Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2026/00001

 

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, Ерөнхий шүүгч Д.Нямбазар, шүүгч Ч.Мөнхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 192/ШШ2025/08304 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: “*******” ХХК /ТБОНӨО/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Мөнхцэцэг илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга:

1.1. Миний бие 2004 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс “Чингис хаан” олон улсын нисэх буудлын карго терминалд нярав диспетчерээр, Нисэхийн аюулгүй байдал, хамгаалалтын албанд 2004 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс харуулаар 4 жил, 2008 оны 03 дугаар сараас аюулгүй байдлын үзлэг шалгагчаар 13 жил, 2021 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс ээлжийн ахлах шалгагчаар 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүртэл 4 жил буюу иргэний нисэхийн салбарт нийт 20 жил 8 сарын хугацаанд тогтвор суурьшилтай ажилласан.

1.2. Гэтэл “*******” ХХК /ТБОНӨО/-ийн гүйцэтгэх захирлын 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Б/190 дүгээр тушаалаар намайг сахилгын шийтгэлгүйд тооцох хугацаа дуусаагүй байхад дахин зөрчил гаргасан гэх үндэслэлээр хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон.

1.3. Миний бие дээрх тушаалыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд ямар нэгэн зөрчил гаргаагүй, хүний амь насыг аварсан, мөн бусдад ямар нэгэн байдлаар хохирол учруулаагүй, дээд шатны удирдлагадаа танилцуулж, чиглэл авсны дагуу хүний амьд явах эрхийг нь хангасан.

1.4. Иймд “*******” ХХК /ТБОНӨО/-ийн гүйцэтгэх захирлын 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Б/190 дүгээр тушаалыг хүчингүй болгож, намайг тус байгууллагын Нисэхийн аюулгүй байдал, хамгаалалтын албаны Үзлэг, шалгалтын хэсгийн ээлжийн ахлах шалгагчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулж, мөн хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн гаргасан тайлбар, татгалзлын агуулга:

2.1. ******* нь Нисэхийн аюулгүй байдал, хамгаалалтын албанд 2004 оноос ажиллаж эхэлсэн бөгөөд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа цуцлахын өмнө Үзлэг, шалгалтын хэсгийн ээлжийн ахлах шалгагчийн албан тушаалд ажиллаж байсан.

Нисэхийн аюулгүй байдал, хамгаалалтын албаны Аюулгүйн хамгаалалтын ерөнхий зааврын 12.4.1-д зааснаар ээлжийн ахлах шалгагч нь ээлжийн үүрэг гүйцэтгэх хугацаанд үзлэгийн ажилтнуудыг удирдлагаар хангаж ажиллах, нисэхийн аюулгүй байдалтай холбоотой хэрэг, зөрчил, үл тохирол гарсан тохиолдолд хэсгийн удирдлага, ерөнхий зохицуулагчид яаралтай мэдэгдэх, холбогдох арга хэмжээг авах, үзлэгийн дараах бүсэд хяналт тавих ажлыг зохион байгуулах үүрэгтэй бөгөөд мөн агаарын хөлгөөр зорчиж буй олон зуун зорчигчийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд эрсдэл учрахаас урьдчилан сэргийлдэг онцгой үүрэг, хариуцлагатай албан тушаалтан юм.

2.2. Ээлжийн ахлах шалгагч ******* нь ээлжийн хуваарийн дагуу 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр “Чингис хаан” олон улсын нисэх буудалд аюулгүйн хамгаалалтын үзлэг, шалгалт хийх үйл ажиллагааг хариуцан үүрэг гүйцэтгэж байсан бөгөөд тус өдрийн 20:30 цагт хөөрөх Улаанбаатар-Хөх хот чиглэлийн МО801 нислэгийн зорчигчдыг нэвтрүүлэх үеэр бусдын нөлөөлөлд автаж ажлын технологи зөрчин аюултай ачааг үзлэгийн дараах бүс рүү нэвтрүүлсэн ажлын технологийн зөрчил гаргасан.

Өөрөөр хэлбэл, ******* нь Нисэхийн аюулгүй байдал, хамгаалалтын албаны Аюулгүйн хамгаалалтын ерөнхий зааврын хавсралт 17-ын 2.3, Олон улсын иргэний нисэхийн Чикагогийн конвенцын хавсралт 17-ын 4.1.1, 4.2.5 дахь стандарт шаардлагыг хэрэгжүүлэх зорилгоор Олон улсын иргэний нисэхийн байгууллагын Нисэхийн аюулгүй байдлын заавар Doc 8973-ын 43 дугаар хавсралтыг үндэслэн баталсан Агаарын хөлгийн бүхээг болон нисэх буудлын хориотой бүсэд зорчигч, нисэх багийн гар тээшинд нэвтрүүлэхийг хориглосон эд зүйлсийн жагсаалтын 2.3-т заасан аюултай ачааг /хийн баллон/ нэвтрүүлэх зөвшөөрлийг өгч нэвтрүүлсэн.

Энэхүү зөрчлийг агаарын тээвэрлэгч компанийн ажилтан илрүүлж хийн баллон болон аюултай ачааг үзлэгийн дараах бүсээс гаргах шаардлага тавьж, таслан зогсоогоогүй бол агаарын хөлөгт нэвтэрч олон улсын чиглэлд зорчиж буй зорчигчдын аюулгүй байдал, агаарын хөлгийн бүрэн бүтэн байдалд заналхийлэх өндөр эрсдэл үүсэх нөхцөл бүрдсэн байсан.

2.3. *******ын дээрх үйлдэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.2-т “хөдөлмөрийн хууль тогтоомж, хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээг дагаж мөрдөх, ажлын цагийг баримтлах, ажлын цагийг гагцхүү ажил үүргээ гүйцэтгэхэд зарцуулах” гэж заасныг зөрчсөн, мөн тэрээр 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдөр ажлын байранд үүрэг гүйцэтгэх үедээ ажлын технологийн зөрчил гаргаж Нисэхийн аюулгүй байдал, хамгаалалтын албаны даргын Б/251 дүгээр тушаалаар хөдөлмөрийн сахилгын шийтгэл хүлээж байсан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасныг баримтлан “*******” ХХК /ТБОНӨО/-ийн гүйцэтгэх захирлын 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Б/190 дүгээр тушаалаар *******той үүсгэсэн хөдөлмөрийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, 123 дугаар зүйлийн 123.2, 127 дугаар зүйлийн 127.1, 158 дугаар зүйлийн 158.2.2, Захиргааны ерөнхий хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 64 дүгээр зүйлийн 64.4-т тус тус заасныг баримтлан “*******” ХХК /ТБОНӨО/-ийн гүйцэтгэх захирлын 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Б/190 дүгээр тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч *******ыг “*******” ХХК /ТБОНӨО/-ийн Нисэхийн аюулгүй байдал, хамгаалалтын албаны Үзлэг, шалгалтын хэсгийн ээлжийн ахлах шалгагчийн ажилд эгүүлэн тогтоож, нэхэмжлэгч *******ын ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт хариуцагч “*******” ХХК /ТБОНӨО/-аас 28,960,983 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******од олгож, уг олговроос холбогдох эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг суутган, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлж, дэвтэрт баталгаажуулалт хийхийг “*******” ХХК /ТБОНӨО/-д даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д тус тус зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч “*******” ХХК /ТБОНӨО/-аас улсын тэмдэгтийн хураамжид 302,754 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. “*******” ХХК /ТБОНӨО/-ийн гүйцэтгэх захирал *******ийг гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн сайдын 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Б/02 дугаар тушаалаар томилсныг 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэхдээ улсын бүртгэлийн байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас тухайн компанийн улсын бүртгэлийн гэрчилгээний регистрийн дугаарыг алдаатай хэвлэсэн. Тус алдааг залруулахаар гаргасан хүсэлтийн дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын ахлах байцаагчийн 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 1556 дугаар дүгнэлтээр “*******” ХХК /ТБОНӨО/-ийн улсын бүртгэлийн мэдээлэлд өөрчлөлт оруулсан болох нь тогтоогдсон учир хүчингүй болгож, тус өдрөөс хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээг шинээр олгосон.

Гэтэл анхан шатны шүүх 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр шинэчлэгдэн гарсан улсын бүртгэлийн гэрчилгээний хугацааг үндэслэн “*******” ХХК /ТБОНӨО/-ийн гүйцэтгэх захирал *******ийг 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Б/190 дүгээр тушаалд гарын үсэг зурахдаа тус байгууллагын гүйцэтгэх захирлын албан тушаалыг эрхлэх эрхгүй байсан хэмээн шийдвэр гаргасан нь үндэслэлгүй байна.

4.2. ******* нь Нисэхийн аюулгүй байдал, хамгаалалтын албаны журам, Аюулгүйн хамгаалалтын ерөнхий заавар, хөдөлмөрийн гэрээ, албан тушаалын тодорхойлолт зэрэг эрх зүйн баримт бичгүүдийг мөрдлөг болгож ажил үүргээ гүйцэтгэдэг. Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон Аюулгүйн хамгаалалтын ерөнхий заавар нь захиргааны хэм хэмжээний акт биш бөгөөд Олон улсын иргэний нисэхийн байгууллагын 1944 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Чикаго хотноо батлагдсан Олон улсын иргэний нисэхийн тухай конвенцод 1983 онд Монгол Улс нэгдэн орсон байдаг. Тус конвенцын хавсралт 17-г дэлхийн 193 орон дагаж мөрддөг бөгөөд яаж дагаж мөрдөх тухай зааварчилгаа Dос 8973 олон улсын баримт бичиг бөгөөд түүнд нийцүүлэн гаргасан Аюулгүйн хамгаалалтын ерөнхий заавар нь аюулгүйн хамгаалалтын ажилтнуудын ажлын технологийг нарийвчлан заасан заавар юм. Энэ баримт бичигт Монгол Улсын иргэний нисэхийн байгууллагын нууц мэдээллүүд агуулагддаг зөвхөн ажилтнуудын ажлын технологитой холбоотой дотогш чиглэсэн баримт бичиг болно.

Гэтэл шүүгч энэхүү баримт бичгийг гадагш чиглэсэн захиргааны хэм хэмжээний акт, захиргааны хэм хэмжээний актын бүртгэлд бүртгэгдээгүй хэмээн дүгнэж хүчин төгөлдөр бус захиргааны хэм хэмжээний актыг үндэслэж хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох нь хууль зүйн үндэслэлгүй хэмээн шийдвэр гаргасан нь өөрөө хуулийг буруу хэрэглэсэн, хэрэгт авагдсан баримтыг дутуу шинжлэн судалсан.

4.3. ******* нь 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр нисэхийн аюулгүйн хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байхдаа ажлын технологийн алдаа гаргаж агаарын хөлгөөр тээвэрлэхийг хориглосон аюултай ачаа буюу 1,000 мг савлагаатай 3 ширхэг баллонтой хүчилтөрөгчийг нисэх онгоцны буудлын үзлэгийн дараах бүс рүү нэвтрүүлсэн ажлын технологийн зөрчил тогтоогдож, үүнийг өөрөө хүлээн зөвшөөрсөн байдаг.

Гэтэл шүүх дүгнэхдээ тогтоогдоогүй нөхцөл байдлыг үндэслэн шийдвэр гаргасан бөгөөд хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалахын тулд мөрдвөл зохих заавар, журмаа зөрчиж нөхцөл байдалд тааруулж ажилласан хэмээн шийдвэр гаргасан нь Иргэний нисэхийн тухай хууль, Олон улсын иргэний тухай конвенц, Олон улсын иргэний нисэхийн дүрмээр гэрчилгээжсэн байгууллагын үйл ажиллагаандаа мөрддөг заавар зэргийг үгүйсгэсэн болно. Мөн анхан шатны шүүх “нисэх онгоцны буудлын үзлэгийн дараах бүс, хүлээлгийн танхим болон “*******” ХХК-ийн агаарын хөлөг дотор хүчилтөрөгчийн зориулалтын аппарат, тоног төхөөрөмж байгаагүйгээс болж хүний амь нас эрсдэх нөхцөл байдал тогтоогдож байна” гэж дүгнэсэн нь тусдаа чиг үүрэг бүхий байгууллагын хариуцлагатай холбоотой асуудлыг “*******” ХХК /ТБОНӨО/-ийн Нисэхийн аюулгүй байдал, хамгаалалтын албанд хамаатуулсан, тухайн зорчигчийн биеийн байдлын талаар ямар нэгэн мэргэжлийн байгууллагын гаргасан дүгнэлт, шийдвэр хэрэгт авагдаагүй байхад анхан шатны шүүхээс тодорхойгүй зүйлийг дүгнэж шийдвэр гаргасан нь үндэслэлгүй байна.

Иймд дээрх үндэслэлүүдийг харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга:

5.1. Хариуцагчийн давж заалдах гомдлыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг няцаах нотлох баримтыг өөрөө гаргаж өгөх үүрэгтэй. Нэхэмжлэл гаргаснаас хойш хариуцагч тал нотлох баримтаа өөрсдөө гаргаж өгсөн бөгөөд шүүх хуралдааны явцад нотлох баримт бүрэн цугларсан, хуралдааныг хойшлуулах шаардлагагүй гэх хүсэлтийг удаа дараа илэрхийлж байсан. Гэтэл давж заалдах гомдолд дурдсан улсын бүртгэлтэй холбоотой нөхцөл байдал, тухайлбал хүсэлт гаргасан, гэрчилгээ солигдсон зэрэг асуудлыг анхан шатны шүүх хуралдааны явцад огт дурдаагүй, мэтгэлцээгүй.

Нэгдүгээр хавтаст авагдсан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн огноо тодорхой тусгагдсан. Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар хуулийн этгээдийн эрх зүйн байдал нь улсын бүртгэлд бүртгэгдсэн өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болдог тул анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзэж байна. Маргаан бүхий захиргааны акт нь 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр гарсан бөгөөд энэ нь тухайн этгээд улсын бүртгэлд гүйцэтгэх захирлаар бүртгэгдсэн өдрөөс 1 сарын өмнө гарсан акт болох нь нотлогдож байна. Өөрөөр хэлбэл, тухайн тушаалыг гаргах үедээ уг этгээд гүйцэтгэх захирлын албан тушаалыг эрхлэх эрхгүй байсан гэж дүгнэх үндэслэлтэй. Гэтэл уг асуудлыг хариуцагч тал анхан шатны шүүх хуралдааны явцад огт хөндөөгүй бөгөөд давж заалдах гомдолд шинээр дурдсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан нотлох баримт гаргах үүргээ биелүүлээгүйд тооцогдоно.

5.2. Захиргааны хэм хэмжээний актын тухайд, Захиргааны ерөнхий хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д болон 61-64 дүгээр зүйлүүдэд зааснаар захиргааны хэмжээний акт нь хуульд заасан шаардлагыг хангасан, зохих журмын дагуу бүртгэгдсэн байх ёстой. Уг актыг гаргах үндэслэл нь Олон улсын иргэний нисэхийн дүрэмтэй холбоотой байж болох боловч түүнийг нарийвчлан зохицуулж, нийтэд үйлчлэх байдлаар хэрэгжүүлж байгаа тохиолдолд захиргааны хэмжээний актын шинжтэй гэж үзнэ. Нисэх буудлаар үйлчлүүлж буй гадаад, дотоодын бүх зорчигч, аливаа албан тушаалтанд адил тэгш үйлчилж байгаа тул уг баримт бичиг нь зөвхөн дотоод үйл ажиллагааны заавар төдий бус, гадагш чиглэсэн захиргааны хэмжээний акт мөн гэж үзэх үндэслэлтэй. Нууцтай холбоотой асуудлын хувьд, баримт бичгийг нууцад хамааруулах эсэхийг Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын тушаалаар шийдвэрлэдэг. Маргаан бүхий үйл ажиллагааны заавар нь нууцын зэрэглэлд хамаарахгүй бөгөөд хэрэв нууцад хамаарч байсан бол холбогдох тушаал, шийдвэрийг хэрэгт нотлох баримтаар гаргаж өгөх ёстой.

Гэтэл ийм баримт хэрэгт авагдаагүй бөгөөд анхан шатны шүүх хуралдааны явцад энэ талаар огт маргаагүй. Өөрөөр хэлбэл, давж заалдах гомдолд дурдсан эдгээр асуудлууд нь анхан шатны шүүхэд огт хэлэлцэгдээгүй, хариуцагч тал мэтгэлцэх явцад дурдаагүй шинэ нөхцөл байдал болно. Мөн үзлэгийн дараах бүсээс агаарын хөлөгт нэвтрэх хүртэл зорчигчийг терминалын хүлээлгийн танхимд хүчилтөрөгчөөр амьсгалуулж байсан бөгөөд уг хугацаанд эмч болон тухайн зорчигчийн хүүхэд, мөн нисэх буудлын ажилтан н.******* хажууд нь хяналт тавьж байсан. Уг ажилтан нь зорчигчийг онгоцонд суух үед буцаан хүлээн авах зорилгоор хамт явж байсан тул уг нөхцөл байдлыг сахилгын зөрчил гэж үзэх боломжгүй. Түүнчлэн тухайн зорчигч нь агаарын хөлгөөр тээвэрлэхийг зөвшөөрсөн бичиг баримттай байсан.

5.3. Олон улсын иргэний нисэхийн байгууллагын дагаж мөрдөх Аюултай ачаа тээвэрлэх журмын 2.3.A хүснэгтэд зааснаар эмнэлгийн хэрэгцээнд ашиглах хүчилтөрөгч буюу агаарын цилиндрийг нийт жин нь 5 кг-аас хэтрэхгүй тохиолдолд агаараар тээвэрлэхийг зөвшөөрдөг бөгөөд уг зохицуулалтыг Олон улсын иргэний нисэхийн байгууллагын гишүүн бүх улс, байгууллагууд дагаж мөрддөг. Уг хүчилтөрөгчийг тээвэрлэхэд зорчигч нь эрүүл мэндийн хувьд зайлшгүй шаардлагатай өвчтэй болохыг нотолсон эмнэлгийн бичиг баримттай байх, зорчигчтой эмнэлгийн байгууллагын ажилтан хамт явах, мөн тээвэрлэгч агаарын компанийн зөвшөөрөлтэй байх шаардлагатай шаардлагуудыг хангасан байх ёстой бөгөөд тухайн шаардлагууд бүрэн хангагдсан байсан. Харин “*******” ХХК тухайн өдөр уг хүчилтөрөгчийг агаараар тээвэрлэх боломжгүй тухайгаа мэдэгдсэн тул хүчилтөрөгчийг агаарын хөлгөөр тээвэрлээгүй, онгоцонд нэвтрүүлээгүй. Өөрөөр хэлбэл, хүчилтөрөгчийг зөвхөн үзлэгийн дараах бүсэд түр хугацаанд хэрэглүүлээд, улмаар буцаан гаргасан. Тухайн зорчигч нь хүчилтөрөгчийн дэмжлэггүйгээр 50-70 минут орчим өөрөөрөө амьсгалах боломжтой байсан бөгөөд үүнээс удаан хугацаанд хүчилтөрөгчгүй байх нь боломжгүй, эрүүл мэндэд ноцтой эрсдэлтэй нөхцөл байдалд байсан. Тухайн өдрийн Улаанбаатар-Хөх хот чиглэлийн нислэгийн үргэлжлэх хугацаа нь 1 цаг 10 минут буюу 70 минут байсан бөгөөд зорчигч нисэх онгоцонд суухаас өмнө хүчилтөрөгч хэрэглэсэн.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэв.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх гомдлоор хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч “*******” ХХК /ТБОНӨО/-д холбогдуулан сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан журмын дагуу үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоосон байна. Үүнд:

3.1. ******* нь “*******” ХХК /ТБОНӨО/-ийн Нисэхийн аюулгүй байдал, хамгаалалтын албатай 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох хүртэл хугацаанд тус албаны Үзлэг, шалгалтын хэсгийн ээлжийн ахлах шалгагчаар ажиллаж байсан. /1хх-ийн 10, 103-107-р тал/

3.2. “*******” ХХК /ТБОНӨО/-ийн гүйцэтгэх захирлын 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Б/190 дүгээр тушаалын 1 дэх заалтаар “Нисэхийн аюулгүй байдал, хамгаалалтын албаны Үзлэг, шалгалтын хэсгийн ээлжийн ахлах шалгагч *******гийн ******* нь 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр үүрэг гүйцэтгэх хугацаандаа технологийн алдаа гаргаж, агаарын хөлгөөр тээвэрлэхийг хориглосон аюултай ачаа буюу 3 ширхэг баллонтой хүчилтөрөгчийг үзлэгийн дараах бүс рүү нэвтрүүлсэн, мөн сахилгын шийтгэлгүйд тооцох хугацаа дуусаагүй байхад дахин зөрчил гаргасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгожээ.

Дээрх тушаалыг Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.2, 42.2.5, 43 дугаар зүйлийн 43.1.2, 80 дугаар зүйлийн 80.1.4, 123 дугаар зүйлийн 123.2.5, Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1, хөдөлмөрийн дотоод журмын 4.8 дугаар зүйлийн 4.8.1, “*******” ХХК /ТБОНӨО/-ийн дүрмийн 10.8.9 дэх заалтыг тус тус үндэслэн гаргасан байна.

3.3. ******* нь 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр “Чингис хаан” олон улсын нисэх буудалд үүрэг гүйцэтгэх явцдаа “*******” ХХК-ийн Улаанбаатар-Хөх хот чиглэлийн МО801 нислэгийн зорчигчдыг нэвтрүүлэх үеэр тус бүр 1,000 мг савлагаатай 3 ширхэг хүчилтөрөгч агуулсан баллоныг үзлэгийн дараах бүс рүү нэвтрүүлжээ.  

3.4 Уг зөрчлийг “*******” ХХК-ийн бүртгэлийн ажилтан 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр мэдэгдэж, улмаар ажил олгогчийн зүгээс ээлжийн ахлах шалгагч *******, үзлэгийн ахлах шалгагч Ч.******* нараас 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр дээрх зөрчилтэй холбоотой тайлбар авчээ. /1хх-ийн 50, 51-р тал/

 

4. Ажил олгогчоос дээрх зөрчлийг шалгаж, 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр түүнээс тайлбар авсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-т заасан ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авахаар зохицуулсантай нийцсэн байна.

 

5. Ажилтан ******* урьд нь “*******” ХХК /ТБОНӨО/-ийн Нисэхийн аюулгүй байдал, хамгаалалтын албаны даргын 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн Б/250 дугаар тушаалаар сахилгын зөрчил гаргаж, нээлттэй сануулах сахилгын шийтгэл хүлээсэн талаар талууд маргаагүй.  

 

6. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.8-д “Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулснаас хойш нэг жил өнгөрвөл ажилтныг хөдөлмөрийн сахилгын шийтгэлгүйд тооцно.” гэж заасан ба нэхэмжлэгч ******* нь хөдөлмөрийн сахилгын шийтгэлгүйд тооцох нэг жилийн хугацаа дуусаагүй байхад 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр дахин зөрчил гаргасан буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т “Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан” үндэслэлээр ажилтанд ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болсон байна.

 

7. Анхан шатны шүүхээс *******ын 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр гаргасан зөрчлийг “хүндэтгэх шалтгааны улмаас мэргэжлийн үйл ажиллагааны хяналтад үндэслэн хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалах үүднээс зөрчсөн биш, нөхцөл байдалд тааруулж ажилласан” гэж дүгнэсэн нь буруу.

Учир нь хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч хориотой бүсэд зөвшөөрөгдөөгүй зүйлс нэвтрүүлсэн зөрчил гаргасан, түүний буруутай үйлдэл тогтоогдсон гэж үзнэ.

Тодруулбал, “хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалах зорилгоор удирдах албан тушаалтнаас зөвшөөрөл авсны үндсэн дээр хориотой бүсэд түр нэвтрүүлсэн” гэх нэхэмжлэгчийн тайлбарыг гэрчийн мэдүүлгээр тогтоогдсон гэж дүгнэх боломжгүй ба энэ байдал нь хэргийн бусад баримтаар тогтоогдоогүй.

Харин “*******” ХХК /ТБОНӨО/ нь зөрчлийг тухайн өдөр нь мэдэж, илрүүлсэн боловч 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр сахилгын шийтгэл ногдуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4-т заасан ажил олгогч ажилтны гаргасан зөрчлийг илрүүлснээс хойш 1 сарын дотор сахилгын шийтгэл ногдуулах тухай зохицуулалтад нийцэхгүй байх тул нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон анхан шатны шүүхийн шийдлийг хэвээр үлдээв.

 

8. Түүнчлэн анхан шатны шүүхийн ““*******” ХХК /ТБОНӨО/-ийн гүйцэтгэх захирал *******ийг сахилгын шийтгэл ногдуулсан тушаалд гарын үсэг зурж баталгаажуулах эрхтэй ажил олгогч, эрх бүхий албан тушаалтан гэж үзэх үндэслэлгүй, ажил олгогчийг төлөөлөх эрх олгогдоогүй” гэх дүгнэлт үндэслэлгүй байна.

Учир нь, анхан шатны шүүхийн шийдвэрт дүгнэсэн Захиргааны ерөнхий хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.2-т заасан шаардлага нь Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Хуулийн этгээдийн иргэний эрх зүйн чадвар улсын бүртгэлд бүртгүүлснээр үүсэж, хуульд заасан журмын дагуу татан буугдаж, улсын бүртгэлээс хасагдсанаар дуусгавар болно.” гэж заасан хуулийн этгээдийн буюу “*******” ХХК /ТБОНӨО/-ийн эрх зүйн чадамжтай эсэхэд хамааралтай зохицуулалт болно.

Мөн хэрэгт авагдсан “*******” ХХК /ТБОНӨО/-ийн гүйцэтгэх захирлын 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн А/40 дугаар “Хөдөлмөрийн дотоод журам батлах тухай тушаал”-д ******* гарын үсэг зурсан, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн шийдвэрийг үндэслэн 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр улсын бүртгэл хийж, гэрчилгээг шинэчлэн олгосон зэргийг харьцуулан дүгнэвэл ******* нь 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Б/190 дүгээр тушаалыг гаргах үед хариуцагч байгууллагыг төлөөлөх эрхтэй байсан гэж үзнэ.

Энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй байх боловч энэ нь хэргийн шийдэлд нөлөөлөхгүй.

 

9. Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн А/43 дугаар тушаалын Нэгдүгээр хавсралтаар баталсан “Агаарын хөлгийн бүхээг болон нисэх буудлын хориотой бүсэд зорчигч, нисэх багийн гар тээшинд нэвтрүүлэхийг хориглосон эд зүйлийн жагсаалт”, *******ийн даргын 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн А/09 дүгээр тушаалын хавсралтаар баталсан “Нисэхийн аюулгүй байдал, хамгаалалтын албаны журам”, Нисэхийн аюулгүй байдал, хамгаалалтын албаны аюулгүйн хамгаалалтын ерөнхий заавар НАБХА-ҮЗ-01:2021 зэрэг журам, заавар нь Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1, 64.2, 64.3-т тус тус зааснаар улсын бүртгэлд бүртгэгдээгүй тул хүчин төгөлдөр бус гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй байна. /1хх-ийн 97-102, 108-250, 2хх-ийн 1-109-р тал/

Учир нь дээрх журам, заавар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан бичмэл нотлох баримтын шаардлага хангаагүй байх тул мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй.

Иймд хариуцагч талын “...энэхүү баримт бичгийг гадагш чиглэсэн захиргааны хэм хэмжээний акт, захиргааны хэм хэмжээний актын бүртгэлд бүртгэгдээгүй хэмээн дүгнэж, хүчин төгөлдөр бус захиргааны хэм хэмжээний актыг үндэслэж хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон нь хууль зүйн үндэслэлгүй хэмээн шийдвэр гаргасан нь өөрөө хуулийг буруу хэрэглэсэн, хэрэгт авагдсан баримтыг дутуу шинжлэн судалсан...” гэх давж заалдах гомдлыг хүлээн авахгүй.

 

10. Нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоосон тул түүний ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл 6 сар 15 хоногоор тооцож, нийт 28,960,983 төгрөгийг хариуцагч “*******” ХХК /ТБОНӨО/-аас гаргуулан нэхэмжлэгч *******од олгож, уг олговорт ногдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажуулахыг хариуцагчид даалгасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-д нийцжээ.

 

11. Харин анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад баримталсан хуулийн зохицуулалт нь маргаанд хамааралгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагад хамаарах Хөдөлмөрийн тухай хуулийн зохицуулалтыг баримталсан өөрчлөлт оруулж, мөн 1 дэх заалтаас нэхэмжлэлийн үндэслэл болох ““*******” ХХК /ТБОНӨО/-ийн гүйцэтгэх захирлын 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Б/190 дүгээр тушаалыг хүчингүй болгож” гэсэн хэсгийг хасах нь зүйтэй.

Мөн шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалттай холбоотой баримталсан хуулийн зохицуулалтыг залруулна.

 

12. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 192/ШШ2025/08304 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

 

1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7, 127 дугаар зүйлийн 127.1, 158 дугаар зүйлийн 158.1.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч *******ыг “*******” ХХК /ТБОНӨО/-ийн Нисэхийн аюулгүй байдал, хамгаалалтын албаны Үзлэг, шалгалтын хэсгийн ээлжийн ахлах шалгагчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт хариуцагч “*******” ХХК /ТБОНӨО/-аас 28,960,983 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, уг олговроос холбогдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажилт хийхийг хариуцагч “*******” ХХК /ТБОНӨО/-д даалгасугай.” гэж өөрчлөн найруулж,

 

2 дахь заалтын “57 дугаар зүйлийн 57.3, 58 дугаар зүйлийн 58.1” гэснийг “56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 302,800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Б.АЗБАЯР

 

                                                  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Д.НЯМБАЗАР

 

                                                                            ШҮҮГЧ                                       Ч.МӨНХЦЭЦЭГ