Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 184/ШШ2016/00503

 

 

 

 

 

 

 

 

 

       2016 оны 08 сарын 04 өдөр                            

 Дугаар 184/ШШ2016/00503

                Улаанбаатар хот

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Нямсүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “***” ХХК /Сүхбаатар дүүргийн ***** байрлах/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:Сонгинохайрхан дүүргийн ***** оршин суух, Ловогт Ш Ж /РД:***/-д холбогдох,

1,998,926 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т, хариуцагч Ш.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Азжаргал нар оролцов.

                                                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “***” ХХК-ийг төлөөлөн Ерөнхий захирал Р.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“***” ХХК нь хариуцагч Ш.Жхарилцан тохиролцож 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр үйлчилгээ ашиглах урт хугацааны гэрээ байгуулан 88012619 дугаарт нь Galaxy Note 4 (color-Charcoal Black) маркийн гар утсыг /IMEI code 355051068571466/ 12 сарын хугацаатай, /2015 оны 01 дүгээр сараас 2016 оны 01 сар/ хүртэл төлбөрийг хувааж төлж дуусгахаар тохирсон. Гэвч хариуцагч 2015 оны 1 сараас эхлэн төлбөр төлөх үүргээ бүрэн биелүүлэхгүй байгаа тул шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд:

-88012619 дугаарын ярианы төлбөр болон утасны лизингийн төлбөр болох нийт 1,332,617 төгрөг,

-Гэрээний 5-р зүйлийн 5.4-т заасны дагуу хугацаа хэтэрсэн хоног тутам төлөгдөөгүй үнийн дүнгийн 0,3 хувийн алданги болох 666,309 төгрөг нийт 1,998,926 төгрөгийг хариуцагчаас гаргуулан өгч хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Нэхэмжлэлээ дэмжиж байна. Үндсэн төлбөрөө төлнө гэвэл алдангиас хасч эвлэрэх боломжтой. Манай компани дараа төлбөрт дугаараа 12 сар барьсан хүнд лизинг олгодог. Гэрээ байгуулан авсан утсыг буцаах боломжгүй байдаг. Бид харилцагчаа өмнөө суулгаж байгаад гэрээгээ байгуулаад гар утасыг утасны баталгаа, дагалдах хэрэгслүүдийг тайлбарлаад өгч 12 сарын дараа утасны лизинг дуусах ёстой гээд өгдөг. Өөр хүн утсыг авсан гээд байгааг манай компани мэдэхгүй. Гар утсаа хайрцагнаас нь гаргаж өгөөд баталгааны хуудас гаргаад харилцагч гарын үсэг зураад бүгдийг нь хүлээлгэж өгдөг. Программ дээр гар утас зарсан нь бүртгэгдсэн байгаа нь харагддаг. Утасыг хүлээж авсан гээд баталгааны хуудас нь харилцагчид өөрт нь байгаа. Хариуцагч 2015 оны 01 дүгээр сарын 26-нд  гар утас авсан байгаа. Харилцагчид 2015 оны 02 сарын 5-6-ны хооронд төлбөр гарсан нэхэмжлэл утсаар нь очдог. Утас нь 2015 оны 02 сарын 26-нд хаагдсан. Гэрээнд заасны дагуу нэг ч удаа төлбөр төлөөгүй учир гар утас хаагдсан байгаа. Гэрээний дагуу гар утсыг хөнгөлттэй үнээр буюу 1,350,000 төгрөгөөр ярианы багц 2 гигавайт эрхтэйгээр сард 30,000 төгрөгийн төлбөр гарахаар байсан. Гэрээний 3.1-т заасны дагуу төлөлт хийгдээгүй учир гар утасны үнийг бүтнээр нэхэмжлэх эрхтэй байгаа тул үндсэн үнэ 1,650,000 төгрөгийн үнэтэй утсыг бүтэн үнээр нь нэхэмжилж байгаа. Утасны үнэ болон алдангид нийт 1,998,926 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.  

 

Хариуцагч Ш.Ж шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Миний бие 61 настай, тэтгэвэрт байдаг. Юнител ХХК нь 2015 онд надад маш том хохирол учрууллаа. Надад тэр үнэтэй мэдрэгчтэй гар утас ч хэрэггүй, дараа төлбөрт ч хэрэггүй байсан. Юнител групп өндөр настай намайг юм сайн ойлгохгүй байгааг далимдуулж 20,000 төгрөгийн эрхтэй дараа төлбөртэй утасны маань эрхэн дээр бүдүүлгээр зах зээлийн луйварчидтай хуйвалдаж тэтгэвэрээрээ амьдардаг надад маш том хохирол учруулан 1,990,000 төгрөгийг нэхэмжилж байгаад маш их гомдолтой байна. Би энэ маш үнэтэй 1,700,000 төгрөгний үнэтэй утасны барааг ч хараагүй, үзээгүй, миний гарт бариулаагүй утасныхаа учрыг тэр үед ажиллаж байсан ажилчдаасаа гаргуулах нь зүйтэй гэж үзэж байна. Би тэр танихгүй залуугаас 500,000 төгрөг авсан нь үнэн. Дараа төлбөрт дугаарт зээл олгоно гэсэн зарын дагуу дугаараа зарсан. Энэ утастай холбоотой асуудлыг сая 5 сард анх мэдсэн. Дараа төлбөрт дугаараа зарсан гэж ойлгож байсан, энэ хугацаанд надад хэлж байгаагүй миний дугаар зарагдсан гэж ойлгож байсан. Сар бүр надад мэдэгдсэн бол би төлөх байсан, бүтэн жилийн хугацаанд надад юу ч хэлээгүй. Гэрээ байгуулаад гарын үсэг зураад үлдээсэн нь миний буруу болсон. Тухайн үед дугаараа зарах гээд холбогдож уулзаад хорооллын Юнител ХХК-ийн  салбар дээр очиж өгсөн. Дугаар зараад 500,000 төгрөг болж байна, тэр хүний нэр дээр шилжүүлж байгаа гэж ойлгосон. Дугаараа 500,000 төгрөгөөр зарсан үүнийгээ өгч болно. Гэрээг уншаагүй гарын үсгээ зурсан. Юнител ХХК-ийн ажилтанууд надад юу ч тайлбарлаж өгөөгүй. Миний хувьд миний нэр дээр утас лизингээр аваад тэр хүнд өгч байна гэж мэдээгүй. Хэрвээ надад ажилтан давхар утасны  лизинг олгож байгаа сард төлөх үнийн тариф гэх мэтийг маш сайн тайлбарлаж өгсөн бол би юу гэж утсаа тэр хүнд өгөх юм. Миний  дугаарыг авч байгаа залуу өөр нэг ажилтантай яриад цаана зогсож байсан. Би тэр залууд дугаараа шилжүүлж байна гэж ойлгоод гэрээнд гарын үсгээ зурсан. Надаас 330,000 төгрөг төл гэж хэлээгүй. Би тийм мөнгө өгөөгүй. Нөгөө залуу гараад явахдаа гартаа хайрцагтай зүйл бариад гарч байгааг анзаарсан гэхдээ утас гэдгийг мэдээгүй. Ажилтанууд ч гэсэн маш хариуцлагагүй хандсан гэж үзэж байна. Миний дугаар авсан залуу Юнител ХХК-ийн ажилтануудтай холбоотой гэж ойлгож байна. Энэ залуутай холбогдож байсан дугаараар нь холбогдож чадахгүй байгаа. Юнител ХХК надад утас лизингээр өгчихөөд бүтэн жил болоход надад төлбөрөө төл гэж надад нэг ч удаа мэдэгдэж байгаагүй. Би дугаараа зарагдсан байх гэж бодоод орхисон. Бүтэн жилийн дараа надтай холбогдоод утасны төлбөрөө өг гэсэн би гайхаад би танайхаас гар утас лизингээр аваагүй, та нар яагаад надад гар утас өгөөгүй байж надаас яагаад нэхээд байгаа юм гэж хэлж байсан.  Би 8 жил Юнител ХХК-тай харилцагч байсан. Миний энгийн дугаар луу залгаад хэлэх боломжтой байсан хэлээгүйд би гайхаад байна. Дараа төлбөрийн дугаарын хэрэглэгчийнхээ эрхийг хамгаалах үүднээс утасны талаар тайлбарлаж өгөх ёстой байсан. Олон жил харилцсан хэрэглэгчийн эрхийг хамгаалж чадаагүй гэж үзэж байна. Юнител ХХК-ийн дараа төлбөрт дугаар авсан гэсэн асуудлыг асууж тодруулж, шүүж үзэж ёстой гэтэл та нарын асуудал гэсэн. Цагдаатай хамтарч ажиллах ёстой байсан. Юнител ХХК дундаас нь залилсан асуудал үүссэн. Би бүх төлбөрийг хариуцахгүй 700,000 төгрөг өгнө. Дугаар зарсан хүнээс 500,000 төгрөг дээр 200,000 төгрөг нэмж өгөөд эвлэрэх саналтай байна.  Хэрвээ утас авсан бол би өөрийн гар дээрээ авах ёстой, утасаа аваад лизингээр авч байгаа юм байна төлбөрийг нь би төлөх ёстой юм байна гэдгийг ойлгох байсан. Дугаар дээрээ лизинг хийсэн бол нөгөө залууд лизингтэй төлбөрийг төлөх ёстойг ч хэлэх байсан гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

      ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Юнител” ХХК нь хариуцагч Ш.Жанчивсүрэнд холбогдуулан 1,998,926 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ. 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...үйлчилгээ ашиглах урт хугацааны гэрээ байгуулсан ..., гар утас лизингээр хөнгөлөлттэй үнээр худалдан авсан..., гар утсыг хүлээлгэн өгч гарын үсэг зуруулсан..., баталгааны хуудсыг хариуцагчид өгсөн..., гэрээний дагуу гар утасны үндсэн үнийг нэхэмжилэх эрхтэй...” гэж тайлбарлаж байна.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “...өөрийн дараах төлбөрт дугаараа 500,000төгрөгөөр зарсан..., ...гэрээгээр нэрээ шилжүүлж байна гэж ойлгосон..., гэрээ байгуулж гар утас зээлээр худалдаж авч байгаагаа мэдээгүй..., ...надад гар утсыг миний гарт бариулж хүлээлгэн өгөөгүй..., төлбөрийг нь хэрхэн яаж төлөх талаар тайлбарлаж өгөөгүй..., ...бүтэн 1 жилийн дараа гэнэт утасны төлбөр нэхсэн..., компани өөрөө буруутай..., хүнд залилуулсан...” гэж тайлбарлан маргаж байна.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж дүгнэв.

 

 “****” ХХК нь Ш.Жй 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 88012619 дугаар дээр 12 сарын хугацаатай сонгодог багцын сарын суурь хураамж 30,000 төгрөг, 2GB-ын дата багцыг сарын 15,000 төгрөг байхаар, 355051068571466 сериал дугаартай, S-Note4 маркийн гар утсыг 1,350,000 төгрөгөөр урьдчилгаа төлбөрт 330,000 төгрөгийг төлж үлдэх 1,020,000 төгрөгийг сард 85,000 төгрөгийг төлөх байдлаар 12 сарын хугацаанд төлж барагдуулахаар “Үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг ашиглах урт хугацааны гэрээ”-г байгуулахаар үйлчилгээний нөхцөлтэй танилцаж харилцан гарын үсэг зурсан байна. /хэргийн 4-р хуудас/,

                                                        

Нэхэмжлэгч “***” ХХК нь гэрээний дагуу хариуцагчаас 2015 оны1-р сараас эхлэн төлбөрийг нэг ч удаа төлөөгүй ба төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй гэсэн үндэслэлээр 88012619 дугаарын ярианы төлбөр болон гар утасны лизингийн төлбөрт 1,332,617 төгрөг, гэрээний 5-р зүйлийн 5.4-т заасны дагуу хугацаа хэтэрсэн хоног тутам төлөгдөөгүй үнийн дүнгийн 0,3 хувийн алданги болох 666,309 төгрөг, нийт 1,998,926 төгрөгийг нэхэмжилжээ.

 

Талуудын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлд заасан зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан, Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д зааснаар худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээхээр заажээ.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч нь 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр байгуулагдсан “Үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг ашиглах урт хугацааны гэрээ”-ний дагуу худалдан авагч болох Ш.Ж S-Note4 маркийн гар утсыг бусад дагалдах хэрэгсэл болон баримт бичгийн хувийг хүлээлгэн өгсөн, эд хөрөнгийг шилжүүлсэн талаар нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй байна. Мөн түүнчлэн хариуцагчийн гар утас зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулаагүй, гар утсыг хүлээлгэн өгөөгүй, гар утас худалдаж аваагүй гэх тайлбарыг баримтаар үгүйсгэж чадахгүй байх ба дээрх гэрээнд заасны дагуу Ш.Жанчивсүрэнгээс гар утасны урьдчилгаа төлбөр болох 330,000 төгрөгийг хүлээн авсан нь мөн нотлогдохгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй байдаг.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдан худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээх, мөн зүйлийн 243.2-т худалдагч нь худалдаж байгаа эд хөрөнгийн зориулалт, хэрэглээний шинж чанар, хадгалах, хэрэглэх, тээвэрлэх нөхцөл, журам, баталгаат болон эдэлгээний хугацаа, үйлдвэрлэгчтэй холбогдсон үнэн зөв, бүрэн мэдээллийг худалдан авагчид өгөх үүрэгтэй байхаар хуульчилсан байна.

Нэхэмжлэгч, хариуцагч нар нь хүсэл зоригоо илэрхийлэн гэрээг бичгээр хийж гарын үсэг зурсан боловч нэхэмжлэгч нь гэрээний дагуу гар утсыг хүлээлгэн өгч, баталгааны хуудас болон дагалдах хэрэгслийг хүлээлгэн өгсөн гэсэн тайлбараа нотолж чадахгүй байна.

Гэрээг байгуулахад талуудын хүсэл зориг нэгдсэн, харилцан тохиролцсон, утга санааг ойлгосон байх учиртай. Гэтэл хариуцагч Ш.Ж нь зээлээр худалдах, худалдан авах гэрээ хийж гар утас худалдан авч байгаагаа ойлгоогүй, өөрийн 88012619 дугаарыг бусдын нэр дээр шилжүүлэн өгч байгаа гэж ойлгон гэрээнд гарын үсэг зурсан, гэрээний дагуу гар утас хүлээн аваагүй гэсэн хариуцагчийн тайлбарыг нэхэмжлэгч үгүйсгэж, үүнийг баримтаар нотолж чадахгүй байгаагаас гадна “****”ХХК нь худалдаж байгаа гар утсыг хариуцагчид хүлээлгэн өгч, түүний марк, дагалдах хэрэгсэл, хэрхэн ашиглах зааварчилгаа, баталгаат хугацаа, төлбөрийн хэмжээ, төлбөл зохих хүүгийн хэмжээ, хэсэгчлэн төлөх төлбөрийн хэмжээ зэргийг худалдан авагчид тайлбарлан өгөөгүй байна.

Нэхэмжлэгчийн тайлбараар гэрээ байгуулагдаж, гар утсыг хүлээлгэн өгсөн гэж үзвэл гэрээнд заасан нөхцлийн дагуу урьдчилгаа төлбөрт төлөх 330,000 төгрөгийг Ш.Жхүлээн авсан тухай болон гэрээний дагуу төлбөр төлөгдөөгүй байхад нэхэмжлэгч нь гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэг заасны дагуу хэрэглэгч 2 сараас дээш хугацаагаар төлбөрөө төлөөгүй бол гэрээг цуцлах эрхээ хэрэгжүүлээгүй, төлбөрөө төлөх талаар болох гэрээ цуцлах тухай мэдэгдлийг худалдан авагчид хүргүүлж байгаагүй байх тул нэхэмжлэгчийн гар утас хүлээлгэн өгсөн гэсэн тайлбарыг нотлогдоогүй гэж дүгнэв.

Иймд талуудын хооронд зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан боловч нэхэмжлэгч нь гэрээний дагуу эд хөрөнгийг шилжүүлэх үүргээ биелүүлээгүй буюу эд хөрөнгийг хариуцагчид хүлээлгэн өгөөгүй байх тул тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

        ТОГТООХ НЬ:

 

1.Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт зааснаар Ш.Ж холбогдох “***” ХХК-ийн 1,998,926 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46,933 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах  эрхтэй ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

       

 

 

 

         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             Ч.НЯМСҮРЭН