Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 205/МА2026/00003

 

                                                                                        Т.Ө БГБХН-ийн нэхэмжлэлтэй

                                                                                               иргэний хэргийн тухай

 

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч З.Нандинцэцэг даргалж, шүүгч Б.Ариунбаяр Ерөнхий шүүгч Б.Намхайдорж нарын бүрэлдэхүүнтэй хийж,   

Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр   сарын 18-ны өдрийн 311/ШШ2025/00542 дугаар шийдвэртэй

Т.Ө БГБХН-ийн нэхэмжлэлтэй Ц.З, М.Г нарт холбогдох татварын өр 46,063,383 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Намхайдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Б, нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Ч, нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагч Ц.З, М.Г /цахимаар/ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

Нэхэмжлэгч Т.Ө БГБХН-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Ч нь хариуцагч М.Г, Ц.З нарт холбогдуулан татварын өр 46,063,383 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэлийн үндэслэл: Завхан аймгийн ......... сумын Т.Ө нөхөрлөлд Завхан аймгийн Татварын албанаас хяналт шалгалт хийгээд 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн №НА-09240000014 дугаартай нөхөн ногдуулалтын акт тогтоож ажлын 15 өдрийн дотор нэхэмжлэхийн дагуу төлөхийг шаардсан. Уг актын агуулгыг харахад Т.Ө нөхөрлөлийн нягтлан бодогчоор ажиллаж байсан Ц.З нь Завхан аймгийн .......... сумын татварын байцаагч М.Г-тай үгсэн хуйвалдаж 2021 онд 47,750,000 төгрөг, 2022 онд 99,256,888 төгрөгийн ногдол ашиг олгосон боловч татвар суутгаж тайлагнаагүй үйлдлийн улмаас манай нөхөрлөлийг 28,714,705.27 төгрөгийн нөхөн татвар, 10,892,759.97 төгрөгийн торгууль, 6,455,917.76 төгрөгийн алданги нийт 46,063,383 төгрөгийн татварын өрд оруулсан.

Уг шалгалтаар илэрсэн татварын өр үүссэний дараа Ц.З нь ажлаа хаяж яваад одоо ...-ын нягтлан бодогчоор ажиллаж байгаа болно.

Харин үгсэн хуйвалдсан М.Г нь Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ...шийтгэх тогтоолоор ...гэм буруутайд тооцогдож нийтийн албанд 2 жилийн хугацаагаар ажиллах эрхийг хасаж хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэн ял авсан байдаг. Ц.З-ийн буруутай үйлдэл нь татварын нөхөн ногдуулалтын акт түүнтэй хийсэн ярилцлагын тэмдэглэлүүдээр, М.Г-ны буруутай үйлдэл нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор тогтоогдож байх тул ...Ц.З, М.Г нараас 46,063,383 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.  

3.  Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн  229 дүгээр зүйлийн  229.2 дахь хэсэгт заасныг баримтлан Т.Ө бүх гишүүдийн бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн нэхэмжлэлтэй хариуцагч Ц.З, М.Г нараас татварын өр 46,063,383 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 388,267 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Б давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: …Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 311/ШШ2025/00542 дугаартай шийдвэрийг 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч танилцаад эс зөвшөөрч дараах давж заалдах гомдлыг гаргаж байна. Анхан шатны шүүх хэргийн бодит байдалд тохирсон дүгнэлт хийлгүйгээр хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн зүгээс З, Г нарт холбогдуулж нэхэмжлэл гаргасан байхад нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаагүй өөр харилцааг буюу Завхан аймгийн ....-ын газар, Т.Ө нөхөрлөлийн хооронд үүссэн харилцааг дүгнэж уг дүгнэлтэд үндэслэн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж дараах давж заалдах гомдлыг гаргаж байна. Иймд Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 311/ШШ2025/00542 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангуулахаар энэхүү гомдлыг гаргаж байна гэжээ.

5. Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шүүх хуралдаан эхлэхээс өмнө хариуцагчийг солих хүсэлт гаргасан. Шүүх тухайн хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д заасны дагуу хариуцагчийг солих хүсэлтийг хангахаас татгалзсан нь хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн гэж үзэж байна. Нэхэмжлэлийг анх шүүхэд гаргахдаа Т.Ө бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөл нь тус нөхөрлөлийн гишүүн нягтлан бодогчоор ажиллаж байсан Ц.З-г буруутай үйл ажиллагаа явуулсан гэх үндэслэлээр, мөн татвар ногдох орлогыг бууруулж байсан гэх үндэслэлээр М.Г нарт холбогдуулан нөхөрлөлийг хохиролгүй болгуулахаар холбогдох баримтыг хавсарган шүүхэд нэхэмжлэл гаргасан. Анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдлыг дүгнэхдээ Т.Ө БГБХН-ийг татварын өрөө төлөөгүй, татварын нөхөн ногдуулалтын акт нь Т.Ө БГБХН, Татварын газрын хоорондох харилцаа байна. Татвартай холбоотой өрийг хариуцагч Ц.З, М.Г нараас гаргуулах үндэслэлгүй байна гэж дүгнэсэн нь нэхэмжлэлийн шаардлагаас өөр харилцааг дүгнэсэн бөгөөд анхан шатны шүүхийн дүгнэлт нь нэхэмжлэлийн шаардлага болон хуульд нийцэхгүй байна. Ц.З, М.Г нарын буруутай үйлдэл болох хий баримт бүрдүүлэн нөхөрлөлийн тайланг буруу тайлагнаснаас үүдэн нөхөрлөл өрд орсон. Тиймээс буруутай үйл ажиллагаа явуулсан этгээдүүдээс Т.Ө БГБХН хохирлоо гаргуулъя гэх үндэслэлээр анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч татварын өрөө төлөөгүй байна гэж дүгнэсэн. Бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөл учраас гишүүдээрээ хариуцуулах ёстой гэх агуулгыг баримтлан шийдвэр гаргасан Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 542 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...Шүүх нотлох баримтыг буруу үнэлж, дүгнэсэн.  Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт М.Г-ныг Т.Ө БГБХН-ийн нягтлан бодогчтой үгсэж, 46,000,000 төгрөгийн хохирол учруулсан байна гэж тогтоосон байдаг. Энэ шийтгэх тогтоолыг анхаарч үзээсэй гэж хүсэх байна. Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 542 дугаартай шийдвэрт татварын байгууллага болон Т.Ө БГБХН-ийн харилцаа, Т.Ө БГБХН болон Ц.З, М.Г нарын харилцааг буруу дүгнэсэнтэй холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагыг мөн анхаарч үзээсэй. Ц.З-ийн үйлдлийн тухайд нөхөн ногдуулалтын акт, ярилцлагын тэмдэглэл зэргийг хавсаргасан байдаг. Эдгээр баримтуудад Ц.З нь өөрийнхөө бурууг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг өгсөн байдаг гэв.

6. Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Ч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.Ө БГБХН-ийн нягтлан бодогчоор ажиллаж байсан Ц.З нь жил бүр нөхөрлөлийн тайланг буруу тайлагнаж татварын улсын байцаагч М.Г-тай үгсэн хуйвалдаж, нэмэгдсэн өртгийн албан татварыг бууруулж, хувьдаа дансаар авч байсан нь аудитын дүгнэлтээр илэрсэн. Уг үйлдэл нь хууль бус болох нь тогтоогдсон. М.Г татварыг нуун дарагдуулсан, нэмэгдсэн өртгийн албан татварыг бууруулсан гэх үндэслэлээр буруутгагдан ажлаасаа чөлөөлөгдсөн ба шүүхээс түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэн харгалзах албадлагын арга хэмжээ авсан байдаг.  Ц.З татварын өр гараад эхлэнгүүт ажлаа хүлээлгэн өгсөн. Нягтлан бодогч Ц.З нь татварын өрийг миний өр биш, нөхөрлөлийн өр гэж байгаа нь ёс зүйгүй үйлдэл юм. Манай нөхөрлөлд Ц.З-аас өөр сайн нягтлан бодогч байсан бол нөхөрлөл жил болгон татварын өртэй гарахгүй байсан байх. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв.

7. Хариуцагч М.Г давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний тухайд Т.Ө БГБХН-өөс мөнгө авсан гэх үндэслэлээр ажлаасаа чөлөөлөгдсөн. Зохих журмын дагуу шийдвэрлүүлж, ял шийтгэл авсан. Т.Ө БГБХН-ийн тайлан тооцоо гаргахад оролцсон асуудал байхгүй. Ээжийн болон өөрийн дансаар авсан мөнгөө буцаан шилжүүлсэн. Татварын акт, өрийг надаар төлүүлнэ гэж байгаа нь үндэслэлгүй. ...Ц.З, М.Г нарын буруутай үйлдлээс болж Т.Ө БГБХН-д 46,000,000 төгрөгийн хохирол учирсан гэсэн шийдвэр байхгүй. Эрүүгийн хэргийн шүүхээр ажил албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэрэгт буруутгагдан ял шийтгэл авсан. ...Нэхэмжлэгч талын давж заалдах гомдол үндэслэлгүй гэж бодож байна. ...Татварын газраас тавьсан акттай холбоотой өр үүссэн. Аж ахуйн нэгжийн татварын өрийг хувь хүнээс гаргуулах боломжгүй талаар анхан шатны шүүх дүгнэсэн. Татварын өр нь тайлангаа буруу тайлагнасантай холбоотойгоор үүссэн. Т.Ө БГБХН хувь хүний орлогын албан татварын өр нь тайлангаа буруу тайлагнасантай холбоотойгоор үүссэн. Нэмэгдсэн өртгийн албан татварын өр нь борлуулалтаа буруу буюу худалдан авалтын зөрүүтэй тайлагнасантай холбоотойгоор үүссэн. Тухайн байгууллага тайлангаа алдаа зөрчилгүй гарган шилжүүлэх ёстой байсан боловч шилжүүлээгүй байсантай холбоотойгоор дөч гаруй сая төгрөгийн өр үүссэн. Байгууллагын татварын өрийг нөхөрлөлийн нэг гишүүнээр төлүүлнэ гэдэг нь бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн үндсэн зарчимд нийцэхгүй. Нөхөрлөлийн дарга н.А хяналтаа тавиагүй байна. Т.Ө нөхөрлөлийн дарга татварын шалгалтаас зугтаасан үйлдэл байдаг. Аж ахуйн нэгжийн удирдах албан тушаалтан байж хариуцлага хүлээхгүй байгаа үйлдэл байна. Татварын өрийг нэг гишүүнээрээ төлүүлнэ гэдэг нь боломжгүй гэж үзэж байна гэв.

8. Хариуцагч Ц.З давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэгдүгээрт, нэхэмжлэлийн үндэслэл нь татварын өр байгаа. Би өөртөө ашигтай байдлаар мөнгө авсан зүйл байхгүй. Хоёрдугаарт, М.Г өөрийн буруу үйлдэлдээ ял авсан бол Ц.З ч мөн ял авах ёстой гэх байдлаар тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна. Нөхөрлөл татварын өртэй болохоор нь өөрийн ажлаа өгөөгүй. Намайг ажлаас чөлөөлөөд өг гэж нөхөрлөлийн даргад хэлээд 1 жил болсон. Би ажлаа хүлээлгэж өгье гэхэд ажлыг минь хүлээж аваагүй. Намайг мөнгө авсан гэж хардаад татварын шалгалт хийлгэсэн.  Надад итгэхгүй болохоор нь ажлаа хүлээлгэн өгсөн. Нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг үндэслэлгүй гэж үзэж байна. ...Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь Т.Ө БГБХН-ийн төлөх ёстой байсан татвар юм. Нөхөрлөлийн татварыг би яагаад төлөх ёстой юм. Аж ахуйн нэгж дээр гарсан өр, үүнийг би хувьдаа хэрэглээгүй. Татвар ногдуулсан актын талаар ярьж байна. Татварын акт дээр юу, хэрхэн бичсэн талаар сайн мэдэхгүй байна. Яаралтай гарын үсэг зурахгүй бол шалгасан хүмүүс нь асуудалд орох гээд байна гээд гарын үсэг зуруулсан. Гарын үсэг зурсан нь үнэн. Намайг гүтгэсээр өдийг хүрсэн. Нөхөрлөлд цалин мөнгөгүй олон жил ажилласан. ...Б.А компаниас үйл ажиллагаа явуулж ашиг олоод ашгаа гишүүддээ хуваарилдаг. Үүний татварыг жилийн эцэст бөөгнөрүүлэн төлдөг гэсэн ойлголттой байсан. Жилийн эцсийн тайлангаа зардлаараа тайлагнасан нь буруу байсан. Нэмэгдсэн өртгийн албан татвар нь и-баримтаар бүх зардал нь нотлогддог. 5,000,000 /таван сая/ болон 10,000,000 /арван сая/ төгрөгөөр мөнгө авчхаад и-баримт өгдөггүй. Үүнийг З.Ч өөрөө сайн мэдэж байгаа байх. Бөөн асуудал болдог. Гарсан зардлаа тайлагнасан. Нөхөрлөлийн гишүүд и-баримтын оронд тамгатай падаан авчирч өгдөг, үүнийг баримт гэж үзэхгүй заавал и-баримтаар нотлох ёстой гэдэг. Т.Ө БГБХН-ийг хохироох талаар бодоогүй, нөхөрлөлийн төлөх л ёстой төлбөр гэж үзэж байна. Төлөх гэж байсан төлбөрийг өөртөө авч хэрэглэсэн зүйл байхгүй. Нэхэмжлэгч тал аудитын дүгнэлтээ шүүхэд гаргаж өгөх нь зүйтэй байсан байх. Аудитын дүгнэлт дээр намайг 9,000,000 /есөн сая/ төгрөг хувьдаа авсан талаар ямар нэгэн үг, үсэг байхгүй гэв.

                                                                                                       ҮНДЭСЛЭХ нь:

1. Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүйгээр хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд, анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

3. Нэхэмжлэгч “Т.Ө” бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөл нь  хариуцагч М.Г, Ц.З нарын гэм буруутай үйлдлийн улмаас нөхөрлөлд 46,063,383 төгрөгийн хохирол учирсан гэж үзэж, хариуцагч нараас хохиролд 46,063,383 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргасан байна.

4. Нэхэмжлэгч “Т.Ө” БГБХН нь нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор хариуцагч М.Г-ны гэм буруутай болох нь Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 22 дугаартай, шийтгэх тогтоолоор тогтоосон гэж үзэж, хэрэгт уг тогтоолыг нотлох баримтаар  ирүүлсэн байна.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт  “Бусдын ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасан байна. Эдгээр хэм хэмжээ нь нэхэмжлэлийн шаардлагын эрх зүйн үндэслэл болжээ.

Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцах урьдчилсан нөхцөл нь хариуцагч этгээдийн хууль бус үйлдэл, уг үйлдлээс нэхэмжлэгчид гэм хор учирсан байх, үйлдэл, хохирол хоорондоо шалтгаант холбоотой, тухайн этгээдийн санаатай эсхүл болгоомжгүй гэм буруу тогтоогдсон тохиолдолд гэм хорыг арилгах үүрэг үүснэ. Гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгддөг зохицуулалттай.

6. Гэтэл нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн хариуцагч нарын гэм буруутай эсэхийг тогтооход чухал ач холбогдолтой, хэрэгт хамааралтай гэх нотлох баримт болох Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын    06-ны өдрийн 22 дугаартай шийтгэх тогтоол нь шүүгдэгч болон оролцогч нарын нэрийг нууцалсан шүүхийн цахим сангаас хуулбарлаж хэрэгт хавсаргасан байгаа учраас шүүх уг шийтгэх тогтоолыг нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй байна.

7. Хэргийн оролцогчоос гаргаж өгсөн дээрх баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан “Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө. Хуулбарыг өгсөн үед шаардлагатай гэж үзвэл, шүүх жинхэнэ эхийг шаардан авах эрхтэй. Бичмэл нотлох баримтыг шаардан авахад бэрхшээлтэй байвал зохигчийн хүсэлтээр түүний хадгалагдаж байгаа газарт нь шүүх үзлэг явуулах ба шинжлэн судалж болно” гэснийг зөрчсөн байхад шүүх уг нотлох баримтыг нотлох баримтын шаардлага хангуулахгүйгээр хүлээн авч үнэлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5, 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн байна.

8. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж, шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167.1 дүгээр зүйлийн 167.1.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр   сарын 18-ны өдрийн 311/ШШ2025/00542 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгчийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 388,270 төгрөгийг тухайн шатны шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172 дугаар зүйлийн 172.2.2, 172.2.3, 172.2.4 дэх хэсгүүдэд зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн үндэслэлээр магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, бусад тохиолдолд давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэдэг болохыг дурдсугай.

 

                                                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  З.НАНДИНЦЭЦЭГ

                                                      ШҮҮГЧИД                                                    Б.АРИУНБАЯР

                                                                                                                           Б.НАМХАЙДОРЖ