Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 0175

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж

 

Улсын яллагч Л.О

Шүүгдэгч Ж.Х

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Булгантамир нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Орхон аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Хид холбогдох эрүүгийн 1925003190199 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Ж.Х

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч Ж.Х нь 2019 оны 05 сарын 04-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг 4-14-68 тоотод гэртээ Ч.Оюун-Эрдэнийн толгойн тус газарт архины шилээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

-Шүүгдэгч Ж.Х-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2019 оны 05 сарын 04-ний өдөр гэртээ Буян-Аривжихтай 1 шил архи уусан. Энэ үед Цэрэнчимэд орж ирсэн. Буян-Аривжих яваад Цэрэнчимэд бид 2 зах орсон. Оюун-Эрдэнэ, Түмэннаст хоёртой таарч манайд хамт ирж архи уусан. Би өөрөө аягалсан. Одоо яваарай 3 хундага уусан шүү гэж Оюун-Эрдэнэд хэлсэн. Тэгтэл Оюун-Эрдэнэ явахгүй гэхээр нь архитай шилээр толгойг нь цохисон. Гэм буруугаа хүлээн зөвшөөрнө. Маргах зүйлгүй. Хохирогчид 500.000 төгрөг өгсөн. Үнэхээр гэмшиж байгаа. Би болсон асуудлыг мэдэж байгаа гэсэн мэдүүлэг,

 

-Хохирогч Ч.О-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ... Би 2019 оны 05 сарын 04-ний өдөр нөхөр Түмэннастай хамт зах дээр явж байгаад нутгийн ах Хишигдоржтой таарсан. Тухайн үед Хишигдорж ах нэг найзтайгаа хамт явсан ба намайг манайд ганц шил архи ууя гэхээр нь би зөвшөөрч Түмэннастай хамт Хишигдорж ахыг дагаад гэрт нь очсон. Улмаар бид нар гал тогооных нь өрөөнд ороод архи задлаад дээрээс нь хүний 1-2 рүнк уусан. Улмаар би ингээд харилаа гэтэл гэнэт босч ирээд ширээн дээр байсан шилтэй архиар миний толгой руу цохитол миний дух хэсэг язарч цус гарсан. Ингээд Хишигдорж ахынд цусаа тогтоох гэтэл тогтохгүй байсан. Бид нар Хишигдорж ахынхаас гараад такси барих гэтэл такси зогсохгүй байсан. Улмаар Хишигдорж мөнгө олж ирнэ гээд урт цагааны орчмоос такси бариад явчихсан. Ингээд Түмэннаст, Хишигдорж ахтай цуг явсан ах бид 3 Уртцагааны такси зогсоол дээр зогсож байтал цагдаагийн машин ирээд бид гурвыг эмнэлэг рүү авч очоод миний духанд 10 оёдол тавьсан гэсэн мэдүүлэг /хх 18 ху/,

 

-Гэрч Н.Т-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ... 2019 оны 05 сарын 04-ний өдөр би эхнэрийн хамт Төгөл төвийн гадаа явж байгаад энэ Хишигээ гэдэг ахтай танилцаад гэрт нь очоод 1 шил архи хувааж уугаад сууж байтал гэнэт ууж байсан тал архитай шилээр манай эхнэрийн толгой руу шууд цохисон. Тэгээд толгойноос нь цус гараад эмнэлэг явах гээд 4-14 дүгээр байрны гадаа зогсож байтал цагдаа ирээд эмнэлэгт хүргэж өгсөн. Тэгээд тэндээ оёо тавиулж боолт хийлгэсэн гэсэн мэдүүлэг /хх 20 ху/,

 

-Гэрч А.Ц-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Би өнөөдөр Хишигдоржийнд 12 цагийн үед очсон. Тэгээд гэрт нь ортол Хишигээ жоохон юм уусан байдалтай нэг хүнтэй байсан. Тэр хүн гарч яваад Хишигдорж бид хоёр Хүлэг зах руу явсан. Тэгээд би харих гээд зогсож байтал энэ 2 хүнтэй юм ярьж байгаад буцаад гэрлүүгээ таксигаар ирсэн. Тэгээд гэртээ иртэл Хишигээ ах архи гаргаж ирээд дөрвүүлээ хувааж ууж байтал Хишигээ гэнэт тал архитай шилээр тэр эмэгтэйгийн толгой руу цохисон. Би тэр эмэгтэйг аваад угаалгын өрөө рүү авч орж цусыг угааж тогтоох гэж оролдсон чинь тогтохгүй байсан. Тэгээд эмнэлэг дуудах гээд гараад явж байтал цагдаа нар ирж эмнэлэгт хүргэсэн гэсэн мэдүүлэг /хх 19 ху/,

 

-Яллагдагч Ж.Х-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Цэрэнчимэд, Оюун-Эрдэнэ, Түмэннаст бид 4 нэг шил архи ууж байгаад би дагаж ирсэн эрэгтэй, эмэгтэй хоёрыг яв гэтэл явахгүй байхаар нь эмэгтэйгийнх нь толгой руу архитай шилээр цохичихсон гэсэн мэдүүлэг /хх 59-60 ху/,

 

-Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 329 дугаартай дүгнэлтэнд:

1.Ч.О-н биед дух, зүүн шанаанд 3 тооны зүсэгдсэн шарх, дух, нүүрэнд зөөлөн эдэд цус хуралт, баруун нүдний салстад цус харвалт бүхий гэмтэл тогтогдлоо.

2. Зүсэгдсэн шарх нь үзүүр ирмэгтэй зүйлийн 1 удаагийн, бусад гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

З.Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна.

4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана.

5. Гоо сайхан болон ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

6. Гэмтэл нь 2019 оны 05 сарын 04-нд үүссэн байж болно гэсэн дүгнэлт /хх 26-27 ху/,

 

Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 79 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

            1. Шинжилгээнд ирүүлсэн архины шилний хагархай хэсгүүдээс гарын мөр илрэхгүй байна.

            2. Гарын мөр илрээгүй тул адилтгалын шинжилгээ хийх боломжгүй гэсэн дүгнэлт /хх 31-32 ху/,

 

            -Шүүгдэгч Ж.Х-ийн согтуурлын зэргийг шалгасан тухай тэмдэглэл /хх 5 ху/,

            -Гэрэл зургийн үзүүлэлт /хх 6-7, 12, 14, 16, 33 ху/,

-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх 8-9 ху/,

-Хэргийн газрын үзлэгээр хураан авсан эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 11 ху/,

-Эд зүйлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 13 ху/,

-Хэргийн газрын үзлэгээр хураан авсан эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 15 ху/,

-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 37 ху/

-Хохирол төлсөн баримт /хх 56 ху/

-Ж.Хийг яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 57-60 ху/ зэрэг болно.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

 

            Шүүгдэгч Ж.Х нь 2019 оны 05 сарын 04-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг 4-14-68 тоотод гэртээ Ч.Оюун-Эрдэнийн толгойн тус газарт архины шилээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “Оюун-Эрдэнэ, Түмэннаст хоёртой таарч манайд хамт ирж архи уусан. Би өөрөө асгалсан. Одоо яваарай 3 хундага уусан шүү гэж Оюун-Эрдэнэд хэлсэн. Тэгтэл Оюун-Эрдэнэ явахгүй гэхээр нь архитай шилээр толгойг нь цохисон. Гэм буруугаа хүлээн зөвшөөрнө. Маргах зүйлгүй” гэсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Ч.Оюун-Эрдэнийн “...Улмаар бид нар гал тогооных нь өрөөнд ороод архи задлаад дээрээс нь хүний 1-2 рүнк уусан. Улмаар би ингээд харьлаа гэтэл гэнэт босч ирээд ширээн дээр байсан шилтэй архиар миний толгой руу цохитол миний дух хэсэг язарч цус гарсан” гэсэн мэдүүлэг /хх 18 ху/, мөн гэрч Н.Түмэннаст /хх 20 ху/, А.Цэрэнчимэд /хх 19 ху/ нарын өгсөн мэдүүлгүүд, хохирогчийн биед дух, зүүн шанаанд 3 тооны зүсэгдсэн шарх, дух, нүүрэнд зөөлөн эдэд цус хуралт, баруун нүдний салстад цус харвалт бүхий гэмтэл үүссэнийг тогтоосон 329 дугаартай шинжээчийн дүгнэлт, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, ял шийтгэлийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

            Дээрхи үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байна гэж дүгнэлээ.

            Орхон аймгийн прокуророос шүүгдэгч Ж.Хид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

            Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч тогтоол гарган, яллах дүгнэлт үйлдэж, ялын санал гарган шүүхэд ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

            Энэ хэргийн улмаас хохирогч 500.000 төгрөгний хохирол нэхэмжилснийг шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад бүрэн төлж барагдуулсан байх тул энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх хохирол төлбөргүй байна гэж үзэв.

 

            Шүүгдэгч Ж.Х нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

            Иймд дээрх нөхцөл байдал болон түүний хувийн байдал, улсын яллагчийн ялын санал зэргийг харгалзан түүнд торгох ялыг оногдуулахаар шийдвэрлэв.

 

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан архины шилний хагархайг хүчин төгөлдөр болмогц устгаж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                                                                  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ж.Х-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Х-ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Ж.Х нь торгох ялыг сард 150.000 төгрөгөөр тооцож 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Х нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

  5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Хид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан архины шилний хагархайг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

7. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

  8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Ж.БАЙГАЛМАА