Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2026/00057

 

 

 

 

 

 

 

 

 

 

  

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, шүүгч М.Баясгалан, Б.Мандалбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 191/ШШ2025/09055 дугаар шийдвэртэй,

 

*******ын нэхэмжлэлтэй,

*******ад холбогдох,

 

Хувь хүний хуулиар хамгаалагдсан нууц мэдээллийг нийтэд задруулсан үйлдэлдээ уучлалт гуйхыг даалгах, нэр төр, сэтгэл санаанд учирсан гэм хорын хохиролд 100,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

Хариуцагч ******* нь цахим сүлжээ ашиглан албан үүргээ гүйцэтгэх явцдаа олж мэдсэн миний хуулиар хамгаалагдсан хувь хүний нууцыг зөвшөөрөлгүй задруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдож, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр 6,000 нэгжээр торгуулах ял шийтгүүлсэн. *******ын цахим сүлжээнд тавьсан миний хувь хүний нууц мэдээлэлтэй холбоотой бичлэгийг 106 сая хүн үзсэн нь тогтоогдсон байдаг. Иймд миний нэр хүндэд халдсан тул хувийн мэдээллийг, нэр хүндийг гутаасан хэлбэрээр фейсбүүк лайв ашиглан уучлалт гуйлгуулах, нэр төр, сэтгэл санаанд учирсан гэм хорын хохирол болох 100,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Хариуцагч нь нэхэмжлэгчийн нэр төрд халдаагүй, сэтгэл санаанд нь гэм хор учруулаагүй. Түүнчлэн нэхэмжлэлээр энэ их хэмжээний мөнгийг шаардаж буй үндэслэл ойлгомжгүй, нотлох баримтгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2, 497 дугаар зүйлийн 497.1, 511 дугаар зүйлийн 511.1, 511.2, 511.3-т заасныг баримтлан хариуцагч *******ад фейсбүүк цахим сүлжээг ашиглан нэхэмжлэгч Г.Шинэбаяраас хуулиар хамгаалагдсан нууц буюу түүний 3 хүүхдийн асрамжийн газарт асруулдаг байсан мэдээллийг олон нийтэд задруулсан үйлдэлдээ уучлалт гуйх-ыг хариуцагч *******ад даалгаж, нэхэмжлэлээс гэм хорын хохиролд 100,000,000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 100200300941 тоот дансанд оруулж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга:

1. Шүүх нь шийдвэр гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох хариуцагч *******ад нэхэмжлэгч *******аас уучлалт гуйхыг даалгахдаа ямар хэлбэрээр уучлалт гуйхыг тодорхой зааж өгөөгүй нь хууль зөрчлөө. Иймд, хариуцагчид цахим орчинд олон нийтэд нээлттэй байдлаар уучлалт гуйхыг даалгасан өөрчлөлт оруулж өгнө үү.

2. Шүүх нь сэтгэл санааны хохирлыг мөнгөөр тооцож нэхэмжлэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ ...******* нь өөрийн сэтгэцэд учирсан гэм хорыг арилгуулахаар шаардах эрхтэй боловч уг хуулийн зохицуулалтууд 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс үйлчилж эхэлсэн ба харин хариуцагч нь үүнээс өмнө 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр гэмт хэрэг үйлдсэн тул хуулийг буцаан хэрэглэх үндэслэлгүй... хэмээн дүгнэсэнтэй санал нийлэхгүй байна.

Учир нь, хариуцагчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас буюу нэхэмжлэгчийн нэр төрийг гутаасан, хувийн эмзэг нууц мэдээллийг нь нийтэд тархаасан мэдээлэл цахим орчинд цацсан хэргийнх нь улмаас хохирогч, нэхэмжлэгчид учирсан сэтгэл санааны хор хохирлын үр дагавар одоог хүртэл арилаагүйгээр үл барам энэ тухай ярих, дурсах бүрийд сэдэрч, сэтгэлээр унаж, хямарч, даралт нь ихсэх, шөнө нойргүйдэх зэргээр байнга хямрах байдал үргэлжилсээр байгаа нь сэтгэцийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Өөрөөр хэлбэл сэтгэл санаанд учирч буй хор уршиг, хямралт байдал гэмт хэрэг үйлдэгдсэн өдөр л учраад өнгөрчхөөгүй тул одоо ч хор хохирлыг арилгуулахаар нэхэмжлэх эрхтэй гэж үзэж байна.

...Шийдвэрийн үндэслэх нь хэсгийн 5 дахь заалтад тухайн тохиолдолд мөрдөх хуулийн заалтуудыг дурдсантай санал нэг байна. Мөн нэмж хууль зүйн үндэслэл дурдахад: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлах ёстой гэж үзэж байна.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэж байх явцад хохирогч би сэтгэцэд учирсан хохирлоо шинжлүүлэхээр хүсэлт гаргаагүй байсан тул нотлох баримт дутуу гээд эрүүгийн шүүх энэ асуудлыг жич иргэний журмаар шийдвэрлүүл гэж заасан тул би иргэний шүүхэд хандаж, мөн шинжээч томилуулж дүгнэлт гаргуулсан тул хангалттай нотлох баримт одоо бүрдсэн атал иргэний шүүх хууль хэрэглэх талаар алдаа гаргаж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. Эрүүгийн хэргийг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс үйлчилж байгаа хууль тогтоомж гарснаас хойш шийдвэрлэгдсэн байгааг харгалзан үзсэнгүй.

Эрүүгийн хэрэг шийдвэрлэгдсэнээс хойш би иргэний журмаар энэ нэхэмжлэлийг гаргах эрхтэй болохоо ойлгож, тогтоол, магадлал зэргийг үндэслэж нэхэмжлэл гаргасан тул нэхэмжлэлийг одоо мөрдөгдөж буй хууль тогтоомжийн дагуу тодорхой хэмжээний мөнгөн дүнгээр хангаж шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна.

Монгол Улсын иргэн бүр Үндсэн хуульд заагдсанаар хууль шүүхийн өмнө тэгш эрхтэй, эрх зүйн байдлаа дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглүүлж асуудлаа шийдвэрлүүлэх эрхтэй гэж үзэж байна.

4. ...2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө ч сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн дүнгээр тооцож нэхэмжилж, төлүүлэх хэлбэрээр арилгуулах хуулийн заалтууд огт байгаагүй биш байж л байсан ба шүүхүүд шийддэггүй биш, шийдэж л байсан гэж ойлгосон.

...Иймд, сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр үнэлэн нөхөн төлүүлэхээр шийдвэрт өөрчлөлт оруулж, *******ад олон нийтийн өмнө цахим хэрэгслээр надаас уучлалт гуйхыг даалгаж өгнө үү гэжээ.

 

5. Хариуцагчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

...Шүүхийн шийдвэрийн 6-д тусгагдсанаар цахим сүлжээ ашиглан уучлалт гуйхыг хариуцагчид даалгасан. Хариуцагч нь нэхэмжлэгчийн хийж байсан лайв бичлэг доор коммент бичсэнээс өөр ямар нэгэн зөрчил огт гаргаагүй. Нэхэмжлэгч нь миний сэтгэцэд учирсан хохирлыг эмнэлгийн байгууллага тогтоосон гэх асуудлын талаар давж заалдах гомдолдоо дурддаг. Шүүхээс шинжээч томилсон бөгөөд нэхэмжлэгчийн сэтгэцийн эрүүл мэндийн дүгнэлт гарсан. Тухайн шинжээчийн дүгнэлтийг хариуцагч тал эс зөвшөөрч, шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй байх тул дахин шинжээч томилж өгнө үү гэх хүсэлт гаргаж, шүүх дахин шинжээч томилж, хэргийг түдгэлзүүлсэн. Гэтэл нэхэмжлэгч шинжээч дээр очоогүй, анхан шатны шүүх хуралдаанд яагаад очоогүй талаар тодорхой тайлбарласан нь хэргийн 68, 69 дүгээр хуудсанд авагдсан баримтаас харагдана. Анхан шатны шүүх хуулийг буцаан хэрэглэх боломжгүй болон яагаад тухайн хуулийг хэрэглээгүй талаар шийдвэртээ тодорхой бичсэн. Тиймээс нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******ад холбогдуулан хувь хүний хуулиар хамгаалагдсан нууц мэдээллийг нийтэд задруулсан үйлдэлдээ уучлалт гуйхыг даалгах, нэр төр, сэтгэл санаанд учирсан гэм хорын хохиролд 100,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн боловч нэхэмжлэгчийн шаардах эрхэд хамааралтай хуулийн зохицуулалтыг тайлбарлан хэрэглээгүй, мөн үүнийг шийдвэрийн тогтоох хэсэгт баримтлаагүйгээс гадна шүүхийн шийдвэрийг биелүүлэх арга журмыг дутуу орхигдуулсан байгааг давж заалдах шатны шүүхээс залруулна.

 

3. Хэрэгт авагдсан баримтаар Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 2024/ШЦТ/101 дугаартай шийтгэх тогтоолоор *******ыг албан үүргээ гүйцэтгэх явцдаа олж мэдсэн хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр цахим сүлжээ ашиглаж задруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар 6,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэснийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 2024/ДШМ/334 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, Улсын Дээд шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 400 дугаартай тогтоолоор шүүгдэгчийн өмгөөлөгч болон хохирогч *******ын хяналтын журмаар гаргасан гомдлыг хэлэлцэхээс татгалзаж шийдвэрлэжээ. /1.х.х-ийн 7-32/

 

Тодруулбал, хариуцагч ******* нь 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр олон нийтийн сүлжээгээр буюу ******* цахим сайтаар нэхэмжлэгч *******ыг хүүхдийн байгууллагын талаар мэдээлэл өгөх явцад түүний хүүхдүүдийг асрамжийн газар татвар төлөгч нарын мөнгөөр өсгөсөн гэх утгатай сэтгэгдэл бичсэнийг Эрүүгийн хуульд заасан албан үүргээ гүйцэтгэх явцад олж мэдсэн хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр цахим сүлжээ ашиглаж задруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулсан байна.  

 

Тиймээс хариуцагчид эрүүгийн хариуцлага ногдуулсан шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байх тул зохигч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж зааснаар түүний гэм буруугийн талаар маргахгүй.

 

4. Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5-д мэдээллийн эзэн гэж энэ хуулийн 4.1.11-д заасан мэдээллээр тодорхойлогдож байгаа хүнийг, Иргэний хуулийн 17, 18, 19 дүгээр зүйлд заасан, хуульд өөрөөр заагаагүй бол мөн хуулийн 16 дугаар зүйлд заасан иргэн бол түүний хууль ёсны төлөөлөгчийг гэж, 4.1.11-т хүний хувийн мэдээлэл гэж хүний эмзэг мэдээлэл болон хүний эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, төрсөн он, сар, өдөр, төрсөн газар, оршин суугаа газрын хаяг, байршил, иргэний бүртгэлийн дугаар, хөрөнгө, боловсрол, гишүүнчлэл, цахим тодорхойлогч, хүнийг шууд болон шууд бусаар тодорхойлох, эсхүл тодорхойлох боломжтой бусад мэдээллийг хэлнэ гэж тус тус заасан.

 

Талуудын тайлбараар хариуцагч ******* нь хүүхэд хамгааллын байгууллагад ажиллаж байсан, тийнхүү ажиллаж байх хугацаандаа нэхэмжлэгч *******ын хүүхдүүдийг асрамжийн газар амьдарч байсан гэдгийг мэдсэн, уг мэдээллийг мэдээллийн эзний зөвшөөрөлгүйгээр бусдад тараасан нь хэдийгээр хүүхдүүдийн нэрийг тодорхой дурдаагүй боловч уг мэдээллээр мэдээллийн эзэд тодорхойлогдож, улмаар олон нийтэд намайг хүүхдүүдээ асрамжийн газар өгсөн, мөн хүүхдүүд асрамжийн газарт амьдарч байсан гэх мэдээ тараагдсанаар миний болон түүний хүүхдүүдийн минь нэр хүнд гутаагдаж, сэтгэл санаанд гэм хор учирсан гэсэн нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй байна.

 

5. Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4-т Хуулиар тогтоосон хувийн нууцад хамааралтай мэдээг өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр тарааснаас гэм хор учирсан гэж үзвэл иргэн уг гэм хорыг арилгахыг шаардах эрхтэй гэж заасан.

 

Өөрөөр хэлбэл, хэн нэгний талаар худал мэдээ, мэдээлэл тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадаагүй тохиолдолд хариуцлага хүлээх ба харин тэрхүү мэдээ, мэдээлэл бодит байдалд нийцсэн, үнэн зөв байж болох ч энэ нь хүний хуулиар хамгаалагдсан нууц мэдээ, мэдээлэлд хамаарах бол тухайн этгээдийн зөвшөөрөлгүйгээр тарааснаас гэм хор учирсан тохиолдолд мөн адил хариуцлага хүлээнэ.

 

Энэ тохиолдолд хариуцагч нь анхнаасаа нэхэмжлэгчийн нэр төрийг гутаах, доромжлох сэдэл санаа агуулаагүй байсан эсэх нь хэрэгт ач холбогдолгүй, түүнчлэн тараасан мэдээ, мэдээлэл нь нэхэмжлэгчийн нэр хүндийг гутаах боломжгүй, мөн үүнийг уншсан этгээдүүд мэдээллийг үнэн бодит гэдэгт итгэх - итгэхгүй байх нь чухал биш.

 

Анхан шатны шүүх хариуцагч нь нэхэмжлэгчийн зөвшөөрөлгүйгээр хүний хувийн нууцад хамаарах мэдээ, мэдээллийг тараасан байхад Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.1-д заасан худал мэдээ, мэдээлэл тарааснаас гэм хор учирсантай холбоотой зохицуулалтыг тайлбарлаж хэрэглэсэн нь оновчгүй болсныг дээрх байдлаар зөвтгөнө.

 

6. Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.9-д Энэ зүйлд заасан эрхийг зөрчсөн этгээд бусдад учруулсан гэм хорыг хохирогч буюу сонирхогч этгээдэд энэ хуулийн 497, 511 дүгээр зүйлд заасан журмын дагуу арилгана гэж заасан.

 

Тодруулбал, бусдын талаар худал мэдээ, мэдээлэл тараасан болон мэдээллийн эзний зөвшөөрөлгүйгээр хуулиар хамгаалсан хүний хувийн нууцад хамаарах мэдээллийг тараасан этгээд хохирогчид учирсан эдийн бус гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүрэг хүлээнэ.

 

Иймд, нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******ад холбогдуулан Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.1-д Бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийгээ бодит байдалд нийцэж байгааг нотолж чадахгүй бол эд хөрөнгийн хохирол арилгасныг үл харгалзан, эдийн бус гэм хорыг мөнгөн болон бусад хэлбэрээр арилгах үүрэг хүлээнэ гэж зааснаар мөнгө шаардаж болно.

 

7. Хэргийн баримтаар нэхэмжлэгч нь хариуцагчаас нэр төр, сэтгэл санаанд учирсан гэм хорын хохиролд 100,000,000 төгрөгийг чухам ямар үндэслэл, хохирлын тооцоолол, түүнийг тогтоох шалгуур /аргачлал, үнэлгээ/-ыг тодорхойлж нэхэмжилж байгаа нь тодорхойгүй байна.

Хэрэгт хариуцагчийн гэм бурууг тогтоосон шүүхийн шийтгэх тогтоол байгаагаас үл хамаарч нэхэмжлэгч нь өөрийн нэр төр, сэтгэл санаанд учирсан хохирлыг мөнгөн хэлбэрээр нэхэмжилж байгаа тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6, 25, 38, 107 дугаар зүйлд тус тус зааснаар үүнийгээ тодорхой хэмжээгээр нотлох ёстой.

 

8. Нөгөө талаар хэргийн баримтаар нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******ад холбогдуулан Эрүүгийн хуулийн 13 дугаар бүлэгт заасан буюу Хувь хүний нууц задруулах гэмт хэргийн улмаас гэм хор учирсан гэсэн үндэслэлээр тухайн нэхэмжлэлийг гаргажээ. /1.х.х-ийн 1-2, 2.х.х-ийн 19-21/

 

Тодруулбал, нэхэмжлэгч нь хариуцагчийн гэм буруутай үйлдлээс сэтгэцэд гэм хор учирсан, үүнийг эрүүгийн журмаар нэхэмжлээгүй, одоо иргэний журмаар нэхэмжилж байгаа, үүнтэй холбоотойгоор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад сэтгэцэд учирсан гэм хорын зэрэглэл тогтоолгосон гэх зэрэг тайлбараас үзвэл нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд бус сэтгэцэд учирсан хохирлыг нэхэмжилсэн агуулгатай гэж үзэхээр байна.

 

9. Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2-т Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана гэж заажээ.

 

Хэрэгт авагдсан Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 482 дугаартай дүгнэлтээр хариуцагч *******ын гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгч *******ын сэтгэцэд хор уршиг учирч, нэгдүгээр зэрэглэлд хамаарахыг тогтоосон байна. /1.х.х-ийн 54-56/

 

Тиймээс нэхэмжлэгч нь хариуцагчаас Монгол Улсын Дээд шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор баталсан Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал-ын дагуу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 4.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл хэмжээгээр мөнгөн хэлбэрээр хохирол шаардах боломжтой.

 

Гэвч гэмт хэргийн улмаас хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг ийнхүү мөнгөн хэлбэрээр арилгах тухай Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан зохицуулалтыг мөн хуулийн 80 дугаар зүйлийн 80.6-т зааснаар 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх тул уг өдрөөс өмнө үйлдэгдсэн гэмт хэрэгт хамааралгүй.

 

Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2-т заасан сэтгэцэд учирсан хохирлыг мөнгөн хэлбэрээр арилгах хэдий ч гэмт хэргийн улмаас сэтгэцэд хохирол учирсантай холбоотойгоор хохирол нэхэмжлэх тохиолдолд 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хойш үйлдэгдсэн гэмт хэрэгт хамааралтай болно.

 

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасан шинээр батлагдсан хуулийг буцаан хэрэглэх талаарх зохицуулалтыг зөв тайлбарлаж нэхэмжлэлээс мөнгө гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй учир энэ талаарх нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хүлээн авахгүй.

 

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д ...Шийдвэр гүйцэтгэх арга, журмыг зааж, ... гэж заасан.

 

Тодруулбал, Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т зааснаар хариуцагч нь хохирогчийн талаар тараасан мэдээ, мэдээллийг тухайн тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээх бөгөөд хэрэв тараасан хэлбэр, хэрэгсэл тодорхойгүй бол шүүх хариуцагчид өөр хэлбэр, хэрэгслээр няцаалт хийхийг даалгаж, шүүхийн шийдвэрийг биелүүлэх арга журмыг зааж өгнө.

 

Талуудын тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар ******* цахим сайт нь нэхэмжлэгч *******ын хүүхдүүдийг асрамжийн байгууллагад амьдарч байсан гэсэн мэдээ, мэдээллийг тараагаагүй, хариуцагч ******* нь уг цахим сайтаар дамжуулж байсан мэдээллийн доор өөрийн нүүр ном /facebook/-ыг ашиглан дээрх утгатай сэтгэгдэл бичжээ.

 

Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад хариуцагч *******ад өөрийн нүүр ном /facebook/-оор дамжуулан уучлалт гуйхыг даалгасан арга журмыг заасан өөрчлөлт оруулснаар нэхэмжлэгч *******ын зөрчигдсөн эрхийг сэргээсэн шүүхийн шийдвэр биелэгдэх боломжтой.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 191/ШШ2025/09055 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

 

1 дэх заалтыг Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4, 230 дугаар зүйлийн 230.2, 511 дүгээр зүйлийн 511.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч *******ад өөрийн нүүр ном /facebook/-ыг ашиглан нэхэмжлэгч *******ын хуулиар хамгаалагдсан нууц буюу түүний 3 хүүхдийн асрамжийн газар асруулдаг байсан мэдээллийг олон нийтэд тараасан үйлдэлдээ уучлалт гуйхыг даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас нэр төр, сэтгэл санаанд учирсан гэм хорын хохиролд 100,000,000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардаж авсан, аль эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж гардаж авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын жураар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АЗБАЯР

 

ШҮҮГЧИД  М.БАЯСГАЛАН

 

Б.МАНДАЛБАЯР