Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2025/02022

 

 

*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн даргалж, шүүгч Т.Гандиймаа, Н.Оюунтуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 103/ШШ2025/00687 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: *******ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******д холбогдох,

 

2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 0201 тоот Компанийн хувьцаа бэлэглэлийн гэрээ, мөн өдрийн 0202 тоот Компанийн эрх шилжүүлэх гэрээ-г хүчин төгөлдөр бусад тооцуулж, 9,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Н.Оюунтуяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анулан нар оролцов.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 0201 тоот Компанийн хувьцаа бэлэглэлийн гэрээ, мөн өдрийн 0202 тоот Компанийн эрх шилжүүлэх гэрээ-г хүчин төгөлдөр бусад тооцуулж, 9,000,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ ...******* ХХК-ийг эмийн сангийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хамт 9,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, Худалдах, худалдан авах гэрээ байгуулах гэтэл ******* мөнгөө шилжүүлчих, бэлэглэлийн гэрээ байгуулъя гэснээр 9,000,000 төгрөгийг шилжүүлж, гэрээг бичгээр байгуулсан. Гэтэл эмийн сангийн тусгай зөвшөөрлийг Нийслэлийн эрүүл мэндийн газраас зөрчилтэй хэмээн үзэж түдгэлзүүлсэн байсныг надад хэлэлгүйгээр бэлэглэлийн гэрээгээр халхавчлан шилжүүлсэн байсныг би 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдөр мэдсэн, тусгай зөвшөөрлийг сэргээх, эзэмшигч солих хүсэлтийг Нийслэлийн Эрүүл мэндийн газарт гаргасан боловч хүлээж аваагүй, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт тусгай зөвшөөрлийг худалдах, бэлэглэх, барьцаалах болон бусад хэлбэрээр шилжүүлэхийг хориглоно гэж заасныг зөрчсөн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэл гэжээ.

Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, гэрээний үүрэг биелэгдэж, гэрээ дуусгавар болсон, тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн тул сэргээлгэх хүсэлтийг хугацаанд нь гаргахыг анхааруулсан, компанийн бүхий л эрх, үүрэг нэхэмжлэгчид шилжсэн байхад тусгай зөвшөөрлийг сэргээлгэх хүсэлтийг хугацаанд нь гаргаагүйн улмаас тусгай зөвшөөрөл хүчингүй болсон гэж маргажээ.

 

3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа талуудын хооронд байгуулагдсан 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 0201 тоот Компанийн хувьцаа бэлэглэлийн гэрээ, мөн өдрийн 0202 тоот Компанийн эрх шилжүүлэх гэрээ-г хүчин төгөлдөр бусад тооцуулах гэж тодорхойлсон боловч энэ нь нэхэмжлэлийн шаардлага бус, харин 9,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл байна.

Тодруулбал, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт хүчин төгөлдөр бус байх хэлцлийг нэрлэн зааж, мөн зүйлийн 56.5 дахь хэсэгт хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг тооцох, дүгнэхийг зохицуулсан тул хууль зөрчсөн хэлцэл нь бүр анхнаасаа хүчин төгөлдөр байх үндэслэлгүй тул шүүхээс хүчин төгөлдөр бусад тооцох шаардлагагүй юм.

 

4. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байх тул давж заалдах шатны шүүхээс үүнийг залруулна.

 

5. Хэрэгт авагдсан баримтаар, ******* нь *******тэй 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 0201 тоот Компанийн хувьцаа бэлэглэлийн гэрээ-г байгуулж ******* ХХК-ийн нэг бүрийн үнэ 25,000 төгрөгийн үнэтэй 100 ширхэг, 100 хувийн хувьцааг шилжүүлж, мөн өдрийн 0202 тоот Компанийн эрх шилжүүлэх гэрээ-гээр компанийн өөрийн хувьцаанд ногдох эрх үүргээ шилжүүлжээ. /хх-8-14х/

******* нь 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдөр *******ын дансанд 9,000,000 төгрөгийг тусгай зөвшөөрлийн үнэ утгаар шилжүүлсэн байна. /хх-16х/

******* ХХК нь 2-р зэрэглэлийн эмийн сангийн үйл ажиллагаа эрхлэх ХХ-12/22/2797 дугаартай тусгай зөвшөөрөлтэй бөгөөд зөвшөөрлийг 2029 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл сунгасан байна. /хх-14х/

 

6. Эм эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.34-т "эмийн сан" гэж жижиглэнгийн үнээр эм, эмнэлгийн хэрэгсэл худалдах үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдийг хэлнэ гэж тодорхойлсон бөгөөд ******* ХХК нь 2-р зэрэглэлийн эмийн сангийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй тул нэхэмжлэгч ******* нь ******* ХХК-ийг 2-р зэрэглэлийн эмийн сангийн үйл ажиллагаа эрхлэх ХХ-12/22/2797 дугаартай тусгай зөвшөөрөлтэй нь шилжүүлэн авч, хариу төлбөр болох үнэ 9,000,000 төгрөгийг төлснөөр, талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан Худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

 

Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээний зүйлийг буруу тодорхойлж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэснийг давж заалдах шатны шүүхээс залруулан дүгнэж, шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно.

 

Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.

 

6.1. Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар талууд эмийн сангийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй ******* ХХК-ийн 100 хувийн хувьцааг 9,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохиролцсон бөгөөд худалдагч ******* нь худалдан авагч *******т ******* ХХК-ийн 100%-ийн хувьцаа, хувьцаанд ногдох эрх, үүргээ шилжүүлэн өгснөөр худалдан авагч ******* нь компанийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирлаар хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэгдсэн болох нь зохигчийн тайлбар, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-10х/-гээр тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл, худалдах, худалдан авах гэрээний зүйл нь эмийн сангийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй ******* ХХК-ийн 100 хувийн хувьцаа бөгөөд гэрээний үнэ нь 9,000,000 төгрөг байна.

 

6.2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******ыг эмийн сангийн тусгай зөвшөөрөл түдгэлзүүлснийг мэдэгдэлгүйгээр шилжүүлсэн, тусгай зөвшөөрлийг худалдах, бэлэглэх, бусад хэлбэрээр шилжүүлэхийг хуулиар хориглосон тул хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тайлбарласан.

 

6.2.а/ Эм эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт Энэ хуулийн 6.1.1, 6.1.2, 6.1.3-т заасан тусгай зөвшөөрлийг худалдах, бэлэглэх, барьцаалах болон бусад хэлбэрээр шилжүүлэхийг хориглоно гэж заасан.

 

Хариуцагч ******* нь *******т эмийн сангийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий ******* ХХК-ийн 100 хувийн хувьцааг худалдсан тул дээрх хуулийн заалт талуудын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээний зүйлд хамааралгүй байна.

Тодруулбал, эмийн сангийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдийн хувьцааг худалдах, тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдийг бусдад шилжүүлэхэд Эм эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь заалт хамаарахгүй тул нэхэмжлэгчийн худалдах, худалдан авах гэрээ уг заалтыг зөрчсөн буюу Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэх тайлбар үндэслэлгүй байна.

 

Иймд хариуцагчийн эмийн сангийн тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хариуцагч ******* бус, харин ******* ХХК бөгөөд компанийн хувьцаа эзэмшигч өөрчлөгдсөнөөр тусгай зөвшөөрөл эзэмшигч этгээд өөрчлөгдөхгүй байдлыг анхан шатны шүүх анхаараагүй гэх агуулга бүхий гомдлыг хүлээн авах үндэслэлтэй байна.

 

6.2.б. Зөвшөөрлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.19 дэх хэсэг, Эм эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт зааснаар эм, эмнэлгийн хэрэгсэл, мансууруулах эм худалдах тусгай зөвшөөрлийг олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох асуудлыг Аймаг, Нийслэлийн эрүүл мэндийн газар хариуцахаар зохицуулжээ.

******* ХХК-ийн захирал ******* нь Нийслэлийн Эрүүл мэндийн газарт Эмийн сангийн үйл ажиллагаа явуулж буй хаяг байршлаа өөрчлөх гэж байгаатай холбогдуулан 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүртэл эмийн сангийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг түр түдгэлзүүлж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргаснаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн А/12 дугаар тушаалын 5-р хавсралтаар ******* ХХК-ийн хүсэлтээр 2-р зэрэглэлийн эмийн сангийн тусгай зөвшөөрлийг 3 сараар түдгэлзүүлжээ. /хх-43-57х/

 

Нэхэмжлэгч ******* нь 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Нийслэлийн Эрүүл мэндийн газраас ******* ХХК-ийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн шалтгаан, хугацаа, үндэслэл, цаашид уг зөвшөөрлийг сэргээх тохиолдолд хэрхэх талаар тайлбар зөвлөгөө авч, 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр цахим системээр тусгай зөвшөөрлийг сэргээх, ажлын байр шилжин байрших, эзэмшигч солих хүсэлтийг 1 дор ирүүлснийг бүрдэл дутуу үндэслэлээр буцаасан, энэ тухай нэхэмжлэгч *******т 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр утсаар мэдэгдсэн болох нь Нийслэлийн Эрүүл мэндийн газраас шүүхэд ирүүлсэн тайлбараар тогтоогдож байна. /хх-44х/

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын 2025.05.07-ны өдрийн А/107 дугаар тушаалын 2-р хавсралтаар Зөвшөөрлийн тухай хуулийн 6 дугаар бүлгийн 6.2 дугаар зүйлийн 1.2. дахь хэсэгт заасан үндэслэлээр ******* ХХК-ийн эмийн сангийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгожээ. /хх-58-61 хуудас/

 

Дээрх үйл баримтаас үзэхэд хариуцагч *******ыг эмийн сангийн тусгай зөвшөөрөл түдгэлзүүлснийг мэдэгдээгүй гэж үзэх үндэслэлгүйгээс гадна ******* ХХК-ийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосонд хариуцагч *******ыг буруутгах үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

Учир нь: нэхэмжлэгч ******* нь 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдөр ******* ХХК-ийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн шалтгаан, хугацааг мэдэж, тусгай зөвшөөрлийг сэргээлгэх хүсэлтийг гаргасан боловч бүрдэл дутуу үндэслэлээр буцаасан байх тул нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийн эрхийн зөрчилтэй ******* ХХК-ийг шилжүүлсэн гэх тайлбарыг үндэслэлгүй байна гэж үзлээ.

 

7. Талуудын хооронд байгуулагдсан эмийн сангийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий ******* ХХК-ийг худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэгч *******ийн гэрээний дагуу шилжүүлсэн 9,000,000 төгрөгөөр хариуцагч *******ыг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

 

8. Дээрх үндэслэлээр хариуцагчийн гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч *******ийн хариуцагч *******д холбогдуулан гаргасан 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 0201 тоот Компанийн хувьцаа бэлэглэлийн гэрээ, мөн өдрийн 0202 тоот Компанийн эрх шилжүүлэх гэрээ-г хүчин төгөлдөр бусад тооцуулж, 9,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг оруулах үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 103/ШШ2025/00687 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******аас 9,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч *******аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 229,150 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2-т зааснаар магадлалд хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ЛХАГВАСҮРЭН

 

ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА

 

Н.ОЮУНТУЯА