Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 2019/ШЦТ/25

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

         Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Маралмаа Улсын яллагч Т.Ганзориг Шүүгдэгч У.Ш нарыг оролцуулан Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн У.Ш-д холбогдох эрүүгийн 1825008830023 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

   Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, У.Ш 

Прокуророос, шүүгдэгч У.Ш-г 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянбулаг багийн Зээлийн 2-22 тоот хашаанд Э.Ганбилэгийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч У.Ш.-ний мэдүүлсэн: Би гэм буруугаа хүлээж байна. Ганбилэг ах намайг “цохичих уу гэхээр нь би арай цохихгүй байх гэж бодоод тэг тэг гэсэн чинь нүүрэнд 2 цохичихоод гараад явахаар нь араас нь очиж цохисон. Харамсаж байна. Миний үйлдлийн улмаас хохирол учирсныг хүлээн зөвшөөрч, үр дагаварыг нь ойлгож байна гэх мэдүүлэг болон хавтаст хэргээс яллах дүгнэлтийн хавсралтад заасан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

-Хохирогч Э.Ганбилэгийн мөрдөн байцаалтад өгсөн: .....би согтуудаа Ш.Э-д хандаж та нар залуу хүмүүс байж яах гэж таксинд явдаг юм бэ? Ажил төрөл олж хийхэд яадаг юм бэ гээд хэлчихсэн чинь Ш.Э бид нар ч гэсэн амьдрах гэж байгаа хүмүүс ажил одохгүй байгаа юм чинь яах юм бэ гээд хэлэхээр нь би Ш.Э дээр очоод ах нь чамайг цохичих уу гэж хэлтэл Ш.Э тэг гэж хэлэхээр нь нүүрэн тус газар нь гараараа 2 удаа хальт цохичихоод миний дүү тэгж болохгүй шүү гэж хэлчихээд гартал араас гарч ирээд та яаж байгаа юм бэ гэж хэлээд миний нүүрэн тус газарт гараараа нэг удаа цохиод би согтуу байсан учраас газарт унаж миний цээж рүү хөлөөрөө нэг удаа өшиглөхөд амнаас цус гараад хэвтэж байхад манай ажлын Мөнх-Очир ирж Ш.Э салгасан. Тэгээд би тэндээсээ шууд нэгдсэн эмнэлэг орж дээд талынхаа урууландаа 8 оёдол тавиулсан ... У.Ш.Э надаас албан ёсоор уулалт гуйж бид эвлэрсэн тул цаашид гаргах санал хүсэлт байхгүй. Шүүх хуралдаанд оролцохгүй. Гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 6-р хуудас/

-Шинжээчийн 2018-12-19-ний өдрийн 21 дугаартай: Э.Ганбилэгийн биед доод баруун 1, 2, 3-р шүдний ганхалт, дээд урууланд шарх, дээд, доод уруулын баруун хэсэг, баруун хацар зөөлөн эдийн няцрал, зүүн эгэмний харалдаа зулгаралт үүсчээ. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг цаг хугацаанд үүсгэгджээ. Дээрх гэмтлүүдийн доод баруун 1,2,3 -р шүдний ганхалт, дээд урууланд шарх, дээд урууланд шарх, дээд, доод уруулын баруун хэсэг, баруун хацар зөөлөн эдийн няцрал нь тус бүрдээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана... гэх дүгнэлт /8-р хуудас/

-Гэрч Ц.Саруулзулын мөрдөн байцаалтад өгсөн: “....гэрт Ганбилэг ах Ш.Э нүүрэн тус газар нь гараараа цохиж байхыг нь харсан. Яг хэдэн удаа цохисоныг нь мэдэхгүй. Харин Ш.Э Ганбилэг ахын хаана нь хэдэн удаа юугаар цохисоныг нь хараагүй. Гаднаас Ганбилэг ах орж ирэхэд амнаас нь цус гарчихсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17-р хуудас/

-Гэрч Ө.Мөнх-Очирын мөрдөн байцаалтад өгсөн: ... хашаан дотор явж байхад Ш.Э, Ганбилэг ах 2 маргалдаж байгаад Ш.Э Ганбилэг ахын нүүр рүү болон цээж рүү нь нэг нэг удаа цохисон. Тэгтэл Ганбилэг ахын дээд талын уруулнаас цус гараад хавдчихсан харагдаж байсан ...гэх мэдүүлэг. /хх-ийн 18-р хуудас/

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогчийн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг эдгээр нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн хууль ёсны, үйл баримтын талаархи мэдээллийг агуулсан байх тул хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв.

Дээрхи хохирогч, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, хэргээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч У.Ш.Э нь 2018 оны 12 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнийн 02 цагийн орчим архидан согтуурсан үедээ Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянбулаг багийн Зээлийн 2-22 тоот хашаанд хамт архи уусан Э.Ганбилэгийг зодож биед нь доод баруун 1,2,3 -р шүдний ганхалт, дээд урууланд шарх, дээд, доод уруулын баруун хэсэг, баруун хацар зөөлөн эдийн няцрал, зүүн эгэмний харалдаа зулгаралт бүхий хөнгөн зэргийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна. Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчийн биед хөнгөн гэмтэл хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугийн талаар маргаангүй байна. Улсын яллагч шүүх хуралдаанд: Шүүгдэгч 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянбулаг багийн Зээлийн 2-22 тоот хашаанд Э.Ганбилэгийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь тогтоогдсон.

Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Хохирогч гомдолгүй гэсэн тул Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, 1 сарын дотор ялыг биелүүлэх нь зүйтэй гэсэн саналтай байна гэжээ.

Шүүгдэгч өөрийгөө өмгөөлж хэлэхдээ: Би гэм буруугаа хүлээж байна. Ялын саналыг зөвшөөрч байна гэжээ. Хохирогч Э.Ганбилэг шүүх хуралдаанд оролцоогүй, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж шүүхэд мэдэгджээ. Шүүгдэгч У.Ш-Э-ийн энэ үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжтэй санаатай, нийгэмд аюултай, бусдад хохирол учруулсан үйлдэл мөн бөгөөд прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна.

Иймд Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч У.Ш.Э-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй. Шүүгдэгч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргаж ялын төрөл хэмжээний тухай улсын яллагчийн саналыг зөвшөөрч гарын үсэг зурсан байх ба шүүгдэгчийн гэм буруутай байдал нотлогдож тогтоогдсон тул ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судлаж хэргийн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээсэн байдал, шүүгдэгчийн хувийн байдал, улсын яллагчийн санал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үйлдсэн хэргийн гэм бурууд тохирно гэж дүгнэж шийдвэрлэв. У.Ш.Э нь хөдөлмөр эрхэлдэг, тогтмол орлоготой байх тул оногдуулсан ялыг хэсэгчлэх шаардлагагүй гэж үзлээ. Энэ хэрэгт эд мөрийн баримт хураагдаагүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдлаа.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Ш.Э Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Ш.Э 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянган / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар У.Ш.Э оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 сарын хугацаанд бүрэн хэмжээгээр төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч У.Ш.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдсугай.

6.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                   Д.АРИУНЦЭЦЭГ