| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 171/2019/0034/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/29 |
| Огноо | 2019-01-23 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Жавхлантуяа |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 2019/ШЦТ/29
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Маралмаа
Улсын яллагч Б.Жавхлантуяа
Шүүгдэгч Л.О нарыг оролцуулан Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Оод холбогдох эрүүгийн 1825008720019 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Л.О
Прокуророос, шүүгдэгч Л.Оыг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн 4-20-р байрны орцонд О.Энх-Амгаланг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхиийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Оын мэдүүлсэн: Хэргийн талаар мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээж байгаа. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрнө. Дүгнэлт хийж байгаа гэх мэдүүлэг болон хавтаст хэргээс яллах дүгнэлтийн хавсралтад заасан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
-Хохирогч О.Энх-Амгалангийн... “2018 оны 12 сарын 03-ны орой 23 цагийн үед манай хажуу айлын хөрш эхнэр, нөхөр хоёр орцонд лефтний үүдэнд маргалдаад орилоод байсан. Тэгээд жаахан хүүхэд уйлаад байхаар нь би эхлээд шагайж харахад жаахан эрэгтэй хүүхэд нүцгэн уйлаад байсан. Тэгэхээр нь би гараад хүүхдийг аав нь тэвэрч байсан болохоор нөхрөөс нь хүүхдийг нь аваад гэр рүүгээ орох гээд эргэтэл миний араас түлхэх шиг болсон. Би ямарч байсан хүүхдийг нь тэврээстэй тэдний гэрийн босгыг даваад уначихсан. Тэгээд би боссон чинь нөхөр нь гээд Оюунболд миний толгой дээр хөлөөрөө дэвссэн. Тухайн үед тархи доргисон байсан. Зүүн баруун гарын бугалга улайж хөхөрсөн, мэдрэлийн эмчид үзүүлж эмчилгээ бичиж өгсөн. О надад 380.000 төгрөг өгсөн. Надад гомдол санал байхгүй”... гэх мэдүүлэг /хх-ийн 8-10-р хуудас/
-Гэрч Д.Баярмагнайгийн мөрдөн байцаалтад өгсөн...О бид хоёр хүүхдийнхээ тоглоомноос болж маргалдаад нөхөр О хүүхдээ хөнжилд ороосон аавынх руугаа аваад явна гээд байхаар нь би явуулахгүй гээд орцонд маргалдаж байсан чинь манай хажуу айлын 65 тоотод амьдардаг Энх-Амгалан гэх хүүхэн гарч ирээд манай нөхөр О хүүхдээ тэврээд зогсож байсан чинь шууд ирээд хүүхдийг маань булааж аваад манай гэр рүү орох гэж байгаад манай хаалганы босгонд бүдэрч унасан. О босч ирээд Энх-Амгаланг хэд хэдэн удаа цохьсон”... гэх мэдүүлэг /хх-ийн 13-14-р хуудас/
-Шүүхийн шижилгээний албаны шинжээчийн 2018 оны 12 сарын 11-ний өдрийн 08 дугаартай ...О.Энх-Амгалангийн биед тархи доргилт, зүүн шилбэнд 1 тооны зулгаралт, зүүн шилбэ, зүүн бугалганд зөөлөн эдэд 5 тооны цус хуралт бүхий гэмтэл үүссэн байна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Тархи доргилт нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана, бусад гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. Гоо сайхан болон хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Гэмтэл нь 2018 оны 12 сарын 03-нд үүссэн байж болно”... гэх дүгнэлт /хх-ийн 18-р хуудас/.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн хууль ёсны, дээрхи үйл баримтын талаархи мэдээллийг агуулсан байх тул хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв.
Эдгээр хохирогч, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, хэргээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар шүүгдэгч Л.О нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн 4-20-р байрны орцонд О.Энх-Амгаланг зодож биед нь тархи доргилт, зүүн шилбэнд 1 тооны зулгаралт, зүүн шилбэ, зүүн бугалганд зөөлөн эдэд 5 тооны цус хуралт бүхий хөнгөн зэргийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчийн биед хөнгөн гэмтэл учирсан шууд шалтгаант холбоотой болох нь тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугийн талаар маргаангүй байна.
Улсын яллагч шүүх хуралдаанд: Шүүгдэгч архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн 4-20-р байрны орцонд О.Энх-Амгаланг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь тогтоогдсон. Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Хохирогч гомдолгүй гэсэн тул Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутад тооцож 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна гэжээ.
Шүүгдэгч өөрийгөө өмгөөлж хэлэхдээ: Би гэм буруугаа хүлээж байна гэжээ.
Хохирогч О.Энх-Амгалан шүүх хуралдаанд оролцоогүй, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж шүүхэд мэдэгджээ.
Шүүгдэгч Л.Оын энэ үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжтэй санаатай, нийгэмд аюултай, бусдад хохирол учруулсан үйлдэл мөн бөгөөд прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна. Иймд Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Л.Оыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүгдэгч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргаж ялын төрөл хэмжээний тухай улсын яллагчийн саналыг зөвшөөрч гарын үсэг зурсан байх ба шүүгдэгчийн гэм буруутай байдал нотлогдож тогтоогдсон тул ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судлаж хэргийн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээсэн байдал, шүүгдэгчийн хувийн байдал, улсын яллагчийн санал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үйлдсэн хэргийн гэм бурууд тохирно гэж дүгнэж шийдвэрлэв.
Л.О нь хөдөлмөр эрхэлдэг, тогтмол орлоготой байх тул оногдуулсан ялыг хэсэгчлэх шаардлагагүй гэж дүгнэсэн болно.
Энэ хэрэгт эд мөрийн баримт хураагдаагүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдлаа.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Шүүгдэгч Л.О Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Оыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянган / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар Л.Оод оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 сарын хугацаанд бүрэн хэмжээгээр төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Оод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдсугай.
6.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ