Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2026/00014

 

 

 

 

*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, шүүгч М.Баясгалан, шүүгч Б.Азбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 192/ШШ2025/07547 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: *******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* ХХК-д холбогдох,

 

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 30,000,000 төгрөг, хүүд 5,100,000 төгрөг, хохиролд 3,510,000 төгрөг, нийт 38,610,000 төгрөг гаргуулах тухай гаргуулах иргэний хэргийг нэхэмжлэгч гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Б.Азбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл,тайлбарын агуулга:

1.1.Миний бие 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд 6 дам нурууны цутгалтын ажлыг бүрэн гүйцэтгэж дуусгасан ба 14 дам нурууны доод арматурын ажлыг хийж гүйцэтгэсний хөлсөнд ******* ХХК нийт 200,000,000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцсон.

1.2.Талуудын тооцоо нийлсэн актаар ажлын хөлсний үлдэгдэл төлбөр болох 30,000,000 төгрөгийг 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр өгөхөөр тохиролцсон боловч өнөөдрийг хүртэл өгөөгүй, хохироож байна.

1.3.Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй тул Монгол банкны бодлогын 12 хувийг үндэслэн 5,100,000 төгрөгийн хүүг үүрэг гүйцэтгүүлэгчид төлөх үүрэгтэй.

1.4.Иймд, ажлын хөлсний үлдэгдэл төлбөр 30,000,000 төгрөг, хүү 5,100,000 төгрөг, хуульчийн зардал 3,510,000 төгрөг, нийт 38,610,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1.Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Туслан гүйцэтгэгч *******ийн хийсэн 9L дам нурууны цутгалтын ажил нь чанарын шаардлага хангаагүй, захиалагчаас чанарын шаардлага хангаагүй гэж удаа дараа мэдэгдэл ирсэнийг нь *******эд мэдэгдэж байсан бөгөөд тухайн ажлыг бид өөрсдийн зардлаар дахин хийж гүйцэтгэсэн.

2.2.*******ийн хийсэн ажил нь чанаргүй, биет байдлын доголдолтой хийгдсэний улмаас үүссэн бодит хохирлыг гүйцэтгэлээс суутгаж авч тооцсон.

2.3.Талуудын хооронд гэрээ байгуулагдаагүй учир Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5 дахь хэсгийг үндэслэн 5,100,000 төгрөгийн хүү төлөх нь үндэслэлгүй.

2.4.Хууль зүйн үйлчилгээ авах нь нэхэмжлэгчийн өөрийн эрхийн асуудал буюу заавал итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох шаардлагагүй буюу өөрөө оролцох бүрэн боломжтой тул хуульчийн зардал 3,510,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үндэслэлгүй гэжээ.

 

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 343.2, 227 дугаар зүйлийн 227.3 дах хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******ийн ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэл, хохиролд хариуцагч ******* ХХК-иас 38,610,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 351,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4.Нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1.Нэхэмжлэгч болон хариуцагчийн хооронд байгуулагдсан гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан Ажил гүйцэтгэх гэрээ" ба гүйцэтгэгч нь захиалагчийн захиалсан ажлыг буюу ажлын үр дүнг хүлээлгэн өгөх, захиалагч нь гүйцэтгэгчийн гүйцэтгэсэн ажлын хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээдэг. Нэхэмжлэгч *******э нь захиалагчийн захиалсан 6 дам нурууны цутгалтын ажил болоод 14 дам нурууны доод арматурын ажлыг ямар нэгэн доголдолгүй хүлээлгэн өгч захиалагчтай тооцоо нийлсэн.

Харин Хариуцагч ******* ХХК нь ******* ХХК-аас нийт 3,674,815,197.01 төгрөгийн тоо хэмжээ үнийн задаргаа бүхий өртөгтэйгөөр нийт 12 байршилд 30-аад дам нуруут гүүрний барилгын ажил гүйцэтгэхээр 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр тохиролцон BI-MMGS-POC-P1-0085 дугаартай гэрээг байгуулсан байх ба 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдөр уг ажлуудыг 7,791,219,507.85 төгрөгөөр хийж гүйцэтгэсэн тухай гэрээ дүгнэсэн акт үйлдсэн.

Гэтэл хариуцагч "*******" ХХК нь "*******" ХХК-тай байгуулсан гэрээний дагуу ажлаа гүйцэтгэхдээ ганц нэхэмжлэгчийг туслан гүйцэтгэгчээр оролцуулаагүй ба өөр бусад газруудыг мөн адил дам нуруут гүүрийн ажилд оролцуулсан. *******э ямар нэгэн доголдолгүй ажлыг гүйцэтгэж хариуцагч талд хүлээлгэн өгсөн ба энэ талаар талуулын хооронд байгуулагдсан тооцоо үлдэгдлийн баталгаа гэх тооцоо нийлсэн актаас дүгнэж болно.

Өөрөөр хэлбэл, тооцоо нийлсэн акт гэдэг нь талуудын хооронд үүссэн гэрээний дагуу хийгдсэн ажил үйлчилгээ, санхүүгийн тооцоо, авлага-өглөгийн үлдэгдлийг харилцан тулган баталгаажуулж, нэг талаас гүйцэтгэсэн ажлаа хүлээлгэн өгсөн, нөгөө талаас тухайн гүйцэтгэл болон авлага, өглөгийн хэмжээг зөвшөөрөн хүлээн авсныг нотлох, хууль зүйн хүчинтэй хоёр талын баримт бичиг юм.

4.2.Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт зааснаар нотлох баримтыг тухай хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй. Учир нь анхан шатны шүүх *******ийг уг доголдолтой дам нурууг хийж гүйцэтгэсэн гэдгийг зөвхөн хариуцагч *******" ХХК-аас ******* ХХК руу явуулсан гэх 2021 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 04/27 тоот албан бичгийг үндэслэн шийдвэрт тусгасан. Гэтэл уг албан бичгийг *******э рүү хүргүүлсэн, хүлээлгэн өгсөн гэх нотлох баримт байхгүй, мэдэгдсэн эсэх тал дээр мөн адил баримтгүй, хэзээ хэрхэн үйлдсэн нь тодорхойгүй албан бичгээр нэхэмжлэгчийг доголдолтой ажил гүйцэтгэсэн гэж үзсэн нь ойлгомжгүй, илтэд хэт нэг талыг барьсан шийдвэр гэж үзэхэд хүргэж байна.

Өөрөөр хэлбэл, *******ийг уг доголдолтой ажлыг хийж гүйцэтгэсэн талаар ямар ч тодруулсан, дүгнэсэн, нотолсон баримт хэргийн материалд байхгүй юм.

 

Мөн хариуцагчийн зүгээс дээрх 04/27 дугаар албан бичгийг удаа дараа хүргүүлж байсан гэх тайлбарыг гаргасан. Албан бичгийг өгнө гэдэг нь хүлээн авч байгаа хүн авах, мэдэх, хүлээлгэн өгч байгаа хүн ямар нэг байдлаар нотлоход оршино. Үүнтэй холбоотойгоор хэрэг шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* ХХК-аас 2024 оны 04 дүгээр сарын 27-ний өдрийн 04/27 тоот албан бичгийг хүргүүлсэн, мэдэгдсэн гэх агуулгатай үзлэг хийлгэх хүсэлтийг анхан шатны шүүхэд гаргасан. Улмаар Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 183/132024/24814 тоот захирамжаар үзлэг хийлгэх хүсэлтийг ханган шийдвэрлэж үзлэг хийлгэхээр болсон ч хариуцагч нь 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн үзлэг хийлгэхээс татгалзсан.

Дээрхээс үзэхэд дам нурууны доголдлын талаар нэхэмжлэгч ******* рүү мэдэгдэж байгаагүй, мэдэгдээгүйг нотлон харуулж байгааг шүүх дүгнээгүй. Өөрөөр хэлбэл, дам нурууны доголдол, түүнийг хариуцах эзнийг мэргэжлийн шинжээч, эсхүл доголдолтой дам нурууг гүйцэтгэсэн талаарх баримтаар түүний буруутайг тогтоох болохос хүргэсэн эсэх нь мэдэгдэхгүй, тухайн цаг хугацаанд гарсан эсхүл нөхөн үйлдсэн баримт гэдэг нь тогтоогдохгүй байгаа албан бичгээр хэн нэгний бүрэн гүйцэтгэн хүлээлгэн өгсөн ажлыг үгүйсгэх нь хуульд нийцэхгүй юм.

*******э нь хийж гүйцэтгэсэн ажлынхаа үлдэгдэл төлбөрөө нэхэмжилж шүүхэд хандсан бөгөөд анх 2023 онд нэхэмжлэл өгч үүнээс хойш 3 гаруй жил үүний араас хөөцөлдөж нийтдээ 8 удаа хариуцагчийн зүгээс шүүх хуралдаан хойшилж өнөөдрийг хүртэл нэхэмжлэгч нь хохирч байгаа явдал нь шударга ёсны зарчимд нийцэхгүй.

Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

5.Хариуцагч талаас давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга:

5.1.Нэхэмжлэгчийн 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр гаргасан давж заалдах гомдлын нэг дэх хэсэгт дээрх ажлыг гүйцэтгэж хүлээлгэн өгөхдөө тооцоо нийлсэн ба үлдэгдэл төлбөр болох 30,000,000 төгрөгийг 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Хаан банкны тoот дансанд шилжүүлэхээр тохиролцсон. Нэхэмжлэгч болон хариуцагчийн хооронд байгуулагдсан гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан Ажил гүйцэтгэх гэрээ ба гүйцэтгэгч нь захиалагчийн захиалсан ажлыг буюу ажлын үр дүнг хүлээлгэн өгөх, захиалагч нь гүйцэтгэгчийн гүйцэтгэсэн ажлын хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээдэг.

5.2.Нэхэмжлэгч *******э нь захиалагчийн захиалсан дам нурууны цутгалтын ажил болох 14 дам нурууны доод арматурын ажлыг ямар нэгэн доголдолгүй хүлээлгэн өгч захиалагчтай тооцоо нийлсэн гэж тайлбарласан. Гэвч нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн ажлыг хүлээлцэх явцад биет байдлын доголдол илэрч цаашлаад ерөнхий захиалагчаас мэргэшсэн инженерийн дүгнэлтийг үндэслэн 6 дам нурууны нэг болох 9L дам нуруу нь доголдолтой болохыг тогтоосон. 2021 оны 05 дугаар сарын 01-ний өдөр ерөнхий захиалагч Бодь интернэшнл ХХК-аас үл тохиролтой холбогдох зардлын 50 хувь болох 26,452,322.68 төгрөгийг ******* ХХК-д олгогдох байсан санхүүжилтээс суутгаж улмаар тухайн гологдлыг төслийн талбайгаас зайлуулах ажлыг өөр этгээдээр гүйцэтгүүлж, гарсан төлбөрийг суутган авах нөхцөл бүрдэхийг мэдэгдэж байсан тул ХХК-аар дам нуруут гүүрний гологдлыг зайлуулах ажлыг хийлгэж 5,000,000 төгрөгийн бодит хохирол учирсан.

5.3.Нэхэмжлэгч *******ийн зүгээс өнөөдрийг хүртэл дээрх ажил хүлээлцэх акт үйлдээгүй буюу ажлыг хүлээлгэж өгөөгүй бөгөөд хүлээлгэж өгөх талаар албан мэдэгдэл ирүүлээгүй. Нэхэмжлэгчийн гаргаж өгсөн тооцооны үлдэгдлийн баталгаа гэх баримтыг ажлыг хүлээлцсэн акт гэж үзэх үндэслэлгүй бөгөөд тус актын төлөгч байгууллагын мэдээлэл хэсгийн утас, факс хэсэгт дугаартай "" гэх боловч баталгаажуулах хэсэгт гэх хүн гарын үсэг зурж баталгаажуулсан нь хүчин төгөлдөр эсэх нь тодорхойгүй санхүүгийн баримт болохоос биш ажлыг хүлээлгэж өгсөн гэж үзэх үндэслэлгүй.

5.4.*******ийг уг доголдолтой дам нурууг хийж гүйцэтгэсэн гэдгийг зөвхөн хариуцагч ******* ХХК-аас ******* ХХК руу явуулсан гэх 2021 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 04/27 тоот албан бичгийг үндэслэн шийдвэрт тусгасан. Гэтэл уг албан бичгийг *******э рүү хүлээлгэн өгсөн гэх нотлох баримт байхгүй, мэдэгдсэн эсэх тал дээр мөн адил баримтгүй, хэзээ хэрхэн үйлдсэн нь тодорхойгүй албан бичгээр нэхэмжлэгчийг доголдолтой ажил гүйцэтгэсэн гэж үзсэн нь ойлгомжгүй, илтэд хэт нэг талыг барьсан шийдвэр гэж үзэхэд хүргэж байна." гэж тусгасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь *******э болон ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал нарыг танилын хүрээнд уг ажилд зөвхөн бетон зуурмаг нийлүүлсэн доголдолтой дам нурууны ажлыг хариуцагч өөрөө хийсэн мэтээр удаа дараа тайлбарладаг болохоос биш бетон зуурмаг нийлүүлсэн дам нуруу нь 9L дам нуруу мөн эсэх тал дээр маргаангүй.

Мөн нэхэмжлэгч нь шүүх хуралдааны явцад 6 дам нурууны цутгалтын ажлыг бүрэн дуусгаж, 14 дам нурууны доод арматурын ажлыг хийж гүйцэтгээгүй 6 дам нурууны цутгалтын ажлыг хийж гүйцэтгэхэд шаардагдах бетон зуурмагийг 40 хоногийн хугацаанд нийлүүлсэн гэж тайлбарласан оловч давж заалдах гомдол гаргахдаа ажлыг хийж гүйцэтгэсэн гэхдээ доголдолтой дам нурууг хийгээгүй, манай талд хамааралгүй мэтээр бодит байдлаас зайлс хийсэн үндэслэлгүй буюу зөрүүтэй тайлбар гаргаж байна. Гэвч хариуцагчийн зүгээс *******эд буюу түүний өмчлөлийн Рапид Констракшн ХХК-д дээрх мэдэгдлийг хавсарган албан тоотыг цахим шуудангаар хүргүүлснээс гадна удаа дараа уулзалт товлож эх хувиар гардуулан өгсөн боловч хүлээж хүлээн авсан талаар баталгаажуулах баримт үйлдэхээс татгалзсан.

Түүнчлэн амаар болон утсаар тухайн ажил нь доголдолтой гэдгийг мэдэгдэж үлдэгдэл санхүүжилтээс суутгах болсныг удаа дараа мэдэгдсэн байдаг. Нэхэмжлэгч цахим шууданд үзлэг хийхээс хариуцагч тал татгалзсан гэж тайлбарласан. Уг мэдэгдлийг илгээсэн цахим шуудан нь төлбөртэй домэйнтэй буюу @info төгсгөлтэй төлбөртэй мэйл хаяг байсан. Манай компанийн өнөөгийн санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдлын улмаас тухайн домэйний төлбөрийг хугацаанд нь төлж чадаагүйгээс домэйн хаагдсан. Үүний улмаас уг цахим шууданд үзлэг хийх боломжгүй болсон бөгөөд мэдэгдэл яг аль имэйл хаяг руу илгээгдсэн талаарх мэдээлэл ч мөн тухайн домэйн дээр хадгалагдаж байсан тул сэргээх боломжгүй нөхцөл байдал үүссэн. Иймээс нэхэмжлэгч талаас гаргасан давж заалдах гомдол нь хэрэгт авагдсан нотлох баримт болон бодит үйл баримтыг мушгин гуйвуулсан, эргэлзээтэй бөгөөд хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

Иймд, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

2.Нэхэмжлэгч *******э нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 30,000,000 төгрөг, хүүд 5,100,000 төгрөг, хохиролд 3,510,000 төгрөг нийт 38,610,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3.Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоожээ. Үүнд:

3.1.Ухаалагзам консалтинг ХХК нь ******* ХХК-тай 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн BI-TTGS-POC-P1-0085 дугаар Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын дам нуруут гүүрний барилгын ажлын туслан гүйцэтгэх гэрээний дагуу төмөр замын дам нуруут гүүрний ажлын бэлтгэл ажлаас эхлэн газар шорооны ажлууд болон тулгуурын ажлууд, алгаслалын бүтээцийн, хэв гажилтын заадас байрлуулах зэрэг ажлуудыг 3,674,815,197.01 төгрөгийн өртөгтэйгөөр хийж гүйцэтгэхээр тохиролцсон.

3.2.Талууд 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Гэрээ дүгнэсэн акт-ыг үйлдэн нийт 7,791,219,507.85 төгрөгийн ажил гүйцэтгэснийг дүгнээд 389,560,975.39 төгрөгийн 50 хувь болох 194,780,487.70 төгрөгийг суутган барьж, гэрээг дүгнэхэд харгалзан үзсэн нөхцөлүүдэд туслан гүйцэтгэгчийн 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 21/30, 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 22/19 тоот албан бичгээр ирүүлсэн ID78 гүүрний A1 захын тулгуурыг нураасан, ID105 гүүрний 9L, 22R дам нурууны акталсан зардлыг Ерөнхий гүйцэтгэгчээс нийлүүлсэн бетон зуурмагийн орц найрлагатай холбоотой гэж үзэн явц дундын төлбөрт дахин гүйцэтгэсэн тоо хэмжээний дагуу суутган олгохоор шийдвэрлэснийг туслан гүйцэтгэгч хүлээн зөвшөөрч, баталгаажуулсан талаар тусгажээ.

3.3.Туслан гүйцэтгэгч ******* ХХК  нь ерөнхий гүйцэтгэгч ******* ХХК-ийн захиалгаар гүйцэтгэж буй BI-TTGS-POC-P1-0085 дугаар Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын дам нуруут гүүрний барилгын ажилд  *******ийг татан оролцуулан 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд 6 дам нурууны цутгалтын ажлыг бүрэн дуусгуулж, 14 дам нурууны доод арматурын ажлыг хийсний хөлсөнд 200,000,000 төгрөг төлөхөөр тохиролцсон.

3.4.******* ХХК болон *******э нарын хооронд тооцооны үлдэгдлийн баталгаа гэх баримт үйлдэж, гүйцэтгэсэн ажлын үр дүнг 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд 6 дам нурууны цутгалтын ажлыг бүрэн дуусгаж, 14 дам нурууны доод арматурын ажлыг хөлсөнд 200,000,000 төгрөг төлөхөөр, хөлсийг 80,000,000 төгрөгийг 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр *******ийн дансанд, 2019 оны 12 дугаар сард орж ирсэн RAV-4 маркийн автомашиныг 90,000,000 төгрөгт тооцож бартер хийх, үлдсэн 30,000,000 төгрөгийг 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр *******ийн дансанд шилжүүлэхээр харилцан тохиролцож, 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр нотариатаар гэрчлүүлсэн.

 

4.Дээрхээс дүгнэвэл *******э болон ******* ХХК-ийн хооронд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын дам нуруут гүүрний барилгын ажилд  6 дам нурууны цутгалтын ажлыг бүрэн дуусгуулж, 14 дам нурууны доод арматурын ажил гүйцэтгэхээр харилцан тохиролцож, хариуцагч компанийн бусадтай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу хийж гүйцэтгэх ажилд туслах буюу туслан гүйцэтгэгчийн үүргийг нэхэмжлэгч хүлээсэн, тэдгээрийн хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 347 дугаар зүйлийн 347.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

5.Зохигч нэхэмжлэгч нь тохирсон ажлыг хийж гүйцэтгэсэн болон гэрээг цуцалсан үйл баримтын талаар маргаагүй боловч захиалагч нь гүйцэтгэсэн ажлын хөлсийг төлөх үүргээ зөрчсөн эсэх, мөн ажил гүйцэтгэгчийн хийж гүйцэтгэсэн ажлын үр дүн доголдолтой байсан эсэхэд маргасан.

Энэ тохиолдолд нотлох үүргийн хуваарилалтын хувьд нэхэмжлэгч *******э нь нэхэмжлэлийн үндэслэлээ, хариуцагч нь татгалзлын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлох үүрэгтэй. Уг үүргийн хүрээнд нэхэмжлэгч нь 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр нийлсэн тооцоо үлдэгдлийн баталгаа-г нотлох баримтаар гаргаж өгсөн бол хариуцагч нь дараах баримтуудыг гаргажээ. Үүнд:

5.1.******* ХХК-ийн 2021 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Ашиглагдахгүй болсон бүтээцийн тухай BL-TTGS-LTR-1977 дугаартай албан бичиг. Уг албан бичигт ... мэдэгдэлд 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн туслан гүйцэтгэгчийн хийж гүйцэтгэсэн 9L талбайн ажлын дугаартай дам нуруунд 2020 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Ерөнхий гүйцэтгэгчийн инженерийн хийсэн хяналтын үзлэгээр бетон цутгалтын ажлын явцад гадны биет орж, анкерийн бүсэд хийцийн гадаргуунд гологдол бетон үүссэн шалтгаанаар цаашид угсралтад ашиглах боломжгүй гэж дүгнэн BI-TTGS-QMS-NCR-P1-003600 дугаартай үл тохирол үүссэн, ...тус үл тохиролтой холбогдох зардлын 50 хувь болох 26,452,322.68 төгрөгийг туслан гүйцэтгэгч төлөх талаар мэдэгдэхэд зөвшөөрсөн ... гэжээ.

5.2.Мөн BI-TTGS-QMS-NCR-P1-003600 дугаартай үл тохирлын тайланд ...ID105, 9L дам нурууны бетон хийцийн гологдол гэх үл тохирол 2020 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн үүсч, 9L дам нурууны бетон цутгалтын ажлын явцад гадны биет орж анкерийн бүсэд хийцийн гадаргууд гологдол бетон үүсч, тухайн дам нурууг гүүрний угсралтад ашиглах боломжгүй тул төслийн талбайгаас гаргаж талбай чөлөөлөх, мөн аргачлалын дагуу дахин шинээр дам нурууг цутгах ажлыг яаралтай эхлүүлэн 2021 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн хооронд хийж гүйцэтгэсэн, мөн оны 06 дугаар сарын 06-ны өдөр шаардлага хангасан байдлаар гүйцэтгэсэн гэжээ.

5.3.******* ХХК-ийн 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн хариу хүргүүлэх тухай В1-ТТGS-LTR-2050 дугаартай албан бичигт танай компанийн 21/54 тоот албан бичгээр ирүүлсэн хүсэлтийг харгалзан үзэж ID105, 9L дам нурууны ажлын зардал болох 26,452,322.68 төгрөгийг 2021 оны 05 дугаар сарын явц дундын төлбөрөөс суутгахаар шийдвэрлэв гэжээ.

5.4.******* ХХК болон ХХК-ийн хооронд 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдөр байгуулагдсан гэрээнд ХХК нь 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс мөн оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн төмөр замын дам нурууг гүүрний барилгын ажлын талбайгаас дам нуруут гүүрний гологдлыг талбайгаас зайлуулах ажлыг хийх, Ухаалаг зам ХХК нь ажлын хөлсөд 5,000,000 төгрөг төлөхөөр тохиролцож, ажлын төлбөрт 5,000,000 төгрөгийг төлсөн талаар 2021 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн орлогын баримтыг гаргаж өгчээ.

Эдгээрийг нэгтгэн дүгнэвэл ерөнхий захиалагч ******* ХХК-ийн ерөнхий инженерийн 2020 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр туслан гүйцэтгэгчийн хийж гүйцэтгэсэн 9L талбайн ажлын дугаартай дам нуруунд хийсэн хяналтын үзлэгээр нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн дам нурууны бетон цутгалтын ажлын явцад гадны биет орсноор доголдол үүсч, тухайн дам нурууг гүүрний угсралтад ашиглах боломжгүйгээс дахин шинээр хийж гүйцэтгэх шаардлагатай болжээ.

Улмаар захиалагч ******* ХХК нь тухайн ажлын үл тохиролтой холбоотойгоор холбогдох зардлын 50 хувь буюу нийт 26,452,322.68 төгрөгийг компанийн гүйцэтгэлээс суутгуулсан байх ба хариуцагчийн ...нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн ажил биет байдлын доголдолтой байсан... гэсэн татгалзал үндэслэлтэй.

 

6.Хэдийгээр зохигчийн тооцоо нийлсэн баримтаар хариуцагч ******* ХХК нь нэхэмжлэгч *******эд төлбөрийн үлдэгдэлтэй гэх боловч энэ нь гэрээт ажлыг доголдолгүй хийсэн гэсэн утгыг шууд илэрхийлэхгүй байгаагаас гадна нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчид ажлын үр дүнг зохих ёсоор хүлээлгэн өгсөн болохоо баримтаар нотлоогүй.

Өөрөөр хэлбэл, талуудын хооронд тооцоо нийлсэн акт үйлдэгдсэн байх боловч ажил гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажлыг чанар, хэмжээ, биет байдлын доголдолгүйгээр гүйцэтгэж, захиалагч тал тухайн ажлыг шалган хүлээн авч, энэ талаар ажлын гүйцэтгэлийн акт үйлдсэн тохиолдолд ажлыг зохих ёсоор гүйцэтгэсэнд тооцно.

Гэтэл гэрээ хэрэгжих явцад захиалагч байгууллагын ерөнхий инженерийн хяналт шалгалтаар нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажил нь чанар шаардлагыг хангаагүй, биет байдлын доголдолтой болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон.

Иймд, зөвхөн тооцоо нийлсэн акт, тооцооны үлдэгдлийн баталгаа гэх баримтад тулгуурлан нэхэмжлэгчийг ажлаа бүрэн, доголдолгүй биелүүлсэн гэж дүгнэх үндэслэлгүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв тул энэ талаарх нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

7.Нэхэмжлэгч нь нэгэнт доголдолтой ажил хийсэн нь тогтоогдож байгаа тохиолдолд хариуцагчаас Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар ажлын хөлс болон 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар учирсан хохирол буюу өмгөөлөгчийн зардал, мөн хуулийн 222 дугаар зүйлийн 222.5 дахь хэсэгт заасан мөнгөн төлбөрийн үүргийг хугацаандаа гүйцэтгээгүйгээс хэтрүүлсэн хугацааны хүүг тус тус шаардах эрхгүй.

Анхан шатны шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шийдлийг өөрчлөхгүй.

 

8.Харин анхан шатны шүүх нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан гэрээ цуцалснаас учирсан хохирлыг шаардаагүй байхад шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг баримталсан, мөн нэхэмжлэгчийн шаардах эрхэнд хамааралтай хуулийн зүйл заалтыг баримтлаагүйг завж заалдах шатны шүүхээс залруулна.

 

9.Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 192/ШШ2025/07547 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтад ... 343.2, 227 дугаар зүйлийн 227.3... гэснийг 222 дугаар зүйлийн 222.5, 219 дүгээр зүйлийн 219.1 гэж өөрчилж, шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч *******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 351,000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР

 

 

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

 

 

Б.АЗБАЯР