Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2026/00049

 

 

 

 

 

 

 

 

 

 

     2026          01              05                                          210/МА2026/00049             

 

 

*******-ийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Одгэрэл даргалж, шүүгч Ц.Цэрэндулам, шүүгч Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 сарын 07-ны өдрийн 192/ШШ2025/08053 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******-д холбогдох,

 

2020 оны 08 сарын 13-ны өдрийн 20/242 дугаартай гэрээний зарим хэсгийг цуцалж, 198,866,500 төгрөгийн үнэ бүхий 50 м.кубын 2 ширхэг даралтат сав, 2 ширхэг гүний насос зэргийг гаргуулах, ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 246,138,144 төгрөг гаргуулах, худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 169,800,000 төгрөг, алданги 133,626,180 төгрөг, нийт 303,426,180 төгрөг гаргуулах, Сүхбаатар дүүрэг 19 дүгээр хороо Хандгайтын ам 6 давхрын ******* 74,83 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийг зохигчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэнд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анулан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

Нэхэмжлэгч нь хариуцагчтай ******* хороонд байрлах *******ын цогцолборын 33 барилгыг халаах хийн хангамжийн технологийн зураг төсөл, хийн түлшээр ажилладаг халаалтын бойлер, хийн хангамжийн угсралт холболт суурилуулалтын ажлыг гүйцэтгэж, хийн түлш нийлүүлэхээр 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдөр 20/242 дугаартай “Хийн түлшээр ажилладаг усан халаалтын бойлер, хийн хангамжийн систем угсралт, ашиглалтын гэрээ, 2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 20/372 дугаартай халаалтын зориулалтаар автоцистернээр хийн түлш нийлүүлэх, ашиглалтын гэрээ тус тус байгуулсан. Нэхэмжлэгчийн зүгээс гэрээний хэрэгжилтийг бүрэн хангаж ажилласан боловч хариуцагч гэрээний үүргийг зөрчсөн.

1.1. 20/242 дугаартай “Хийн түлшээр ажилладаг усан халаалтын бойлер, Хийн хангамжийн систем угсралт, ашиглалтын гэрээ”-ний үнийн дүнг урьдчилсан тооцооллоор 358,000,000 төгрөг бөгөөд бодит гүйцэтгэлээр эцэслэн тогтоохоор харилцан тохиролцож, гэрээний 2.1-д заасан нэхэмжлэгч гэрээт ажлыг 100 хувь гүйцэтгэж хариуцагчид хүлээлгэн өгсөн. Хариуцагч нь 20/242 дугаартай гэрээний дагуу гүйцэтгэсэн хийн хангамжийн систем болон 198,866,500 төгрөгийн үнийн дүн бүхий 50 м.кубын 2 ширхэг даралтат сав, 2 ширхэг гүний насосыг ашиглахаа больж 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс хойш хийн түлш авалгүй өөрийн хуучин ашиглаж байсан нүүрсээр ажилладаг нам даралтын зуухыг ашиглаж эхэлсэн. Гэрээний 3.5-д заасны дагуу манай компанийн зүгээс гэрээг нэг талын санаачилгаар цуцлах нөхцөл байдал үүссэн тул 20/242 дугаартай “Хийн түлшээр ажилладаг усан халаалтын бойлер, Хийн хангамжийн систем угсралт, ашиглалтын гэрээ”-г цуцалж, 198,866,500 төгрөгийн үнэ бүхий 50 м.кубын 2 ширхэг даралтат сав, гүний насосыг гаргуулахаар нэхэмжилж байна.

1.2. 20/242 дугаартай гэрээний дагуу ажлыг гүйцэтгэх явцад гүйцэтгэх ажлын тоо хэмжээг талууд харилцан тохиролцож нэмэгдүүлэн гүйцэтгүүлж гэрээт ажлын нийт үнийн дүн 754,664,644 төгрөг болж талууд акт үйлдэн баталгаажуулсан. Уг актын 3 дахь тайлбарт “Харилцагч *******-аас төлсөн 10 удаагийн нийт төлөлтийг эхэлж үүссэн авлагыг эхэлж барагдуулах зарчмаар хаасны үр дүнд Хийн хангамж, халаалтын системийн угсралтын ажлаас үүссэн өглөг 100 хувь барагдсан болно.” гэсэн боловч шүүхийн шатанд хариуцагчийн зүгээс хийн түлшний үнэ гэсэн утгатай гүйлгээг гүйлгээний утгын дагуу хийн түлшний үнийг төлсөнд тооцох ёстой гэж маргаж байна. Иймд гэрээний дагуу төлсөн 160,000,000 төгрөгийг нийт ажлын үнийн дүн 754,664,644 төгрөгөөс хасч тооцон, 594,664,644 төгрөгийн үлдэгдэлтэй болсон.

20/242 дугаартай гэрээний 2.4-т “Талууд гэрээт ажлын үнийн дүнгээс ХУД-ийн 5-р хороонд баригдаж буй 2020 оны 4 дүгээр улиралд ашиглалтад орох ******* хотхоны 1 дүгээр блокны 3 давхрын 51.83 м.кв 2 өрөө орон сууцыг 95,000,000 төгрөгт тооцож бартер хийнэ.” гэж тохиролцсон боловч тус орон сууцыг манай компанид хүлээлгэн өгөөгүй учраас түүний оронд ******* хороо, Хандгайтын ам, 6 давхрын *******, 74,83 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг /1 м.кв-г 2,000,000 төгрөг/ 149,660,000 төгрөгт тооцон шилжүүлсэн. Иймд 20/242 дугаартай гэрээний үлдэгдэл төлбөр 594,664,644 төгрөгөөс тус орон сууцны үнэ 149,660,000 төгрөг болон нэхэмжлэлийн 1 дэх шаардлагад шаардсан 198,866,500 төгрөгийн үнэ бүхий 50 м.кубын 2 ширхэг даралтат сав, гүний насосны үнийг тус тус суутган, 20/242 тоот гэрээний үүргийн гүйцэтгэлд 246,138,144 төгрөгийг нэхэмжилж байна.

1.3. 20/372 дугаартай “Халаалтын зориулалтаар автоцистернээр хийн түлш нийлүүлэх, ашиглалтын гэрээ”-г нэхэмжлэгч нь хийн түлшийг худалдан авагчид нийлүүлэхээр 2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс 2030 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл 10 жилийн хугацаатай байгуулсан. Нэхэмжлэгчийн зүгээс 20/372 дугаартай гэрээний үүрэгт нийт 789,513,800 төгрөгийн хийн түлш нийлүүлж, хариуцагч нь 619,713,800 төгрөгийг төлж 169,800,000 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Уг гэрээний 7.4-т “3.7-д заасан хугацаанд заасны дагуу түлшний үнийг төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөөгүй үнийн дүнгийн 0,5 хувийн алдангийг худалдагчид нэмж төлнө.” гэж тохиролцсон. Хариуцагч нь хийн түлшний үнийг байнга хоцроон төлдөг байсан.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан хийн түлшний үнийг хугацаандаа төлөөгүй хоног тутамд алданги тооцоход 133,626,180 төгрөг байна. Иймд 20/372 дугаартай гэрээний үүргийн гүйцэтгэлд хийн түлшний үлдэгдэл төлбөр 169,800,000 төгрөг, алданги 133,626,180 төгрөг, нийт 303,426,180 төгрөгийг нэхэмжилж байна.

1.4. Хариуцагч нь ******* хороо Хандгайтын ам, 6 давхрын ******* 74.83 м.кв талбайтай 3 ороо сууцыг 1 м.кв-ийн үнэ 2,000,000 төгрөгөөр буюу 149,660,000 төгрөгт тооцож тус орон сууцны түлхүүрийг нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн. Орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг өнөөдрийг хүртэл нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлэн өгөөгүй учраас тус орон сууцны өмчлөгчөөр тогтоолгоно.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга: Хариуцагч ******* нь нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас 1 болон 4 дэх шаардлагыг хүлээн зөвшөөрч байна.

2.1. Нэхэмжлэлийн 3 дахь шаардлага буюу 2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 20/372 дугаартай халаалтын зориулалтаар автоцистернээр хийн түлш нийлүүлэх, ашиглалтын гэрээний үүрэгт шаардаж буй 303,426,180 төгрөгөөс 10,140,000 төгрөг төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй. Учир нь, нэхэмжлэгч ******* нь манай компанитай халаалтын зориулалтаар автоцистернээр хийн түлш нийлүүлэх, ашиглалтын гэрээг 10 жилийн хугацаатай байгуулж, хийн түлшийг литр тутмын үнийг үндэслэлгүй нэмж, 2,600 төгрөгөөр нийлүүлсэн. Энэ үйл баримтад бид гомдол гаргахгүйгээр уг үнээр хийн түлшийг худалдан авч, үнийг төлсөн бөгөөд нийт авсан хийн түлшний хэмжээ, үнийн дүнд маргаангүй.

2.2. Нэхэмжлэлийн 2 дахь шаардлагыг эс зөвшөөрч байна. Хийн түлшээр ажилладаг усан халаалтын бойлер, хийн хангамжийн систем угсралт, ашиглалтын гэрээний 2.1-д “гэрээт ажлын үнийн дүн урьдчилан тооцоолсноор 358,000,000 төгрөг бөгөөд бодит гүйцэтгэлээр эцэслэн тогтооно” гэж заасан боловч нэхэмжлэгч ******* нь дээрх ажлын бодит 754,664,644 төгрөг болсон гэж нэхэмжилж байгаа нь бодит байдалд нийцэхгүй байна гэжээ.

 

  1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1, 243 зүйлийн 243.1, 110 дугаар зүйлийн 110.1-д зааснаар хариуцагч *******-аас 198,866,500 төгрөгийн үнэ бүхий 50 м.кубын 2 ширхэг даралтат сав, 2 ширхэг гүний насосыг, хийж гүйцэтгэсэн ажил болон тоног төхөөрөмжийн үнийн үлдэгдэл 185,744,268 төгрөг, хийн түлшний үнийн үлдэгдэлд 169,800,000 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 194,020,056 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч *******-ийг ******* хороо, Хандгайтын ам 6 давхрын ******* 74.83 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5,461,735 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч *******-аас улсын тэмдэгтийн хураамжид 3,678,303 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгож, шинжээчийн зардлын 50 хувь болох 3,500,000 төгрөгийг нэхэмжлэгч *******-аас гаргуулж, хариуцагч *******-д олгож шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргасан.

4.1. Талуудын хооронд байгуулсан 2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 30/372 дугаартай халаалтын зориулалтаар автоцистернээр хийн түлш нийлүүлэх, ашиглалтын гэрээгээр түлшний үнийг худалдан авагч нь захиалсан хийн түлшний үнийн 50 хувийг урьдчилж, үлдэгдэл төлбөрийг ажлын 3 хоногт багтаан төлөх, хэрэв хугацаандаа төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөөгүй үнийн дүнгийн 0,5 хувийн алдангийг худалдагчид нэмж төлөхөөр тус тус харилцан тохиролцсон.

Нэхэмжлэгч тал гэрээнд заасны дагуу хамгийн боломжтой, хөнгөлөлттэй нөхцөлөөр хийн түлшийг нийлүүлж байхад хариуцагч тал гэрээний үүргээ зөрчиж, түлшний төлбөр тооцоог хугацаандаа төлдөггүй байсан. “Ковид-19” цар тахал хариуцагч компани гэлтгүй Монгол улсын бүх хуулийн этгээдийн бизнесийн үйл ажиллагаанд нөлөөлсөн нөхцөл байдлыг харгалзан үзэж 2021 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн “Тооцооны үлдэгдлийн баталгаа” баримтаар *******-ийг 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл алдангиас чөлөөлсөн байхад шүүхээс хариуцагчийг алдангиас бүхэлд нь чөлөөлж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

4.2.Мөн шүүхээс цар тахалтай холбоотой үнэ нэмэгдэх, өөрчлөгдөх нөхцөл байдал үүсэж байсан талаар талуудын хэн аль нь маргаагүй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй.

Учир нь, 2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 20/372 дугаартай халаалтын зориулалтаар автоцистернээр хийн түлш нийлүүлэх, ашиглалтын гэрээний 3.4-т зааснаар *******-ийн ерөнхий захирлын 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 21-822/14-65 дугаар “Үнэ шинэчлэн тогтоох тухай” тушаалаар Хийн түлшний импортын үнэ нэмэгдсэнтэй холбогдуулан халаалтын зориулалтаар борлуулах 1 кг хийн түлшний үнийг 2,600 төгрөг болсон талаар хариуцагч *******-д албан бичгээр мэдэгдсэн байна. Үүний дагуу 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс 1 кг хийн түлшийг 2,600 төгрөгөөр хариуцан компани авахыг хүлээн зөвшөөрч, тооцооны үлдэгдлийн баталгааг үйлдсэн.

Мөн анхан шатны шүүх хуралдааны явцад хариуцагч нь нэхэмжлэгч компаниас нийт 415,000 кг 789,513,800 төгрөгийн хийн түлш авсан гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Иймд хариуцагчийг алдангиас бүхэлд нь чөлөөлөх үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах журмаар гаргасан гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:

5.1. Манай компани ажил гүйцэтгэх гэрээ, хийн түлш худалдах, худалдан авах гэрээг тус тус байгуулсан. Хариуцагч нь Иргэний хуульд заасны дагуу аль төлбөрийг түрүүнд төлөх эрхээ эдэлж алдангитай төлбөрөө түрүүлж төлөх процессыг эхлүүлэн нотлох баримтын хэмжээнд төлсөн бүх баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Тухайн гаргаж өгсөн баримтуудад хийн түлшний төлбөр нэртэй төлбөрийн баримтууд байна. Төлбөрийн баримтуудад дурдагдсан төлбөр төлөгчийн кодны дагуу төлбөрөө төлж байсан.

Иймд хариуцагч тухайн алдангийг төлөх үндэслэлгүй бөгөөд төлбөрийг бүрэн гүйцэт төлж барагдуулсан гэжээ.

 

6. Хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч, давж заалдах гомдол гаргасан.

6.1. Анхан шатны шүүхээс 2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн халаалтын зориулалтаар автоцистернээр хийн түлш нийлүүлэх, ашиглалтын гэрээний үүрэгт 169,800,000 төгрөг, 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн хийн түлшээр ажилладаг усан халаалтын бойлер, хийн хангамжийн систем угсралт, ашиглалтын гэрээний төлбөрт 185,744,268 төгрөг тус тус хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Уг гэрээний 3.1, 3.2-т заасны дагуу нэхэмжлэгч 1 кг хийн түлшийг 1,800 төгрөгөөр буюу хөнгөлөлттэй үнээр 10 жилийн хугацаанд хариуцагчид нийлүүлэх, хариуцагч нь тохирсон үнийг төлөхөөр харилцан тохиролцсон.

Гэрээний хүчинтэй хугацаанд нэхэмжлэгч талын нийлүүлсэн 415,000 кг хийн түлшний үнэ 747,000,000 төгрөг байхад 789,513,800 төгрөг нэхэмжилсэн. Анхан шатны шүүхээс нэхэмжлэгч нь талуудын хооронд байгуулагдсан тооцоо нийлсэн актад гэрээний дагуу нийлүүлсэн хийн түлшний үнэ болох 789,513,800 төгрөгийн үнийн дүнг хариуцагч хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурсан байна гэсэн нь үндэслэлгүй. Хэрэгт цугларсан баримтаас үзвэл, нэхэмжлэгч нь хийн түлшний үнэ нэмэгдсэн тухай 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 21/624 тоот “Үнэ нэмсэн тухай” албан бичгээр хариу мэдэгдсэн. Уг албан бичиг гарсан өдрөөс хойш 14 хоногийн дараа буюу 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн хийн түлшний үнийг нэмэх байсан. Хийн түлшний үнийг хэдний өдрөөс эхлэн нэмсэн, тус хугацаанд нийлүүлсэн түлшний хэмжээ, үнийг нарийвчлан гаргаж дүгнэлт өгөх шаардлагатай байхад анхан шатны шүүхээс огт дүгнэлт өгөөгүй.

Манай компанийн зүгээс уг төлбөрөөс 42,513,800 төгрөгийг хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд үлдэгдэл төлбөрт Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.1 дэх хэсэгт заасны дагуу ******* хороо, Хандгайтын ам, 6 давхрын ******* хаягт байршилтай 3 өрөө орон сууцыг шилжүүлэн өгөхөөр болсон боловч анхан шатны шүүхээс тус орон сууцыг 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн хийн түлшээр ажилладаг усан халаалтын бойлер, хийн хангамжийн систем угсралт, ашиглалтын гэрээний төлбөрт тооцсон нь үндэслэлгүй.

Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.1 дэх хэсэгт заасан эрхийн дагуу тус орон сууцыг 2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн халаалтын зориулалтаар автоцистернээр хийн түлш нийлүүлэх, ашиглалтын гэрээний үүрэгт бартерт шилжүүлэн өгөхөө илэрхийлсэн. Гэтэл анхан шатны шүүхээс тус орон сууцыг 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн хийн түлшээр ажилладаг усан халаалтын бойлер, хийн хангамжийн систем угсралт, ашиглалтын гэрээний төлбөрт тооцох тухай дүгнэлт хийсэн нь хууль зүйн үндэслэлгүй, нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн гэж үзэж байна.

6.2. 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн хийн түлшээр ажилладаг усан халаалтын бойлер, хийн хангамжийн систем угсралт, ашиглалтын гэрээний 2.1-д гэрээт ажлын үнийн дүнг 358,000,000 төгрөг байхаар харилцан тохиролцсон. Хавтаст хэргийн 1 дүгээр хавтаст хэргийн 12 дугаар хуудсанд авагдсан *******-ын хийн түлшээр ажилладаг усан халаалтын бойлер, хийн хангамжийн систем угсралтын төсвийн гүйцэтгэлийн баримтад хариуцагч огт гарын үсэг зураагүй. Уг нөхцөл байдалтай холбоотойгоор шинжээч томилуулах, гэрч асуулгах хүсэлт шүүхэд өгсөн боловч уг баримтыг хуурамч бөгөөд гарын үсэг үнэн зөв эсэхэд шинжээч томилуулах зэрэг нотлох ажиллагаа хийгдээгүй байхад анхан шатны шүүхээс Барилгын төсөвчдийн холбооны 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн “Хийн түлшээр ажилладаг усан халаалтын бойлер, хийн хангамжийн систем угсралт, ашиглалтын гэрээ”-ний төлбөрт 185,744,268 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

Иймд нэхэмжлэлийн шаардлагын холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

            7. Давж заалдах журмаар гаргасан гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

            7.1. Талуудын хооронд байгуулагдсан хийн түлшээр ажилладаг ус, халаалтын бойлуур, хийн хангамжийн систем угсралт, ашиглалтын гэрээний 2.1-д гэрээний үнэ 358,000,000 төгрөг байхаар харилцан тохиролцсон. Тухайн гэрээнд үнэлгээг бичиж, үнийн дүнг бодит гүйцэтгэлээр эцэслэн тогтооно гэж заасан. Талууд тухайн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад барилгын төсөвчдийн холбоог шинжээчээр томилж тухайн ажил гүйцэтгэх гэрээний дагуу хэдэн төгрөгийн зардал гарсан, хэдэн төгрөгийн тоног төхөөрөмж орсон зэргийг эцэслэн шийдвэрлэсэн. Шинжээчийн дүгнэлтээр маргаан бүхий тоног төхөөрөмжийг 694,270,768 төгрөг үнэлсэн бөгөөд уг дүгнэлттэй зохигчид маргаагүй. Уг шинжээчийн дүгнэлтийн дагуу анхан шатны шүүхийн шийдвэрлэсэн шийдвэрт хүндэтгэлтэй хандаж, тухайн үйл баримттай маргаагүй.

7.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэг, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар тухайн баримтыг хуурамч нотлох баримтаар цагдаагийн байгууллагаас тогтоосон зүйл байхгүй. ******* нь тухайн компанид ажилладаг байсан бөгөөд ерөнхий нягтлан бодогч гэж тухайн албан бичигт гарын үсэг зурсан. Тухайн тамга, тэмдгийг дарах эрх бүхий этгээд нь хэн байсан, ямар шалтгааны улмаас ******* гарын үсэг зурсан болох талаар нотлох баримтыг бүрдүүлж шүүхэд өгөх үүрэгтэй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, зохигчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг тус тус хангав.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан 2020 оны 08 сарын 13-ны өдрийн 20/242 дугаартай “Хийн түлшээр ажилладаг усан халаалтын бойлер, хийн хангамжийн систем угсралт, ашиглалтын гэрээ"-ний зарим хэсгийг цуцалж, 198,866,500 төгрөгийн үнэ бүхий 50 м.кубын 2 ширхэг даралтат сав, 2 ширхэг гүний насосыг тус тус буцаан гаргуулах, 20/242 дугаартай болон 20/372 дугаартай гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 574,598,144 төгрөг, алданги 137,639,000 төгрөг, нийт 712,230,144 төгрөг гаргуулах, ******* хороо, Хандгайтын ам, 6 давхрын *******, 74.83 м.кв талбайтай 3 өрөө 149,660,000 төгрөгийн үнэ бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх нэхэмжлэлээс 1 болон 4 дэх шаардлагаа дэмжин оролцож, 2, 3 дахь нэхэмжлэлээ 20/242 дугаартай ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 246,138,144 төгрөг, 2020 оны 11 сарын 07-ны өдрийн 20/372 дугаартай худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 169,800,000 төгрөг, алданги 133,626,180 төгрөг, нийт 303,426,180 төгрөг тус тус гаргуулахаар өөрчилж, үндэслэлээ “... талууд хоёр гэрээний үүргийг харилцан тооцож, тооцоо нийлсэн акт үйлдсэн, хариуцагч тал гэрээ тус бүрийн үүргийг тусад нь тооцох ёстой гэж маргасны дагуу тооцооллыг өөрчилсөн” гэх агуулгаар тайлбарлаж байна.

Хариуцагч нь 1 болон 4 дэх шаардлагыг зөвшөөрч, 2, 3 дахь шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ “... ажил гүйцэтгэх гэрээний үнийн дүн 358,000,000 төгрөг байхаар тохиролцсон, нэхэмжлэгч нь бодит дүнг 754,664,644 төгрөг гэж нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй, ... худалдах, худалдан авах гэрээний үүрэгт шаардаж буй мөнгө дүнгээс 10,140,000 төгрөг зөвшөөрнө, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй, уг гэрээний үүрэгт ******* хороо, Хандгайтын ам 6 давхрын ******* хаягт байршилтай 74,83 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 149,660,000 төгрөгт тооцон шилжүүлсэн, нэхэмжлэгч уг орон сууцыг ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт тооцсоныг зөвшөөрөхгүй” гэж тайлбарлан, талууд маргажээ.  

3. Анхан шатны шүүх *******, ******* нарын хооронд байгуулагдсан 2020 оны 08 сарын 13-ны өдөр 20/242 дугаартай “Хийн түлшээр ажилладаг усан халаалтын бойлер, хийн хангамжийн систем угсралт, ашиглалтын гэрээ”, мөн оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 20/372 дугаартай “Халаалтын зориулалтаар автоцистернээр хийн түлш нийлүүлэх, ашиглалтын гэрээ” зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлж, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Харин ажил гүйцэтгэх гэрээ болон худалдах, худалдан авах гэрээ тус бүрийн гүйцэтгээгүй үүргийн дүнг тооцохдоо хэргийн нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлээгүй, мөн Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Давж заалдах шатны шүүхээс шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах замаар дээрх алдааг залруулан дүгнэв.

 

4. 2020 оны 08 сарын 13-ны өдөр 20/242 дугаартай “Хийн түлшээр ажилладаг усан халаалтын бойлер, хийн хангамжийн систем угсралт, ашиглалтын гэрээ”-ний үүргийн гүйцэтгэлд буюу ажлын хөлсөнд 246,138,144 төгрөг гаргуулах, мөн гэрээний зарим хэсгийг цуцалж, 198,866,500 төгрөгийн үнэ бүхий 50 м.кубын 2 ширхэг даралтат сав, 2 ширхэг гүний насосыг тус тус буцаан гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

4.1. Шүүх, талуудын байгуулсан 20/242 дугаартай гэрээг үндэслэн тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж зөв тодорхойлсон.

4.2. Гүйцэтгэгч ******* нь гэрээний дагуу ******* хороо, Хандгайтын аманд байрлах *******ын цогцолборын 33 барилгын хийн түлшний халаалтын бойлер, хийн хангамжийн технологийн зураг төсөл, угсралтын ажлыг хийж гүйцэтгэсэн, захиалагч ******* ажлын үр дүнг хүлээн авсан үйл баримтад талууд маргаангүй, гүйцэтгэсэн ажлын өртөг болон ажлын хөлс төлөх үүргийг бүрэн гүйцэтгэсэн эсэх нь маргааны зүйл болсон байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч тал “гэрээний 2.1-д гэрээт ажлын үнийн дүн 358,000,000 төгрөг гэж заасан байхад нэхэмжлэгч нь 754,664,644 төгрөг нэхэмжилсэн нь бодит байдалтай нийцэхгүй байна.” гэж тайлбарлан, маргажээ.

4.3. Талуудын 20/242 дугаартай ажил гүйцэтгэх гэрээний 2.1-д “Гэрээт ажлын үнийн дүнг урьдчилан тооцоолсноор 358,000,000 төгрөг бөгөөд бодит гүйцэтгэлээр эцэслэн тогтооно” гэж заажээ. Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт заасны дагуу тус заалтыг тайлбарлавал, талууд ажил гүйцэтгэх гэрээний ажлын хөлсийг 358,000,000 төгрөгөөр тогтоосон гэх утга агуулаагүй, харин гүйцэтгэсэн ажлын дүнг бодит гүйцэтгэлээр эцэслэн тогтоохоор харилцан тохиролцсон байна. Иймд хариуцагч талын татгалзал болон энэ талаарх давж заалдах гомдол үндэслэлгүй.

4.4. Нэхэмжлэгч талаас шүүхэд гарган өгсөн *******-ын хийн түлшээр ажилладаг усан халаалтын бойлер, хийн хангамжийн систем угсралтын төсвийн гүйцэтгэл гэх бичмэл нотлох баримтад, ажил гүйцэтгэх гэрээний нийт төсвийг 754,664,644 төгрөгөөр тооцон гэрээний талууд гарын үсэг зурж, компанийн тамга дарж, баталгаажуулжээ. /1хх12/

Хариуцагч тал, уг баримтад санхүүгийн албаны дарга ******* гарын үсэг зураагүй гэж маргасан байх боловч татгалзлын үндэслэлээ нотлох үүргээ хэрэгжүүлээгүй буюу гарын үсгийн хэв шинжлүүлэхтэй холбоотой шинжээч томилуулах хүсэлт шүүхэд гаргаагүй байна. /2хх196-206/

4.5. Анхан шатны шүүх, хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтийг үндэслэн гүйцэтгэсэн ажлын хэмжээг тогтоолгохоор Барилгын төсөвчдийн холбоог шинжээчээр томилжээ. /2хх46/

Шинжээч нь гүйцэтгэсэн ажлын нийт төсөвт өртгийг 694,270,768 төгрөгөөр тогтоож, дүгнэлтээ шүүхэд ирүүлсэн байх бөгөөд уг дүгнэлтэд талууд маргаагүй байна. /2хх64-128/

Шүүх дээрх нотлох баримтуудыг харьцуулан үзээд, шинжээчийн дүгнэлтийг үндэслэн нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажлын нийт өртгийг 694,270,768 төгрөг гэж үзсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамд нийцжээ.

4.6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “*******, *******, ******* нараас гэрчийн мэдүүлэг авхуулах тухай” хүсэлт гаргасныг анхан шатны шүүх “... хүсэлтийг шүүх хуралдааны үед гаргасан хүндэтгэн үзэх шалтгааныг нотолсон баримтгүй, гэрч нарын мэдээллийг шүүхэд ирүүлээгүй” гэх үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.2 дахь хэсгийг хэрэглэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна. 

Учир нь, зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь шаардлага ба татгалзлаа үндэслэж буй нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд уг үүргийг шүүх хуралдаан товлохоос өмнө биелүүлэх ёстой. Харин хүндэтгэн үзэх шалтгаантай гэж шүүгч шүүх хуралдааныг хойшлуулж, хүсэлтийг хангаж шийдвэрлэж болохоор дээрх хуулиар зохицуулсан байна. Мөн зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь гэрчээс мэдүүлэг авхуулах хүсэлт гаргахдаа тухайн этгээдийн оршин суугаа газрын хаяг, эсхүл ажлын газрын хаяг, түүнтэй харьцах утасны дугаар зэргийг тусгаж өгснөөр түүнийг шүүх дуудах боломж бүрдэнэ. Иймээс “шинжээч томилох, гэрчийн мэдүүлэг авхуулах хүсэлт гаргасан, шинжээч томилох ажиллагаа явагдаагүй байхад Барилгын төсөвчдийн холбооны дүгнэлтийг үндэслэн шийдвэрлэсэн” гэх агуулга бүхий хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол хангагдахгүй.

4.7. Харин шүүх “... гэрээний 2.4-т заасан орон сууцыг хариуцагч шилжүүлэх боломжгүй болж ******* хороо, Хандгайтын ам, 6 давхрын ******* хаягт байршилтай 74,83 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 149,660,000 төгрөгт тооцон манайд шилжүүлсэн” гэх нэхэмжлэгчийн тайлбарыг үндэслэн ажлын хөлсөнд суутган тооцсон нь буруу байх тул энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах нь зүйтэй гэж үзлээ.

Зохигч талууд ажил гүйцэтгэх гэрээний 2.3-т “Захиалагч нь гэрээнд 2 тал гарын үсэг зурж баталгаажсанаас хойш ажлын 2 хоногт багтаан урьдчилгаа 150,000,000 төгрөгийг ХААН банк дахь гүйцэтгэгчийн ******* дансанд шилжүүлнэ.” гэж, 2.4-т “Талууд гэрээний ажлын үнийн дүнгээс ХУД-ийн 5 дугаар хороонд баригдаж буй 2020 оны 4 дүгээр улиралд ашиглалтад орох ******* хотхоны 1 дүгээр блокны 3 давхрын 51.83 м.кв хоёр өрөө Д сууцыг 95,000,000 төгрөгт тооцож бартер хийнэ.” гэж харилцан тохиролцжээ. /1хх7-8/

Гэрээний энэ нөхцөлийг талууд өөрчилж, ******* хороо, Хандгайтын ам, 6 давхрын ******* хаягт байршилтай 74,83 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг бартерт шилжүүлэхээр харилцан тохиролцсон гэх үйл баримтыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй байна.

4.8. Хариуцагч ******* нь 20/242 дугаартай гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын үр дүнг хүлээж авч, ажлын хөлсөнд 160,000,000 төгрөг төлсөн үйл баримт кассын орлогын болон бэлэн мөнгөний зарлагын баримт, “Голомт банк” ХК болон “ХААН банк” ХК-ийн тус тус орлогын мэдүүлэг, зохигчийн тайлбар зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон. /1хх83, 84, 87, 92/ Иймээс хариуцагч *******-ийг ажил гүйцэтгэх гэрээний ажлын хөлсөнд 534,270,768 /694,270,768-160,000,000/ төгрөг төлөх үүргээ гүйцэтгээгүй гэж үзнэ. 

4.9. Нэхэмжлэгч нь 20/242 дугаартай гэрээг цуцалж, 198,866,500 төгрөгийн үнийн дүн бүхий 50 м.куб 2 ширхэг даралтад сав, 2 ширхэг гүний насос зэргийг гаргуулах нэхэмжлэлийн үндэслэлээ “хариуцагч нь 20/242 дугаартай гэрээний дагуу 2 ширхэг даралтад сав, 2 ширхэг гүний насосыг ашиглахаа больж 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс хойш хийн түлш аваагүй, өөрийн хуучин ажиллаж байсан нам даралтын зуухыг ашиглаж эхэлсэн тул нэг талын санаачилгаар гэрээ цуцлах нөхцөл үүссэн. Иймд дээрх хийн хангамжийн тоног төхөөрөмжийг гаргуулна., ... хариуцагчийн төлөх ажлын хөлснөөс тоног төхөөрөмжийн үнэ болох 198,866,500 төгрөгийг хасч тооцно” гэж тайлбарлажээ. /2хх14-17/

Талуудын байгуулсан 20/242 дугаартай гэрээний зарим хэсэг биелэгдсэн үйл баримт тогтоогдсон тул нэхэмжлэгчийг гэрээний зарим хэсгийг цуцалж, гэрээгээр шилжүүлсэн хийн хангамжийн тоног төхөөрөмжийг гаргуулахаар нэхэмжилсэн гэж үзнэ.

Учир нь, талууд 20/242 дугаартай гэрээг 10 жилийн хугацаатай байгуулж, гэрээний 2.8 дахь заалтаар “50 м.куб даралтат савыг гүйцэтгэгч нь захиалагчид гэрээний хугацаанд үнэ төлбөргүй ашиглуулах, энэхүү даралтад сав нь гүйцэтгэгчийн өмч байна” гэж харилцан тохиролцжээ. /1хх7-12/

Хариуцагч ******* нь дээрх шаардлагыг хүлээн зөвшөөрч, маргаагүй байна.

Энэ тохиолдолд нэхэмжлэгчийн шаардах эрхийг Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.5 дахь хэсэгт зааснаар тодорхойлогдох бөгөөд гэрээний зарим хэсэг цуцлагдаж байгаатай холбогдон мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасан үр дагавар үүснэ. Анхан шатны шүүх зохигчийн тайлбарыг үндэслэн, дээрх нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь зөв боловч Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсгийг баримталсан нь оновчгүй байгааг дээрх байдлаар залруулан дүгнэж, шийдвэрийн тогтоох хэсэгт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

4.10. Мөн давж заалдах шатны шүүхээс, ажил гүйцэтгэх гэрээтэй холбоотой хэргийн нотлох баримтуудыг үндэслэн, хариуцагч *******-аас ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 335,404,268 /694,270,768-160,000,000-198,866,500/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгосон өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

 

5. 20/372 дугаартай Халаалтын зориулалтаар автоцистернээр хийн түлш нийлүүлэх, ашиглалтын гэрээний үүрэгт 169,800,000 төгрөг, алданги 133,626,180 төгрөг, нийт 303,426,180 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

5.1. Хариуцагч тал тус нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэсгээс 10,140,000 төгрөгийг зөвшөөрч, үлдэх хэсгийг татгалзаж буй үндэслэлээ “... гэрээг 10 жилийн хугацаатай байгуулж, хийн түлшийг литр тутмыг 1800 төгрөгөөр нийлүүлэхээр тохиролцсон хэдий ч хийн түлшний литр тутмын үнийг үндэслэлгүй нэмж 2600 төгрөгөөр нийлүүлсэн боловч бид 17 удаагийн гүйлгээгээр 669,713,800 төгрөг төлж, ******* хороо, Хандгайтын ам 6 давхрын *******од байршилтай 74.83 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 1 м.кв-ын үнэ нь 2,000,000 төгрөгөөр 149,660,000 төгрөгт тооцон, нэхэмжлэгчийн эзэмшилд шилжүүлсэн ...” гэж тайлбарлажээ. /1хх247-249/

5.2. *******, ******* нар 2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 20/372 дугаартай “Халаалтын зориулалтаар автоцистернээр хийн түлш нийлүүлэх, ашиглалтын гэрээ”-г 2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс 2030 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл 10 жилийн хугацаатай байгуулж, худалдагч ******* нь МNS5083:2001 стандартын шаардлага хангасан шингэрүүлсэн хийн түлшийг худалдан авагчийн захиалсан тоо хэмжээгээр, захиалсан хугацаанд нийлүүлэх, худалдан авагч ******* захиалсан хийн түлшээ саадгүй хүлээн авч гэрээнд заасан үнийг тогтоосон хугацаанд төлөх нөхцөлийг харилцан тохиролцсон байна. /1хх13-16/

Анхан шатны шүүх  талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж зөв тодорхойлсон.

5.3. Зохигчид нийлүүлсэн түлшний үнэ болон гүйцэтгэсэн үүргийн дүнд маргасан байна.

5.4. Анхан шатны шүүх, хэрэгт авагдсан тооцоо нийлсэн акт, Голомт банкны орлогын мэдүүлэг, *******-ийн кассын орлогын 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн ордер, *******-ийн бэлэн мөнгөний зарлагын баримт, шилжүүлгийн мэдээлэл, Хаан банкны орлогын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг үндэслэн худалдагч нь 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл нийт 415,000 кг, 789,513,800 төгрөгийн хийн түлш нийлүүлсэн, худалдан авагч нь түлшний үнэд 619,713 800 төгрөгийг төлсөн үйл баримтыг зөв тогтоосон гэж үзнэ. /1хх74-82, 83, 85-92/

Учир нь, талууд гэрээний 3.1-д “1 кг хийн түлшний үнэ 2600 төгрөг”, 3.2-д “хөнгөлөлт 1 кг тутамд 800 төгрөг хөнгөлөлт”, 3.4-д “хийний үнэ, хөнгөлөлтийн хэмжээг өөрчлөх зайлшгүй шаардлага гарсан тохиолдолд 14-өөс доошгүй хоногийн өмнө худалдагч нь худалдан авагчид албан ёсоор бичгээр мэдэгдэнэ” гэж тус тус харилцан тохиролцжээ. /1хх13-17/

*******-ийн ерөнхий захирлын 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 21-822/14-65 дугаартай “Үнэ шинэчлэн тогтоох” тухай тушаалаар автоцистернээр хий нийлүүлэх үнэ 2,600 төгрөг, баллоноор хий нийлүүлэх үнэ 2,800 төгрөгөөр тус тус тогтоосон байна. /2хх25/

Мөн компанийн 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 21/624 тоот” Үнэ нэмсэн тухай” албан бичгээр “1кг хийн түлшний үнэ 2,600 төгрөг, баллоноор хүргэх 1кг хийн түлшний үнэ 2,800 төгрөг болсон тухай *******-д мэдэгджээ. /2хх-24/

Дээрх нотлох баримтуудаар нэхэмжлэгч нь гэрээний 3.4-д заасан хугацаанд бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж байгаа тухай мэдэгдэх үүргээ гүйцэтгээгүй болох нь тогтоогдож байна. Гэхдээ, хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбар, түүнд хавсаргасан тооцооллын баримтаар тус компанийн хийн түлш худалдан авахдаа 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл нэг бүрийн үнийг 1,800 төгрөгөөр, 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс нэг бүрийн үнийг 2,600 төгрөгөөр тус тус тооцон, нийт худалдан авсан хийн түлшний үнийг 789,513,800 төгрөг гэж тодорхойлсон байхаас гадна нэмэгдсэн дүнгээр хийн түлшний үнэ төлж байсан болох нь тогтоогдож байна. /1хх247-249, 2хх35-36/ Иймээс хийн түлшний үнэ нэмэгдсэн үйл баримтыг хариуцагч нь бодит үйлдлээр хүлээн зөвшөөрч, худалдан авсан хийн түлшний үнэ төлж байсан гэж үзнэ. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй.

5.5. Хариуцагч ******* нь худалдах, худалдан авах гэрээний үүргээс 619,713,800 төгрөг төлсөн үйл баримт “Голомт банк” ХК болон “ХААН банк” ХК-ийн орлогын мэдүүлэг, шилжүүлгийн мэдээлэл зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон. /1хх-74-90/

Мөн хариуцагч компаниас 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 186 дугаар дугаартай албан бичгээр 2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 20/372 дугаартай гэрээний үүргийн гүйцэтгэлд буюу худалдан авсан хийн түлшний үлдэгдэл тооцооноос ******* хороо, Хандгайтын ам, 6 давхрын ******* 74,83 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны 1 м.кв талбайн үнийг 2,000,000 төгрөгөөр үнэлэн суутгуулах санал нэхэмжлэгч компанид гаргасан байна. /1хх19/ Нэхэмжлэгч ******* уг саналд хариу өгөөгүй байх тул Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.9 дэх хэсэгт заасны дагуу хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ. Хариуцагч *******-аас тус орон сууцыг нэхэмжлэгчийн эзэмшил, ашиглалтад шилжүүлсэн үйл баримтад зохигч маргаангүй.

Дээрх нотлох баримтуудыг нэгтгэн дүгнэвэл, хариуцагч нь худалдах, худалдан авах гэрээний үүрэг 789,513,800 төгрөгөөс 769,373,800 /619,713,800+149,660,000/ төгрөг төлж, үлдэх 20,140,000 төгрөг төлөх үүргээ гүйцэтгээгүй гэж үзнэ.

5.6. Нэхэмжлэгч нь алдангид 133,626,180 төгрөг гаргуулахаар хариуцагчаас нэхэмжилсэн байна.

Анхан шатны шүүх, уг шаардлагад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ “... гэрээнд алданги төлөх талаар харилцан тохиролцсон боловч цар тахалтай холбоотой үнэ нэмэгдэх, өөрчлөгдөх нөхцөл байдал үүсэж байсан талаар талуудын хэн аль нь маргаагүй тул хариуцагчаас үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй гэж алданги шаардсан нь үндэслэлгүй” гэж дүгнэснийг дараах байдлаар залруулж, энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангав. 

Талууд гэрээний 7.4-д “худалдан авагч нь захиалж авсан хийн түлшний үнийг гэрээний 3.7-д заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөөгүй үнийн дүнгийн 0,5 хувийн алдангийг худалдагчид нэмж төлнө” гэж харилцан тохиролцсон байна.

Хариуцагч гэрээний 3.7-д заасан захиалсан хийн түлшний үнийн 50 хувийг урьдчилж, үлдсэн 50 хувийг ажлын гурав хоногт багтаан төлөх үүргээ гүйцэтгээгүй болох нь тогтоогдсон тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар алданги тооцон шаардах эрхтэй.

Хариуцагчийн гүйцэтгээгүй үүргийн дүн болох 20,140,000 төгрөгөөс хоног тутам 0.5 хувиар алданги тооцвол гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэх тул мөн зүйлийн 232.4 дэх хэсгийн “... анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж заасантай нийцүүлэн алдангийн нийт дүнг 10,070,000 төгрөгөөр тогтоож, нэхэмжлэгчийн алданги нэхэмжилсэн шаардлагыг энэ хэмжээнд хангаж, үлдэх 123,556,180 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгов.   

 

6. Нэхэмжлэгч нь ******* хороо, Хандгайтын ам 6 давхрын ******* 74,83 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч зөвшөөрч, маргаангүй байна.

Анхан шатны шүүх, зохигч талуудын тайлбарыг үндэслэн нэхэмжлэгч *******-ийг ******* хороо, Хандгайтын ам, 6 давхрын ******* 74,83 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсгийг буруу хэрэглэжээ.

Талуудын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээний үүргийн төлбөрөөс 149,660,000 төгрөгт тооцон дээрх орон сууцыг нэхэмжлэгчийн эзэмшил, ашиглалт шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон. Энэ тохиолдолд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар тухайн орон сууцны өмчлөх эрх, түүнтэй холбогдох баримт бичгийг нэхэмжлэгчид шилжүүлэх үүрэг хариуцагчид үүснэ. Иймээс нэхэмжлэгч *******-ийг дээрх орон сууцны өмчлөгчөөр тогтоож, өмчлөх эрх шилжүүлэхийг хариуцагч *******-д даалгаж шийдвэрлэсэн өөрчлөлтийг шийдвэрт оруулах нь зүйтэй.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, зохигч талуудын давж заалдах гомдлын зарим хэсгийг тус тус хангахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 сарын 07-ны өдрийн 192/ШШ2025/08053 дугаар шийдвэрийн

Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 205 дугаар зүйлийн 205.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч *******-аас ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 335,404,268 төгрөг, 50 м.кубын хэмжээтэй 2 ширхэг даралтад сав, 2 ширхэг гүний насосыг, худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 20,140,000 төгрөг, алданги 10,070,000 төгрөг, нийт 30,210,000 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож, ******* хороо, Хандгайтын ам 6 давхрын ******* хаяг байршилтай 74.83 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг нэхэмжлэгч *******-д шилжүүлэхийг хариуцагч *******-д даалгаж, нэхэмжлэлээс үлдэх 273,216,180 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж, 2 дахь заалтын “251,025” гэснийг “254,755” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,128,051 төгрөгийг, хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,935,672 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     О.ОДГЭРЭЛ

 

                                         ШҮҮГЧИД                                     Ц.ЦЭРЭНДУЛАМ

 

                                                                                             Ч.ЦЭНД