Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 0167

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Х     

Улсын яллагч Л.О

Шүүгдэгч О.Э-ыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Э-д холбогдох эрүүгийн 1925002060142 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт.

 

Боржигон овогт О.Э

 

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч О.Э нь 2019 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн 4-14-128 тоотод Г.Б-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэм хэрэгт холбогджээ.

 

                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч О.Э-ныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Эр мэдүүлэхдээ “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохиролд 1.680.000 төгрөг төлсөн” гэв.  

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1. Хохирогч  Г.Бын ...“Тухайн өдөр манай найзууд эхнэрүүдээ баярлуулж байна гээд хоолонд орчихоод улмаар бид 4 гэр бүл буюу эхнэр нөхрүүд нийлээд наймуулаа “Амарсу” караоке орж дуулж нэг шил архи хувааж уусан. Эмэгтэйчүүд нь хүний нэг нэг пиво уусан. Дараа нь Зэст багт байрлах “Шугар” бааранд орж бүгд нэг нэг пиво авж ууж байгаад 22 цаг өнгөрч байхад баарнаас 4 эмэгтэй нь гараад “Богд гол” гэдэг бааранд орсон. Гэтэл бид нарт суух ширээ байхгүй байсан чинь А.Д ангийнхаа хүүхдүүдийн эцэг эхчүүд дээр оччихоод н.О, н.О бид гурвыг энд суучихъя гээд ангийнхаа хүүхнүүдийн эцэг эхчүүдийн ширээнд суулгасан. Энэ үед бид нар нэг нэг пиво авчихаад н.Отгонбаяр, н.Одзаяа бид гурав 00-д орж хэсэг юм ярьж байгаад явах гээд хувцасаа автал миний пальтоны халаасанд байсан гар утас байхгүй байхаар нь миний утас байхгүй байна би камер шүүлгэмээр байна гэтэл А.Д би чиний утсыг аваагүй чи миний эцэг эхчүүдийг хулгайч гэлээ гээд над руу дайраад бид хоёр бага зэрэг маргалдсан. Ингээд би текэн дээр очоод утсаа алдчихлаа камер шүүлгэх гэсэн юм гэхэд маргааш 12 цагт ирж шүүлгэ гэхээр нь харих гэтэл нөгөө хэд байхгүй байхаар нь такси бариад гэрийнхээ гадаа очтол надад мөнгө байхгүй байхаар нь нөхөрлүүгээ залгаад 1000 төгрөг аваад гараад ир гэтэл манай нөхөр за гэж хэлчихээд гарч ирэхгүй удаад байхаар нь өөрч байсан 600 төгрөгөө таксины жолоочид өгчихөөд гэрлүүгээ орж явтал манай гэрийн үүдэнд манай нөхөр хүүхэд хоёр байсан. Мөн цаана нь А.Д зогсож байхаар нь би А.Дэлгэрмаа дээр очтол нүүрлүү 3 удаа цохисон. Сүүлд цохих үед нь би чи яаж байгаа юм бэ маргааш ажилтай ш дээ гээд хойшоо саваад унасан. Гэтэл А.Д гараад явсан. Гэтэл н.О чи муу балай авгай гээд миний үснээс зулгаахаар нь би эргүүлээд үснээс нь татсан. Тэгээд мана нөхөр бид хоёрыг салгаж нөхрийн найзууд явж бид гурав гэртээ орсон. Ингээд би нөхөрлүүгээ чи наймаг хамгаалсангүй найзууд чинь намайг зодлоо гээд уурлаж нөхөртэйгээ маргалдсан. Манай нөхөр миний нүүрлүү нэг удаа хүчтэй цохьсон. Энэ үед хамарнаас цус гарсан. Ингээд би цусаа тогтоочихоод ахыгаа дуудсан чинь манай ах Г.Э ирээд О.Э-ныг аваад явсан. Миний эмчилгээнй зардал 2.680.000 төгрөгийг нөхө О.Э бүгдийг нь төлсөн. ” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 18-20-р хуудас/

 

2. Гэрч Б.Д.Д-гийн ...“2019 оны 03 дугаар сарын 08-ны өдөр би нөхрийн хамт найзцуудаараа нийлж хоолонд орсон юм. Тэндээсээ гараад буүгдээрээ “Амарсу” караокед орж дуулангаа архи уусан. Тэгээд 20 цагийн үед “Шугар” бааранд пиво ууж бүжиглэж байгаад 21 цаг 30 минудад “Богд гол” бааранд ортол ширээ байхгүй байсан ба тухайн үед манй хүүхдүүдийн ээжүүд нь байхаар би тэд нартай мэндлээд цуг ширээнд нь суусан. Тухайн үед Г.Б ,н.О, н.Заяа бид дөрөв хамт явсан. “Богд гол” баарнаас гарах болсон чинь Г.Б-лын утас алга болсон гээд камер шүүлгэе гээд баарны бармен эмэгтэй маргааш 12 цагт ирж шүүлгэ гэхэд нь Г.Б уурлаад байхаар нь би манай ангийн хүүхдүүдийн ээжүүд авмааргүй юмдаа гэтэл Г.Б уурлаж бид хоёр маргалдаж байгаад намайг 2 удаа мөрлүү цохиод авахаар нь яаж байгаа юм гээд Г.Б руу очих гэтэл хамгаалагч нар дундуур орж ирээд салгасан. Би н.Заяатай хамт гараад О.Э-ны гэрт очиж  нөхөр хүүхдээ аваад орцных нь үүдэнд н.Заяа, н.Пүүжээ, О.Э бид нар Г.Батжаргал, н.О хоёртой таараад Г.Б шууд намайг бариад авахаар нь би ямар ядаргаатай юм бэ чи гээд хацар луу нь 2 удаа алгадсан. Ингээд би доошоо шатаар буугаад явсан ” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 21-р хуудас/

 

3. Гэрч Г.Э-тын ...“2019 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст багийн 1-3-т найзындаа байж байтал надруу О.Э залгахаар нь утсаа автал манайд хүрээд ирээч гэсэн. О.Эд яваад очтол зодолдсон бололтой манай дүү Г.Б-ын 2 нүд нь хавдаад тагларчихсан байсан. Тэгээд Г.Б-аас юу болсон талаар асуутал найзуудтайгаа мартын 8 тэмдэглэж яваад гар утсаа алга болгосон. А.Дэлгэрмаа гэдэг эмэгтэй чиний гар утсыг миний найзууд авдаг юм уу гээд намайг цохиж авсан. Гэртээ ирээд О.Э-д хандаж миний гар утас алга болчихоод байхад найзууддаа зодууллаа гэсэн чинь намайг нэмж зодсон гэж хэлсэн. Тэгээд би тэр хоёрыг загнаад намайг дуудаж байхаар цагдаа дуудахгүй яасан юм гээд та хоёр нэг газар хонох юм бол хоорондоо зодолдох юм байна гээд О.Э-ныг аваачиж гэртээ хоносон. Г.Б 2 нүдээ алчуураар дарчихсан найзууддаа болон О.Э-нд зодууллаа гээд хашгираад байсан”... гэсэн мэдүүлэг. /хх-ийн 28-р хуудас/

 

4. Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 225 дугаартай ... “Г.Б-лын биед зүүн нүдний ухархайн дотор хананы хугарал, хамрын таславчны муруйлт, нүүрэнд зүүн нүдний алимны салстад цус хуралт үүсчээ. Дээрх гэмтлүүд нь тус бүрдээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Уг гэмтлүүд мохоо зүйлийн нэг ба түүнээс олон удаагийн үйлдлээр үүсгэгдэх боломжтой. Гэмтлүүд нэг цаг хугацаанд үүссэн байхаар байна” гэсэн дүгнэлт. /хх-ийн 31-32-р хуудас/ зэргийг шинжлэн судлав.

 

Шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үзэв.

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Л.О дүгнэлтдээ “Шүүгдэгч О.Эрдэнэбулган 2019 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэбулаг багийн 4-14-128 тоотод эхнэр Б-ын нүүрэн тус газарт цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн үйлдсэн нь хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдож тогтоогдож байна. Мөн шүүгдэгч нь дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруу дээрээ маргахгүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах саналтай байна. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, бусдад төлөх төлбөргүй байна. Иймд шүүгдэгч О.Э-ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжээр торгох ял оногдуулах саналтай байна” гэв.

 

            Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч Г.Б-лын мэдүүлэг, гэрч А.Д, Г.Э нарын мэдүүлэг, шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүгдэгч О.Э нь 2019 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн 4-14-128 тоотод Г.Б-лыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

            Шүүгдэгч О.Э-ны үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.

 

            Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч О.Э-ыг яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэстэй.

 

            Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа учруулсан хохирлоо төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгч нарын хувийн байдал гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан торгох ял шийтгэж, уг ялыг тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                                                                    ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт О.Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Э-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450 000  /дөрвөн зуун тавин мянга/  төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Э-д оногдуулсан 450 000 төгрөгөөр торгох ялыг 5  сарын хугацаанд сар бүр 90 000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлэхгүй бол хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

  6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.АЛТАНГАДАС