийн гэм буруутай байдал нотлогдож тогтоогдсон тул ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судлаж хэргийн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээсэн байдал, шүүгдэгчийн хувийн байдал, улсын яллагчийн санал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үйлдсэн хэргийн гэм бурууд тохирно гэж дүгнэж шийдвэрлэв. Э.П нь хөдөлмөр эрхэлдэггүй тогтмол орлогогүй байх тул торгуулийн ял оногдуулах үндэслэлгүй гэж үзлээ. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судлаж, хэргийн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээсэн байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд ял оногдуулах нь түүний үйлдсэн хэргийн гэм бурууд тохирно гэж дүгнэв. Энэ хэрэгт эд мөрийн баримт хураагдаагүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдлаа. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1,5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

     1.Шүүгдэгч Э.П Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.П-г 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2,3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.П-д оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 цагаар тогтоож, ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдсүгэй

4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.П-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

       5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдсугай.

     6.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

                               ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                  Д.АРИУНЦЭЦЭГ