Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2026/00047

 

 

     2026           01            05                                       210/МА2026/00047

                                                 

 

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Цэрэндулам даргалж, шүүгч О.Одгэрэл, шүүгч Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 191/ШШ2025/10026 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******т холбогдох

 

Хүүхдийн тэтгэлэгт төлөх 14,569,000 төгрөгөөс 9,660,000 төгрөг хасаж тооцохыг даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэнд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анулан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Чингэлтэй дүүргийн шүүхийн 2006 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 364 дугаартай шийдвэр, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2006 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 348 дугаартай магадлалаар *******аас нь *******, ******* нарт хуульд заасны дагуу хүүхдийн тэтгэлэг гаргуулж шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 3/50 дугаартай тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон. *******ын зүгээс 14,569,000 төгрөгийг төлбөр авагчид шилжүүлэхээр эвлэрлийн гэрээ байгуулсан. Мөн 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 11/21 дугаартай тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээсэн.

1.2. ******* нь 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сар хүртэл 2 хүүхдийг өөрийн асрамжид байлгаж тэжээн тэтгэсэн. 2019 оны 03 сарын 15-ны өдөр байгуулагдсан “Иргэд хоорондын хэлцэл”-ийн дагуу төлбөр авагч *******т 9,660,000 төгрөг, хүүхдүүдийг насанд хүрснээс хойш *******т 15,006,700 төгрөг, *******д 5,415,000 төгрөг тус тус шилжүүлсэн. *******т өөр байдлаар үүрэг хүлээгээгүй ба хүүхдийн тэтгэлэгт зориулж шилжүүлсэн.

Иймд хүүхдийн тэтгэлэгт төлөх төлбөр 14,569,000 төгрөгөөс 9,660,000 төгрөгийг хасаж тооцохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Чингэлтэй дүүргийн шүүхийн 2006 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 364 дугаартай шийдвэрээр *******аас хоёр хүүхдийн тэтгэлэг гаргуулж *******т олгохоор шийдвэрлэсэн.

Шүүхийн шийдвэр гарснаас хойш хугацаанд төлбөр төлөгч ******* шийдвэрийг биелүүлээгүй. Мөн шийдвэр гүйцэтгэлийн байгууллагад 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээнд 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн дотор төлбөр авагчийн дансанд 14,075,000 төгрөгийг шилжүүлэхээр харилцан тохиролцож, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгосон боловч үүргээ биелүүлээгүй.

Иймд төлбөр авагчийн зүгээс гаргасан хүсэлтийг үндэслэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг сэргээх тогтоол гаргасан.

2.2. Төлбөр төлөгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ тэтгэлгийн төлбөр бус тэжээн тэтгэх үүргээ биелүүлсэн үнийн дүнг төлбөрт тооцуулах хүсэлт гаргасан байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5, Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч *******ын хариуцагч *******т холбогдуулан гаргасан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль бус болохыг тогтоолгож, хүүхдийн тэтгэлгийн төлбөр 14,569,000 төгрөгөөс 9,660,000 төгрөгийг хасаж тооцохыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

           

4. Нэхэмжлэгч талын давж заалдах гомдлын үндэслэл, агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч, давж заалдах гомдол гаргаж байна.

4.1. Нэхэмжлэгч тал зөрчигдсөн эрхээ нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд сэргээлгэх шаардлагатай гэж үзэж Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1-д заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж мэтгэлцсэн боловч анхан шатны шүүх мөн зүйлийн 9.4.7-д зааснаар эрх зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл байгаа эсэхэд хууль зүйн дүгнэлт өгөх нь зүйтэй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Нэхэмжлэгчийн зүгээс бусдын эрх зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгуулахаар гуравдагч эсхүл сонирхогч этгээдийн зүгээс хандаагүй, өөрийн эрх ашгийг хөндөж шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан гэж маргасан боловч энэ талаар дүгнэлт хийгээгүй.

4.2. Хариуцагч Банкны төлбөр барагдуулах газраас хуульд заасан төлбөр төлөгчийг гүйцэтгэх баримт бичигт заасан шаардлагыг тогтоосон хугацаанд бүрэн гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн шийдвэр гүйцэтгэгчийн хууль тогтоомжид заасан үндэслэл, журмын дагуу хэрэгжүүлэх арга хэмжээг авахдаа төлбөр төлөгчийн эрх ашгийг зөрчөөд байгаа болохыг шүүх анхаарч үзээгүй.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад *******ын зүгээс 14,569,000 төгрөгийг төлбөр авагчид шилжүүлэхээр эвлэрлийн гэрээ байгуулж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон. Тус газрын 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 11/21 дүгээр тогтоолоор 2019 оны тогтоолыг хүчингүй болгож, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээн явуулсан. 2019 оноос 2024 он хүртэл шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаагүй байхад төлбөр төлөгчөөс төлбөр авагчид төлсөн төлбөрийг хасаагүй. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаагүй учраас төлбөр авагч *******ийн данс руу хүүхдийн тэтгэлгийг төлөхөөс өөр боломж байгаагүй. 2020 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн хооронд төлсөн 9,660,000 төгрөгийг хүүхдийн тэтгэлгээс хасч тооцохгүй байгаа нь хариуцагч үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэхээр байна.

*******т үүсэж буй шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанууд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.1, 6.2.2-т заасны дагуу үүсэж түүний үр дагавар нь мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т заасны дагуу гарсан шийдвэр байх бөгөөд энэхүү ажиллагаанд нь гомдол гаргана. Уг гомдлын хүрээнд нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэх ёстой байхад хариуцах этгээд биш гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:

5.1. Анхан шатны шүүхийн 2006 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 364 дугаартай шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2006 оны 09 дүгээр сард эхлүүлж, төлбөр төлөгч *******ыг хүүхдийн тэтгэлгээ удаа дараа төлөхийг шаардсан боловч биелүүлээгүй.

5.2. 2019 оны байдлаар 14,569,900 төгрөгийн тэтгэлгийн хуримтлал үүссэн. Талууд 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хуримтлагдсан төлбөрийг төлөх, цаашид хоёр хүүхдийн асрамж, тэжээн тэтгэх асуудлыг харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан тул шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон. ******* нь эвлэрлийн гэрээгээ зөрчсөн учраас 2024 оны 11 дүгээр сард шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дахин сэргээсэн. Хуримтлагдсан төлбөрийг төлбөр төлөгчөөс удаа дараа шаардсан боловч төлбөр авагч *******ийн ХААН банкны дансанд 5 удаагийн гүйлгээгээр нийт 9,660,000 төгрөг шилжүүлсэн гэж тайлбарласан.

Гэвч уг гүйлгээнүүдийн утга нь “охиноос” гэж бичигдсэн. Мөн төлбөр авагч ******* тухайн шилжүүлсэн мөнгийг өөрийнх нь төрсөн эцэг эхийн Налайхад байрлах орон сууцыг зарсан орлого бөгөөд тухайн үед охинтойгоо хамт амьдарч байсан тул миний данс руу шилжүүлсэн тул хүүхдийн тэтгэлгийг төлөөгүй гэж тайлбарладаг.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзлээ.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2025 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 3-8/2370 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч, хүүхдийн тэтгэлэгт төлөх төлбөр 14,569,000 төгрөгөөс 9,660,000 төгрөгийг хасаж тооцохыг даалгах тухай гомдлын шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч “... төлбөр төлөгч нь тэжээн тэтгэх үүргээ биелүүлсэн байх боломжтой, ... тэтгэмж гэсэн гүйлгээний утга байгаагүй ..., ... төлбөр авагчаас тодруулахад ... зарсан байрны мөнгө гэх тайлбарыг өгсөн ... ” гэж тайлбарлан, талууд маргажээ.

 

3. Анхан шатны шүүх, хэргийн нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасан журмын дагуу үнэлээгүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсний улмаас шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна. Давж заалдах шатны шүүх дээрх алдааг залруулан, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж үзлээ.

3.1. Чингэлтэй дүүргийн шүүхийн 2006 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 364 дугаартай шийдвэр, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2006 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 348 дугаартай магадлалаар Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасны дагуу охин *******, хүү ******* нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /хэрэв сурч байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр *******аас тэтгэлэг гаргуулан хүүхэд тус бүрд сар бүр гаргуулан тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэсэн байна.

3.2. Дээрх шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаанд ******* нь хүүхдүүдийн хууль ёсны төлөөлөгчийн хувьд төлбөр авагчийн байр сууринаас оролцжээ. /хх56-57/

Төлбөр авагч *******ээс “Банкны өр барагдуулах албанд гаргасан тайлбар” гэх хэрэгт авагдсан баримттай холбогдон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасан ажиллагааг шүүх явуулаагүй, мөн хэрхэн үнэлсэн талаар шийдвэрт тусгаагүй нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчимд нийцээгүй байна. /хх79/

3.3. Түүнчлэн, талуудын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэснээр төлбөр авагч ******* буюу тэдгээрийн хүүхдүүдийн эрх, үүрэгт сөргөөр нөлөөлөх эсэх талаар шүүх тодруулах ажиллагаа явуулаагүй нь буруу байна.

Иймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 191/ШШ2025/10026 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.ЦЭРЭНДУЛАМ

 

                                                     ШҮҮГЧИД                                      О.ОДГЭРЭЛ

 

Ч.ЦЭНД