Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 2019/ШЦТ/60

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Маралмаа

Улсын яллагч Б.Жавхлантуяа

Хохирогч Н.Оюунзул

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг

Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Бд холбогдох эрүүгийн 1825008700018 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Б.Б

Орхон аймгийн Прокуророос, шүүгдэгч Б.Бг 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр  согтуугаар 81-95 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7а ‘’жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно а/согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэнд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох’’ гэсэн заалтыг зөрчин зам тээврийн осол гаргаж тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Н.Оюунзулын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Бгийн мэдүүлсэн: 2017 оны 12 дугаар сарын 10-ны орой найз Оюунзултай уулзсан. Эрдэнэтээс урагшаа гарч 4 шил пиво, 0,33 гр архи уусан. Тэгээд Оюунзулыг гэрт нь хүргэж өгөх гэж яваад гэнэт зам дээр нохой гарч ирэхээр нь замын хажуу руу дарсан. Тэгээд юу болсныг мэдэхгүй. Гэмтэл согогын эмнэлэгт байхад нь 1,500,000 төгрөг өгсөн. Цаашид гарах зардлыг нь өгнө. Би өөрөө толгой цууралттай, эгэмээ хадуулсан. Одоо л гайгүй болж байна гэх мэдүүлэг,

-хохирогч Н.Оюунзулын шүүх хуралдаанд мэдүүлсэн: 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Б-тэй уулзаж 2 лааз пиво, 0,33 гр архи уусан. Тэгээд гэртээ харих болоод “такси бариад хүргүүлье гэхэд “зүгээр” гээд байсан. Тэгээд осол болсон. ГСҮТ-д хагалгаанд орсон. Эмчилгээнд нийт 5 сая төгрөг гарсан. Б 1,500,000 төгрөг өгсөн. Одоо 3,500,000 төгрөг нэхэмжилнэ...Би их бодлоо. Уучилж байна...гэх мэдүүлэг болон хавтаст хэргээс яллах дүгнэлтийн хавсралтад заасан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

-Хэргийн газар үзлэг хийсэн тухай тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтийн хамт /хх-ийн 4-10-р хуудас/

-Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 11-12-р хуудас/

-Шүүгдэгчийн согтууралыг шалгах багажаар шалгасан хуудас /хх-ийн 13-р хуудас/

-Тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгасан тэмдэглэл /хх-ийн 18-р хуудас/

-Автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтийн хамт /хх-ийн 19-20-р хуудас/

-Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 02 дугаартай: Б.Бгийн биенээс авсан цусанд этилийн спирт 2.4 промиль процент илэрсэн болно. Энэ нь согтолтын дунд зэрэгт хамаарагдана. гэх дүгнэлт /хх-ийн 24-р хуудас/

 

-Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 53 дугаартай:  Н.Оюунзулын биед цээжний 3 ба 4-р нугалмын шахагдсан хугарал хүзүүний 6 ба 7-р нугалмын арын сэртэн, цээжний 1 ба 2-р нугалмын арын сэртэн цээжний 3 ба 4-р нугалмуудын баруун талын хөндлөн сэртэнгүүдийн хугарал, хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, хамрын эдийн няцрал, хамрын таславчын муруйлт үүсчээ. Гэмтлүүд нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цээжний 3 ба 4-р нугалмын шахагдсан хугарал, хүзүүний 6 ба 7-р нугалмын арын сэртэн, цээжний 1 ба 2-р нугалмын арын сэртэн, цээжний 3 ба 4-р нугалмуудын баруун талын хөндлөн сэртэнгүүдийн хугарал, баруун талын 1 ба 2-р хавирга, цээжний хоёр талын 3-р хавиргануудын хугарал нь тус бүрдээ гэмтлийн зэрэг тогтоох журмын дагуу 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр  зэрэгт хамаарагдана. Хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, хамрын таславчын муруйлт нь тус бүрдээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдантанд нөлөөлөх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна... гэх дүгнэлт  /хх-ийн 29-р хуудас/

-Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 01 дугаартай:  Н.Оюунзулын биенээс авсан цус шинжилгээнд 0.6 промилл процент этилийн спирт илэрсэн. Энэ нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарагдана. /хх-ийн 35-р хуудас/гэх дүгнэлт,

- Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2018 оны 12 сарын 27-ны өдрийн 82 дугаартай:...Тоёота Пилдер маркийн 82-95 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Б.Б нь МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэнд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох’’ –ыг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн байна. Тоёота Пилдер маркийн 82-95 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслийн хурдыг тогтоох боломжгүй байна. Жолооч Батхишигийн Баярбаясгалан нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7а заалтыг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарах шалтгаан нөхцөл үүссэн байна. Жолооч Батхишигийн Баярбаясгалангийн буруутай үйлдлийн улмаас зам тээврийн осол гарсан байна. Тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд оролцож явсан замын нөхцөл байдлыг хэргийн газрын үзлэг, схем зураг, гэрэл зургийн үзүүлэлтээс үзэхэд зам тээврийн осол гарахад нөлөөлөхгүй. Хэргийн газрын үзлэг, гэрч нараас мэдүүлэг авсан тэмдэглэлтэй танилцахад хамгаалах бүс хэрэглэж замын хөдөлгөөнд оролцсон нь тогтоогдохгүй байна’’... гэх дүгнэлт /хх-ийн 39-р хуудас/

-Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 04-ны өдрийн 66 дугаартай:  Б.Бгийн биед хавсарсан гэмтэл, тархины эдийн дунд зэрэг няцрал, баруун чамархай ясны цөмөрсөн хугарал, цээжний дарагдал, баруун эгэмний ясны дунд 1/3-ээр далд зөрөөтэй хугарал, бүсэлхийн 1-р нугалаа шахагдсан хугарал, дух, баруун гарын сарвуунд зөөлөн эдийн цус хуралт зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулна. Чамархай ясны цөмөрсөн хугарал нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д заасны дагуу гэмтлийн хүнд зэрэгт хамаарагдана, баруун эгэмний ясны дунд 1/3-ээр далд зөрөөтэй хугарал, бүсэлхийн 1-р нугаламын шахагдсан хугарал нь тус бүрдээ шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 -д заасны дагуу гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана. Ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх байдлыг эдгэрэлтээс шалтгаалан тогтооно. гэх дүгнэлт /хх-ийн 43-р хуудас/

-“Автотээврийн  үндэсний төв” ТӨҮГ Орхон аймгийн техникийн хяналтын үзлэгийн төвийн 2019 оны 01 сарын 09-ний өдрийн 01 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтийн хамт /хх-ийн 48-52-р хуудас/.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл ,хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд зэрэг эдгээр нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн тул хууль ёсны, үйл баримтын талаархи мэдээллийг агуулсан байх тул хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв.

Дээрхи хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Б нь  2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр согтуугаар 81-95 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7а ‘’жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно а/согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэнд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох’’ гэсэн заалтыг зөрчин зам тээврийн осол гаргаж тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Н.Оюунзулын эрүүл мэндэд цээжний 3 ба 4-р нугалмын шахагдсан хугарал хүзүүний 6 ба 7-р нугалмын арын сэртэн, цээжний 1 ба 2-р нугалмын арын сэртэн цээжний 3 ба 4-р нугалмуудын баруун талын хөндлөн сэртэнгүүдийн хугарал, хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, хамрын эдийн няцрал, хамрын таславчын муруйлт зэрэг хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Улсын яллагч шүүх хуралдаанд: Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр  согтуугаар тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7а ‘’жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно а/согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэнд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох’’ гэсэн заалтыг зөрчин зам тээврийн осол гаргаж тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Н.Оюунзулын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь нотлох баримтаар тогтоогдсон. Шүүгдэгчийн буруу хангалттай тогтоодсон тул Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тул тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч 1 жлиийн хугацаагаар хорих ял оногдуулах саналтай гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч дүгнэлтдээ: Гэм буруугаа хүлээж байгаа. Хохирол төлбөрийн тухайд хэрэгт авагдсан баримтаас үзвэл 1,442,165 төгрөгийг төлөх үндэстэй гэж үзсэн. Б 1,500,000 төгрөг төлсөн тул хохирол төлөгдсөн гэж үзнэ. 3,500,000 төгрөгний нэхэмжлэл нь баримтаар нотлогдоогүй байна. Өөрт нь хүнд гэмтэл учирсан, мөн хохирол төлөгдсөн, анх удаа хөнгөн төрлийн гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар ялаас чөлөөлж өгнө үү гэжээ.

Шүүгдэгч Б.Б согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохдоо өөрийн үйлдлийн нийгэмд учруулах хор аюулыг урьдчилан мэдэх боломжтой боловч хөнгөмсөгөөр найдсаны улмаас болгоомжгүй үйлдлээр хохирогчийн биед хүндэвтэр гэмтэл хохирол учруулсан шууд шалтгаант холбоотой болох нь тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугийн талаар маргахгүй байна.

Шүүгдэгч Б.Бгийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийн шинжтэй болгоомжгүй, нийгэмд аюултай, бусдад хохирол учруулсан үйлдэл мөн бөгөөд прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй зүйлчлэл зөв, хэргийн талаар нотлогдвол зохих байдлууд нотлогдсон байна. Иймд Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Бг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.         

Шүүгдэгчийн гэм буруутай байдал нотлогдож тогтоогдсон тул ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судлаж хэргийн нөхцөл байдал, гэм буруугийн хэлбэр, гэм буруугаа хүлээсэн байдал, баримтаар тогтоогдсон хохирлыг төлсөн байдал, шүүгдэгчийн хувийн байдал, улсын яллагчийн санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж үүрэг хүлээлгэж хязгаарлалт тогтоох нь үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэж шийдвэрлэв.

Хохирол төлбөрийн тухайд: Хохирогч Оюунзул шүүх хуралдаанд 3,500,000 төгрөг нэхэмжилнэ гэсэн ба хэрэгт 2,331,603 төгрөгний баримт авагдсан. Эдгээр баримтаас шүүх, 1,601,465 төгрөгний хэсгийг хангах боломжтой гэж ,217,152 төгрөгний чихэр жимс, ахуйн хэрэглээний зүйлсийн үнийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, үндэслэл нь тодорхойгүй 512,986 төгрөгний шатахууны зардлын нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхих үндэслэлтэй гэж дүгнэв. Шүүгдэгч 1,500,000 төгрөг хохирогчид төлсөн байх тул 101,465 төгрөгийг шүүгдэгчээр төлүүлэхээр шийдвэрлэж шүүх хуралдаан завсарласнаар шүүгдэгч хохирогчид 500,000 төгрөг төлж нийт 2,000,000 төгрөгийн хохирол төлсөн байна. Иймд шүүгдэгчийг төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг СД-ийг хэрэгт хавсаргаж, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдаж,шүүгдэгчийн жолоочийн үнэмлэх,тээврийн хэрэгслийн гэрчилгээг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлэхээр заалаа.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгонТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Цахир овгийн Б.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар тэнссүгэй.

 3.Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2.1, 3.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд тэнсэнгийн хугацаанд гэмт хэргийн хор уршигийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэж, согтууруулах ундаа хэрэглэхийг  хориглох хязгаарлалт тогтоосугай.

4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186, 189 дүгээр зүйлд зааснаар Б.Бд оногдуулсан тэнсэж үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоосон шийдвэрийн биелэлтэд  хяналт тогтоохыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

 

5.Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг,7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч тэнсэж үүрэг хүлээлгэх, хязгаарлалт тогтоосон шийдвэрийг биелүүлээгүй бол шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулсугай.

 

6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн нэхэмжлэлээс 217,152 төгрөгний хэсгийг хэрэгсэхгүй болгож, 512,986 төгрөгний хэсгийг хэлэлцэхгүй орхиж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхтэйг дурьдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бичлэг бүхий СD-ийг хэрэгт хавсаргаж, хөрөнгө битүүмжлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй болохыг дурьдаж,  Б.Бгийн №530293 дугаартай жолоодох эрхийн үнэмлэх, 81-95 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлсүгэй.

 

            9.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                    ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Д.АРИУНЦЭЦЭГ