| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Багашар Азбаяр |
| Хэргийн индекс | 192/2025/02336/И |
| Дугаар | 210/МА2026/00016 |
| Огноо | 2025-12-24 |
| Маргааны төрөл | Газрын тухай хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 12 сарын 24 өдөр
Дугаар 210/МА2026/00016
******* ХХК-ийн
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Н.Гэрэлтуяа, шүүгч Б.Азбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 192/ШШ2025/07700 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******т холбогдох,
Газрын хамтран эзэмшигчээр бүртгүүлэхийг газрын эрх эзэмшигчид даалгуулах тухай иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Б.Азбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Золжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл,тайлбарын агуулга:
1.1.******* ХХК нь ******* түүний гэр бүлийн хамаарал бүхий этгээдүүд болох түүний төрсөн эгч *******, *******ийн нөхөр ******* нартай удаа дараа уулзаж, гэрээний гол нөхцлүүдийг харилцан тохиролцсоноор Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, ******* хаягт байрлах 3 давхар үл хөдлөх эд хөрөнгийг буюу 6 ширхэг үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээтэй, ******* нэгж талбарын дугаартай №******* тоот газрын гэрчилгээтэй хөрөнгийг цогцоор нь 750,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон.
1.2.Уг тохиролцооны дагуу *******ийн эзэмшилийн, өмнө нь өмчлөлд нь байсан үл хөдлөх эд хөрөнгүүд болох тоот улсын бүртгэлийн дугаартай 45.38 м.кв талбай бүхий үйлчилгээний талбай, тоот улсын бүртгэлийн дугаартай 56.4 м.кв орон сууц, тоот улсын бүртгэлийн дугаартай 69.9 м.кв талбай бүхий орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэн авч Улсын бүртгэлийн газарт бүртгүүлсэн.
1.3.Гэтэл хариуцагч нь нэхэмжлэгчид зөвхөн орон сууцаа шилжүүлэн өгсөн хэдий ч үл хөдлөх эд хөрөнгийн дор байрлах газрын эзэмших эрхийг огт шилжүүлж өгөөгүй.
Иймд Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн А/255 тоот захирамжтай ******* дугаар бүхий нэгж талбарын дугаартай 128 м.кв газрын эзэмших эрхийн гэрчилгээнд компанийн нэрийг нэмж оруулахыг даалгаж өгнө үү гэжээ.
2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1.Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй.
2.2.Үл хөдлөх эд хөрөнгө болох Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо ******* байрны 2 тоот 69,9 м.кв талбайтай 3 өрөө орон сууц өмчилдөг ******* нь эзэмшлийнхээ газрыг Газрын тухай хуулийн зүйлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх ямар ч гэрээ хэлцэл байхгүй, шилжүүлэх ямар ч боломжгүй учир уг газар дээр иргэн, хуулийн этгээдийн 6 үл хөдлөх хөрөнгө, дүүргийн дулааны станц байрладаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн эзгүйд хэрэг хянан шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй гэжээ.
3.Бие даасан шаардлага гаргаагүй ОНӨААТҮГ-ын тайлбарын агуулга:
3.1.Манай байгууллага нь нийслэлийн өмчид бүртгэгдсэн өөрийн эзэмшил дэх Ус дулаан дамжуулах төв болон шугам сүлжээгээр дамжуулан Эрчим хүчний тухай хууль, Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулиудад зааснаар орон сууц, аж ахуйн нэгжийн хэрэглэгчийг дулаан эрчим хүчээр хангах, мөн хэрэглээний халуун, хүйтэн усаар хангаж, бохир усыг татан зайлуулах үйлчилгээг 24 цагийн хугацаагаар үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна.
3.2.Манай байгууллага нь дулааны үр ашгийг хэрэгжүүлэгч нэгж буюу захиалагч А тал төлөөлж, Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороонд байрлах ******* дэргэдэх ус дулаан дамжуулах төвийн барилгын ажлыг 2005 оны 05 дугаар сарын 01-ний өдөр гүйцэтгэгч буюу ХХК буюу Б талыг төлөөлөн компани захирал тэй Барилгын ажил гүйцэтгэх ба өмчлөх 18 дугаартай гэрээг байгуулжээ.
Тус гэрээний 1.2-т Барилга байгууламж баригдсаны дараа подвалын давхар болон инженерийн шугам сүлжээ А талын өмчлөлд, газар дээрх барилга байгууламж нь Б талын өмчлөлд тус тус шилжинэ. 5.2-т аль ч тал нөгөө талын албан ёсны зөвшөөрөлгүйгээр эрх үүргээ гуравдагч этгээдэд шилжүүлэхийг хориглоно гэж заасан байна. Талуудын гэрээний хүрээнд манай байгууллагын нэр дээр буюу нийслэлийн өмчид бүртгэгдсэн Ус дулаан дамжуулах төв болон түүний дээрх газар нь нийслэлийн өмч учир бусад этгээдэд шилжүүлэх ямар ч боломжгүй юм.
Нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна, татгалзах зүйлгүй гэжээ.
4.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1 дэх хэсэгт заасныг баримтлан Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороонд байрлах нэгж талбарын ******* дугаартай, 128 м.кв талбайтай газрын хамтран эзэмшигчээр ******* ХХК-ийг тогтоож, холбогдох бүртгэл хийлгэхийг *******, ******* ОНӨААТҮГ нарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
5.Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга:
5.1.Шүүхийн шийдвэрийн үндэслэх нь хэсэгт 2019 оны 07 дугаар сарын 28-ны өдөр ******* болон *******, ******* нар "*******" ХХК-д Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, ******* хаягт байрлах 3 давхар барилга буюу 6 ширхэг үл хөдлөх эд хөрөнгийг 750,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцож, байр худалдах, худалдан авах тухай хэлцлийн тэмдэглэл гэсэн бичгийн баримт үйлдсэн, "*******" ХХК нь 750,000,000 төгрөгөөс 500,000,000 төгрөгийг *******ад төлсөн, үлдэгдэл 250,000,000 төгрөг төлөөгүй, худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр 6 үл хөдлөх эд хөрөнгөөс 4 ширхэг үл хөдлөх эд хөрөнгө ******* ХХК-ийн өмчлөлд шилжсэн үйл баримтыг Улсын Дээд шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн дугаар 210 тогтоолд дурджээ... гэсэн үндэслэлгүй худал бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтыг сайтар судлаж хариуцагчийн тайлбар, татгалзлалыг зөв ойлгож зөв тайлбарласан бол "*******" ХХК буюу нэхэмжлэгч тал бусдыг залилан 2019 онд Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, Их сургуулийн 13/1 байр оршин суугч 6 иргэнтэй орон сууц худалдах, худалдан авах талаар ярилцаж эхний 4 айл орон сууцаа худалдсан.
5.2.Худалдаагүй үлдсэн иргэдийн нэг болох *******ыг... 7 хонгийн дараа орон сууцны төлбөрийг 100 хувь дансанд хийнэ бид байранд чинь засвар хийе, ямар оймс гуталын наймаа хийж буй биш бидэнд итгэ... гэж хэлэн огт төлбөр төлөлгүй орон сууцнаас нь нүүлгэн гаргаад 5 жил орох оронгүй болгосон, улмаар үүссэн хохирол, орон сууцнаас албадан гаргасан талаарх магадлал, Дээд шүүхийн тогтоолыг мушгин тайлбарласан.
Шүүхэд худал мэдүүлэг гарган нэхэмжлэгч компанитай орон сууц худалдах, худалдан авах гэрээ огт хийгээгүй Б.Наранцэцгийн газар эзэмших эрхэнд халдлаа.
Нэхэмжлэгч хуулийн этгээдтэй иргэн ******* газар эзэмших эрх, шилжүүлэх ямар ч хэлцэл хийгээгүй Үл хөдлөх эд хөрөнгө ч шилжүүлж өгөөгүй болно.
Гэтэл шүүгч Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2, 38.3, Монгол улсын Засгийн газрын 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 121 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралт Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журмын 10-т үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч өөрчлөгдсөн газрын эрхийг бүртгэх заалтын 10.1.2... Төрийн болон орон нутгийн худалдаж, эсхүл шилжүүлж авсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газрын өмчийн тухай хуульд заасны дагуу төрийн өмчийн барилга, байгууламжийг эрхийг бүртгүүлэх хүсэлт гаргана. Хүсэлтэд тухайн худалдсан болон шилжүүлсэн байгууллагын газрын эрхийг дуусгавар болгон тухайн этгээдийн нэр дээр газрыг бүртгүүлэх тухай албан бичиг, холбогдох эрх бүхий этгээдийн шийдвэр, худалдах, худалдан авах гэрээг нотариатчаар гэрчлүүлсэн баримт заасан заалтыг хэрэг хянан шийдвэрлэхэд бичгийг тус тус хавсаргана. гэж заасныг анхаараагүй, хууль зөрчсөн шийдвэр гаргасан.
5.3.Мөн нэхэмжлэлийг гардаж аваад үл хөдлөх эд хөрөнгөө "*******" ХХК-д ******* худалдаагүй, хэргийн оролцогч биш тул шүүх хуралд оролцохгүй хариуцагчийн эзэнгүйд хуульд нийцүүлэн шийдвэр гаргана уу гэсэн бичгээр хүсэлт бичиж өгсөнийг ашиглан нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээнд ******* ХХК-ийг хамтран эзэмшигчээр нэмж бүртгүүлэхийг газар эзэмшигчидэд даалгаж өгнө үү гэж өөрчлөн, энэ өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлагаа бидэнд гардуулж хариу тайлбар өгүүлэлгүй зохигчийн шүүхэд мэтгэлзэх эрхийг ноцтой зөрчив.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хүчингүй болгож, нэхэмжлэлийн бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
6.Нэхэмжлэгч талаас давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга:
6.1.Уг газар зөвхөн *******ийн өмчлөлийн, 6 үл хөдлөх эд хөрөнгийг ах, дүү нарын хамт барьсан, уг үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авсан тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээ хамт шилжинэ, гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар гэх гэрчилгээг надад үзүүлж байсан.
6.2.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нийслэлийн газрын албанаас газрын хувийн хэргийг үзэхэд *******ийн тайлбарлаж байсан шиг бус орон сууц, нийтийн аж ахуй удирдах газартай хамтран эзэмшигч байсан нь тогтоогдсон. Үүнийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилсөн.
Уг 6 үл хөдлөх эд хөрөнгийн дийлэнх хэсэг буюу 4 үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг эзэмшиж буй өмчлөгч байх тохиолдолд ямар учраас газар эзэмших эрхийн гэрчилгээнд хамтран эзэмшигчээр тогтоолгох эрхгүй талаар хариуцагч талын тайлбар үндэслэлгүй гэжээ.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаад хариуцагч талын гаргасан гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2.Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч *******т холбогдуулан газрын хамтран эзэмшигчээр бүртгүүлэхийг даалгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
2.1.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ОНӨААТҮГ нь нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж тайлбар гаргасан.
3.Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
3.1.******* ХХК нь , *******, , нартай 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр дараах худалдах, худалдан авах гэрээ /үл хөдлөх эд хөрөнгө/ байгуулсан байна. Үүнд:
тэй түүний өмчлөлийн Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, ******* байрлах, 45,38 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалалттай үл хөдлөх эд хөрөнгийг 136,140,000 төгрөгөөр,
*******, нартай тэдний өмчлөлийн Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, ******* байрлах 45,38 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалалттай үл хөдлөх эд хөрөнгийг 136,140,000 төгрөгөөр,
тай түүний өмчлөлийн Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, ******* байрлах 3 тоот 69,9 м.кв талбай, 3 өрөө орон сууцыг 106,664,000 төгрөгөөр, 4 тоотод байрлах 46,4 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг 132,196,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон байна.
Ийнхүү 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр дээрх 4 үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр ******* ХХК бүртгэгдэж, эрхийн улсын бүртгэлийн *******, *******, *******, ******* дугаар бүхий үл хөдлөх эд хөрөнгийн *******, *******, *******, ******* дугаар бүхий гэрчилгээг авсан.
3.2.Нийслэлийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгах тухай А/255 дугаар захирамжаар
*******, ОНӨААТҮГ-т Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, ******* байрлах, нэгж талбарын ******* дугаар бүхий 128 м.кв газрыг ус дулаан дамжуулах төв, үйлчилгээний орон сууц зориулалтаар 15 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ.
3.3.Дээрх шийдвэрийг үндэслэн Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, ******* байрлах, нэгж талбарын ******* дугаар бүхий 128 м.кв талбайтай ус дулаан дамжуулах төв, үйлчилгээтэй орон сууц зориулалтаар *******т болон ******* ОНӨААТҮГ-т 15 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэж гэрчилгээг олгосон.
4.Нэхэмжлэгч нь маргаан бүхий газар болон газар дээр байрлах 6 үл хөдлөх эд хөрөнгийг цогцоор нь худалдаж авахаар тохиролцсон гэсэн тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй гэж үзнэ.
Тодруулбал, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 260 дугаар зүйлийн 260.1-д зааснаар газар эзэмших эрх худалдах-худалдан авах хэлцлийг бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлэх бөгөөд Газрын тухай хуулийн 35.1.4, 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгээр эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлнэ.
Гэвч нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд дээрх байдлаар газрын эрх шилжүүлэх хэлцэл хийгдээгүй, үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний тал болох , *******, , нар маргаан бүхий газрын эзэмших эрхтэй этгээдүүд биш байна.
Дээрхээс дүгнэвэл маргаан бүхий газар эзэмших эрх нь худалдах, худалдан авах гэрээний зүйл болоогүй, үл хөдлөх эд хөрөнгө худалдах, хулдалдан авах гэрээний төлбөр газар эзэмших эрхийн үнэ багтсан гэх тайлбар үндэслэлгүй.
Түүнчлэн анхан шатын шүүх Иргэний хуулийн 85 дугаар зүйлийн 85.2, 89 дүгээр зүйлийн 89.4, 119 дүгээр зүйлийн 119.1 дэх хэсэгт заасан эзэмшил үүсэх, эд хөрөнгө нийлэх, холилдох үйл явц буюу газар дээр барилга барих зэргээр газарт бэхлэгдсэн шинэ үл хөдлөх эд хөрөнгө бий болох үед тухайн хөрөнгийн хувьд өмчлөгчийг тодорхойлохтой холбоотой зохицуулалтыг хэрэглэсэн нь буруу. Өөрөөр хэлбэл, талуудын хооронд үл хөдлөх эд хөрөнгө анх бий болох үед эрх зүйн маргаан үүсээгүй учир газрын өмчлөгч газар бэхлэгдсэн хөрөнгийн хувьд өмчлөгч байх талаар хуулийн дээрх зохицуулалт энэ маргаанд хэрэглэгдэхгүй.
5.Хариуцагч нь Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт зааснаар маргаан бүхий газрыг хуулийн дагуу эзэмшигч тул мөн хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт зааснаар түүний газар эзэмших эрхийг хуваах буюу хамтран эзэмшигчээр бүртгүүлэхээр шаардах эрхгүй. Энэ талаарх хариуцагч талын давж заалдах гомдол үндэслэлтэй.
6.Дээрх үндэслэлээр хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 192/ШШ2025/07700 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч *******т холбогдох газрын хамтран эзэмшигчээр бүртгүүлэхийг даалгах тухай нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч *******ээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН
ШҮҮГЧИД Н.ГЭРЭЛТУЯА
Б.АЗБАЯР