| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэвээнлхазалын Алтангадас |
| Хэргийн индекс | 171/2019/0143/Э |
| Дугаар | 0158 |
| Огноо | 2019-05-14 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | Ц.И |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 0158
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж
Нарийн бичгийн дарга Ж.Х
Улсын яллагч Ц.И
Шүүгдэгч Д.А нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.А-д холбогдох 1925002090132 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
1.Шүүгдэгчийн биеийн байцаалт.
Ургийн овог Д.А
2. Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.
Шүүгдэгч Д.А нь 2019 оны 03 сарын 13-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багийн Овоотын 9-1 тоот гудамжны харалдаа үйл ажиллагаа явуулдаг “Дэжид Норжээ” хүнсний дэлгүүрийн баруун талын зам дээр 00-27 ОРХ улсын дугаартай Тоёота Приус-20 загварын тээврийн хэрэгслийг жолоодож зүүн гар тийш эргэх үйлдэл хийхдээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж эсрэг урсгалд явж байсан Н.Дархансүхийн жолоодож явсан 30-11 БУЗ улсын дугаартай мотоциклыг мөргөж Н.Дархансүхийн эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Аийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар, яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.А мэдүүлэхдээ “Ийм гэмт хэрэг үйлдсэндээ маш их харамсаж байна. Гэм буруутайгаа хүлээн зөвшөөрч байна. Хохирлыг төлсөн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д зааснаар ялаас чөлөөлж, эсвэл тэнсэж өгнө үү” гэв.
Хохирогч Н.Д “шүүх хуралдаанд оролцох боломжгүй, хохиролд мотоцикль авсан. Эмчилгээний зардлыг төлсөн, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй учир байлцуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү” гэсэн байна.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1. Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт. /хх-ийн 3-6-р хуудас/
2. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, ослын бүдүүвч зураг. /хх-ийн 7-12-р хуудас/
3. Тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгасан тэмдэглэл, хэв загвар, дээж авсан тэмдэглэл. /хх-ийн 13-15 хуудас /
4. Хохирогч Н.Д-н ...“Их залуу багийн тогны мөнгөн тушаадаг газрын орчим явж байхад эсрэг урсгалаас ирж байсан улаан хүрэн өнгийн Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл гэнэт миний урдуур эргэж орсон бөгөөд би мотоцикльтойгоо очоод урд талын дугуйг нь мөргөөд Приус-20 маркийн машиныг даваад цаана нь унасан. Эсрэг урсгалаас ирж байгаад гэнэт л миний урдуур эргээд ороод ирсэн” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 17 хуудас/
5. Орхон аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 23 дугаартай ...“Т.Приус-20 маркийн 00-27 ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Д.А нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.09 Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчсөн байна. Т.Приус-20 маркийн 00-27 ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн хурдыг тогтоох боломжгүй байна. Мотоциклын жолооч Н.Дархансүх нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.1. Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараахь бичиг баримттай байна: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөл (жолоодлогын дадлага хийж яваа суралцагчид хамаарахгүй), Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны ахлах зэргийн шинжээч эмч Ж.Гэрэлмаагийн 2019 оны 03 сарын 19-ний өдрийн дүгнэлтээр Н.Дархансүхийн биенээс авсан цусанд этилийн спирт 2,4 промиль процент илэрсэн болно. Энэ нь согтолтын дунд зэрэгт хамаарагдана. 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Нямдорж овогтой Дархансүхийг Орхон аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч Г.Энхбат согтуурал шалгах багажаар шалгасан тэмдэглэл зэргийг харахад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, гэсэн заалтуудыг зөрчсөн байна. Жолооч Д.А нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.9 заалтыг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарах шалтгаан нөхцөл үүссэн” гэсэн дүгнэлт. /хх-ийн 24 хуудас/
6. Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 244 дугаартай ...“Н.Дархансүхийн биед гавлын хүнхрээ ясны хугарал /духны ясны хугарал/ тархины эдийн 2 дугаар зэргийн няцрал, хуйханд шарх, хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, хоёр талын нүдний ухархайн дотор хананы хугарал үүсчээ. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гавлын хүнхрээ ясны хугарал /духны ясны хугарал/ нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарагдана. Бусад гэмтлүүд нь тус бүрдээ гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна. Хамрын таславчийн муруйлт, хоёр талын нүдний ухархайн дотор хананы хугарал нь хуучин гэмтлүүд байна. Бусад гэмтлүүд нь шинэ гэмтлүүд байна гэсэн дүгнэлт. /хх-ийн 28-29-р хуудас/
7. Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 94 дугаартай ...“Н.Дархансүхийн биенээс авсан цусанд этилийн спирт 2.4 промиль процент илэрсэн болно. Энэ нь согтолтын дунд зэрэгт хамаарагдана” гэсэн дүгнэлт. /хх-ийн 33 хуудас/
8. Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 93 дугаартай ...“Д.Аийн биенээс авсан цусанд этилийн спирт илрээгүй болно” гэсэн дүгнэлт. /хх-ийн 37 хуудас/
9. Яллагдагч Д.Аийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн ...“2019 оны 3 дугаар сарын 13-ны өдөр би хүү Батболдыг 7 дугаар цэцэрлэгээс аваад гэр рүүгээ харих гээд Их залуу багийн замаар ертөнцийн зүгээр хойшоо чиглэлтэй явж байсан. Явж байгаад Их залуу багт байдаг “Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ”-ний тооцооны кассанд тогныхоо мөнгийг тушаах гээд зүүн гар тийшээ эргэх гээд замаа харахад ардаас болон урдаас ямар нэгэн машин ирэхгүй байхаар нь зүүн гар тийшээ эргэтэл цаанаас мотоцикльтой хүн хүрч ирээд миний машины зүүн талын кирлог мөргөөд мотоциклын жолооч газар унасан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 53 хуудас/ болон шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа зэргийг шинжлэн судлав.
Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч дүгнэлтдээ “Шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-д зааснаар гэм буруутайд тооцох саналтай. Хохирол төлөгдсөн байна. Шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 1 жил, 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна” гэв.
Хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, шинжээчийн дүгнэлтүүд, зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Д.А нь 2019 оны 03 сарын 13-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багийн Овоотын 9 дүгээр гудамжны баруун талын зам дээр 00-27 ОРХ улсын дугаартай Тоёота Приус-20 загварын тээврийн хэрэгслийг жолоодож яваад зүүн гар тийш эргэх үйлдэл хийж эсрэг урсгалд явж байсан Н.Дархансүхийн жолоодож явсан 30-11 БУЗ улсын дугаартай мотоциклыг мөргөж Н.Дархансүхийн биед гавлын хүнхрээ ясны хугарал /духны ясны хугарал/ тархины эдийн 2 дугаар зэргийн няцрал, хуйханд шарх, хамрын ясны хугарал бүхий хүнд гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Д.А нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний болох нь зам тээврийн ослын шалтгааныг тогтоосон шинжээчийн дүгнэлт, болон шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг зэргээр тогтоогдсон, уг үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан болох нь шинжээчийн дүгнэлт, хохирогчийн мэдүүлэг зэргээр нотлогдсон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэстэй гэж үзлээ.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учирсан хохирлын нөхөн төлсөнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, болгоомжгүй, хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн байх тул түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой гэж үзэв.
Хохирогч Н.Дархансүх “хохирол бүрэн төлөгдсөн тул гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх хохирол төлбөргүй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн №603300 дугаартай жолооны үнэмлэхийг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, №01826882 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг эзэмшигч Д.Аэд буцаан олгож, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Аийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй.
3. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл шийтгэх тогтоолыг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн №603300 дугаартай жолооны үнэмлэхийг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, №01826882 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг эзэмшигч Д.Аэд буцаан олгосугай.
6. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АЛТАНГАДАС